Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1266

 

“Биокомбинат” ТӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/00615 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Биокомбинат” ТӨААТҮГ,

Хариуцагч Б.Баттогтоход холбогдох,

 

Гэм хорын хохирол 169 231 616 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Б.Баттогтохын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Ололт,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цолмон,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Ололт, өмгөөлөгч Б.Цолмон нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байсан Б.Баттогтох нь тухайн үед 2011 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд тус үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа хууль бус тогтоол шийдвэр гаргаж, нийт 15 ажилтан, ажилчдыг ажлаас халж байсан ба эдгээр нэр бүхий хүмүүс хуульд заасан эрхийнхээ дагуу шүүхийн байгууллагад нэхэмжлэл гомдол гаргаж байжээ. Ийнхүү нийт 15 ажилтныг “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирал асан Б.Баттогтох нь Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, буруу тушаал шийдвэр гарснаас болж эдгээр 15 ажилтны цалин хөлс бусад  хохирол 169 543 692 төгрөгийн хохирлыг төлүүлэх тухай шүүхийн шийдвэрүүд гарсан билээ. Гэтэл өнөөдөр захирал асан Б.Баттогтох нь   Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, өөрийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, бусад хохиролд 60 орчим сая төгрөгийг нэхэмжилж, хариуцагчаар “Биокомбинат” ТӨААТҮГ-ыг татуулан, улмаар уг хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан удаа дараа хойшилсны эцэст шүүх шийдвэрээ гаргасан.

Өөрөөр хэлбэл захирал асан Б.Баттогтохын цалин хөлсөнд нийт 42 000 000 төгрөгийг хариуцагч байгууллага болох “Биокомбинат” ТӨААТҮГ-аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ хэргийн нэхэмжлэгч болох Б.Баттогтох нь “Биокомбинат” ТӨААТҮГ-аас цалин хөлж нэхэмжилж байгаа боловч энэ хүн захирлаар ажиллах хугацаандаа хууль бус тушаал, шийдвэрүүд гаргасны улмаас манай байгууллагын нэр бүхий 15 ажилтан  хохирсон ба уг хохиролдоо  нийт 169 543 962 төгрөгийг хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт тодорхой заасан байдаг. Энэ тохиолдолд Б.Баттогтох нь “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа хууль бус тушаал шийдвэр гаргаж, 169 543 692 төгрөгийн хохирлыг манай байгууллагад учруулсан тул эргээд энэхүү байгууллагад учирсан дээрх хохирлыг хуульд заасны дагуу буруутай этгээд болох Б.Баттогтохоор төлүүлэх ёстой гэсэн зөвлөгөөг мэргэжлийн хуульчид бид нарт өгөөд байна. Тиймээс “Биокомбинат” ТӨААТҮГ нь хуульд заасан эрхийнхээ дагуу ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд энэ хэргийн хариуцагч болох Б.Баттогтохоос энэхүү 169 543 692 төгрөгийг нэхэмжилж байна.  

Шүүх энэ маргааныг өнөөдөр эцэслэн шийдвэрлэсэн ба дээрх нэр бүхий 15 хүний цалин хөлс бусад хохиролд 169 543 692 төгрөгийг манай байгууллагаас гаргуулж, эдгээр  хүмүүст олгосон билээ. Нэгэнт Б.Баттогтох захирлын хууль бус тушаал шийдвэрээс болж байгууллагад ийнхүү хохирол учирсан тул Монгол улсын холбогдох хууль тогтоомжуудад заасны дагуу бид буюу манай байгууллага нь гэм буруутай этгээд болох Б.Баттогтохоос 169 543 692 төгрөгийг гаргуулах ёстой байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлийг үндэслэж нэхэмжлэл гаргасан. Төрийн байгууллага бусдад гэм хор учруулсан бол Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар өөрийн шууд санаатай эсвэл болгоомжгүй үйлдлээс болж бусдад гэм хор учруулсан бол байгууллагад учирсан хохирлоо тухайн буруутай этгээдээс шаардах эрхтэй гэсний дагуу нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь удаа дараа Монгол улсын хууль тогтоомж, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам зэргийг зөрчиж хууль бус тогтоол, тушаал гаргаж байсан гэдгийг шүүхийн байгууллага тогтоосон байгаа.

Энэ талаар шүүхийн шийдвэр, шүүхийн гүйцэтгэх хуудас, холбогдох бүх баримтуудыг нэг бүрчлэн гаргаж өгсөн. Хариуцагчийн хариу тайлбарт шүүхийн шийдвэрийг буруу гарсан мэтээр, өөрийн хүмүүсийг халсан үйлдлийг зөв мэтээр бичсэн байдаг юм билээ. Хуулийн байгууллага хариуцагчийн буруу гарсан тушаалаас болж үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоосон тул 169 231 616 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Мөн хариуцагч талаас гаргаж өгсөн 200 гаруй хуудас нотлох баримт нь н.Өлзийтогтох, н.Насанжаргал нарын талаар баримт байгаа бөгөөд хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байна. Хариуцагч нь 2011 оноос 2013 оны хооронд “Биокомбинат” ТӨААТҮГ-т ажиллаж байсан бөгөөд уг хугацааны тайланг гаргаж өгсөн байгаа. Байгууллагын санхүүг хуульд заасан арга журмын дагуу дүгнэх боломжгүй байна гэсэн байгаагаас харахад хариуцагч нь ажиллаж байх хугацаанд хангалтгүй ажилласан байна. Хариуцагч нь маш сайн ажиллаж байсан гэж бичсэн байдаг боловч тэр талаар баримт байхгүй. Шүүхийн шийдвэрээр бүгд тогтоогдсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “Биокомбинат” ТӨААТҮГ-т ажиллаж байх хугацаандаа үр дүнгийн урамшуулал авахаас татгалзаж байсан. Яагаад гэвэл маш олон жил тайлан нь буруу гарч байсан. Үр дүнгийн урамшуулал аваагүй би яаж “Биокомбинат” ТӨААТҮГ-ыг хохироох юм бэ. Би хүмүүсийг ямар нэг улс төрийн нам, шашин шүтлэг зэргээс болж халаагүй юм. Шүүх бүрэлдэхүүн хэргийг тал бүрээс нь харж шийдвэрлэх байх. Миний бие 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зарлагдсан “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлын нээлттэй сонгон шалгаруулалтад орж 5 хүнээс түрүүлж шалгарч Төрийн өмчийн хорооны тогтоолоор томилогдсон байгаа.

Миний бие эдгээр хүмүүстэй уулзахад надаар удирдуулахгүй, стратегийн үйлдвэрийг хэвийн болгох үүднээс, шалтгаангүй 9 хоног ажлаа тасалсан учраас Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд үндэслэж ажлаас халах тушаал гаргасан. Энэ хугацаанд 5.7 тэрбум төгрөгийн халдварт өвчний захиалгат үйлдвэрлэлийг явуулахын тулд надад өөр сонголт байгаагүй. Миний бие 9 хүнийг нь халсан, бусад нь өөрсдөө араас нь явсан. Б.Баяртогтох, Ж.Ганбат, М.Хашбилэг, С.Наранцацрал, Б.Давгажамц, Т.Хунцэцэг, Ц.Нямжаргал нөгөө 2 хүнийх нь нэрийг санахгүй байна. Эдгээр хүмүүсийг 9 хоног ажлаа тасалсан тул 1 тушаалаар халсан.

Энэ бүхэн анхнаасаа зохион байгууллагатай байсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч байгууллагын захирлын төлөө өрсөлдөөд авч чадаагүй учраас энэ бүхнийг зохион байгуулсан хүн нь Ц.Өлзийтогтох юм. Мөн энэ хүн нь 400 гаруй сая төгрөгийг хувийн дансандаа шилжүүлж авсан нь актаар нотлогддог бөгөөд үүнийг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Ц.Өлзийтогтох гэж хүн намайг 3 шатны шүүхээр ажилдаа эгүүлэн томилогдсон байхад буцаад ажилд оруулахгүй байхын тулд бүхий л газраар шалгуулж бүхнийг хийж байна. Ц.Өлзийтогтох нар өөрсдийн хувийн дансанд хийж авсан 400 гаруй сая төгрөг, мэргэжлийн санхүүгийн хяналтаар гарсан 4,7 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчлүүдийг арилгаагүй байж өөрсдөө авч идсэн цалинг надаар гаргуулах гэж байгаа нь ямар нөхцөл байдалтай байгаа гэдгийг нь харуулж байна. Дээрх хүмүүс нь шалтгаангүйгээр 9 хоног ажлаа тасалсан, амьд вакцины технологийг зөрчсөн, хэрэгцээнд тэнцэхгүй гэсэн бэлдмэлийг хөдөө орон нутагт ачуулж малчид хэрэглэгчдэд хэрэглүүлсэн гэх мэт ноцтой зөрчлүүд байдаг боловч шүүхээс нэр бүхий хүмүүсийг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг миний хувьд хүндэтгэн үзэж байна.

Гэхдээ тухайн үеийн нэхэмжлэгч байгууллагыг асар их санхүүгийн бохир үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн ноцтой алдаануудын талаар нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгааг анхаарч үзнэ үү. Би бага ч гэсэн хугацаанд нэхэмжлэгч байгууллагад ажлаагүй байсан бол энэ санхүүгийн болон бусад зөрчлүүд, хэрэггүй тоног төхөөрөмж авдаг болон үйлдвэрлэлийн ноцтой зөрчлүүд зогсох байсан уу, миний бие хэсэг хугацаанд ч гэсэн тухайн байгууллагад ажиллаж энэ бүх зөрчлийг илрүүлсэндээ баяртай байдаг. Цалингийн нөхөн олговор 2012 онд 36.9 сая төгрөг, 2013 оны 8.3 сая төгрөг гарсан байна.

Харин намайг ажлаас халагдсан буюу 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс хойш гэхэд 2014 оны 23,7 сая төгрөг, 2015 оны 74.1 сая төгрөг тус тус гарсан байна. Үүнээс харахад намайг ажлаас халагдсанаас хойших цалингийн нөхөн олговрын хэмжээ нь 2 дахин их байна. 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр буюу намайг ажлаасаа халагдсанаас хойш 100 сая гаруй төгрөгийн нөхөн олговор гаргасан байна.

Эдгээр хүмүүс нь санаатайгаар ажилдаа орохгүй авах мөнгөө нэмж байсан нь харагдаж байгаа юм. Жишээ нь н.Уранчимэг нь 2011 онд 1 сая төгрөг, 2012 онд 3.7 сая төгрөгийг аваад ажилдаа очихгүй гэж хэлээд дахиж ирээгүй. Гэтэл намайг ажлаас халагдсаны дараа эдгээр хүмүүсийг ажилд нь авахгүй байсан мэтээр нэхэмжлэл бичүүлж энэ мөнгийг авсан байдаг. Хэрэв намайг ажлаасаа халагдаагүй байсан бол ийм зүйл болохгүй байсан. Эдгээр хүмүүс нь намайг захирал байх хугацаанд ажилдаа орох гэж хичээл зүтгэл гаргаагүй бөгөөд энэ нь зориуд их мөнгө авахын тулд гэж ойлгож байна.

Б.Давгажамц, Ж.Ганбат, Б.Баяртогтох, С.Батхуяг, М.Хашбилэг нарыг 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажилд нь эгүүлэн авах тушаал гарсан. Дээрх ажилд томилсон тушаалуудыг шийдвэр гүйцэтгэгч н.Ганхуяг ирж хүлээж аваад явсан боловч эдгээр хүмүүс нь ажилдаа ирэхгүй 3 хоног болсон. Үйлдвэр эхлэхээс өмнө их засвар хийсэн учраас хугацаанаасаа бага зэрэг хойшилж эхэлсэн бөгөөд 3 хоног ирэхгүй байсан тул сахилгын шийтгэл оноосон тушаал гаргаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж эдгээр хүмүүсийг олж ажилд нь явуул гээд хүний нөөцийн менежерийг явуулсан. Үүнээс хойш дахин 5 хоногийн турш ирэхгүй байсан тул 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журмыг үндэслэн ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан.

Шийдвэр гүйцэтгэгч нь эдгээр хүмүүсийг олоогүй. Дараа нь 1 сар гаруй хугацааны дараа эдгээр хүмүүс нь хөдөөнөөс ирсэн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагатай заргалдаж намайг шүүхийн шийдвэр биелүүлээгүй гэж цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгч Эрүүгийн хэрэг үүсгэсэн. Намайг шүүхийн шийдвэр биелүүлээгүй гэх үндэслэл байхгүй гэсэн прокурорын тогтоол гарсан. Намайг ажлаас халагдсаны дараа нэхэмжлэгч байгууллагын захирлыг н.Сэр-Од түр гүйцэтгэж байсан бөгөөд тухайн хүмүүс нь ажилдаа эргэж орохоор ирэхэд нь авах боломжгүй гэж хэлээд буцаасан бөгөөд энэ тэмдэглэл нь байдаг.

Одоогийн захирал н.Онолбаатар гэж хүн нь намайг анх ажилд ороход нэг эмийн нэр мэдэхгүй гэж байсан байж одоо ерөнхий нягтланг шалгаруулаад сууж байгаагаас харахад үүний цаана хуйвалдаан байгаа гэдэг харагдаж байна. Ажилд эгүүлэн тогтоолгосноос хойш 8 хоног ирээгүй, бөгөөд сар гаруй хугацааны дараа ирж маргалдаж байгаа нь 235А тоот Хан-Уул дүүргийн прокурорын тогтоолоос харахад ажилд эгүүлэн тогтоох, гомдол гаргах хугацаа нь дууссан байгаа юм. Тиймээс үндэслэлгүй шүүхийн шийдвэр болох 2015 оны 4047 дугаартай шийдвэрээр гарсан 57,4 сая төгрөгийг надад хамааралгүй гэж үзэж байна.

Миний бие Төрийн өмчийн хорооны 2011 оны тогтоолоор тус үйлдвэрийн газрын захирлаар томилогдсон бөгөөд Төрийн өмчийн хороотой Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар контрактын гэрээ байгуулж ажилласан. Нэхэмжлэгч байгууллагад ажиллаж байх хугацаанд 300 сая төгрөгийн барааг авах гэхэд нь 80 сая төгрөгөөр олж, 200 сая төгрөгийг хэмнэсэн юм. Энэ талаар нотлох баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Шилийг дахин ашиглаж 100 сая төгрөг хэмнэх мэтээр нийт 400 сая төгрөг хэмнэж байсан талаар нотлох баримтыг өгсөн бөгөөд нэхэмжлэгч нь огтхон ч хохироогүй.

Ажлаас халагдсан хүмүүсийн оронд өөр хүмүүс авч ажиллуулсан ч 2011-2013 оны нэхэмжлэгчийн цалингийн сангийн орон тоо хэтрээгүй. Дээрх бүгдээс үзэхэд нэхэмжлэгч байгууллагад ямар хохирол учирсан нь тогтоогдохгүй. Намайг ажилд эгүүлэн томилуулахгүй байхын тулд буруу гарсан санхүүгийн тайланг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд өгсөн боловч шүүх үүнийг үнэлж аваагүй. 2012 оны аудитын дүгнэлтээр сайн гэж гарсан боловч дараа нь бүгд муу гэж дүгнэлт өгсөн байгааг одоог хүртэл ойлгодоггүй.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт бусдад учирсан гэм хорыг арилгахдаа уг гэм хорыг гэм хор учрахаас өмнөх байдалд сэргээх адил нэр төрөл чанарын эд хөрөнгө, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу чанарын хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан. Үүнээс харахад гэм хор учрахаас өмнөх байдалд нь хэрхэн сэргээх нь тодорхой бус байна. Би нэхэмжлэгч байгууллагад захирлаар ажилласан 2.4 жилийн хугацаанд үйл ажиллагаа бүхий л талаар сайжирсан. Эдийн засаг зорилтыг биелүүлсэн, бүтээгдэхүүнийг нэмүүлж, эдийн засгийн чадварын нэмэгдүүлсэн. Түүний үр дүнд ажилчдын цалин 2 дахин нэмэгдүүлсэн, ажилчдын нийгмийн асуудлыг бага боловч сайжруулсан, сурч боловсрох сургалтад хамруулах гээд давхардсан тоогоор 250 гаруй ажилтан сургалтад хамрагдсан юм.

Нэхэмжлэгч нь 39 жилийн турш их засвар хийгээгүй байсан бөгөөд дээвэр болон дотор талд нь их засвар хийж үйлдвэрлэл болон ажилчдын ажиллах нөхцөлийг сайжруулсан. 1973 оноос хойш гадна шугам сүлжээндээ засвар хийгээгүй байсан болохоор өдөр бүр нэг турба тэсэрч дэлбэрдэг байсныг бүрэн шинэчилж өнөөдөр ажилчдын тайван ажиллах нөхцөл бүрдсэн. Дотоод боломж бололцоог ашиглаж зардлаа хэмнэсэн, бүтээгдэхүүнээ чанарын шалгалтад хамруулдаг болсон гээд анх ажлаа авч байсан үеэс бүхий л талаараа нэхэмжлэгч байгууллагыг дээрдүүлсэн. Мөн би Төрийн өмчийн хороотой хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгэсэн, энэ тохиолдолд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасанд хамаарахгүй болохыг анхаарч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Г.Мөнхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар гэм хор учирсан гэж үзэж байна. Хариуцагч нь өөрийн ажиллаж байх хугацаандаа эрх эдэлж үүрэг хүлээдэг. Хариуцагчийн ярьж байгаа зүйлс нь өнөөдрийн нэхэмжлэлийн шаардлагатай ямар ч холбоогүй зүйлийг яриад байна. Өнөөдөр бол нэр бүхий 15 хүнийг ажлаас нь халсан асуудлыг ярьж байгаа бөгөөд энэ ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй гэдгийг нь тогтоож эдгээр хүмүүсийг ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шүүхээс шийдвэр гарсан. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас бичигдсэн. Ингээд нийт 169 543 692 төгрөг гэм хорын хохирол учирсан байна. Хариуцагчийн нэр бүхий 15 хүнийг ажлаас халсан шийдвэр нь буруу гэдгийг шүүхээс тогтоосон тул энэ мөнгийг төлөх үүргийг хариуцагч хүлээсэн байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байх тул хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Баттогтохоос гэм хорын хохиролд 83 514 792 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ”Биокомбинат” ТӨААТҮГ-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 85 716 824 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Биокомбинат” ТӨААТҮГ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 005 670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баттогтохоос 575 523 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Баттогтох давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.5, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг дутуу анхаарсан гэж үзэж байна. Энэхүү зохицуулалт нь гэм хор учруулснаас үүсэх үүргийг зохицуулсан Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт хамаардаг. Миний бие Төрийн өмчийн хороотой хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд үйлдвэрийн газрын захиралд хүлээлгэх хариуцлагыг контрактад заасан байхаар Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт тодорхой тусгасан байна.

Эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлд тусгайлан заасан. Мөн хуулийн 133, 134, 135 дугаар зүйлд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага, контрактаар ажиллаж байгаа ажилтны хүлээх хариуцлага, мөн эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тодорхой заасан байна. Ажлаас халагдсан ажилтны цалин хөлсийг төлөх бүрэн хариуцлага хүлээхээр контрактын гэрээнд заагаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан хариуцлага хүлээх үндэслэлгүй. Нөгөө талаар хязгаарлагдмал хариуцлага хүлээх ч үндэслэлгүй гэж үзэж байна.

“Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлын Төрийн өмчийн хороотой байгуулсан контрактын гэрээний захирлын хүлээх эрх, үүрэг, хариуцлага дээр гэм хорын хохирлыг төлнө гэж тусгагдаагүй. Гэм хорын хариуцлага хүлээлгэхэд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хохирол учирсан байх, гэм хор учруулагчийн санаатай болон болгоомжгүй үйлдлийн улмаас гэм хор учирсан байх, үйлдэл болон хохирлын хооронд шалтгаант холбоо бий болсон байх ёстой. Гэтэл миний ямар үйлдлийн улмаас “Биокомбинат” ТӨААТҮГ-т ямар гэм хор учирсан, эдгээр нь хоорондоо шалтгаант холбоотой гэдэг тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, хэн нэгэн нь тус үйлдвэрийн газарт ажиллах, ингэснээр цалин хөлс авах ёстой бөгөөд ажилчдад олгосон цалин хөлс яагаад гэм хорын хохирол учруулсан болж байгаа нь ойлгомжгүй байна. Би энэ мөнгийг хувьдаа аваагүй, улсын үйлдвэрийн үйл ажиллагааг явуулахад зориулан ажиллагчидад олгосон цалингийн зардал юм. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаас үзвэл гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь яаж сэргээх нь тодорхой бус байна. “Биокомбинат” ТӨААТҮГ нь яаж хохироод байгаа, түүнийг хэрхэн яаж сэргээх гэдэг нь ойлгомжгүй байна.

Анхан шатны шүүх нь нотлох баримтад дутуу дүн шинжилгээ хийснээс хэдийгээр ажиллагчидад нөхөн цалин гарсан ч энэ нь “Биокомбинат” ТӨААТҮГ-т чухам ямар гэм хорын хохирол учруулсан эсэхийг бодитоор тогтоогоогүй, автоматаар шийдвэр гаргасан нь буруу гэж үзэж байна. Аливаа байгууллага, үйлдвэрийн газраас гарсан цалингын болон бусад зардал бүхэн хохирол учруулдаггүй юм. Үүнийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хэдийгээр цалин хөлсний зардал гарсан ч энэ нь “Биокомбинат” ТӨААТҮГ-ын 2011, 2012, 2013 онуудын цалингын сангаас хэтрээгүй. Үүнээс болж “Биокомбинат” ТӨААТҮГ нь ямар нэгэн хохирол, алдагдалд ороогүй.

“Биокомбинат” ТӨААТҮГ нь 2011 онд 977 төгрөгийн, 2012 онд 208 сая төгрөгийн ашигтай ажилласан юм. Нэгэнт Биокомбинат нь аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар учраас дотоод нөөц бололцоогоо ашиглан гарсан зардлаа нөхөн ажиллах арга хэмжээ авч 2012 онд 217 сая төгрөгийг, 2013 онд 100 гаруй сая төгрөгийг дотоод нөөц бололцоогоо ашиглан хэмнэж хэмнэлтээс 400 гаруй сая төгрөгийн орлого оруулж зардлаа нөхсөн юм. Захирал асан Б.Баттогтох ажиллаж байх хугацаандаа ажилчдын цалингын нөхөн олговорт олгосон мөнгөнөөс 4 дахин их буюу 400 сая төгрөгийн орлогыг дотоод нөөц бололцоогоо ашиглан хэмнэлт хийж “Биокомбинат” ТӨААТҮГ-т оруулсан байхад яагаад гэм хорын хохирол учраад байгааг ойлгохгүй байна.

Шүүх “Биокомбинат” ТӨААТҮГ-т гэм хорын хохирол учирсан гэж үзэж байгаа бол энэ бүхнийг зөвхөн тушаал шийдвэрээс гадна бусад бүх санхүүгийн нотлох баримтад тулгуурлан авч үзэх ёстой байсан. Эцэст нь миний хувьд Төрийн өмчийн хороотой хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд орсон, энэ тохиолдолд Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийг зохицуулсан 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэг нь тухайн маргаанд хамааралгүй болохыг давж заалдах шатны шүүх анхаарч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч “Биокомбинат” ТӨААТҮГ нь хариуцагч Б.Баттогтоход холбогдуулан гэм хорын хохирол 169 231 616 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ түүний хууль бус шийдвэрийн улмаас байгууллагад дээрх хэмжээний хохирол учирсан гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч, уг хохирлыг хариуцах үндэслэлгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгчээс “хариуцагч Б.Баттогтох нь 2011 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд контрактын гэрээ/2хх-12-15/-гээр “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа нэр бүхий 15 ажилтныг ажлаас халсан, түүний шийдвэр хууль бус болохыг шүүхээс тогтоож, ажилтнуудын ажилгүй байсан хугацааны олговрыг нөхөн төлснөөр нэхэмжлэгч байгууллагад 169 231 616 төгрөгийн хохирол учирсныг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар хууль бус шийдвэр гаргасан Б.Баттогтохоор нөхөн төлүүлнэ” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

            Хэрэгт авагдсан баримтаар “Биокомбинат” ТӨААТҮГ-ын ажилтан Ц.Өлзийтогтох, С.Дашдэмбэрэл, Д.Уранчимэг, Б.Энхбаатар, Э.Батцэцэг, Д.Цолмон, С.Наранцацралт, Ц.Нямжаргал, Т.Хунцэцэг, Ж.Ганбат, М.Хашбилэг, С.Батхуяг, Б.Баяртогтох, Б.Дагважамц, С.Туяа нарыг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрын 169 231 616 төгрөгийг “Биокомбинат” ТӨААТҮГ-аас гаргуулсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалууд, тэдгээрт үндэслэн бичигдсэн шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас, санхүүгийн баримтаар тогтоогдсон ба нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээний талаар талууд маргаагүй. /1хх 7-190/

            Хариуцагч Б.Баттогтох нь Төрийн өмчийн хороотой байгуулсан контрактын гэрээний үндсэн дээр “Биокомбинат” ТӨААТҮГ-ын захирлаар ажилласан, уг гэрээний 47-д эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг заасан ба /хх2-12-15/ Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээ байгуулсан талаарх өөр баримт хэрэгт авагдаагүйгээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Хариуцагч Б.Баттогтохын Төрийн өмчийн хороотой байгуулсан контрактын гэрээний 47-д ажилтан эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тодорхой заасны дотор түүний гаргасан тушаал, шийдвэрийн буруугаас болж байгууллагад хохирол учирсан тохиолдолд уг хохирлыг хэрхэн арилгахыг заагаагүй байна.           

Дээрхээс үзвэл хариуцагчийн захирлын ажил үүргийг гүйцэтгэх үедээ гаргасан хууль бус шийдвэрийн улмаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учирсныг хариуцах үүрэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар зохицуулагдах бөгөөд ажилтны зургаан сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээгээр тооцон хохирлыг арилгуулах үндэслэлтэй байна.

            Хэрэгт хариуцагч Б.Баттогтохоос дундаж цалин хөлсний хэмжээг тодорхойлсон баримт гаргаагүй бөгөөд цалингийн хэмжээг түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр /3хх 40-56/-т 990 000 төгрөгөөр тогтоосныг үндэслэн 5 940 000 /990 000 төгрөг*6/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “Биокомбинат” ТӨААТҮГ-т олгох нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт нийцэх ба нэхэмжлэгч “Биокомбинат” ТӨААТҮГ-ын хариуцагчийн хууль зөрчсөн шийдвэрийн улмаас байгууллагад учруулсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийг үндэслэн гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 163 291 616 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаадлагын зарим хэсгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон болон нэхэмжлэлийн хангасан дүнгээс хамааран улсын тэмдэгтийн хураамжийг зохигчдод хуваарилсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/00615 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Баттогтохоос 5 940 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Биокомбинат” ТӨААТҮГ-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 163 291 616 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,  

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “575 523” гэснийг “109 990” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 575 524 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                           Д.ЦОГТСАЙХАН

А.ОТГОНЦЭЦЭГ