Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/120

 

 

 

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Баярцэцэг хөтлөн

улсын яллагч Д.Эрдэнэчимэг

шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Л.Батаа

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105001170085 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ...... дүгээр сарын ........-нд .......... аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, ........ боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ........ дүүргийн ........ дугаар хороо, ........... дүгээр хороолол, .......... дугаар байрны ........... тоотод оршин суух,

Ял шийтгэл: Нийслэлийн .......... дүүргийн шүүхийн ....... оны ...... дүгээр сарын ........-ний өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

......... дугаарын регистртэй, Г.М

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Г.Н нь 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ......... дүүргийн ........... дугаар хороо .......... дүгээр хороолол .......... дугаар байрны ........... тоотод оршин суух өөрийн гэртээ эхнэр Н.С маргалдан улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Г.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир дахин мэдүүлэг өгөхгүй. Мөн хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа гэв.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Н.С “...2012 онд нөхрөөсөө салж тусдаа байсан. Тухайн үед манай хүүхдийг авч яваад өгөхгүй байсан. Тэгээд хүүхдээ авах гээд очиход намайг зодож байсан. 2013 онд эргэж нийлээд надад хэд хэдэн удаа гар хүрч байсан. Харин сүүлийн үед байнга гэрийнхээ эд хогшлыг эвдэж сүйтгэдэг болсон. Тэгээд мөн сая сар орчмын өмнө намайг зодож, элэг рүү өшиглөөд би цагдаагийн байгууллагад хандсан.

Миний бие Н.С нь өөрийн нөхөр Г.Нд одоо ямар нэг гомдол санал байхгүй, эвлэрсэн тул тухайн асуудлыг хялбаршуулсан шугамаар шийдвэрлэж өгнө үү. Миний бие өөрийн биеэр шүүх хуралд оролцох боломжгүй тул миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү /хх-н 18-19, 81/ гэж,

яллагдагч Г.Н “... Би Баянгол дүүргийн .......... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... дугаар байр .......... тоотод 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байхад манай эхнэр С нь 08 цагийн орчим над руу ... зайлаад өг, чи намайг зодоодох гэж орилж чарлаад байсан. Тухайн үед би унтаж амарч байсан юм. Миний эхнэр С намайг амраахгүй болохоор нь цаашаа бол, дуугүй болоодох гэж хэлэхэд С тоохгүй орилоод байхаар нь би орноосоо босоод хувцсаа өмсөөд гэрээс гарах гэж байсан чинь С орилоод байхаар нь би гэрийнхээ хаалгаар гарахдаа өөрийн хар өнгийн самсунг маркийн гар утсыг С рүү шидсэн чинь манай эхнэрийн баруун талын шуу хэсэгт оносон. Тэгэхээр нь би гэрээсээ гараад явсан. ...би өөрөө хувиараа бизнес хийдэг юм. Тэгээд тухайн үед өөрийн ажилтны цалинг нэмсэн юм. С нь ажилтны цалин нэмсэн гэх шалтгаанаар над руу орилж чарлаад намайг амраахгүй байсан юм. Тэгээд би гэрээсээ гарахдаа тэсэлгүй өөрийнхөө гар утсыг С рүү шидсэн чинь гарыг нь оносон. ...Би өөрийн эхнэр С-тэй эвлэрсэн тул тухайн асуудлыг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна” /хх-н 83/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогч С гэмтэлтэй холбоотойгоор С-ийн биед баруун шууны зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн ........ тоот /хх-н 30-31/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Г.Н “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаагийн гаргасан торгох ялыг хэсэгчлэн төлөх тухай хүсэлт болон цаг үеийн нөхцөл байдал буюу Ковид-19 цар тахлын улмаас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгааг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосон болно.

Хохирлын хувьд:

Хохирогч С нь “... санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” /хх-н 81/ гэжээ.

Шүүгдэгч Г.Н цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Г.Н “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Нг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Г.Н шүүхээс оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

 4. Г.Н шүүхээс тогтоосон 2 сарын хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5. Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Нд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            О.ЖАНЧИВНЯМБУУ