Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/101

 

    

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч А.Марал

шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч М.Дэлгэрнасан

иргэдийн төлөөлөгч С.М

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005027601491 дугаартай, 2 хавтас хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ....... дугаар сарын .......-нд ............ аймагт төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ............. мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........., ........ дүүрэг, ........ дүгээр хороо, ............. хороолол, ........... дугаар байр ............. тоотод хаягийн бүртгэлтэй боловч одоо ........... дүүрэг, .......... дүгээр хороо, ......... дугаар байрны ...... тоотод түр оршин суух,

ял шийтгэл: Багануур дүүргийн шүүхийн ........... оны ........ дугаар сарын ..........-ны өдрийн .......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ........... дүгээр зүйлийн .......... дэх хэсэгт зааснаар ....... жил ............. хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, ....... жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

............. дугаарын регистртэй, Д.Н

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Д.Н ........ оны ....... дүгээр сарын ..........-ны орой Баянгол дүүргийн ........ дүгээр хороо, ......... дугаар байрны ....... тоот орон сууцанд амь хохирогч Б.М-тэй маргалдан, улмаар түүний цээжний зүүн хэсэгт 7 дугаар хавирганы түвшинд нэг удаа хутгалж, цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл учруулж алсан буюу “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Д.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Өөрийн үйлдсэн хэргийг ойлгож, гэмшиж байгаа. Би цагдаа дээр мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ тухайн үед согтуу байсан болохоор яг яагаад маргалдсаныг сайн санахгүй байгаа юм. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Н “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллажээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.О “… ........ оны ...... дүгээр сарын .....-оос ..........-нд шилжих шөнө би Зурагтын эцсийн орчим байх гэр хорооллын гудамжинд суугаагаараа хоносон. Маргааш өглөө нь эрт, бараг үүр цайж байхад цагийг нь сайн санахгүй байна, уг тоотын эзэн гэх нэг эмэгтэй намайг хөөсөн. Би тэр байрны нэг давхрын дэлгүүрт орж архи авч, дэлгүүрийн хажуу талын нарийн гудамжаар хойш яваад ацтай шонгийн доор ганцаараа архи ууж байхад нэг эрэгтэй явж байхаар нь уучлаарай би гудамжинд архи ууж байхаар танай гэрт орж ууж болох уу гэхэд тэр эрэгтэй зөвшөөрч түүнийг даган гэрт нь хамт очсон. Цаг бараг л 08 цаг өнгөрч байсан байх, эргээд орж ирэхдээ хоёр хүнтэй хамт орж ирсэн. Тэр хоёр хүнийг дүрслэхэд нэг нь хөгшин, нөгөө нь залуу байсан. Би залуугийнх нь гар утсыг гуйж авч найз Н руу залгаад түүнээс 20.000 төгрөг шилжүүлэн авч, 3 шил архи, 1 тамхи аваад нөгөө айлдаа очсон. Тэгээд миний авсан архийг бүгд уусан бөгөөд архи ууж байхдаа би тэр хүмүүст өөрийгөө өмнөх шөнө гадуур хоносон талаар хэлэхэд тэнд байсан хөгшин ах намайг “чи манай гэрт очоод хоол хийж өгөөд цай унд уухгүй юм уу” гэхээр нь би “манай нөхөр намайг хайгаад гадуур явж байгаа байхаа, намайг хараад шууд танина” гэж хэлэхэд залуу нь надад гадуур өмсөж байсан куртикээ тайлж өгөөд бид гурав тухайн айлаас гараад “......” телевизийн хойд талд байх өндөр байр руу орсон. Байрны орцоор орж лифтэнд суугаад дээшээ 7 давхарт гараад лифтний өөдөөс харсан хаалгаар орсон. Тухайн сууц нь нэг өрөө, нэг цонхтой сууц байсан. Ингээд авсан архиа уугаад, хоол цай чанаж ууцгаасан. Тэгээд дахиж архи ууна гээд тэр хоёр намайг гэртээ үлдээгээд гаднаас түгжээд гараад явсан. 1 цаг орчим хугацааны дараа тэр хоёр 2 шил архи аваад ирсэн. Авсан архины эхний шил архиа уусан бөгөөд хоёр дахь шил архийг ууж эхлэх гэж байсан. Ер нь бид гурав машины талаар ярьж байсан бөгөөд голдуу “машины хропыг шинээр авч тавилгүй засаж болдог, болдоггүй” талаар ярилцаж байсан. Тэгээд хоёр дахь шил архи ууж эхлэх гэж байхад хөгшин ах ямар нэгэн шалтгаангүйгээр шууд л залуу руу газар байсан данхтай цайг авч шидэхэд залуу өөдөөс нь шууд хөгшин ахын нүүр рүү нь гараараа цохисон. Хөгшин ах зөрүүлээд залуугийн нүүр рүү нь бас цохиод байсан бөгөөд тэр хоёр нэг нэгнээ үг хэлээр харааж, бие биетэйгээ гурван удаа зууралдахаар нь би дундуур нь орж тэр хоёрыг боль, битгий гэж салгасан. Эргэж хоорондоо зууралдаж барьцалдаж байсан. Тэгтэл залууг холдсон байхад хөгшин ах гал тогооны шүүгээнээс шар өнгийн иштэй, жижиг, нимгэн хутга гаргаж ирж түүнийгээ баруун гартаа барьж дээш өргөн, далайж “чамайг ална” гэж залуу руу хэлсэн. Би сандарч хөгшин ахын хутгатай гараас нь барьж түүнийг үйлдлээ болихыг шаардсан боловч дийлэхгүй байсан. Тэгээд би тэр хоёрыг “та хоёр ингэж архи уух юм бол хэрэг байхгүй юм байна” гэж хэлээд тэр хоёрыг үлдээгээд гэрээс нь гарч лифтэнд суух үед хөгшин ах араас гарч ирсэн. Би бодохдоо “намайг татаж чангаах болов уу” гэж байсан бөгөөд лифтэнд надаас өөр хүмүүс байсан учраас намайг татаж чангаалгүй явуулсан байх. Тэгээд би шууд хороолол хүртэл алхаж байгаад нэг автобус ирэхээр нь суугаад Ханын материал хүртэл явж, тэндээ нэг байрны орц уруу орж тэр орцонд хоносон.

... Сайхан ярьж хөөрч сууж байхад гэнэт л хөгшин ах данхтай цайг авч залуу руу шидсэнээс болж маргаан эхэлсэн. Тэр залуу хөгшний талаар ярихдаа “энэ миний хуурай ах байгаа юм. Намайг дандаа гэртээ оруулдаг” гэж магтаад л яриад байсан. Би тухайн өдөр ногоон эрээн цамц, хар өмд, шар өнгийн гуталтай явж байсан. Тэр хоёр хүнтэй тааралдахад залуу нь надад куртикээ тайлж өгсөн бөгөөд би айлд ороод куртикийг тайлж тавьсан. Тэгээд гарахдаа мэдээж өөрийнхөө хувцастай л гарсан. Би гадуураа куртикгүй явж байсан” /1 хх-н 78-79/ гэж,

гэрч Б.Б “... би Чингэлтэй дүүргийн ......... дугаар хороо, Хувьсгалчдын ...... тоотод ....... амьдардаг юм. 2020 оны .... дүгээр сарын ........-ны өглөө 06 цагт босоод гадуур гороо түүж яваад, түүсэн гороогоо О түүхий эд авдаг цэг дээр өгч 2000 гаруй төгрөгтэй болчихоод “.......” дэлгүүрийн хойд талын гудамжаар явж байгаад буурал толгойтой, миний үеийн насны эмэгтэй хүнтэй тааралдсан. Тухайн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна, өглөө эрт л байсан. Тэгээд бид хоёр танилцаад би тэр эмэгтэйтэй “.........” дэлгүүрээс 2 шил архи дундаасаа мөнгө босгож аваад манай гэрт очиж бид хоёр архиа уугаад би эмэгтэйг гэртээ үлдээгээд гарч дахин гороо түүж байгаад гороогоо тушаачхаад “......” дэлгүүрийн хажууд Н болон М хоёртой тааралдсан. Бид гурав манай гэр рүү явсан бөгөөд нөгөө эмэгтэй гэр цэвэрлээд байж байсан. Тэгээд архи уух гээд тэр эмэгтэй гарсан бөгөөд хэнтэй хамт гарсныг санахгүй байна. Эргэж орж ирэхдээ 0.75 л шилтэй архи аваад орж ирсэн. Тэгээд архиа ууж дуусгаад Н ах, М хоёртой нөгөө эмэгтэй явсан. Түүнээс хойш би тэр гурвыг одоо болтол огт хараагүй” /1 хх-н 82-83/ гэж,

гэрч Ж.С “… би ........ дүүргийн ....... дугаар хороо, ..... дүгээр гудамж, ........... тоотод түүхий эд авах чиглэлээр хашаандаа үйл ажиллагаа явуулдаг юм. Тухайн өдөр манайд байнга шил лааз тушааж өгдөг М буюу М болон Н хоёр 10-11 цагийн орчимд ирж шил, лааз тушаачхаад надаас 3000-4000 төгрөг аваад явсан. Тэрнээс хойш би хараагүй. Би Б гэх хүнийг мэднэ. Манай түүхий эд авах цэг дээр байнга ирж бас түүхий эд тушаадаг хүн байгаа юм. Тухайн өдөр Б 09 цагийн орчим ирсэн”  /хх-н 85/ гэж,

гэрч Ш.Д “… өглөө 08 цагийн орчимд миний ажиллуулдаг дэлгүүр болох “........” дэлгүүрийн хоёр давхарт байх шатны үүдэнд үл таних эмэгтэй шатаар бууж харагдсан. Би тухайн эмэгтэйгээс юу хийж байгаа талаар асуухад тодорхой шалтгаан хэлэхгүй байсан тул би “эндээс яв” гээд хөөж явуулсан. Өдөр болгон хүмүүс миний дансанд мөнгө шилжүүлж худалдан авалт хийдэг. Би .......... тоот дансыг дэлгүүртээ ашигладаг байсан бөгөөд энэ дансаа шалгахад 2020 оны .... дүгээр сарын ......-ны өдөр “О” гэсэн утгаар ........ тоот данснаас 08 цаг 46 минутад 20.000 төгрөг шилжүүлсэн байсан” /хх-н 86-87/ гэж,

гэрч С.Б “... ...... дүүргийн ... дүгээр хороо, ..... дугаар байрны ....... тоотод оршин суух настай хөгшин мөн тэдний гэрээр байнга орж гардаг одоо нас барсан байгаа залуу хоёрыг зүс танина. Уг тоотын оршин суугч нь байнга архи уудаг, гэртээ янз бүрийн хүмүүс цуглуулдаг, архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ уур уцаартай болдог өөрийн хийсэн үйлдлээ санахгүй байдаг бөгөөд нэг удаа би уг ........ тоотын оршин суугч хөгшнөөс лоом түр зээлж аваад, өгсөн. Лоомоо авчхаад дараа нь согтуу байх үедээ надаас авсан лоомоо дахин нэхээд маргаан үүсгэж байсан. Дандаа л архи уусан, дотроо хүмүүс чанга чанга орилж хашхирцгааж байна гэж дуудлага ирүүлдэг” /хх-н 88/ гэж,

гэрч Ц.Т “... ...... оны ...... дүгээр сарын ......-аас .......нд шилжих шөнө намайг ажлын байран дээр буюу ......... дугаар байрны жижүүрийн байр дээр байхад 22 цагийн орчимд ........ дугаар байрны ......... тоотод ганцаараа амьдардаг Н гэх хүн маш их сандарсан, тэвдсэн байдалтай орж ирээд хүн хутгалчихлаа, үхэх гээд байна, хүний бие муудлаа гэж хэлсэн. Тэгээд би 103-д дуудлага өгөөд эмчийг 10 минутын дараа ирэхээр нь хүний бие муу байгаа гэх ...... тоот руу орсон. Тэгэхэд үл таних .... орчим насны эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай, өрөөнд маш их хэмжээний цус болсон байдалтай хэвтэж байсан. Эмч тухайн хүнийг үзээд нас барсан байгааг хэлсэн бөгөөд эмч цагдаа дуудсан. Тэр хүн согтуу байна гэж бодоогүй, эрүүл хүн шиг л байсан. Өөр хүн байгаагүй” /1 хх-н 92-93/ гэж,

гэрч Г.С “... уг айлд буурал үстэй хөгшин ганцаараа амьдардаг. Дандаа л архи уусан байдалтай янз бүрийн хүн гэртээ дагуулж ирээд
байсан. ..... оны .... дүгээр сарын .......-ны өдөр намайг гэртээ байхад нөгөө хажуу
айлын хөгшин хаалга цохиод “хөөе” гээд байсан. Би согтуу байна гэж бодоод хаалгаа онгойлгож өгөөгүй. Хана зузаан болохоор ямар нэгэн дуу чимээ сонсоогүй” /1 хх-н 84/ гэж,

гэрч Д.Э “... 2020 оны 9 дүгээр сарын 27-ны орой 22 цагийн орчимд манай 103 төвд “хутгалагдсан хүн байна” гэж дуудлага ирсэн. Уг дуудлагын дагуу ....... дүүргийн ....... дүгээр хороо, ......... хойд талын байранд ирсэн. Уг хаягаар очиход хөгшин настай эрэгтэй байсан бөгөөд “хүн хутгалчхаад зугтаасан” гэж ярьж байсан. Хаалгаар ороход хэвлий орчимд хутгалагдсан эрэгтэй хүн газар амьсгаагүй хэвтэж байсан бөгөөд намайг очоод шалгахад нас барсан байсан. Тэгээд удаагүй цагдаа ирсэн.” /1 хх-н 80-81/ гэж тус тус мэдүүлсэн байна.

 

Хохирогч /талийгаач/ Б.Мын үхлийн шалтгааны талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Талийгаачийн биед хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээгээр хэвлийн хөндий рүү нэвтэрч өрц, элэг гэмтээсэн шарх, баруун зулайн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх хэвлийн хөндийг нэвтэрсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, 2 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлийг хохирогч босоо болон суугаа аль ч байрлалд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь дээрх хэвлийн хөндий рүү нэвтэрч өрц элэг гэмтээсэн шархны улмаас хэвлийн хөндийд цочмогоор цус алдаж нас баржээ. Талийгаач АВО системийн /1/ бүлгийн цустай байжээ. Талийгаачийн цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна. Талийгаачийн цусанд 2,6%, ходоодны шингэнд 4.0%, шээсэнд 3.5% спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах байсныг үгүйсгэхгүй” гэсэн 2032 тоот дүгнэлт гарснаас гадна /1 хх-н 177-181/

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-н 9/, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл /1 хх-н 35-41/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ......... тоот дүгнэлт /1 хх-н 189-190/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ........ дугаартай хэргийн газраас бэхжүүлэн авсан гарын мөрийн шинжээчийн дүгнэлт /1 хх-н 137-140/, Шүүх сэтгэц судлалын .......... дугаартай дүгнэлт /1 хх-н 161-162/ зэрэг бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Дээрх нэр бүхий гэрчүүдийн мэдүүлэгт хэргийн бодит байдлын талаар эрс зөрүүтэй мэдүүлсэн зүйл байхгүй, мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай байгаа нь гэмт хэрэг үйлдэгдсэн үйл баримтыг нотлохын зэрэгцээ хохирогч Б.Мын биед хэвлийн хөндий рүү нэвтэрч өрц элэг гэмтээсэн шархны улмаас хэвлийн хөндийд цочмогоор цус алдаж нас барсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангана.

 

Прокуророос зүйлчилсэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь тухайн хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнээд

шүүгдэгч Дарамжавын Нг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Нд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Д.Нгийн хувийн байдалтай холбоотой;

            Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /1 хх-н 218/, ......... дүүргийн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ......... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 хх-н 243-244/ гэсэн баримтууд авагдаж,

гэрч Н.М “... миний аав Д.Н нь ....... аймгийн ........ суманд, .......... онд Д хоёр дахь хүү болж төрсөн. Аав маань 10 жилийн боловсролоо ........ аймгийн ........... суманд эзэмшсэн. Сургуулиа төгсөөд Оросын холбооны улсад Техникийн чиглэлээр суралцаж төгссөн байдаг. 1980 онд манай ээж Э-тэй танилцан гэр бүл болж хоёр хүүхэдтэй болсон. Аав маань Эрдэнэт хотод бензин түгээх авто баазад, ....... жолооч зэрэг ажил эрхэлдэг байсан. 2008 онд ээж аав хоёр салсан, манай ах М 2018 онд Унгар улсад амьдрахаар явсан. Урьд нь аав маань ........ дүүрэгт амьдарч байгаад 2013 оноос хойш .... дүүргийн ....... дүгээр хороо, ......... дугаар байрны .... тоотод хойш тусдаа гарч бие даан амьдрах болсон. Аав маань 10 гаруй жилийн хугацаанд архи уух болсон, ээжээс салснаасаа хойш архи уудаг болсон. Архи уухдаа хэн нь мэдэгдэхгүй хүмүүстэй архи уугаад л яваад байдаг болсон. Гэртээ хүртэл тэр хавийн архичдыг дагуулан ирж архи дарс уудаг болсон. Аавд маань элэг өвдөөд байна, нуруу татаад байна гэдгээс өөр ямар нэгэн өвчин байхгүй. Хамгийн сүүлд хэрэг гарахаас өмнө би аавтайгаа гэрт нь очиж уулзсан. Тэгэхэд биед нь гэмтэл шарх байгаагүй” /1 хх-н 94/ гэж мэдүүлсэн байна.

 

Хохирол төлбөрийн хувьд;

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.З “... би эцэг эхээс дөрвүүлээ. Нэг ах, нэг эгч, нэг дүүтэй. Миний төрсөн ах Б.М нь бусдын гарт амиа алдсан. Оршуулгын зардал 5.000.000 төгрөгийг хэрэгтний тал нөхөн барагдуулсан бөгөөд бидний зүгээс нэмж нэхэмжлэх мөнгө байхгүй болно. Мөн миний бие Нийслэлийн түргэн тусламжийн төвд ээлжийн жолоочоор ажилладаг бөгөөд шүүх хурал болох цагтай миний ажлын цаг давхцаж байгаа тул тус шүүх хуралд оролцох боломжгүй байна. Иймд хохирогчийн ар гэр болох бид хэрэгтний насны байдал, гэр бүл, үр хүүхдүүдийг нь хүн чанарын үүднээс бодож гомдолгүй байгаагаа үүгээр илэрхийлж байгаа бөгөөд хэрэгтний ялыг хөнгөрүүлэх тал дээр бидний зүгээс татгалзах зүйлгүй болно” гэсэн хүсэлтийг 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд хүргүүлжээ.

 

Монгол Улсын Үндсэн Хуулиар хүний “амьд явах” эрхийг баталгаажуулж, баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Эрүүгийн хуулиар хуульчилсан.

Хүнийг алах гэмт хэргийн обьектив тал нь хүний амь насыг хууль бусаар бусниулахаас бүрдэхээс гадна энэ гэмт хэрэг нь бодит (материаллаг) бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт хамаардаг.

Өөрөөр хэлбэл хүний амь нас хохирсон үйлдлийн хор уршгийг арилсан гэж үзэхгүй. Талийгаачийн оршуулгын ажлын зардлыг нөхөн төлсөн, хохиролд тооцуулахаар хохирогч талд мөнгөн тусламж үзүүлэх зэрэг нь Хүнийг алах гэмт хэргээс улбаатай гарсан хохирол юм.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дэлгэрнасангийн гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан хэрэглэж, хуульд зааснаас бага хэмжээний хорих ял оногдуулах тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

Харин шүүгдэгч Д.Нгийн хувийн байдал, үүнд: тэрээр одоо 60 настай, биеийн эрүүл мэнд, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэм буруугийн талаар маргаагүй, бодит хохирлыг төлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Д.Нгийн цагдан хоригдсон 128 /нэг зуун хорин найм/ хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн 1 ширхэг шаргал өнгийн иштэй 26 см урттай, ажлын хэсэг нь 14.5 см, иш нь 11.5 см, ажлын хэсгийн өргөн 3 см хэмжээтэй хутга, талийгаачийн өмсөж явсан хувцас хар өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн levis гэсэн бичигтэй хар өнгийн подволк, жинсэн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн хос оймс 1 ширхэг, хар өнгө дээр цэцэгтэй дотоож 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар,

7 ширхэг CD болон биологийн дээжийг хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Д.Нг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нг 8 /найм/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жил 6 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Д.Нгийн цагдан хоригдсон 128 /нэг зуун хорин найм/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Д.Н бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.З гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн 1 ширхэг шаргал өнгийн иштэй 26 см урттай, ажлын хэсэг нь 14.5 см, иш нь 11.5 см, ажлын хэсгийн өргөн 3 см хэмжээтэй хутга, талийгаачийн өмсөж явсан хувцас хар өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн levis гэсэн бичигтэй хар өнгийн подволк, жинсэн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн хос оймс 1 ширхэг, хар өнгө дээр цэцэгтэй дотоож 1 ширхэг зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

хэргийн хамт шүүхэд ирүүлсэн 7 ширхэг CD болон биологийн дээжийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Нг цагдан хорьсныг хэвээр байлгасугай.

 

 

      

                                ДАРГАЛАГЧ,

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     О.ЖАНЧИВНЯМБУУ

                                          

                                          ШҮҮГЧ                          А.АЛТАНХУЯГ

 

                                           ШҮҮГЧ                     Ц.ДАЙРИЙЖАВ