Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2022/0758

 

 

 

 

 

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн   

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “М  ХХК-ийн Б  аймгийн Б  сумын нутагт Ц нэртэй газарт орших XV-019273 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунган бүртгээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгохыг тогтоох, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргад даалгах” тухай 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 0652 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2021/0846/З          

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М  ХХК нь М  ХХК-ийн Б  аймгийн Б  сумын нутагт Ц нэртэй газарт орших XV-019273 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунган бүртгээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгохыг тогтоох, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргад даалгах”-аар маргасан байна.  

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 0652 дугаар шийдвэрээр: “...Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан М  ХХК-ийн Б  аймгийн Б  сумын нутагт Ц нэртэй газарт орших XV-019273 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунган бүртгээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. ...Нэхэмжлэгч “М” ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, “М” ХХК-ийн Б  аймгийн Б  сумын нутагт Ц нэртэй газарт орших Х\/-019273 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунган бүртгээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүнээс хойш буюу 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “М ” ХХК-ийн Б  аймгийн Б  сумын нутагт Ц нэртэй газарт орших ХV-019273 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунган бүртгээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай өргөдлийг хүлээн авч, хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах тухай” гэж өөрчилсөн болно.

3.2. Анхан шатны шуухийн шийдвэрийн “Үндэслэх хэсэг”-ийн 4.4, 4.5. 4.6-д “Нэхэмжлэгчээс өөрийн тайлбарыг дэмжин. 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 11/20 дугаар “Зөвшөөрөл сунгуулах тухай” албан бичгийг нотлох баримтаар ируулсэн байна. Шуухээс маргааны уйл баримттай холбогдуулан нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа явуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч Х.Г, Б.Б, Д.О нарын мэдуулэг, хариуцагч байгууллагын ирсэн, явсан бичгийн буртгэл системийн буртгэл архивт узлэг хийхэд холбогдох баримтууд байгаагуй“ гэж дугнэсэнд гомдолтой байна.

3.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс хариуцагч захиргааны байгууллагад Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай” хүсэл зоригоо илэрхийлэн, хуульд заасан хугацаанд хүсэлтээ гаргаж, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж, тэмдэглэл хийлгэсэн үйл баримтыг дүгнэхдээ хавтаст хэрэгт авагдсан доор дурдсан нотлох баримтуудыг буруу буюу дутуу үнэлж, захиргааны байгууллагын алдаатай үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөлгүй орхигдуулсан.

3.4. ...Ашигт малтмал газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Д.Б нь шуүхээс 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1/4753 тоот албан бичгээр “2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 188 дугаар тогтоолын дагуу дотоод зохион байгуулалт хэрхэн хийж байсан эсэх, иргэн, аж ахуйн нэгжүүдтэй хэрхэн харилцаж байсан талаар тайлбар, холбогдох баримтыг ирүүлэхийг шаардсаны хариуд 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 8/2981 тоот албан бичгээр “Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 188 дугаар “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах, журам батлах тухай” тогтоолын дагуу манай байгууллага дээр дотоод зохион байгуулалт хийгдээгүй, хэвийн үйл ажиллагааг хангаж ажилласан” гэж гэрчүүдийн мэдүүлгээс илт зөрүүтэй, худал тайлбарыг ирүүлсэн байхад анхан шатны шүүх огт анхаараагүй.

3.5. Ийнхүү “М ” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд буюу 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч байгууллагад хандаж, “тусгай зөвшөөрлийн сунгалт хийх тухай” хүсэл зоригоо илэрхийлсэн боловч ковидын үеийн нөхцөл байдлаас үүдсэн Ашигт малтмал газрын тосны газрын дотоод зохион байгуулалтаар дотогш хүн нэвтрүүлдэггүй байсан нөхцөл байдлын улмаас өргөдөл хүсэлт хүргэж ирсэн ажилтан Х.Г дотогш нэвтрүүлээгүй, К-11 маягтыг бөглүүлээгүй үйл баримтад дан ганц нэхэмжлэгчийг буруутгах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүх “Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл хүсэлтийг холбогдох баримтын хамт гаргасан тохиолдолд төрийн захиргааны байгууллагаас нэр бүхий баримтыг бүрдүүлэх шаардлагыг хангасан гэж үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх нь захиргааны байгууллага, алба тушаалтны эрх бус үүрэг болно” гэж дүгнэсэн атлаа гэрчүүдийн мэдүүлэг, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр буюу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлт гаргавал зохих тухайн цаг хугацаанд 4 дэх жилийн төлбөр хийгдсэн болон захиргааны ажилтны хэлсэн зааварчилгааны дагуу үүдний жижүүр дээр сунгалт хийхэд шаардагдах баримт материалыг үлдээсэн зэрэг үйл баримтуудыг огт үнэлэлгүй орхигдуулсанд гомдолтой байна.

3.6. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ “Үндэслэх хэсэг”-ийн 4.7-д “Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 13/1849 дүгээр албан бичгээр “... Ашигт малтмалын хайгуулын ХV-019723 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд “М ” ХХК нь хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэлээ баталгаажуулаагүй, Б  аймгийн Б  сумын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/140 дүгээр албан бичгээр 2020 онд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Б  суманд батлуулаагүй болох нь тогтоогдсон” гэж нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлтийг хийсэн.

3.7. ...Мөн төлбөрийн бичилт тэмдэглэгээг хийсэн мэргэжилтэн н.Хэрлэнчимэгийг гэрчээр асуухаар шүүхээс 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1/2462 тоот албан бичгээр Ашигт малтмал газрын тосны газарт мэдэгдсэн боловч тус газраас хариу ирүүлээгүйгээс гадна анхан шатны шүүхээс уг ажиллагааг хийлгүй орхигдуулсан нь бодит нөхцөл байдлыг тогтоох хангалттай ажиллагаа хийгээгүй гэж үзэхээр байна.

3.8. Нэхэмжлэгч компани нь 2020 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор хорио цээрийн дэглэм олон удаа тогтоож байсан учраас хөдөө орон нутагт хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, хэвийн үйл ажиллагаа нь тасалдсан боловч 2021 онд Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг хуульд заасны дагуу баталгаажуулж, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийн 5 дахь жилийн төлбөрөө төлж, төлбөрийн баримтаа хавсарган тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад зохих тэмдэглэгээ хийлгэхээр 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Ашигт малтмал газрын тосны газарт хүлээлгэн өгсний дараа тус газрын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 4/3507 дугаар албан тоотоор тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсон гэх хариуг авснаар “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай” хүсэлтийг нь бүртгээгүй болохыг олж мэдсэн.

3.9. “М ” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр буюу хуульд заасан хугацаанд холбогдох баримтуудын хамт гаргасныг хариуцагч байгууллага хүлээн авч гэрчилгээний хавсралтад сунгалтын тэмдэглэлийг хийсэн бөгөөд хэрэв тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт нь шаардлага хангаагүй тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасны дагуу ажлын 10 өдөрт багтаан өргөдлийг хянаж шалгах явцдаа өргөдлийг буцаах, хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан хариуг өгөх ёстой байсан боловч чухам ямар шалтгаанаар нэхэмжлэгчийн өгсөн баримт материалууд алга болсон тухайд захиргааны байгууллага зөвхөн өөрийгөө хамгаалсан тайлбар гаргаж, сонгон шалгаруулалтын зарчмаар хайгуулын тусгай зөвшөөрлийг олж авсан Монгол Улсын хуулийн этгээдийг “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах” хүсэл зоригоо илэрхийлээгүй гэж буруутгаж байхад шударга ёсыг тогтоох учиртай шүүхээс зөвхөн нэхэмжлэгчийг буруутгасан шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Иймд “М ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд гаргасан 0652 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг баримтлан, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3. Нэхэмжлэгч “М ” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “М ХХК-ийн Б  аймгийн Б  сумын нутагт Ц нэртэй газарт орших ХҮ-019273 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунган бүртгээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгохыг тогтоох, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

4. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга “Нэхэмжлэгч компани нь ашигт малтмалын хайгуулын ХҮ-019273 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд гаргаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна. Тодруулбал, хайгуулын ХҮ-019273 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигч “М ” ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацаа сунгуулах тухай өргөдлийг манай байгууллагад ирүүлээгүй нь тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл болсон. 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлсөн болохоос хуульд заасан баримтуудыг хавсарган тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргаагүй бүртгэлд авагдаагүй байх тул “М ” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй”  гэж маргажээ.

5. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д “...тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг ойлгохоор, төлбөрийг хуульд заасан хугацааны дотор, бүрэн гүйцэд төлөх үүрэгтэй талаар тусгайлан зохицуулсан байна.

6. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар /хуучин нэрээр/ Геологи, уул уурхай кадастрын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 530 дугаар шийдвэрээр “М ” ХХК-д Б  аймгийн Б  сумын нутаг Ц нэртэй газар 1399.30 гектар талбай ашигт малтмалын ашиглалтын ХҮ-019273 дугаартай тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгожээ.

7. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөрөө 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр, 5 дахь жилийн төлбөрөө 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тус тус төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

8. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахаар мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” тохиолдолд тусгай зөвшөөрөл дуусгавар болохоор тус тус заажээ.

9. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэж үзэхээргүй байна.

10. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэж заасан, тухайн тохиолдолд нэхэмжлэгч “М ” ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө цаг тухайд нь төлж байснаас үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу “тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай” хүсэл зоригоо илэрхийлжээ.

11. Мөн нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн 5 дахь жилийн төлбөрөө төлж, тусгай зөвшөөрлийн хавсралтанд зохих тэмдэглэгээ хийлгэхээр төрийн захиргааны байгууллагад хандахад хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас 1 сарын өмнө ...танай компаниас 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө ХВ-019273 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг гаргаагүй тул уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсон” гэж хариу өгсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байна.

12. Нэхэмжлэгч “М ” ХХК-ийн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд буюу 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч байгууллагад хандаж “тусгай зөвшөөрлийн сунгалт хийх тухай” хүсэл зоригоо илэрхийлсэн боловч ковидын үеийн нөхцөл байдлаас үүдэн Ашигт малтмал, газрын тосны газрын дотоод зохион байгуулалтаар дотогш хүн нэвтрүүлдэггүй байсан нөхцөл байдлын улмаас өргөдөл хүсэлт хүргэж өгсөн ажилтаныг дотогш нэвтрүүлээгүй, К-11 маягтыг бөглүүлээгүй үйл баримтад дан ганц нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй  “ковидын нөхцөл байдлаас болж дээшээ хүн оруулдаггүй, уулзах хүмүүсийн бичиг баримтыг дор авч үлдээд өрөө рүү нь утсаар ярьж ажилтнууд өөрсдөө бууж ирж авдаг байсан” гэх анхан шатны шүүх хуралдаанд оролцсон гэрчийн мэдүүлгээс дүгнэвэл нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаандаа гаргаж өгөөгүй гэж дүгнэх үндэслэлгүй байна.

13. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хуулийн хугацаандаа тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай хүсэлтээ гаргасан боловч ковидын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор захиргааны байгууллагад гаргасан өргөдөл хүсэлт нь зохих журмын дагуу бүртгэгдээгүй төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байсаар байхад түүнд дүгнэлт өгөлгүйгээр шууд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм.

14. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасан захиргааны байгууллагын үйл ажиллагаандаа баримтлах “шуурхай, тасралтгүй байх”, 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэлтэй байх” тусгай зарчимд нийцээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг холбогдох баримтын хамт дахин хүлээн авч, хуульд заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй байна.

15. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 0652 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б  аймгийн Б  сумын нутагт Ц нэртэй газарт орших XV-019273 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосныг, мөн уг тусгай зөвшөөрлийг хугацааг сунган бүртгэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоон, ашигт малтмалын XV-019273 дугаартай  хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргад даалгаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                        О.ОЮУНГЭРЭЛ