| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2021/0402/Э |
| Дугаар | 434 |
| Огноо | 2021-03-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 434
2021 03 31 2021/ШЦТ/434
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,
хохирогч Б.Энхчимэг,
шүүгдэгч М.Б /шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 04429 0119 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.Б, 1988 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Бэйст Эженси ХХК-д ерөнхий инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхэд, ээжийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, бага тойруу гудамж, 25 дугаар байр, 20 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч М.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 03-04 нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ Хаппи Таун” хотхоны гадна авто зогсоол дээр иргэн Б.Энхчимэгийг машин хааж зогслоо гэх шалтгааны улмаас маргалдан зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Энхчимэгийн өгсөн: “Орой 11 цагаас эхлээд хөл хориотой байсан. Манайх зогсоолд машинаа тавьдаг. Түргэний машины грашийн хаалгыг хаагаад зогссон байсан. Түргэний машины хаалгыг онгойлгоод урагшлаад өгөөч гэж хэлсэн. Гэтэл би ажлаа хийж байна, чамд ямар хамаатай юм бэ гээд уурлаад байсан. Ямар сонин юм бэ гээд чинь хаалгыг нь хаахгүйгээр явсан. Нөхөртэйгөө утсаар яриад гарч ирээд машин оруулаад өг, ийм асуудал болсон гэдгээ хэлсэн. Тэнд маргаан үүссэн, тэр явцад манай машины араас зөндөө машин зогссон байсан. Гэтэл Бат-Эрдэнэ машинаасаа гарч ирээд над руу болон манай нөхөр рүү дайрсан. Чи согтуу юм уу гээд маш их үгээр доромжилсон. Би өшиглөсөн нь үнэн. Миний зүүн чих рүү нэг удаа цохисон. Хамгаалагч нар гарч ирээд салгасан. Би цагдаа дуудсан байсан. Цохиулсны улмаас мэс засалд орох дүгнэлттэй байгаа. 5 сарын сүүлээр мэс засал хийлгэнэ.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4-5/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Энхчимэгийн өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Хапи таун хотхоны хаалгаар ороход түргэний машин зогсож байсан тэгэхээр нь түргэний машины жолоочийг та түр хөдөлж байгаач би хажуугаар чинь зөрөөд гаргая гэхэд тэр түргэний машины жолооч чадахгүй гэж хэлээд хэд амаар доромжлоод байсан. Тэгээд намайг машины хаалгаа хаагаач гэж хэлэхээр нь та өөрөө хаахгүй юу чадахгүй гэж хэлсэн. Тэгсэн миний машины араас зөндөө машин байр луу орох гээд түгжрээд байсан. Тэгсэн хойд талд зогсож байсан 17-88 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч холдооч гэртээ ормоор байна гээд над руу дайраад байсан. Тэгээд тэр залуу миний зүүн чих рүү нэг удаа цохисон би бол ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй” гэх мэдүүлэг /хх-н 07-08/,
Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйл, баримт бичгийг зөрчлийн хэрэгт хавсаргах тухай /хх-н 08-09/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02826 дугаартай:
1.Б.Энхчимэгийн биед зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 18-19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Мөнхбаатарын өгсөн: “...Эхнэр бид хоёр түргэний машины жолоочтой уулзаж машинаа холдуулж байгаач машинаа оруулах гэсэн юм гэж хэлээд машинаа хөдөлгөх гэж байхад ард зогсож байсан дунд оврын бараан саарал өнгийн тээврийн хэрэгслийн улаан хүрэн өнгийн цамцтай залуу хурдан хөдөл гэр лүүгээ ормоор байна гэж намайг чирч гулдраад заамдаж унагаахад эхнэр Б.Энхчимэг боль гэж салгасан. Намайг хувцсаа янзлаад байх хооронд эхнэр Б.Энхчимэгийн зүүн чих рүү цохисон байсан.” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч М.Бат-Эрдэнийн өгсөн: “ 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажлаа тараад 00 цагийн үед Хаппи таун хотхон байрны гаршид машинаа оруулах гэсэн чинь урд түгжрээд явахгүй байхаар нь машинаас бууж очиход нэг эрэгтэй, эмэгтэй хоёр түргэний машины жолоочтой маргалдаад зогсож байхаар нь за юу болсон вэ гэж болиулаад машинуудыг нааш цааш хөдөлгөж зохицуулалт хийсэн. Тэгсэн залуу машиндаа суухгүй түргэний машины жолоочтой маргалдах гээд байхаар нь хувцаснаас нь татаж машин дээр нь авч ирээд түлхсэн чинь эхнэрийгээ очиж мөргөсөн. Тэгсэн чинь эхнэр нь миний хөл лүү өшиглөхөөр нь би заамдаж аваад нүүр лүү цохисон. Тэгээд нөгөө залуу машинаа холдуулж зам чөлөөлж бүгд гэр гэртээ орцгоосон.” гэх мэдүүлэг /хх-н 27-28, 56-57/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 31/, хохирлын баримт /хх-н 25-27/, хохирлын баримт /хх-н 61/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 03-04 нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ Хаппи Таун” хотхоны гадна авто зогсоол дээр иргэн Б.Энхчимэгийг машин хааж зогслоо гэх шалтгааны улмаас маргалдан зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Энхчимэгийн өгсөн: “...Тэгсэн хойд талд зогсож байсан 17-88 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч холдооч гэртээ ормоор байна гээд над руу дайраад байсан. Тэгээд тэр залуу миний зүүн чих рүү нэг удаа цохисон би бол ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй” гэх мэдүүлэг /хх-н 07-08/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02826 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Б.Энхчимэгийн биед зүүн чихний хэнгэрэг хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 18-19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Мөнхбаатарын өгсөн: “...Намайг хувцсаа янзлаад байх хооронд эхнэр Б.Энхчимэгийн зүүн чих рүү цохисон байсан.” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч М.Бат-Эрдэнийн өгсөн: “Тэгсэн залуу машиндаа суухгүй түргэний машины жолоочтой маргалдах гээд байхаар нь хувцаснаас нь татаж машин дээр нь авч ирээд түлхсэн чинь эхнэрийгээ очиж мөргөсөн. Тэгсэн чинь эхнэр нь миний хөл лүү өшиглөхөөр нь би заамдаж аваад нүүр лүү цохисон. Тэгээд нөгөө залуу машинаа холдуулж зам чөлөөлж бүгд гэр гэртээ орцгоосон.” гэх мэдүүлэг /хх-н 27-28, 56-57/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Хохирогч шүүхийн шатандаа мэдүүлэхдээ: “...Чихний хэнгэрэг нөхүүлэх хагалгаа хийлгэх учраас хагалгааны зардал 2.200.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү...” гэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь хохирогч Б.Энхчимэг нь эмчилгээ хийлгэсэн тухай баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Иймд хохирогч Б.Энхчимэг нь шүүхийн шатанд гэм хорын хохиролд 2.200.000 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтаар тогтоогдсон 195.000 төгрөгийг шүүгдэгч М.Бэс гаргуулж, цаашид гарах гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч М.Бд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Бд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Бд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар М.Бэс 195.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Энхчимэгт олгож, Б.Энхчимэг нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН