Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/160

 

          

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Хурц, шүүгдэгч Д.Ц-, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Бэсүд овогт Д-гийн Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2110000660053 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сум, 2 дугаар баг, Эрдэнэмандал 13 дугаар гудамж, 14 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 5-3-541 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Баянхонгор аймгийн шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 213 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж мөн хугацаагаар тэнссэн,  

Баянхонгор аймгийн шүүхийн 1998 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,

Баянхонгор аймгийн шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, Б овгийн Д-гийн Ц,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Ц- нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Б таун хотхоны баригдаж байгаа барилгын 10 давхарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.А-тай таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүр рүү гараараа цохиж хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

          Шүүгдэгч Д.Ц-: “...Хэрэгт авагдсан хохирогч, гэрч нар худлаа мэдүүлэг өгсөн байна лээ. Би 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ажил дээрээ ажлаа хийж байсан, орой нь Төвшинтөгс, А- нар манай өрөөнд согтуу орж ирээд А-ын төрсөн өдөр гээд тэд нарын байсан өрөөнд тэр хоёртой хамт орсон, тэр өрөөнд ороход хохирогч, гэрч нарын мэдүүлэгт байсан төрсөн өдрийн зассан ширээ таваг байгаагүй, би тэнд ороод архи хэрэглээгүй. Түвшинтөгс нь 10 давхарт ширээ зассан гэж худлаа хэлсэн, А- нь маргалдаад цохиулсан гэж худлаа мэдүүлэг өгсөн байна лээ, үүнд гомдолтой байна. 10 давхарт гэрэлгүй, харанхуй байсан, А- надтай маргалдаад тэр өрөөнөөс гараад яасныг би мэдэхгүй байна, миний ажил дээр тухайн цаг хугацаанд надад цохиулсан зүйл болоогүй, болсон үйл явдлыг бүгдийг мэдэж байгаа. Байцаагчтай ярилцаад хөнгөн гэмтэл юм чинь гайгүй ш дээ гэхээр нь би зодсон, цохисон гэж мэдүүлэг өгсөн. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг худлаа мэдүүлэг, байцаагч намайг дарамталсан, шахсан зүйл байхгүй, мэдүүлгээ уншаад зурсан, сүүлийн мэдүүлгийг надад үзүүлээгүй, гарын үсэг зуруулсан, нүүрэлдүүлж байцаалт аваагүй, хоёр удаа цохисон гэж мэдүүлэг өгсөн гэж хэлсэн, тухайн үед сүртэй маргаан болоогүй. Хохирол төлбөр төлөөгүй, хохирогч надаас 6,5 сая төгрөг нэхсэн, надад тийм их мөнгө байхгүй, хуулиараа шийдүүлье гэж хэлсэн.

          Намайг ажлаа хийгээд байж байхад тэр хоёр орж ирсэн, А- халамцуу байсан, гэмтэл учирсан зүйл байгаагүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Г.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ажил дээрээ ээлжийн ажилтай байсан. ...21 цагийн үед Төгсөөтэй тааралдахад төрсөн өдөр нь болж байгаа гээд цугтаа 10 давхар руу гарсан. Тэнд ширээ зассан, Төгсөөгөөс гадна 4 хүн сууж байсан. Ингээд бид тав пиво ууж байгаад Цээгий гэх залуутай сангийн ажлаас болж маргалдсан. Ингээд Цээгий босоод миний ардуур гарахдаа толгой руу цохиход би газарт унасан. Ингээд ухаан манараад нэг сэрэхэд миний дээрээс өшиглөж байсан. ...Миний хамар хугарсан, зүүн нүдний дотор доод хананы зөрүүтэй ухархайн хугарал гэмтэл авсан. Уг гэмтлийг Ц- учруулсан...”  /хх-ийн 13-14/ гэсэн,

 

Гэрч М.Түвшинтөгс мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Уугаад сууж байхад Ц-, А- нар сангийн асуудлаас болж хоорондоо маргаад байсан. ...Ц- ах А-ын нүүр рүү хоёр удаа гараараа цохисон, А-ын хамраас цус гарсан...” /хх-ийн 21-23/ гэсэн,

 

Шүүгдэгч Д.Ц- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...А- гэх залуу өөрөө намайг доромжлохоор нь нүүр хэсэгт нь хоёр удаа цохисон...” /хх-ийн 36-38/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №275 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Г.А-ын биед хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 23-26/ гэсэн дүгнэлт,

 

- Өргөдөл /хх-ийн 6/,

- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-30/

- Хохирлын баримтууд /хх-ийн 63-67/,

- Өвчний түүхийн хуулбар /хх-ийн 69-73/,  

- Шүүгдэгч Д.Ц-ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 43-45/, эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 35/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч  Д.Ц- нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Б таун хотхоны баригдаж байгаа барилгын 10 давхарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.А-тай таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүр рүү гараараа цохиж, хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.А-ын “...2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ажил дээрээ ээлжийн ажилтай байсан. ...21 цагийн үед Төгсөөтэй тааралдахад төрсөн өдөр нь болж байгаа гээд хамт 10 давхар руу гарсан. Тэнд ширээ зассан, Төгсөөгөөс гадна 4 хүн сууж байсан. Ингээд бид тав пиво ууж байгаад Цээгий гэх залуутай сангийн ажлаас болж маргалдсан. Цээгий босоод миний ардуур гарахдаа толгой руу цохиход би газарт унасан. Ингээд ухаан манараад нэг сэрэхэд миний дээрээс өшиглөж байсан. ...Миний хамар хугарсан, зүүн нүдний дотор доод хананы зөрүүтэй ухархайн хугарал гэмтэл авсан. Уг гэмтлийг Ц- учруулсан...”  /хх-ийн 13-14/ гэсэн, гэрч М.Түвшинтөгсийн “...Уугаад сууж байхад Ц-, А- нар сангийн асуудлаас болж хоорондоо маргаад байсан. ...Ц- ах А-ын нүүр рүү 2 удаа гараараа цохисон, А-ын хамраас цус гарсан...” /хх-ийн 21-23/ гэсэн, шүүгдэгч Д.Ц-ын “...А- гэх залуу өөрөө намайг доромжлохоор нь нүүр хэсэгт нь хоёр удаа цохисон...” /хх-ийн 36-38/ гэсэн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №275 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Г.А-ын биед хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна зэрэгт хамаарна...” /хх-ийн 23-26/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хохирогч Г.А-ын биед учирсан “...хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун зүүн тохойд цус хуралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Д.Ц-ын түүний нүүрэнд цохисноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.   

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Ц-ын хохирогч Г.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ц-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.А-ын эрүүл мэндэд хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун зүүн тохойд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотой эмчилгээний зардалд 3,304,138 төгрөг нэхэмжилснээс шүүх нотлох баримтын шаардлага хангасан эм тариа авсан, үзлэг хийлгэсэн, шинжилгээ өгсөн, компьютер томографын зураг авхуулсан болон мэс заслын төлбөр зэрэгт зарцуулсан баримтын хэмжээнд /хх-ийн 65, 66, 67/ буюу 2,991,338 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч  Д.Ц-ын үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, хохирол төлөгдөөгүй нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  түүнд 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2110000660053 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, Бүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.Ц- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1,  4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Д-гийн Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-гийн Ц-ыг 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.Ц-д оногдуулсан 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-оос 2,991,338 /хоёр сая есөн зуун ерөн нэгэн мянга гурван зуун гучин найм/ төгрөг гаргуулж, хохирогч Г.А-д олгосугай.

 

6. Эрүүгийн 2110000660053 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан  зүйлгүй, Бүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.Ц- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.АЛТАНЖИГҮҮР