Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 13

 

  М.Г т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                                     Прокурор  Д.Ганцэцэг

                                     Хохирогчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн

                                     Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн /цахим сүлжээгээр/ 

                                     Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолд хохирогчийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гаргасан гомдлоор, М.Г т холбогдох эрүүгийн 1727000850043 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, , гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Цоохор овогтой М.Г

         М.Г  нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Тасархай” гэх газарт байх өөрийн гэртээ хохирогч Д.Б-н эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

         Анхан шатны шүүх, шүүгдэгч Цоохор овогтой М.Г ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхийг тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, М.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар М.Г өөс 69200 /жаран есөн мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б т /Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр баг Өлийн 9-2 тоотод оршин суух/ олгохоор, хохирогч Д.Б  нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар М.Г ийн эзэмшлийн 1700000 төгрөгийн үнэлгээ бүхий 3 үхэр битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч М.Г ийг үйлдсэн хэргийнхээ гэм хорыг арилгаагүй, хохирогч Д.Б ийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол арилаагүй байхад хөнгөн ял оногдуулж, хохирогч Д.Б ийн гэм хорын хохирлыг хэлэлцэлгүй орхиж байгаа нь шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаар  шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч М.Г т оногдуулах ялыг хүндрүүлж, хохирогчид учирсан гэм хорын хохирлыг хавтаст хэрэгт авагдсан баримтын хэмжээнд шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Прокурор Д.Бат-Өлзийгийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаартай тайлбарт: Шүүгдэгч М.Г  нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Тасархай” гэх газарт байх өөрийн гэртээ хохирогч Д.Б ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн ба шүүхээс түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байна. Шүүгдэгч  М.Г  нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.Б т мөрдөн байцаалтын шатанд баримтаар гаргаж өгсөн /377025 төгрөгийн/ хохирол 508000 төгрөгийг төлж барагдуулсан мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн байна.

Анхан  шатны шүүхийн шатанд хохирогч 6047990 төгрөгний хохирлын баримт гаргаж өгсөн ба шүүх нотлох баримтын шаардлага хангасан 69200 төгрөгийг шүүгдэгч М.Г өөс гаргуулан, Д.Б т олгож, үлдэх 5978790 төгрөгний хохирлын баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэн хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд хохирогч Д.Б ийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн  үндэслэлгүй байх тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх хуульд заасан ял оногдуулсан нь тохирсон байгаа тул гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Хохирогч Д.Б ийн бүрдүүлж ирсэн материалд тулгуурлан хохирлыг бүрэн төлсөн, цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. Шүүх шударга шийдвэр гаргасан, баримтгүй нэхэмжилсэн хохирлыг хангах учиргүй. М.Г  хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа гэжээ.

ХЯНАВАЛ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Г  нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Тасархай” гэх газарт байх өөрийн гэртээ хохирогч Д.Б ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Д.Б ийн “…2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажлаасаа ээлжийн амралтаа аваад хөдөө аавындаа очсон. Аавыг ажлаас нь Хужиртын амралтанд явуулах гээд байтал Г  өглөө ирээд ганц юм уучихаад явъя гэсэн. Би Г ийг 2 пиво аваад ир гэсэн. Бид хоёр төв ороод нэг нэг пиво авч уусан. Бид хоёр зодолдохоор хэмжээний маргалдаагүй. Би тоглож байгаа юм болов уу гэж бодсон чинь унагаагаад толгой руу өшиглөсөн. Намайг боож унагаагүй байсан бол би нүүр шүд амаа хамаалах байсан...” гэсэн,

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Д.Б  архи үнэртүүлчихсэн гаднаас М.Г т зодуулсан гэж хэлээд хөдөө байдаг аавын гэрт ирсэн. Д.Б ийн нүүр хэсэг битүү хавдартай болсон байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад утсаар хандаж дуудлага өгсөн. Манай нөхөрт хиймэл шүд огт байгаагүй...” гэх мэдүүлгүүд /хх-ийн 27х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13986 дугаартай “…Д.Б ийн биед зүүн хацар ясны хугарал, 2 шүдний булгарал, 1 шүдний сулрал, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 2 шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги 10 хувь нөлөөлнө...”гэсэн дүгнэлт /хх-ийн 30х/

Шүүгдэгч М.Г ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэн шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна.

Хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан анхан шатны шүүх хохирогчид учирсан гэм хорын хохирлыг хавтаст хэрэгт авагдсан баримтын хэмжээгээр гаргуулаагүй, шүүгдэгч М.Г т оногдуулсан ял шийтгэл нь тохироогүй гэсэн гомдол нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд оршдог ба гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Анхан шатны шүүхээс нотлох баримтын шаардлага хангасан гэж 69200 төгрөгийг хохиролд гаргуулан шийдвэрлэсэн, шүүгдэгч М.Г т оногдуулсан торгуулийн ял нь түүний гэм буруугийн хэлбэр болон эрүүгийн хариуцлагын хэр хэмжээнд тохироогүй байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, хэрэгт авагдсан хохирлын баримтаас өмгөөлөгчийн зардал 500000 төгрөг, Д.Баясгалангийн замын зардлын баримт 17300x3=51900 төгрөг нийт 551900 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нотлох баримтын шаардлага хангасан 661110 төгрөгнөөс /үзлэгийн төлбөр, эм авсан баримт, цалин, замын зардал/ шүүгдэгчийн хохирогчид өгсөн 508000 төгрөгийг хасч 153110 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны дотор М.Г өөр төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.4-т тус тус заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 

2 дахь заалтыг “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох” гэснийг “350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.Г  нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхийг тогтоож, биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэснийг, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар М.Г т оногдуулсан 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй” гэж,

5 дахь заалтыг “69200 төгрөг” гэснийг “153100 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны дотор” гэж  тус тус өөрчлөлт оруулан, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч М.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж   болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                                     

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                               ШҮҮГЧИД                              В.ЦЭЦЭНБИЛЭГ 

                                                                                              Н.ЭНХМАА