Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/01400

 

Э.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/00682 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 1052 дугаар магадлалтай,

Э.С-ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Э.С- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн  шийдвэрээр Эгшиглэнт хишиг ХХК-аас 30.006.450 төгрөг гаргуулж Б.Баяржаргалд олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгч биш этгээд Э.С-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 1 дүгээр байрны 18 тоотод байрлах 89.95 м.кв талбай бүхий орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр битүүмжилсэн. Төлбөр төлөгч биш этгээдийн эд хөрөнгийг битүүмжилж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль тогтоомжийг зөрчиж байна. Иймд Э.С-ын эд хөрөнгийг битүүмжилсэн 2017 оны 12-р сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрээр Эгшиглэнт хишиг ХХК-аас 30 006 450 төгрөг гаргуулж Б.Баяржаргалд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч компанид шүүхийн шийдвэрийг биелүүлж төлбөрөө сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Тус компанийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө тогтоогдоогүй. Арилжааны банкууд хадгаламжийн дансанд нь хасалт хийсэн боловч дансандаа төлбөр төлөх мөнгөний үлдэгдэлгүй байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагааг авсан. Төлбөр төлөгч Эгшиглэнт хишиг ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Э.С- бүртгэлтэй болох нь тогтоогдсон учраас түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө гудамжинд байрлах 1 дүгээр байрны 18 тоотод байрлах 89.95 м.кв талбайтай орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/00682 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49-р зүйлийн 49.4.2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 148-р тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1725084/1 дугаартай тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн Э.С-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 1052 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/00682 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-т заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн нэхэмжлэгч Э.С-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хорооллын 1А байрны 18 тоотод байрлах орон сууц битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.С-т олгосугайгэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/01275 дугаар шийдвэрээр “Эгшиглэнт хишиг” ХХК-иас 30.006.450 төгрөгийг Б.Баяржаргалд олгохоор шийдвэрлэсэн. Мөн шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 201/ШШ2017/00711 дүгээр захирамжаар Э.С-аас 2.080.011 төгрөгийг гаргуулж “Мобиком корпораци” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Төлбөр төлөгч “Эгшиглэнт хишиг” ХХК болон Э.С-т хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, төлбөрөө сайн дураараа төлж барагдуулах талаар удаа дараа мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Төлбөр төлөгч “Эгшиглэнт хишиг” ХХК эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг холбогдох байгууллагуудаас тодруулахад тус компаний өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй эд хөрөнгө тогтоогдоогүй, арилжааны банкууд дах харилцах, хадгаламжийн дансанд хасалт хийхэд төлбөрийн үнийг дүнд хүрэлцхүйц үлдэгдэлгүй болохыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоосон. Улсын бүртгэлийн ерөнхий газрын, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаагаар төлбөр төлөгч “Эгшиглэнт хишиг” ХХК-ний 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч, захирлаар Эмээлийн Сүхбаатар бүртгэлтэй болох нь тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэртэй төлбөртэй түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205035909 дугаартай, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 1 а байрны 18 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг 2017 оны 12 сарын 01-ний өдрийн 17250854/1 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах дарааллын дагуу явагдаж байгаа бөгөөд төлбөр төлөгч “Эгшиглэнт хишиг” ХХК болон үүсгэн байгуулагч, төлбөр төлөгч Э.С-ын өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй эд хөрөнгийг тодруулж түүнээс төлбөр гаргуулах ажиллагааг хуульд зааснаар явуулж байна. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээс харахад хэрэгт цугларсан нотлох баримттай бүрэн гүйцэд танилцаагүй.Төлбөр төлөгч Э.С-ын эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн нь төлбөр авагч иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах мөн төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хамгаалах зорилгоор явагдсан ажиллагаа гэдгийг давж заалдах шатны шүүх хянаж чадаагүй гэж үзэж байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.  Нэхэмжлэгч Э.С- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ний өдрийн 1275 дугаар шийдвэрээр “Эгшиглэнт хишиг” ХХК-с 29.700.000 төгрөг гаргуулж, Б.Баяжаргалд олгохоор шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх  газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдэж, улмаар эд хөрөнгө, үнэт цаас, тусгай зөвшөөрөл эзэмшдэг эсэхийг холбогдох байгууллагаас тодруулж, арилжааны банкуудаас  дансны лавлагааг гаргуулжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 17250854/1 дугаар тогтоолоор “Эгшиглэнт хишиг” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Э.С-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 1а дугаар байрны 18 тоотын 89.95 м.кв талбай бүхий байрыг битүүмжилжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан  хэрэглэснээс шийдвэр хуль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангасан нь зөв боловч хийвэл эрх зүйн дүгнэлтийг бүрэн хийж чадаагүй нь учир дутагдалтай болжээ.

Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх тухай  хуулийн /2017/ 32 дугаар зүйлийн 32.1.-т  “төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны  талууд”  гэж тодорхойлсон, төлбөр төлөгч нь “Эгшиглэнт хишиг” ХХК байна.

Мөн хуулийн 8 дугаар бүлэгт төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах журмыг тусгайлан зохицуулсан.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгч-хуулийн этгээд “Эгшиглэнт хишиг” ХХК-с төлбөр гаргуулах ажиллагааг зарим байгууллагаас  лавлагаа авснаар хязгаарласан байх ба хуульд заасан ажиллагааг бүрэн  гүйцэтгэсэн эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг   хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль  тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэхээр Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх  тухай  хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т заасан, хариуцагч  уг заалтыг үндэслэн  төлбөр төлөгч компанийн хувьцаа эзэмшигч Э.С-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилжээ.

Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани гэнэ.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-т “компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ”, 9.3.-т “хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасан.

Дээрх зохицуулалтаар хувьцаа эзэмшигч нь эзэмшиж буй хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээх тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн нь хуульд нийцээгүй гэж үзнэ.

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах, гомдлыг хянан хэлэлцэх хүрээ, харьяаллыг зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1.-т “төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гэж заасан.

Нэхэмжлэгч нь төлбөр төлөгч биш бөгөөд тэрээр өөрийн өмчлөлийн орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасан, шүүх маргааныг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 1052 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтуяагийн гомдлыг хангахгүй орхисугай.           

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ