Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 14

 

Б.Г т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

 

                                                   Прокурор Ж. Очирбат

                                                    Өмгөөлөгч П.Адъяасүрэн

                                                    Шүүгдэгч Б.Г  

                                                   Хохирогч С.Э

                                                   Хохирогч С.Э гийн өмгөөлөгч Б.Билгүүн

 Хохирогч Д.Б , Ч.О , П.У  нарын  өмгөөлөгч  Т.Оюунчимэг

                                                  Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан,

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолд хохирогч С.Э гийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Г т холбогдох эрүүгийн 201315000290 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн  улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Бээлийнхнэн овогт Б.Г  

 

Шүүгдэгч Б.Г  нь удаа дараа буюу 2012 оны 02 дугаар сараас эхлэн 2012 оны 10 дугаар сарын хооронд хохирогч Д.Б гаас 74240000 төгрөгийг, 2012 оны 07 дугаар сараас эхлэн хохирогч Д.Бүзмаагаас 6660000 төгрөгийг, 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хооронд хохирогч П.Болормаагаас 47650000 төгрөгийг, 2012 оны 03 дугаар сарын орчимд иргэн Ч.Ганчимэгээс 9500000 төгрөгийг, 2012 оны 02 дугаар сараас эхлэн 2012 оны 03 дугаар сарын хооронд Ч.О ээс 38600000 төгрөгийг, 2012 оны 09 дүгээр сард хохирогч П.У ээс 20850000 төгрөгийг, 2012 оны 12 дугаар сард иргэн Б.Г гаас 18000000 төгрөгийг, 2012 оны 08 дугаар сард хохирогч С.Э гаас 51341500 төгрөгийг, 2012 оны 08, 10 дугаар саруудад хохирогч П.Анхтуяагаас 30000000 төгрөгийг, 2012 оны 08, 11 дугаар саруудад хохирогч А.Ганзоригоос 24300000 төгрөгийг, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Ю.Ариунсанаагаас 15000000 төгрөгийг, 2012 оны 09 дүгээр сард хохирогч Ж.Д-с 2000000 төгрөгийг буюу нийт 338141500 төгрөгийг бусдаас хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  

           Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Г т Өвөрхангай аймгийн прокуророос Д.Б гаас 69240000 төгрөг, П.У ээс 20850000 төгрөг, Ч.О ээс 38600000 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, Б.Г ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус зааснаар Б.Г т Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Г  нь 138 хоног цагдан хоригдсон, хохирогч Ч.Ганчимэгт 9500000 төгрөг төлсөн, хохирогч Б.Г  нь 18000000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Г аас 127580350 төгрөгийг гаргуулж, хохирогч П.Болормаад 9000000 төгрөг, хохирогч Д.Бүзмаад 5840000 төгрөг, хохирогч А.Г 22300000 төгрөг, хохирогч С.Э д 73520350 төгрөг, хохирогч Ю.Ариунсанаад 15000000 төгрөг, хохирогч Ж.Д-д 1920000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ю.Ариунсанаагийн нэхэмжлэлээс 7500000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч, иргэний хариуцагч Д.Б , П.У , Ч.О  нар нь эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Д.Б г, 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдөр хохирогч Ч.О ийг, 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хохирогч П.У ийг тус тус иргэний хариуцагчаар тогтоосон мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ч.О ийн ягаан өнгийн хавтастай хавтас нь шар өнгийн дотортой 1-49 хүртэл тоогоор дугаарласан тэмдэглэлийн дэвтэр, Д.Б гийн хавтасгүй нүүр болгонд хар өнгийн балаар 1-121 хүртэл дугаарласан дөрвөлжин шугамтай дэвтэрүүдийг Ч.О , Д.Б  нарт буцаан олгож, хуулбарыг хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Г ын эзэмшлийн “Alkatel” маркийн гар утас 1 ширхэг, иж бүрэн ханын стенкийг битүүмжилсэн 2013 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч С.Э  гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Б.Г ын хэргээс болж олон жилийн хугацаанд өөрийн эд хөрөнгө, сэтгэл санаагаараа маш их хохирсон. Гэтэл уг хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Б.Г  нь Д.Б , Ч.О , П.У  нараас их хэмжээний мөнгө зээлж түүнийгээ төлөхийн тулд намайг залилан мэхэлсэн. Үүнийг Улсын дээд шүүхээс харгалзан үзсэний дагуу Д.Б , Ч.О , П.У  нарыг иргэний хариуцагчаар татсан. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаартай Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор иргэний хариуцагчаар татсан мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосон нь хууль бус гэж үзэж байна. Б.Г  нь иргэний хариуцагчдад зээлийн хүү төлөхын тулд намайг залилан мэхэлж олж авсан мөнгийг иргэний хариуцагч нарт шилжүүлсэн нь хэрэгт нотлогддог. Миний хохирлыг Б.Г аас гадна иргэний хариуцагч нараас гаргуулахгүйгээр шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаартай Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүугийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... гэжээ.

Шүүгдэгч Б.Г  хариу тайлбартаа: Надаас хохирол төлүүлэх шийдвэр гаргасныг хохирогч С.Э  хүлээн зөвшөөрөхгүй байгаатай санал нэг байна. Энэ мөнгийг Б  төлөх ёстой гэж үзэж байна. Хохирогч С.Э гийн нэхэмжилж байгаа мөнгөний тодорхой хэсэг Д.Б гийн дансанд орсон нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгааг харгалзан үзнэ үү... гэжээ.

Хохирогч Ю.А хариу тайлбартаа: Миний бие нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаартай Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Б.Г ын хэргээс болж олон жилийн хугацаанд өөрийн эд хөрөнгө, сэтгэл санаагаараа маш их хохирсон. Гэтэл уг хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. 2012 оны 11 сарын 30-ны өдөр Б.Г тай 15000000 төгрөгийг зээлийн болон барьцааны гэрээ хийж өгсөн. Б  энэ мөнгийг Турк улс руу бараагаа захих гэж дүүгийн дансандаа хийлгэсэн. Г  энэ тухайгаа мөрдөн байцаалт болон анхан шатны шүүх хурал дээр хэлдэг. Үүнийг дээд шүүхээс харгалзан үзсэний дагуу Б г иргэний харицагчаар татсан байдаг. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаартай Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор иргэний хариуцагчаар татсан мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосон нь хууль бус гэж үзэж байна. Миний хохирлыг    Б.Г  болон иргэний хариуцагчаас гаргуулахгүйгээр шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаартай Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

Хохирогч П.У  хариу тайлбартаа: Миний бие нь хохирогч С.Э гийн гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолыг хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь бид ч гэсэн адилхан хохирогч болж хохироод байгаа нь гомдолтой байна. Б.Г  нь Д.Б , Ч.О  бид гурваас ч адилхан мөнгө залилж урьд нь авсан хүмүүсийнхээ мөнгийг төлдөг байсан нь тодорхой харагддаг. Ийм ч учраас биднийг адилхан хохирогч гэж үзэж иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон. Бид Г ын хүмүүсээс авсан мөнгийг төлөх ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм. Хохирогч С.Э  бид нар бол адилхан л хохирогч, хэн хэн нь гомдол гаргах эрхтэй ч С.Э  нь тогтоол гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй ч 15 хоног дээрээ гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Иймд гомдлыг хэлэлцэхгүй байх эсвэл шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү... гэжээ.

Хохирогч Д.Б  хариу тайлбартаа: Миний бие С.Э гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хохирсон хүн гэвэл би ч мөн адил маш ихээр хохирсон ашиг олсон зүйл байхгүй. Харин ч С.Э  нь Б.Г тай найз гэдгээрээ 2010 оноос эхлэн Б.Г т өөрийн ах дүү, хамаатан садныхаа мөнгийг давхар давхар зээлүүлж ашиг олж байсан нь хавтаст хэрэгт хангалттай нотлогддог. Хавтаст хэрэгт цугларсан дансны хуулгуудыг харахад ихэнх нь С.Э гийн дансаар орж байсан нь тодорхой байдаг. С.Э гийн цаад санаа нь Б.Г аас юу ч олж авч чадахгүй нь ойлгомжтой тул иргэний хариуцагч нараар өөрийн хохирлыг гаргуулах санаа зорилго агуулж байгаа нь үндэслэлгүй. Ашиг олсон нь хэн бол гээд үзэх юм бол С.Э гийн дансны хуулгыг харахад л хангалттай. Миний зүгээс харахад Улсын дээд шүүх иргэний хариуцагчаар тат гэсэн үүднээс биш татах шаардлага нөхцөл байвал татах харин хөндлөнгийн шалтгаанаар нотлогдохгүй бол хэрэгсэхгүй болгох гэсэн санаа бүхий тогтоол дурдсан гэж ойлгож байгаа. Дээд шүүхийн тогтоол хууль биш хэрэгт цугларсан баримт нь нотлогдохгүй, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг нөхцөл байдлыг шүүх үнэлэн тогтоолоо гаргасан нь үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх саналтай байна... гэжээ.

Хохирогч Ч.О  хариу тайлбартаа: С.Э гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцаад миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: С.Э  ганцаараа сэтгэл санаа эд материалаар хохирсон юм биш бид бүгд л хохирсон. Үнэхээр үнэн гэж байдаг бол С.Э  нь Б.Г ын найз энэ 2 хоорондоо 2010 оноос хойш харин ч ашиг хонжоо олох ах дүү, найз нөхдөө хүртэл татан оролцуулж бүр илүү ашиг олсон. Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй биш шүүх нь нотлогдохгүй байхад үндэслэлгүйгээр хүнээс хохирол гаргуулна, иргэний хариуцагчаар татна гэсэн ойлголт байхгүй байх. Хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан нотлогдоогүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Хохирлыг иргэний хариуцагч нараас гаргуулна гэдэг нь үндэслэлгүй. Хэн хэнээс хэдэн төгрөг хэнд гаргуулах хэн нь хохирсон талаар аудитын дүгнэлт нэг бүрчлэн хүн тус бүр дээр гараагүй байхад гаргах үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү... гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Г  нь удаа дараа буюу 2012 оны 02 дугаар сараас эхлэн 2012 оны 12 дугаар сарын хооронд хохирогч Д.Б , Д.Б, П.Б, Ч.Г, Ч.О , П.У , Б.Г , С.Э , П.А, А.Г, Ю.А, Ж.Должинсүрэн нараас нийт 338141500 төгрөгийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Прокурорын яллах дүгнэлт /7-р хх-ийн 70-76х/-ийн “Тэмдэглэх” хэсэгт гэмт хэргийн улмаас яллагдагч Б.Г ын гэмт хэрэг үйлдсэн газрыг тодорхойлоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасныг зөрчсөн байх тул яллах дүгнэлтийг хууль ёсны гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн хангасан гэж үзэн Б.Г ын хэргийг эцэслэн шийдвэрлэхэд  учир дутагдалтай байна.

Б.Г  нь бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилах үйлдлээ байнга хэрэгжүүлж амьдралын эх үүсгэвэр болгож байсан шинжтэй эсэхийг тогтоож /хяналтын шатны шүүхийн тогтоолд дурдсан хохирогч нараас авсан мөнгийг Б.Г  юунд, хэрхэн зарцуусныг шалгаж тогтоох/ энэ талаар дүгнэлт хийн хэргийг зүйлчлээгүй,

мөн прокурорын яллах дүгнэлтийн “тогтоох” хэсэгт шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэх хүндрүүлэх нөхцөл байдлыг заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Б.Г т холбогдох хэргийн зүйлчлэлийг тодорхойлсон нь зохимжгүй /шүүхийн эрх хэмжээний асуудлыг прокурор эдэлсэн/ болсон байна.

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэнээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн, түүнийг яллагдагчаар татах прокурорын тогтоол гарах хүртлэх хугацааг тоолдог тул анхан шатны шүүх Б.Г т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. /Б.Г  нь бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилсан үйлдэл 2012 оны 12 дугаар сард болж байсан бөгөөд түүнийг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр прокурорын тогтоол /7-р хх-ийн  5х/- оор  яллагдагчаар татжээ.

Иймд дурдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх иргэний хариуцагч Б.Б , хохирогч Ю.А нар нь харилцан эсрэг сонирхолтой байхад тэдний өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд өмгөөлөгч  Т.О-г оролцуулсан,

урд шүүгчийн туслахаар ажиллаж байхдаа Б.Г т холбогдох хэрэгт нөлөөллийн мэдүүлэг /1-р  хх-ийн  239х/  хөтлөж байсан шүүгч хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн зэрэг  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг анхан шатны шүүх ноцтой зөрчсөнг дурдаж байна.

Мөн Б.Г т холбогдох хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч тус хэргийг шийдвэрлэсэн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд шүүх хуралдааныг анхан шатны шүүх, нийт 7 удаа хойшлуулсан нь шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шуурхай байдал алдагдаж, хэргийн оролцогч нарын эрх ашиг хөндөгдөхөд хүрдэг тул шүүх хуралдааны бэлтгэлийг сайтар хангуулж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлэж байвал зохино.

Б.Г т холбогдох хэргийг анхан шатны шүүхэд давж заалдах шатны шүүхээс  буцаасан тул хохирогч С.Э гийн давж заалдсан гомдолд эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон, Б.Г т холбогдох 201315000290 дүгээртэй эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргэгдэн очтол Б.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                               

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЭРДЭНЭБИЛЭГ                      

                                  ШҮҮГЧИД                                М.МӨНХДАВАА

                                                                                   В.ЦЭЦЭНБИЛЭГ