Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 699

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч А.Насандэлгэр, шүүгч С.Төмөрбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б овогт Д У 

Хариуцагч: МУЕА, 

Нэхэмжлэлийн шаардлага: “МУЕАын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/239 дүгээр тушаалыг хүчингүй болгож, төрийн аудитын байгууллагад ажлын туршлага хангаж буй өөр ажил, албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, А.М, Б.О, иргэдийн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж гаргахдаа: “МУЕАын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/239 дүгээр тушаалыг хүчингүй болгож, төрийн аудитын байгууллагад ажлын туршлага хангаж буй өөр ажил, албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах. 

Нэхэмжлэлийн агуулга: Д.У миний бие Нийслэлийн Ерөнхий аудиторын 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №Б/26 дугаар тушаалын дагуу Нийслэлийн аудитын газарт /хуучин нэрээр/ аудитор /шинжээч/-р томилогдож 2017 оны 07 сар хүртэл тасралтгүй 4 жил ажилласан. 

Төрийн аудитын байгууллагад ажиллах хугацаандаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин ажиллаж, ямар нэг сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж ирсэн. Гэвч МУЕАын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/239 дүгээр тушаалаар аудитын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, орон тоо цөөрч, ажлын байрны тодорхойлолтонд заасан шаардлагад нийцэхгүй болсон гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;” 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрзэг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж. байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж заасан байдаг. Гэвч хуульд заасны дагуу мэдэгдээгүй. 

Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийсэн боловч уг сонсох ажиллагаа нь ажлаас халах талаар биш ерөнхий аудиторын бүтцийн өөрчлөлт хийж буй тушаалын талаар танилцуулсан сонсох ажиллагаа байсан. 

Төрийн албаны тухай хуулийн 23, 24. 25 дугаар зүйлүүдэд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх болон халах үндэслэлүүдийг тоочин зааж өгсөн байна. Ерөнхий аудиторын дээрх тушаал нь уг хуулийн зүйл заалтад хамаарахгүй байна. Тушаалын 1 дэх заалтанд “Нийслэл дэх төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, батлагдсан ажлын байрны тодорхойлолтонд заасан шаардлагад нийцэхгүй” гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу бүтцийн өөрчлөлт орсон нөхцөлд төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлж болох ч яг ямар бүтцийн өөрчлөлтөөр ажилтанг ажлаас халж байгаа нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл орон тоо цөөрүүлсэн юм уу? орон тоо хасагдсан юм уу? салбар нэгж татан буугдсан юм уу? зэрэг нь тодорхойгүй тушаал гарснаас гадна ажлаас халах нэг үндэслэлийг ажлын байрны тодорхойлолтонд нийцэхгүй болсон гэжээ. Миний хувьд анх ажилд орохдоо ажлын байранд тавигдсан тодорхойлолт, шаардлагад нийцэн ажилд орсон учраас шинээр нэмэгдсэн төрийн албанд 5-аас дээш жил ажилласан гэсэн шаардлагад нийцэхгүй хэмээн ажлаас чөлөөлж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна;” 27.2.4 “...төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажпын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно...” гэж ийнхүү зохицуулж өгсөн байдаг. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалтууд нь орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр шууд төрийн жинхэнэ албан хаагчдыг ажлаас нь чөлөөлөх эрхийг олгоогүй байна. Боломжит бүх хувилбараар ажлын байрыг хадгалах, мэргэшил дээшлүүлэх, шилжүүлэн ажиллуулах талаарх арга хэмжээг авах ёстойг үүрэг болгосон байна. Гэтэл Ерөнхий аудитор нь Нийслэлийн аудитын газрын орон тоог 50 байсныг 45 болгон бууруулж 10 орчим хүн ажлаас нь чөлөөлж, 5 хүн шинээр ажилд авсан. Мөн Аудитын ерөнхий газарт шинээр хэлтэс, алба үүсгэн шинээр ажилтан албан хаагчдыг авсан байдаг.

 Өөрөөр хэлбэл хэдийгээр тушаал, шийдвэр дээр Нийслэлийн аудитын газрын бүтэц, орон тоог өөрчлөөд байгаа мэт боловч том зургаар Аудитын байгууллагын бүтэц орон тоог харж үзвэл өмнөхөөсөө өөрчлөгдөөгүй, ажилчдын төсөв санхүү ч буураагүй байна. 

Гэтэл ажлаа ямар ч асуудалгүй гүйцэтгэж байсан төрийн жинхэнэ албан хаагчдыг халах зорилгоор ажлын байрны тодорхойлолтыг өөрчлөн “төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан” гэх шаардлагыг нэмсэн ч удирдах албан тушаалтнуудын шаардлагад мэргэжлээрээ 8 жил ажилласан гэх шаардлага тавьсан буюу төрийн албанд нэг ч жил ажиллагаагүй хүмүүс Нийслэлийн аудитын хэлтсийн даргаар ажиллах боломжийг олгож, шинээр хүмүүс авсан. 

Мөн Төрийн албаны тухай хуульд бүтэц орон тоо өөрчлөгдөхөд ажилчдыг тухай бүрт нь чөлөөлж, буцааж томилох, мэдэлд авах гэсэн процессын заалт байдаггүй. Мөн МУЕАын дэргэдэх сонгон шалгаруулалтын комисс гэх ямар үндэслэлээр байгуулагдаж үйл ажиллагаа явуулж буй нь тодорхойгүй комисс байгуулж сонгон шалгаруулалт явуулсан гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сонсох ажиллагаа явуулсан гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, эрх зүйн үндэслэлгүй, тодорхой үйл ажиллагаа явуулж, ажилчдын талаар шийдвэр, дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй. 

2017 оны 7 дугаар сард намайг ажлаас чөлөөснөөс хойш аудитын байгууллагаас орон нутаг дахь аудитор авах 4 удаагийн сонгон шалгаруулалт зарласан. Мөн эдгээр бүх сонгон шалгаруулалтын ажлын туршлагад төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан гэсэн шаардлага тавьсан байдаг. Энэхүү шаардлагыг нэхэмжлэгч Д.У миний бие бүрэн хангаж байгаа тул орон нутагт аудитор хийх боломжтой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөхийг хүсч байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: МУЕАын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/239 тоот тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт заасныг үндэслэсэн байдаг. Нэхэмжлэгч Д.У нь аудитын байгууллагад 4 жил ажилласан. Гэтэл тухайн байгууллага нь ажлын байрны тодорхойлолтоо шинэчилж, Д.У-ын эрхэлж байсан албан тушаалын шаардлага нь “5 жил төрийн албан хашсан байх” болсон. Ингээд нэхэмжлэгч Д.У-ыг тус шаардлагыг хангахгүй байна гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Мөн Үндэсний аудитын газар болон орон нутгийн аудитын байгууллагуудад төрийн албанд 3 жил ажилласан байх шаардлага тавьсан албан тушаалууд байдаг. Тус шаардлагыг нэхэмжлэгч Д.У хангасан байгаа. Тийм учраас өөр албан тушаалд шилжиж ажиллах боломжтой. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “Энэ шаардлагыг хангахгүй бол шууд ажлаас чөлөөлнө” гэсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгч Д.У-ыг өөр албан тушаалд шилжүүлж ажиллуулах боломжтой. Хэрэв мэргэшлийн хувьд тохирохгүй бол дахин мэргэшүүлж, ажлын байрыг нь хэвээр үлдээх арга хэмжээ авах ёстой. Гэтэл хариуцагчаас ямар нэгэн байдлаар нэхэмжлэгчийг өөр албан тушаалд шилжүүлэхтэй холбоотой арга хэмжээ аваагүй. 

МУЕАын 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар тушаалаар батлагдсан Төрийн аудитын байгууллагад анх ороход мэргэшлийн шалгалт өгөх болзол журам нь 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/48 дугаар тушаал гарах хүртэл хүчин төгөлдөр үйлчилсэн. Тухайн үед төрийн аудитын байгууллага нь Төрийн албаны зөвлөлөөр бус, өөрсдөө сонгон шалгаруулалт явуулдаг байсан. Нэхэмжлэгч нь тус журмын дагуу зарласан сонгон шалгаруулалтад орж тэнцээд, 2013 онд төрийн аудитын байгууллагад томилогдсон. Мөн Төрийн аудитын байгууллага тус журмаа Хууль зүйн яаманд бүртгүүлээгүй байсан байдаг. Тийм учраас Төрийн албаны зөвлөлөөс “...төрийн албаны мэргэшлийн шалгалтад ороогүй” гэсэн хариу ирүүлсэн байгаа. Төрийн аудитын байгууллага гаргасан журмаа Хууль зүйн яаманд бүртгүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Д.У төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй мэт харагдаж байна. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Анхнаасаа шаардлага хангаагүй, төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй этгээд төрийн албанд томилогдсон” гэсэн тайлбар хэлээд байгаа нь үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгч Д.У-ыг ажлаас чөлөөлснөөс хойш нийт 4 удаа сонгон шалгаруулалт зарласан байдаг. 12 дугаар сард орон нутгийн аудитын газарт аудитор авахаар сонгон шалгаруулалт зарлахдаа “...төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” гэсэн шаардлага тавьсан байсан. Нэхэмжлэгч Д.У тус шаардлагыг хангаж байхад шилжүүлэхгүйгээр шууд ажлаас чөлөөлсөн нь буруу.” гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариу тайлбартаа:  

Нэг.“...МУЕАт хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, ажил албан тушаал, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт зэргийг шинэчлэн баталж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор дараах тушаал шийдвэрүүдийг гарсан байдаг. 

1.1 Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Төрийн аудитын байгууллагын тогтолцоо нь төрийн аудитын дээд байгууллага, ... төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагаас бүрдэнэ” гэж заасанд нийцүүлэн “Үндэсний аудитын газрын харьяа Нийслэлийн аудитын газар” байсныг МУЕАын 2017 оны А/59 дугаар тушаалын хавсралтаар “Нийслэл дэх Төрийн аудитын газар” болгож өөрчилсөн.  Энэ нь Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 13 дугаар зүйлийн 13.4.7-д заасан бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тушаал юм. 

1.2. Нэхэмжлэлд дурдагдсан МУЕАын 2017 оны А/60 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан. Өмнө нь Төрийн аудитын байгууллагын орон нутаг дахь салбар байгууллагад Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан төрөлжсөн аудитын нэгж /нийцлийн аудитын/ байгаагүй тул зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийг бий болгон, хэрэгжүүлэх чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгож, албан тушаалын жагсаалтыг баталсан. Түүнчлэн Гүйцэтгэлийн аудитын 2 албатай байсныг 1 хэлтэс, 3 албатай байхаар, Санхүүгийн 3 албатай байсныг 2 хэлтэс тус бүрдээ 2 албатай байхаар, Нийцлийн аудитын алба байгаагүйг шинээр бий болгож 1 хэлтэс, 1 албатай байхаар, Тамгын хэлтэстэй байхаар тус тус өөрчлөн зохион байгуулсан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасан стандартын хэрэгжилтийг хангах, Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.3, 13 дугаар зүйлийн 13.4.7-д заасан бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тушаал юм. 

1.3 Мөн нэхэмжлэлд дурдагдсан МУЕАын 2017 оны А/88 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын албан тушаалын жагсаалт, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг баталсан. Энэ нь Төрийн аудитын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.2 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын дагуу батлан гаргасан нь тухайн ажлын байрны зорилго, зорилт, гүйцэтгэх үндсэн үүргүүд, ажпын төрлүүд, мэдлэг ур чадвар, хандлага, төлөвшил, гүйцэтгэлийн шалгуур зэргийг нарийвчлан тогтоож гаргасан хүчин төгөлдөр тушаал юм. Өмнө нь Нийслэлийн ерөнхий аудиторын 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан ажлын байрны тодорхойлолт нь хэт ерөнхий, бүхий л төрлийн мэргэжлийг хамруулдаг, албан хаагчдад тавигдах шаардлага сул зэрэг нь Төрийн аудитын тусгай албанд туршлагагүй, мэргэшээгүй, мэргэжлээрээ ажиллаагүй, мэргэжлийн бус албан хаагч нар ажил албан тушаал эрхэлж, төрийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байсан нь төрийн аудитын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан ард түмэнд үйлчлэх мэргэшсэн тогтвортой байх зарчмыг алдагдуулах нөхцлийг бүрдүүлж байсан тул Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад тавигдах шаардлагыг ажлын байр тус бүрээр нь нарийвчлан тогтоож, хэрэгжүүлэх боломжит жишиг хувилбарыг боловсруулж системийнхээ хэмжээнд мөрдүүлж эхлээд байна. 

Дээр дурдсан тушаалууд нь МУЕАын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гарсан бөгөөд Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т ”... төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ...” гэж үзэх үндэслэлтэй юм. 

Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 15-д “Хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан...” гэж Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулагдсаныг хэлнэ.” гэж, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6-д “хуулийн этгээд нь зохион байгуулалтын төрөл, хэлбэрээ өөрчлөх замаар зохион байгуулагдаж болно” гэж, мөн тус тайлбарт “Энэ хэсэгт заасан “...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн...” гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц /алба, тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах бусад нэгж/-ийг шинээр бий болгосныг ойлгоно." гэж тус тус тайлбарласан байдаг. 

Иймд дээрх хууль тогтоомж, тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангах үүднээс Үндэсний аудитын газрын харьяа Нийслэлийн аудитын газар /хуучин нэрээр/-ийн албан хаагчдыг Төрийн аудитын түхай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т заасны дагуу батлагдсан “Нийслэл дэх Төрийн аудитын газар’’-ын ажилтан, албан хаагчдыг шинэ бүтэц, зохион байгуулалтын дагуу томилох шаардлага үүссэн. 

Энэ хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 15-д “Мөн хэсэгт заасан “...шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ.” гэсэн тайлбарын дагуу МУЕАын 2017 оны Б/177 дугаар тушаалаар Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагаа явуулж, шинэчлэн батлагдсан ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод тавигдах шаардлагыг шангасан албан хаагчдыг сонгон шалгаруулсан. 

МУЕАын 2017 оны А/60 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газар нь Газрын дарга 1, Дэд дарга 1, Хэлтсийн дарга бөгөөд менежер 4, Ахлах аудитор 8, Аудитор 26, нягтлан бодогч 1, Хуульч 1, Мэдээлэл технологийн ажилтан 1, Даргын туслах 1 нийт 45 орон тоотойгоор батлагдсан бөгөөд өмнө нь 2014 оны 23 дугаар тушаалаар 50 орон тоотой байснаас шинжээч гэдэг орон тоо хасагдсан юм. Шинжээчийг Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16.-д “аудитын баг” гэж ... аудитын хуулийн этгээдээс томилогдсон партнер, аудитор, аудиторын туслах болон шинжээчийг” гэж тодорхойлсон байна. 

Нэхэмжлэгч нь Нийслэлийн аудитын газарт /хуучнаар/ “шинжээч”-ийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд шинэчлэн баталсан бүтэц, орон тоо, албан тушаалын чиг үүргээр Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтцэд шинжээч буюу аудиторын туслах гэсэн орон тоо нь хасагдсан нь түүнийг ажил, албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болсон бөгөөд МУЕАын 2017 оны Б/239 дүгээр тушаал нь хууль тогтоомжийн хүрээнд, төрийн жинхэнэ хаагчийн баталгааг эдлүүлж зохих журмын дагуу гарсан хуулийн хүчин төгөлдөр шийдвэр юм. Уг тушаалын дагуу түүний үүрэгт ажлаас чөлөөлөгдсөний тэтгэлэг болох 3 сарын цалинтай тэнцэх тэтгэлгийг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд батлагдсан төсвийн хүрээнд 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн болно. 

Хоёр. Нэхэмжлэлийн бусад үндэслэлүүдийн тухайд: Нэхэмжлэгч нь анх төрийн албанд томилогдохоо зохих журмын дагуу бус Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох...”, 10 дугаар зүйлийн 10.1, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, МУЕАын 2007 оны 12 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төрийн аудитын байгууллагад анх ороход мэргэшлийн шалгалт авах болзол журмыг тус тус зөрчин томилогдсон байна. Тухайлбал: Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, Төрийн аудитын байгууллагад анх ороход мэргэжлийн шалгалт авах болзол журмын дагуу шалгалт өгөөгүй, Монгол Улсын Их Хурлын 2009 оны 06 дугаар тогтоолоор батлагдсан төрийн захиргааны албан хаагчийн ангилал зэрэглэлийн дагуу МУЕАын 2014 оны 317 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан зэрэглэлээр АА-7 буюу төрийн жинхэнэ албаны “Ахлах түшмэл”-ийн албан тушаалд шууд томилогдсон байна. Энэ талаар Төрийн албаны тухай хуулийн 7.3, 7.4, 7.9 дэх хэсэг болон Улсын Их Хурлын 2000 оны 20 дугаар тогтоолоор баталсан "Төрийн захиргааны албан хаагчийн зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам’’-ыг зөрчиж, илтэд давуу байдал бий болгосон байдаг. 

Нэхэмжлэгч нь 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр томилогдохдоо Нийслэлийн ерөнхий аудиторын 2012 оны 35 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан шинжээчийн ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг хангаагүй байсан байна.  

МУЕАын 2017 оны А/88 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын албан тушаалын жагсаалт, ажлын байр /албан тушаал/ болох аудиторын шаардлагыг хангахгүй бөгөөд “Эдийн засагч, менежер” мэргэжилтэй нь Улсын Дээд шүүхийн 2010 оны  08 дугаартай “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 4-т "Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд  тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг сул орон тоо гарсан” гэдэгт хамааруулж үзнэ.” гэсний дагуу түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл болсон юм. 

Захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахдаа эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг сонсож Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан ажиллагааг зохих журмын дагуу явуулж байж эцэслэн гаргадаг. Нийслэл дэх Төрийн аудитын газрын албан хаагчдад МУЕАын 2017 оны А/60 дугаар тушаал гарахын өмнө 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр, 2017 оны А/38 дугаар тушаал гарахын өмнө 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, мөн 2017 оны А/206 дугаар тушаалыг батлан гаргахын өмнө 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тус тус сонсох ажиллагааг явуулж бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, орон тоо цөөрсөн, ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолтод заасан шаардлагын дагуу шалгаруулан шинэчлэн батлагдсан орон тоо, ажлын байранд томилох, чөлөөлөх шийдвэр гарах, нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөгдөх талаар танилцуулж сонсох ажиллагааг явуулсан. Тус сонсох ажиллагааны үеэр нэхэмжлэгчид бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдөхөөр байна.” гэж танилцуулахад “мэргэшсэн байдлыг харгалзан үзнэ үү, өөр саналгүй...” гэж оролцсон байна. Энэ талаар сонсох ажиллагааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан болно. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 2007 онд батлагдсан журам нь төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгсөн албан хаагчид төрийн аудиторын байгууллагад анх орохдоо өгдөг шалгалт байсан. Нэхэмжлэгч нь төрийн албаны мэргэшлийн  шалгалтыг өгөөгүй. Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн баримт нэхэмжлэгч Д.У-ын хувийн хэрэг болон Нийслэл дэх Төрийн аудитын байгууллагын архивт байдаггүй. 2017 оны журмыг Төрийн албаны тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3, 17.8 дахь зүйл заалтуудтай уялдуулж баталсан. Тус журмыг Хууль зүйн яамнаас ямар нэгэн хууль тогтоомжийн зөрчилгүй байна гээд хүлээн авч бүртгэсэн.” гэв. 

 

Хариуцагчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: “Тухайн үед Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж, 1 хэлтэс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Төрийн аудитын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 73-т заасны дагуу ажлын байрны тодорхойлолтыг өөрчилсөн. Нэхэмжлэгч Д.У тус шаардлагыг хангаагүй учир ажлаас чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар ерөнхий аудиторт Д.У-ыг ажлаас чөлөөлөх эрх байгаа. Мөн нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа “...өөр ажил, албан тушаалд томилохыг даалгах” болгож тодруулсан. Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Д.У-ыг өөр шаардлага хангах албан тушаалд томилох ямар ч боломж байгаагүй. Тийм учраас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасны дагуу тэтгэмж олгосон.” гэв.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.У нь “МУЕАын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/239 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, төрийн аудитын байгууллагад ажлын туршлага хангаж буй өөр ажил, албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”-ээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж , энэ хүрээнд дүгнэж хэргийг шийдвэрлэлээ. 

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Д.У-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.  

МУЕАын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Д.У-ыг ажлаас чөлөөлөх тухай Б/239 дүгээр тушаалаар  “Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, өөрчлөгдөн, орон тоо цөөрч ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг шинжээчийн албан тушаалаас нь чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэлэг  олгожээ.

Нэхэмжлэгч нь “шинжээч албан тушаалд томилогдон тангараг өргөж, 4 жил гаруй ажилласан байхад шинээр батлагдсан ажлын байрны тодорхойлолтын төрийн байгууллагад 5-аас дээш жил ажилласан байх гэсэн шаардлагыг хангахгүй хэмээн чөлөөлсөн нь үндэслэлгүй, шинжээчийн албан тушаал нь аудитор болж өөрчлөгдсөн, чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, МУЕАын 2007 оны 12, 2017 оны дугаар тушаалаар батлагдсан Төрийн аудитын байгууллагад анх ороход мэргэшлийн шалгалт авах журмаар төрийн албаны шалгалт өгсөн байхыг шаардаагүй байхад төрийн албаны шалгалт өгөөгүй томилогдсон хэмээн буруутгаж буй нь үндэслэлгүй” гэх, хариуцагч нь “зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөн шинжээчийн ажлын байр үгүй болж, орон тоо хасагдсан, сонгон шалгаруулалт явуулах замаар шаардлага хангасан алба хаагчдыг томилсон, нэхэмжлэгч нь аудиторын ажлын байранд тавигдсан шаардлагыг хангахгүй болсон, анх томилогдохдоо төрийн жинхэнэ албаны шалгалт өгөөгүй, зохих журмын дагуу томилогдоогүй” гэх үндэслэлээр тус тус тайлбарлан маргажээ. 

Нэхэмжлэгч Д.У-ыг Нийслэлийн ерөнхий аудиторын 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар Нийслэлийн аудитын газрын шинжээчийн албан тушаалд 6 сарын туршилтын хугацаагаар томилж, 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 367 дугаар тушаалаар төрийн жинхэнэ албан хаагчаар томилж, аудитын байгууллагын ажилтны тангараг өргүүлжээ. 

Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагыг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг МУЕА шийдвэрлэнэ.” гэсэн бүрэн эрхийн хүрээнд МУЕАын 2017 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн А/60 дугаар тушаалаар  Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлахад тус газрын 50 орон тоо 45 болж цөөрсөн, тэр дундаа нэхэмжлэгчийн ажиллаж байсан “шинжээч”-ийн албан тушаалын орон тоо хасагдсан байна. 

Аудитын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг зохицуулсан Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16.-д “ “аудитын баг” гэж ... аудитын хуулийн этгээдээс томилогдсон партнер, аудитор, аудиторын туслах болон шинжээчийг ойлгох”-оор тодорхойлсоноос үзэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан “шинжээч” гэсэн албан тушаалын чиг үүрэг “аудитор”-ын албан тушаалд хадгалагдан үлдсэн гэж, шинжээчээр ажиллаж байсан этгээд аудитороор үргэлжлүүлэн ажиллана гэж шууд дүгнэх боломжгүй. 

Дээрх бүтэц, орон тоо өөрчлөн баталсан тушаалыг үндэслэн МУЕАын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/88 дугаар тушаалаар  Нийслэл дэх Төрийн аудитын газрын ажлын байрны жагсаалт, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг баталсан байх бөгөөд нэхэмжлэгчийн “өмнө эрхэлж байсан “шинжээч”-ийн албан тушаалын чиг үүрэг хадгалагдан үлдсэн” гэж тайлбарлан маргаж буй “аудитор”-ын албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод “мэргэшсэн нягтлан бодогч байх, төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх” гэсэн ерөнхий шаардлага тавигджээ.

МУЕАын 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/177 дугаар тушаалаар Сонгон шалгаруулалтын комисс байгуулж, Нийслэл дэх төрийн аудитын газарт өмнө нь ажиллаж байсан албан хаагчдыг шинэ ажлын байранд томилохтой холбогдуулан шинэчлэн батлагдсан ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангасан эсэхэд сонгон шалгаруулалтыг явуулсан  байна. Энэ сонгон шалгаруулалтаар нэхэмжлэгч Д.У-ыг шинээр батлагдсан ажлын байрны тодорхойлолтын “аудитор”-ын ажлын байранд тавигдах “мэргэшсэн нягтлан бодогч байх”, “төрийн албанд 5 жилээс доошгүй ажилласан туршлагатай байх” ерөнхий шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн байх бөгөөд дээрх шаардлагуудыг хангасан гэж нэхэмжлэгч маргаагүй, энэ талаарх сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт үндэслэлтэй, энэ дүгнэлтийг үндэслэн түүнийг чөлөөлсөн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “ ... тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах” гэсэн хуулийн шаардлагад нийцүүлж хариуцагч сонгон шалгаруулалт хийж, сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн ажилтнуудыг томилж, чөлөөлөх шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. 

Иймд хариуцагч ажлаас чөлөөлсөн тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 “төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдөн ... орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна”, 27.2.4 “төрийн байгууллага өөрчлөн зохион байгуулагдсан ... шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ... эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно”  гэсэн заалтыг давхар баримталж, тушаалын үндэслэлдээ “Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөн, орон тоо хасагдсан, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй болсон” гэж чөлөөлөх үндэслэлээ болгосныг буруутгахааргүй байна. 

Байгууллагын бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалт, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт, ажлын байранд тавигдах шаардлага өөрчлөгдсөн талаар хариуцагчаас сонсох ажиллагаа явуулах мэдэгдлийг 2017 оны 5 дугаар сарын 22-нд нэхэмжлэгчид хүргүүлж, 5 дугаар сарын 23-ны өдөр биечлэн байлцуулж ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур, орон тоо цөөрсөн талаарх нэхэмжлэгчтэй биечлэн уулзах хэлбэрээр хийсэн , түүнчлэн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр сонсох ажиллагааг дахин биечлэн хийж  Д.У-д “ажлын байранд тавигдах шаардлага хангахгүй байгаа талаар, улмаар Төрийн албаны тухай хуульд зааснаар чөлөөлөгдөх болсон талаар” танилцуулсан байх тул захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа хийх шаардлагыг хангасан байна гэж шүүх үзлээ.

         Үндэсний болон орон нутгийн аудитын газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т зааснаар төрийн тусгай алба буюу төрийн жинхэнэ алба тул мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5-д заасан “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх”, “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” зарчим хангагдах ёстой тул анх төрийн жинхэнэ албан тушаалд томилогдоход мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасан төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн байхыг, хуулиар тогтоосон шалгуур,  шаардлагыг хангасан байхыг шаардах нь зүйн хэрэг. 

МУЕАын 2007 оны 12 дугаар тушаалаар батлагдсан Төрийн аудитын байгууллагад анх ороход мэргэшлийн шалгалт авах журмын дагуу нэхэмжлэгч уг шалгалтанд орж тэнцэн томилогдсон гэх боловч энэ шалгалт нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөхөөс чөлөөлөхгүй, мэргэшлийн шалгалтанд тэнцэхгүйгээр мөн хуулийн 17.4-т зааснаар төрийн жинхэнэ албанд томилогдсоныг зөвтгөхгүй.  

МУЕАын 2017 оны А/48 дугаар тушаалаар батлагдсан Төрийн аудитын байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах журмын дагуу зарласан сонгон шалгаруулалтын зараас үзэхэд бүртгүүлэхэд бүрдүүлэх материалд “төрийн албаны шалгалт өгсөн материал”-ыг шаардсан байх тул “дээрх журмаар төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн байхыг шаардаагүй байхад төрийн албаны шалгалт өгөөгүй томилогдсон хэмээн буруутгаж буй нь үндэслэлгүй” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй, харин эсрэгээрээ энэ үндэслэлээр томилохоос татгалзсан хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

Тиймээс ч түүний гомдолд Төрийн албаны зөвлөл 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 965 тоотоор “Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу төрийн жинхэнэ албанд анх орох иргэний сонгон шалгаруулалтад орж, томилогдоогүй байх тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй” гэх хариу өгсөн байдаг. 

Иймээс тэрээр төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй анх томилогдсон байх тул нэхэмжлэлийн “төрийн аудитын байгууллагад ажлын туршлага хангаж буй өөр ажил, албан тушаалд томилохыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл анхнаасаа энэхүү нийтлэг журмыг зөрчиж төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон иргэнийг шүүхээс ажил, албан тушаалд томилохыг даалгах боломжгүй юм. 

Нэгэнт ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, ажилд томилохыг даалгах шаардлагыг хангах үндэслэл ийнхүү тогтоогдохгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.У-ын гаргасан “МУЕАын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/239 дүгээр тушаалыг хүчингүй болгож, төрийн аудитын байгууллагад ажлын туршлага хангаж буй өөр ажил, албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ХАЛИУНА

 

                                        ШҮҮГЧ            А.НАСАНДЭЛГЭР

 

                              ШҮҮГЧ                С.ТӨМӨРБАТ