Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/154

 

 

 

 

 

 

 

    2021         03          10                                       2020/ШЦТ/154

 

 

                                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч  Б.Соёлмаа, шүүгдэгч Э.Ш-, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Э-ийн Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2110000630051 дугаартай хэргийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, зорчигчийн вагоны үйлчлэгч, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Э-ийн Ш,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Ш- нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И март худалдааны төвд Т.А-гийн халааснаас Ай фоне 10 икс макс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Т.А-д 1,260,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Э.Ш-: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, урьд нь өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй. Хүүхэд маань одоо 1 ой 9 сартай, зүрхний гажиг гэсэн хүнд өвчтэй байгаа учир энэ талаарх 4 хуудас баримтыг шүүхэд гаргаж байна, тухайн үед мөнгөний хэрэг гаргаад ийм асуудал болсон, гэмшиж байна, тухайн үед гар утсыг хамгаалагчид өгөөд хохирлыг барагдуулсан, одоо би хүүхдээ хараад гэртээ байгаа, нөхөр хувиараа ТҮЦ-нд суудаг...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Т.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 18 цагийн орчим ...И март худалдааны төвд эгч Амарзаяагийн хамт орсон. ...Дэлгүүрийн хоёр давхарт байрлах гэр ахуйн барааны тасгаар бараа үзээд 30 гаруй минут болсон байх, ингээд гэнэт гар утсаараа ярих гээд гадуур хувцасны халаасанд үзтэл миний гар утас алга болсон байсан. Ингээд миний бие И март худалдааны төвийн хамгаалалтын албанд очиж гар утсаа алдсан талаар мэдээлэл өгсөн. ...Камерыг хүлээгээд зогсож байтал нэг хамгаалагч миний гар утсыг бариад хүрээд ирсэн. Тэгээд таны утас мөн үү гэхээр нь үзэхэд миний алдсан ай фоне 10 икс макс загварын голд өнгөтэй гар утас маань мөн байсан. Улмаар би хажууд нь утасны кодоо хийж асаасан тул миний гар утсыг надад өгсөн. Тус байгууллагын хүмүүс цагдаад дуудлага өгсөн, та хүлээж бай гээд байсан...” /хх-ийн 10-11/ гэсэн,

 

Шүүгдэгч Э.Ш- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр найз Сайнаатай уулзаад би И март орж хүнсний ногоо авах талаар хэлэхэд хамт явахаар болсон. И март худалдааны төвийн ...нэг давхрын хүнсний тасагт явж байгаад нэг эмэгтэйн халааснаас ай фоне икс макс загварын гар утсыг аваад халаасандаа хийгээд явж байхад хамгаалагч ирээд намайг бариад авсан. Ингээд хулгайлсан гар утсыг эзэнд нь буцааж өгсөн...” /хх-ийн 43-45/ гэсэн мэдүүлгүүд, 

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/,

- Эд мөрийн баримтаар тооцох хураан авах тухай зөвшөөрөл /хх-ийн 21/,

- Мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн22-24/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 30-35/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 36/,

- Шүүгдэгч Э.Ш-гийн хувийн байдалтай холбоотой гэрч Т.Жаргалчимэгийн мэдүүлэг /хх-ийн 17-18/, оршин сугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 52/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 54/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 56-58/, боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 56-65/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Э.Ш-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                           

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Э.Ш- нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И март худалдааны төвд Т.А-гийн халааснаас ай фоне 10 икс макс загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Т.А-д 1,260,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох хохирогч Т.А-гийн “...2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 18 цагийн орчимд ...И март худалдааны төвд эгч Амарзаяагийн хамтаар орсон. ...Дэлгүүрийн хоёр давхарт байрлах гэр ахуйн барааны тасгаар явж бараа үзээд 30 гаруй минут болсон байх, ингээд гэнэт гар утсаараа ярих гээд гадуур хувцасны халаасанд үзтэл миний гар утас алга болсон байсан. Ингээд миний бие И март худалдааны төвийн хамгаалалтын албанд очиж гар утсаа алдсан талаар мэдээлэл өгсөн. ...Камерыг хүлээгээд зогсож байтал нэг хамгаалагч миний гар утсыг бариад хүрээд ирсэн. Тухайн утсыг үзэхэд миний алдсан утас мөн байсан...” /хх-ийн 10-11/ гэсэн, шүүгдэгч Э.Ш-гийн “...Тухайн өдөр найз Сайнаатай уулзаад би И март худалдааны төв орж хүнсний ногоо авах талаар хэлэхэд хамт явахаар болсон. И март худалдааны төвийн ...нэг давхрын хүнсний тасагт явж байгаад нэг эмэгтэйн халааснаас гар утсыг аваад халаасандаа хийгээд явж байхад хамгаалагч ирээд намайг бариад авсан. Ингээд хулгайлсан гар утсыг эзэнд нь буцааж өгсөн...” /хх-ийн 43-45/ гэсэн мэдүүлгүүд, эд мөрийн баримтаар тооцох хураан авах тухай зөвшөөрөл /хх-ийн 21/, мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 30-35/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 36/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдох бөгөөд Э.Ш-гийн дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Э.Ш- нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.А-гийн эд хөрөнгөд 1,260,000 /хх-ийн 27/ төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг биет байдлаар буцаан өгсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 10-11/ гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч  Э.Ш- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Э.Ш-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2110000630051 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Т.А- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч Э.Ш- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1. Шүүгдэгч Б овогт Э-ийн Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ийн Ш-д хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд шүүгдэгч Э.Ш-д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Э.Ш- нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2110000630051 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Т.А- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч Э.Ш- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Ш-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ш-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.             

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.АЛТАНЖИГҮҮР