| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2021/0156/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/161 |
| Огноо | 2021-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/161
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Одонтуяа, хохирогч, шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Э.Ундраххэрлэн, хохирогч, шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б- овогт Г-гийн Б-, Б- овогт Б-гийн М- нарт холбогдох эрүүгийн 2010021051119 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, “, ам бүл 4 эхнэр, хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 79г байрны 34 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Г-гийн Б,
Монгол Улсын иргэн, 1976 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч ажилтай, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 8-119 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б-гийн М,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б- нь 2020 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “И” хотхоны 79а байрны автомашины зогсоолд иргэн Б.М-гийн нүүрэнд гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ч Б.М- нь 2020 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “И” хотхоны 79а байрны автомашины зогсоолд иргэн Г.Б-той зодолдож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /хохирогч/ нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч Г.Б-: “...Манай байгууллага улирлын шинжтэй ажил хийдэг, тухайн үед миний биед сүрхий гэмтэл учраагүй, гэртээ 14 хоног хэвтсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хохирол гаргуулж аваагүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч Б.М-: “...Тухайн үед эмнэлгээр яваад эмнэлгээр явсан, тэр зардлаа Г.Б-оос авчихсан, одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, Г.Б-од гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа, Г.Б-од хохирол төлөөгүй, надаас хохирол нэхэмжлээгүй, эмчилгээний зардалд 100,000 төгрөг гарсныг авсан...” гэв.
Шүүгдэгч Г.Б-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Шүүгдэгч Б.М-: “...Урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Г.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, И хотхонд 79 дүгээр байранд амьдардаг. Тэр өдөр би гадуур ажлынхантайгаа хоол идчихээд явж байгаад орой ирээд машинаа граж руу оруулаад зогсоол дээр тавих гэтэл миний зогсоол дээр тухайн өдрийн жижүүр бусдаас мөнгө аваад өөр машин миний зөвшөөрөлгүй тавиулчихсан байсан. Тэгээд би эзэнтэй нь холбоо бариад зогсож байтал тухайн үед манай байрны бус хоёр оршин суугч миний машины зогсоол дээр явж байсан ба хаа хүрэх талаар санаа зорилгыг нь асуухад та нарт хамаагүй муу бацаанууд, аминдаа хайртай бол хол бай гэж хэлсэн, тэгээд нэг нь өрөлт аваад над руу дайрахаар нь дайрсан залууг барьж аваад зодоон хийгээд яах юм бэ гээд дээр нь гараад суучихсан. Тэгээд намайг за больё гэхээр болих гэж байгаа юм байна гээд өндийхөд миний нүүр лүү цохисон, тэгээд би хариу үйлдэл хийгээгүй байж байтал манай жижүүр цагдаад дуудлага өгсөн...” /хх-ийн 19-22/ гэсэн,
Хохирогч Б.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 01 цагийн үед би Зоригт-Отгон гээд таньдаг ахтайгаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Өлзийт хорооллын урд ажил хийж дуусчхаад “И” хотхонд байдаг Зоригт-Отгоны машин луу явж байхад нэг том биетэй үл таних залуу хүрч ирээд бид хоёрыг хаа хүрэх гэж байгаа юм гэж асуусан. Тэгэхээр нь бид хоёр энд машинаа тавьчихсан, авах гээд явна гэхэд та хоёр эндхийн оршин суугчид биш байж яахаараа энд машинаа тавьдаг юм гээд намайг цохих гээд дайраад байхаар нь би цээж рүү нь түлхээд чи цаашаа бай гээд хэлсэн чинь тэр залуу намайг чи яахаараа миний биед хүрдэг юм гээд намайг цохисон, тэгээд би зугтаад тэнд талбай дээр гүйж байгаад нэг мэдэхэд уначихсан байсан ба миний дээрээс цохиж зодоод байсан...” /хх-ийн 24-25/ гэсэн,
Гэрч Г.Дөлгөөн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 10 дугаар сарын 07-ны орой Б- даргыг гэрт нь буюу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “И” хотхоны 79г байранд хүргэж ирсэн. Тэгээд граж руу ортол Б-ын машины зогсоол дээр өөр хүний машин зогсож байхаар нь харуултай уулзах гээд гарсан. Тэр үед хотхоны үүдээр үл таних хоёр хүн орж ирж харагдахаар нь Б- тэр хүмүүсээс хаашаа явж байгаа талаар нь асуухад хоёр залуугийн нэг нь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Тэгээд маргалдаж эхлээд нөгөө залуу нь хүрч ирээд Б-той зууралдаад авсан, тэгээд нэг харсан чинь Б- дээр нь гараад суучихсан хоёулаа зодолдоод яах юм гээд байсан. Тэгээд би болиулаад салгатал нөгөө Б-той маргалдсан залуу босож ирээд Б-ын нүүрэнд шууд цохиод авсан. Тэгээд тэр хоёр дахиад зууралдаад өнхрөөд байсан...” /хх-ийн 35-36/ гэсэн,
Гэрч Х.Батням мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 10 дугаар сарын 08-ны орой 00 цаг 50 минутын үед манай байрны оршин суугч Б- гэх хүний автомашины зогсоол дээр өөр хүн машинаа байрлуулчихсан байсан. Тэгээд Б- манай өрөөнд орж ирээд зогсоолд хэн машинаа байрлуулсныг олох гэж камер шүүчхээд гарч ирэх үед манай байрны оршин суугч биш хоёр согтуу хүн ороод ирсэн. Б- тэр хоёр хүнээс хэн болох, хаашаа явж байгаа талаар нь асуухад өнөөх хүмүүс Б-од чамд ямар хамаатай юм, бацаан минь гээд агсарсан. Тэгээд тэд хоорондоо ноцолдоод эхлэхээр нь би цагдаад дуудлага өгсөн...” /хх-ийн 37-38/ гэсэн,
Шүүгдэгч Г.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би гадуур ажлынхантайгаа хоол идчихээд явж байгаад орой ирээд машинаа граждаа оруулаад зогсоол дээр тавих гэтэл миний зогсоол дээр тухайн өдрийн жижүүр бусдаас мөнгө аваад өөр машин миний зөвшөөрөлгүй тавиулчихсан байсан. Тэгээд би эзэнтэй нь холбоо бариад зогсож байтал тухайн үед манай байрны бус хоёр оршин суугч миний машины зогсоол дээр явж байсан ба хаа хүрэх талаар санаа зорилгыг нь асуухад та нарт хамаагүй муу бацаанууд, аминдаа хайртай бол хол бай гэж хэлсэн, тэгээд нэг нь өрөлт аваад над руу дайрахаар нь дайрсан залууг барьж аваад зодоон хийгээд яах юм бэ гээд дээр нь гараад суучихсан. Тэгээд намайг за больё гэхээр болих гэж байгаа юм байна гээд өндийтөл миний нүүр лүү цохисон, тэгээд би хариу үйлдэл хийгээгүй байж байтал манай жижүүр цагдаад дуудлага өгсөн...” /хх-ийн 61-62/ гэсэн,
Шүүгдэгч Б.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 01 цагийн үед би ...зогсоолд тавьсан машинаа авах гэж байхад үл таних том биетэй залуу хүрч ирээд хаа хүрэх гэж байгаа юм гэж асуусан. Тэгэхээр нь бид хоёр энд машинаа тавьчихсан, авах гэж явна гэсэн чинь та хоёр эндхийн оршин суугчид биш байж яахаараа энд машинаа тавьдаг юм гээд намайг цохих гээд дайраад байхаар нь би цээж рүү нь түлхээд чи цаашаа бай гээд хэлсэн чинь тэр залуу намайг чи яахаараа миний биед хүрдэг юм гээд намайг цохисон, тэгээд би зугтаад тэнд талбай дээр гүйж байгаад нэг мэдэхэд уначихсан байсан ба миний дээрээс цохиж зодоод байсан...” /хх-ийн 65/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №11682 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.М-гийн биед хэлний үзүүрт шарх, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, дух цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 40-41/ гэсэн,
- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №11638 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Г.Б-ын биед зүүн нүдний дотор булан, доод зовхи, хүзүүний урд дунд хэсэгт цус хуралт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хх-ийн 47-48/ гэсэн дүгнэлтүүд,
- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 9/,
- Өргөдөл /хх-ийн 11-13/,
- Хэргийг газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-19/,
- Б.М-гийн эмчлүүлэгчийн картын хуулбар /хх-ийн 85-91/,
- Шүүгдэгч Г.Б-, Б.М- нарын хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83, 100/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 67/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.Б-, Б.М- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Г.Б-, Б.М- нар нь 2020 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “И” хотхоны 79а байрны автомашины зогсоолд хоорондоо үл ойлголцон маргалдаж, өөр хоорондоо зодолдсоны улмаас Г.Б-ын эрүүл мэндэд зүүн нүдний дотор булан, доод зовхи, хүзүүний урд дунд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол, Б.М-гийн эрүүл мэндэд хэлний үзүүрт шарх, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, дух цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус учирсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Г.Б-, Б.М-, гэрч Г.Дөлгөөн, Х.Батням нарын болон шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №11682 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Б.М-гийн биед хэлний үзүүрт шарх, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, дух цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 40-41/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №11638 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Г.Б-ын биед зүүн нүдний дотор булан, доод зовхи, хүзүүний урд дунд хэсэгт цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 47-48/ гэсэн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Г.Б-ын эрүүл мэндэд зүүн нүдний дотор булан, доод зовхи, хүзүүний урд дунд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол,
хохирогч Б.М-гийн эрүүл мэндэд хэлний үзүүрт шарх, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, дух цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлууд нь шүүгдэгч нарын 2020 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө “И” хотхоны автомашины зогсоолд бие биенийхээ нүүрэнд цохих, зууралдаж газар унаж өнхрөлдсөнөөс үүсэн бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч нарын өөр хоорондоо зодолдож, ноцолдсоны улмаас бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Б-, Б.М- нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б-ын эрүүл мэндэд зүүн нүдний дотор булан, доод зовхи, хүзүүний урд дунд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол, хохирогч Б.М-гийн эрүүл мэндэд хэлний үзүүрт шарх, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, дух цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус учирсан. Хохирогч, шүүгдэгч нар шүүхийн шатанд хоорондоо эвлэрсэн, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдүүлсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Г.Б-, Б.М- нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөр хоорондоо сайн дураараа эвлэрсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болж, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, өөр хоорондоо эвлэрсэн гэм буруугаа ойлгож, гэмшиж буй зэрэг хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч нар торгуулийн уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж мэдэгдсэн болно.
Эрүүгийн 2010021051119 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Б-, Б.М- нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.Б-, Б.М- нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогт Г-гийн Б-, Б- овогт Б-гийн М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-гийн Б-, Б-гийн М- нарыг тус бүр 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.Батбол, Б.М- нарт оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Шүүгдэгч Г.Б-, Б.М- нар торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2010021051119 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Б-, Б.М- нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.Б-, Б.М- нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Б-, Б.М- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-, Б.М- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР