Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 714

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “М” ХХК 

Хариуцагч: АМГТГКХД

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 241 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн NE-026655 дугаартай өргөдлөөр “М*******” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох солбицлыг тогтоох тухай тогтоол гарч хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохоор шийдвэрлэж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн. Энэхүү шийдвэрийн дагуу манай компани Х******* аймгийн Б******* сумын нутагт орших NЕ-026655 дугаартай “М*******” нэртэй 8574 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өргөдөл гаргасан. 

Ашигт малтмалын газраас дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн хуулийн дагуу орон нутгийн санал авахаар явуулсан боловч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М******* нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн тул мөн хуулийн 19.3-т заасны дагуу мэдэгдлийг Х******* аймгийн Засаг даргад албан бичиг хүргүүлсэн. Х******* аймгийн Засаг даргаас NЕ-026655 өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй санал ирүүлсэн.

 Дээрх саналын дагуу Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь заалтын дагуу малчдын өвөлжөө, хаваржааны эзэмшил газарт танай NЕ-026655 дугаартай өргөдлийн талбай давхацсан байх тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байна гэсэн. 

Ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын 239 дүгээр тогтоолд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн хил хязгаарыг төрөөс тусгайлан тогтоож, олон нийтэд цахимаар зарласан. Энэ хил хязгаарын хүрээнд манай компани Х******* аймгийн Б******* сумын нутагт орших “М*******” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хандаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой хэмээн үзэж, орон нутгаас санал авахаар явуулсан банна. Засгийн газраас гаргасан 239, 511 тоот тогтоолын 2-р хэсэгт зааснаар: Хайгуулын тусгай зөвшөөрол олгох талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн, ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэн, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуулийн дагуу зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайд Р.Ж*******, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү******* нарт үүрэг өгсөн байдаг. Засгийн газрын энэхүү шийдвэрийг биелүүлэх болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үүргийг Ашигт малтмалын хуулиар Ашигт малтмалын газар хулээдэг. 

Харин ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 12-р зүйлд зааснаар “ашигт малтмалын хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах эрхтэй” байна. Мөн Ашигт малтмалын тухай хууль болон уг хуулийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тогтоолоос харахад зөвхөн хуульд заасан үндэслэл буюу ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн тапбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэрэг тохиолдолд аймгийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах эрхтэй байна. Эндээс үзэхэд Х******* аймгийн Б******* сумын Засаг даргын татгалзсан үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 19 дүгээр зүйлийн 19.5, 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь заалтуудыг зөрчиж байна. Мөн Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь заалт нь өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно гэж заасан болохоос биш тусгай хэрэгцээ болон нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон заалт биш учраас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 241 дүгээр шийдвэр нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. 

Иймээс манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 2015 оны 09 дүгээр сарын 15- ны өдрийн NЕ-026655 тоот өргөдлийн дагуу “М*******” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах шаардлага гаргаж байна. Манай компани 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “М*******” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах үед тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл түрүүлж ирсэн тухай бүртгэл байхгүй байгаа тул манай компани уг талбайд хамгийн түрүүнд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан гэж үзэх үндэслэлтэй байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “... хуулийн шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасан. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаснаар тухайн талбайн мэдээлэл ил тод болж, өргөдөл хүлээн авч байгаа мэргэжилтнүүд, орон нутгийн Засаг дарга болон холбогдох ажилтнуудад ил тод болж байгаа юм. Манай компани тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэнээс хойш хэдэн ч компани уг талбайд өргөдөл гаргасан байх боломжтой ба үүнийг бид мэдэхгүй байгаа ба мэдэх боломжгүй юм. Гэтэл энэ үүргээ биелүүлэлгүй, хууль зөрчсөн эс үйлдэхүйг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс гаргасны улмаас манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна...” гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлдээ: “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 241 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хургүүлж байна. 

Улсын Их Хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тухай хуулийн 30.1, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай” 239, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 511 дүгээр тогтоолыг тус тус батлан гаргасан. 

Дээр дурдсан хуулийн нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тогтоолыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн шинээр олголтыг өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар олгох ажлыг төрийн захиргааны байгууллага зохион байгуулж хэрэгжүүлэн ажиллаж байна. 

“М” ХХК нь Х******* аймгийн Б******* сумын нутагт М******* нэртэй 8574,83 га бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гарган NЕ-026655 дугаарт бүртгүүлсэн байна. 

Кадастрын хэлтсээс “М” ХХК-ийн өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-д заасаны дагуу шүүлт хийж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн мөн хуулийн 19.3-т заасны дагуу санал авах мэдэгдлийг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 6/8429 дугаартай албан бичгээр Х******* аймгийн Засаг даргад санал явуулсан. Уг саналд Х******* аймгийн Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 9/1666 тоот албан бичгээр “дэмжихгүй” санал ирүүлсэн байна. 

Аймаг, нийслэлийн Засаг даргаас дэмжээгүй санал ирүүлсэн тул өргөдлийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Кадастрын хэлтсээс Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг хийсэн байна. Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” заалтын хүрээнд хийж Өдрийн сонины 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 005 дугаарт олон нийтэд мэдээлэн хүргэжээ. Энэхүү сонсох ажиллагаанд тус компани нь бичгээр болон амаар тайлбар гаргаж ирүүлээгүй байна. 

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн УУККСистемээс шуүж үзэхэд Х******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолоор “М” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан Х******* аймгийн Б******* сумын нутагт М******* нэртэй 8574,83 га бүхий талбайн 1078,16 га талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 92 дугаар зүйлийн 92.2, 94 дүгээр зүйлийн 94.1 зүйлийг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 241 дүгээр шийдвэрээр NЕ-026655 дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 7/3384 дугаартай албан бичгээр тус компанид хүргүүлсэн байна. Иймд “М” ХХК-ийн нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М" ХХК нь “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 241 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн NE-026655 дугаартай өргөдлөөр “М*******” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. 

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч “М” ХХК нь Засгийн газраас тогтоосон солбицолд багтсан Х******* аймгийн Б******* сумын нутагт М******* нэртэй 8574,83 га бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өргөдөл гарган 10 дугаар сарын 21-ний өдөр өргөдлийн NЕ-026655 дугаарт бүртгүүлсэн байна. 

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс “М” ХХК-ийн өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-д заасны дагуу шүүлт хийж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн мөн хуулийн 19.3-т заасны дагуу орон нутгаас санал авах мэдэгдлийг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 6/8429 тоот албан бичгээр Х******* аймгийн Засаг даргад санал явуулсан байх бөгөөд Х******* аймгийн Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 9/1666 тоот албан бичгээр тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” санал ирүүлсэн байна. 

Өргөдлийг шийдвэрлэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ” гэж зааснаар аймгийн Засаг даргаас дэмжсэн хариу өгсөн бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор зохицуулсан байсан тул аймгийн Засаг дарга дэмжихгүй санал ирүүлсэн байхад хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэх боломжгүй юм.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэх заалтын аймгийн Засаг даргын дэмжихгүй саналын хууль зүйн үндэслэлтэй эсэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс дүгнэх үүрэггүй байна. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрөл тухайн талбайд олгохыг “дэмжихгүй” санал нь хуульд нийцсэн эсэхийг, хуульд заасан үндэслэлтэй эсэхийг аймгийн Засаг дарга өөрөө хариуцаж тайлбарлахаас бус уг саналыг хуульд заасан үндэслэлтэй эсэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс дүгнэж шийдвэрлэх боломжгүй юм.

Х******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолоор “М” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан Х******* аймгийн Б******* сумын нутагт М******* нэртэй 8574,83 га бүхий талбайн тодорхой хэсгийг буюу 1078,16 га талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 1 дүгээр сарын 28-ны өдрийн 28 тоотоор тогтоолыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн, энэ дагуу Кадастрын хэлтэс мэдээллийн санд тогтоолын дагуух солбицлыг бүртгэсэн байдаг. 

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс өргөдөлд тусгагдсан талбайд дахин 2017 оны 2 дугаар сарын 14-нд зураг зүйн шүүлт хийж, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай 1078.16 га талбайгаар давхцалтай гэх үндэслэлээр сонсох ажиллагааг хийх талаар Өдрийн сонины 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 005 дугаарт олон нийтэд мэдээлж, тус компаниас тайлбар ирүүлээгүй байх бөгөөд сонсох ажиллагаа хийсэн эсэхэд нэхэмжлэгч маргаагүй байна.

Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 241 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь хэсэгт зааснаар “тусгай хэрэгцээний газартай давхцалтай” гэх үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэж, шийдвэрийн мэдэгдлийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 7/3384 тоотоор хүргүүлжээ.

“М” ХХК нь “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” гэсэн Х******* аймгийн Засаг даргын саналыг хүчингүй болгуулахаар Х******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн боловч нэхэмжлэгч нэхэмжлэлээ удаа дараа дэмжиж ирээгүй үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 45 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байна. 

Өөрөөр хэлбэл “М” ХХК-ын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн М******* нэртэй 8574,83 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн Х******* аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 9/1666 тоот санал хүчин төгөлдөр хэвээр төдийгүй, хүсэлт гаргасан талбайн тодорхой хэсгийг буюу 1078,16 га талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Х******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоол Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн мэдээллийн санд бүртгэлтэй хэвээр байна.

Иймд орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай хэсэгчлэн давхцалтай гэх үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн шийдвэр Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4, 19.2.1, 19.2.3 дахь заалтад нийцсэн, нэхэмжлэгч компанийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй байна.

Түүнчлэн өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох дээрх зохицуулалт бүхий Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болж, 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгохоор хуулиар тогтоосон тул өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах эрх зүйн үндэслэлгүй болно. 

Х******* аймгийн Засаг даргаас 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр А/304 тоотоор “Х******* аймгийн Б******* сумын нутагт М******* нэртэй 8574,83 га бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжиж байна” гэх санал мөн ирүүлсэн гэх боловч уг санал, албан бичгийг явуулаагүй болохоо Х******* аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5/1947 тоотоор шүүхэд тодорхойлсныг дурьдах нь зүйтэй.  

Иймд нэхэмжлэгч “М” ХХК-ийн гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 241 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн NE-026655 дугаартай өргөдлөөр “М*******” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/ -ийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4, 19.2.1, 19.2.3 дахь хэсэг заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 241 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн NE-026655 дугаартай өргөдлөөр “М.ч” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” тухай  “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА