| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0663/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/168 |
| Огноо | 2021-03-17 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | П.Энхболд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/168
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч П.Энхболд, иргэний нэхэмжлэгч Г.Т, шүүгдэгч С.У-, түүний өмгөөлөгч Д.Чинзориг, нарийн бичгийн дарга Б.Энхжин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М- овогт С-ын У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010001150744 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр охины хамт, урьд нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 181 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 613 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилсөн, улмаар 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 115 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 05 сар 02 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 323 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн, бие эрүүл, ухаан бүрэн, М- овогт С-ын У,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.У- нь Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нарийн мэргэжлийн анги /резидент/-д оруулж өгнө гэж өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр Г.Тад итгүүлэн нэг хүний 2,500,000 төгрөг өгвөл оруулна гэж хуурсны улмаас Г.Т нь 2019 оны 9 дүгээр сарын 25-наас 2019 оны 10 дугаар сарын 13-ны хооронд Г.Сувд-Эрдэнэ, С.Уянга, Д.Ариунсайхан, Ц.Цэлмэг нараас нийт 10,000,000 төгрөг авч, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 95 дугаар байрны 08 тоот гэрээсээ С.У-ын эзэмшлийн 5007608573 тоот данс руу 9,050,000 төгрөгийг шилжүүлэн залилуулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Иргэний нэхэмжлэгч Г.Т: “...Мишээл гээд манай найз байдаг, Мишээлтэй уулзахад намайг сургуулиа хэзээ төгсөх талаар асууж байсан, тэгээд би манай нэг найз байдаг, нарийн мэргэжлийн ангид орох сонирхолтой байгаа, оруулж өгөх хүн байгаа талаар асуухад нэг хүн байгаа, уулзаад үз гээд намайг У-тай уулзуулсан, У-тай машин дотор уулзсан. Нарийн мэргэжлийн ангид орох нэг хүн байна, оруулж өгөх боломж байна уу гэж асуухад хүнээс асууж гээд эргээд холбогдохдоо тэр ангид оруулж өгөх боломжийн юм байна, нэг хүний 2,500,000 төгрөгөөр оруулж өгнө гэж надад хэлэхээр нь найз Сувд-Эрдэнэд энэ талаар хэлэхэд зөвшөөрсөн. Тэгээд дахиад өөр найзууд оруулаад өгөх боломжтой бол орьё гээд надад мөнгөө өгөхөөр нь би У-т бичиг баримтуудын хамт өгсөн. ...Сургуульд оруулах хугацаа нь өнгөрсөн учир Сувд-Эрдэнэ бичиг баримтаа авна гээд У-тай хамт сургууль дээр нэг удаа очиж Бат-Ундрах гэдэг хүний өрөөнд У- ороод гарч ирэхдээ Сувд-Эрдэнийн бичиг баримтыг авч гарч ирж байсан. Өөр хүнтэй уулзаж байгаагүй, сургуульд оруулж өгөх талаар хэн нэгний нэр хэлж байгаагүй, цаад хүн гэж ярьж байсан, яг хэн гэдгийг хэлээгүй. Аранжин гэж хүний тухай ярьж байгаагүй, энэ хүний тухай мэдэхгүй. ...Би өөрөө зээл аваад найзуудаас авч У-т өгсөн мөнгийг төлж барагдуулсан. У-т 9,050,000 төгрөг өгсөн, сүүлийн хоёр сарын хугацаанд У- нь 400,000 төгрөгөөр дөрвөн удаагийн гүйлгээгээр мөнгийг шилжүүлээд одоо 3,400,000 төгрөг аваагүй үлдсэн. Энэ мөнгөө нэхэмжилж байна...” гэв.
Шүүгдэгч С.У-: “...Би Тагнуулын ерөнхий газрын барилгын ажил дээр ажиллаж байхад Мишээл гэх танил яриад Т гэж дүү байгаа, Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуульд таньдаг хүн байгаа гэхээр нь Аранжингаас асууж үзэхэд болно, тэр хүүхдээ явуулчих гэхээр нь 1,200,000 төгрөг өгөөд 2-3 хоногийн дараа сургуульдаа орчихсон гэж надад хэлсэн. ...Дараа нь Мишээл дахиж яриад нөгөө хүүхдийн чинь ах Т гээд бас ангиа солиулах гэж байгаа юм байна гэхээр нь Ттай уулзчихаад, Аранжинтай уулзахад болно гэсэн. Тэгээд Таас 3,000,000 төгрөгийг авч Аранжинд өгсөн, тэр хүн хүлээж бай, Бат-Ундрах гэх хүнд материалыг чинь өгсөн гэж хэлж байсан. Ттай дөрвөн ч удаа хамт очсон байдаг. Тухайн үед цар тахал болоод сургууль болохгүй байна гэхээр нь энэ талаар Тад хэлж байсан. Мөнгө өгсөн цаад хүмүүс нь яриад байна гэхээр нь нөгөө хүнээсээ мөнгийг нь аваад Тад өгсөн. Ийм л зүйл болсон. ...Аранжинд сүүлд 9,000,000 төгрөгийг өгсөн, мөнгө шилжүүлсэн баримт байгаа. ...Хуурна гэж бодоогүй, тусалъя л гэж бодсон...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Д.Ариунсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би найз Тад 2,500,000 төгрөг шилжүүлсэн. ...Тэгээд Тыг залилуулсан талаар мэдээд өөрийнхөө үлдэгдэл 1,550.000 төгрөгийг авсан. Т өөрөө одоо залилан мэхэлсэн У- залуугаасаа мөнгөө нэхэмжилж авах байх...” /хх-ийн 119-120/ гэсэн,
Хохирогч Ц.Цэлмэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 10 дугаар сарын эхээр ...Т Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн нарийн мэргэжлийн ангид бүртгэж байна гэхээр нь Тын хэлсэн 2,500,000 төгрөгийг түүний Хаан банкны данс руу шилжүүлсэн. ...Т Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуульд ажилладаг У- гэх хүнд өгнө тухайн мөнгийг өгнө гэж байсан. ...Миний өгсөн 2,500,000 төгрөгийг Т надад төлж барагдуулсан, цаад хүнээсээ өөрөө мөнгөө авна гэж хэлсэн...” /хх-ийн 27-29, 122-123, 195-196/ гэсэн,
Хохирогч С.Уянга мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний найз Т 2019 оны 10 дугаар сарын орчим Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нарийн мэргэжлийн ангид оруулж өгдөг хүн байна гэхээр нь миний бие дээрх ангид бүртгүүлэхээр болж 2.500.000 төгрөгийг Тын Хаан банкны дансанд шилжүүлэн өгсөн. Би цаад сургуульд оруулж өгөх хүнтэй нь уулзаж байгаагүй бөгөөд миний 2.500.000 төгрөгийг Т буцаан өгсөн байгаа болохоор надад гомдол, санал байхгүй...” /хх-ийн 125-126/ гэсэн,
Хохирогч Г.Сувд-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай сургуулийн найз Т надад хандан 2019 оны 9 дүгээр сарын эхээр нарийн мэргэжлийн эмчийн сургалтад орох уу, 2.500.000 төгрөгийн төлбөр төлөөд ордог юм байна, хэрвээ чи орохоор бол өнөөдөр 500,000 төгрөгийн өгөх юм байна гэхээр нь би У-ын Хаан банкны данс руу нь тухайн өдрөө 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд хоёр хоногийн дараа үлдсэн 2,000,000 Тын Хаан банкны данс руу шилжүүлээд бичиг баримтаа бас өгсөн...” /хх-ийн 129-130
Иргэний нэхэмжлэгч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...танил У- гэх залуу надтай уулзах үед тэрээр Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн нарийн мэргэжлийн ангид оруулж өгч чадна гэхээр нь би өөрийнхөө оюутны найзууд болох Ариунсайхан, Уянга, Сувд-Эрдэнэ, Цэлмэг нарт хэлсэн. Тэгээд У-тай дахин холбогдоход нэг хүний 2,500,000 төгрөг өгчихвөл оруулж чадна гэхээр нь найз нараасаа 9,050,000 төгрөг цуглуулж өөрийн данснаасаа У-ын өгсөн 5007608573 гэсэн данс руу 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлж өгсөн. ...Нарийн мэргэжлийн сургууль 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэхээр нь У-тай холбогдож асуухад удахгүй бүтнэ гэсээр байгаад өнөөдрийг хүрсэн. ...Найз Ариунсайхан, Уянга, Цэлмэг нарын мөнгийг буцаан өгсөн. Сувд-Эрдэнийн мөнгийг У-аас авч өгнө. Би У-т өгсөн 9,050,000 төгрөгөө нэхэмжлэх хүсэлтэй байна...” /хх-ийн 18-19, 132-133, 193-194/,
Гэрч П.Ундармаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай нөхөр С.У- дээд боловсролтой, ...төрийн албанд ажиллаж байгаагүй, ...анагаахын чиглэлээр ажил төрөл хийж байгаагүй, эмч найз нар байдаг...” /хх-ийн 29-30/ гэсэн,
Шүүгдэгч С.У- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Гэм буруутай, маргах зүйл байхгүй. Миний дансанд 9,050,000 төгрөг орсон. ...Хохирогч нарын мөнгийг иргэний нэхэмжлэгч Г.Тад буцааж өгсөн...” /хх-ийн 42-43, 197-198/ гэсэн мэдүүлгүүд,
- Өргөдөл /хх-ийн 7/,
- Г.Тын депозит дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 115-117/,
- Шүүгдэгч С.У-ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 49-55/, эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 70-82, 189-191/, Хаан банкны дансны хуулга /хх-ийн 86-105/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 153-154/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, С.У-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч С.У- нь Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн нарийн мэргэжлийн сургуулийн ангид оруулж өгнө гэж өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр Г.Тад итгүүлэн түүнийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, 2019 оны 9 дүгээр сарын 25-наас 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хооронд 9,050,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5007608573 тоот данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Ариунсайханы “...Би найз Тад 2,500,000 төгрөг шилжүүлсэн. ...Тэгээд Тыг залилуулсан талаар мэдээд өөрийнхөө үлдэгдэл 1,550.000 төгрөгийг авсан. Т өөрөө одоо залилан мэхэлсэн У- залуугаасаа мөнгөө нэхэмжилж авах байх...” /хх-ийн 119-120/ гэсэн, хохирогч Ц.Цэлмэгийн “...2019 оны 10 дугаар сарын эхээр ...Т Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн нарийн мэргэжлийн сургуульд бүртгэж байна гэхээр нь Тын хэлсэн 2,500,000 төгрөгийг түүний Хаан банкны данс руу шилжүүлсэн. ...Т Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуульд ажилладаг У- гэх хүнд өгнө тухайн мөнгийг өгнө гэж байсан. ...Миний өгсөн 2,500,000 төгрөгийг Т барагдуулсан, цаад хүнээсээ өөрөө мөнгөө авна гэж хэлсэн...” /хх-ийн 27-29, 122-123, 195-196/ гэсэн, хохирогч С.Уянгын “...Миний найз Т 2019 оны 10 дугаар сарын орчим Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нарийн мэргэжлийн сургуульд оруулж өгдөг хүн байна гэхээр нь миний бие дээрх ангид бүртгүүлэхээр болж 2.500.000 төгрөгийг Тын Хаан банкны дансанд шилжүүлэн өгсөн. Би цаад сургуульд оруулж өгөх хүнтэй нь уулзаж байгаагүй бөгөөд миний 2.500.000 төгрөгийг Т буцаан өгсөн болохоор надад гомдол санал байхгүй...” /хх-ийн 125-126/ гэсэн, хохирогч Г.Сувд-Эрдэнийн “...Манай сургуулийн найз Т надад хандан 2019 оны 9 дүгээр сарын эхээр нарийн мэргэжлийн сургуульд эмчийн сургалтад орох уу, 2.500.000 төгрөгийн төлбөр төлөөд орох юм байна, хэрвээ чи орохоор бол өнөөдөр 500,000 төгрөгийн өгөх юм байна гэхээр нь би У- гэх хүний Хаан банкны данс руу нь тухайн өдрөө 500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд хоёр хоногийн дараа үлдсэн 2,000,000 Тын Хаан банкны данс руу шилжүүлээд бичиг баримтаа бас өгсөн...” /хх-ийн 129-130/, иргэний нэхэмжлэгч Г.Тын “...танил У- гэх залуу надтай уулзах үед тэрээр Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн нарийн мэргэжлийн сургуулийн ангид оруулж өгч чадна гэхээр нь би өөрийнхөө оюутны найзууд болох Ариунсайхан, Уянга, Сувд-Эрдэнэ, Цэлмэг нарт хэлсэн. Тэгээд У-тай дахин холбогдоход нэг хүний 2,500,000 төгрөг өгчихвөл оруулж чадна гэхээр нь найз нараасаа 9,050,000 төгрөг цуглуулж өөрийн данснаасаа У-ын өгсөн 5007608573 гэсэн данс руу 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлж өгсөн. ...Нарийн мэргэжлийн сургууль 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэхээр нь У-тай холбогдож асуухад удахгүй бүтнэ гэсээр байгаад өнөөдрийг хүрсэн. ...Найз Ариунсайхан, Уянга, Цэлмэг нарын мөнгийг буцаан өгсөн. Сувд-Эрдэнийн мөнгийг У-аас авч өгнө. Би У-т өгсөн 9,050,000 төгрөгөө нэхэмжлэх хүсэлтэй байна...” /хх-ийн 18-19, 132-133, 193-194/, гэрч П.Ундармаагийн “...Манай нөхөр С.У- дээд боловсролтой, ...төрийн албанд ажиллаж байгаагүй, ...анагаахын чиглэлээр ажил төрөл хийж байгаагүй, эмч найз нар байдаг...” /хх-ийн 29-30/ гэсэн, шүүгдэгч С.У-ын “...Гэм буруутай, маргах зүйл байхгүй. Миний дансанд 9,050,000 төгрөг орсон...” /хх-ийн 42-43, 197-198/ гэсэн мэдүүлгүүд, Г.Тын депозит дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 115-117/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Бусдыг хуурч мэхлэх арга нь бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бусдын итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлж, өмчлөгч өөрийн хөрөнгийг өөрөө өгөхөд хүргэх бөгөөд шүүгдэгч С.У-ын дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэв.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.У-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.У-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Сувд-Эрдэнэ, Ц.Цэлмэг, С.Уянга нарын эд хөрөнгөд тус бүр 2,500,000 төгрөгийн, хохирогч Д.Ариунсайханы эд хөрөнгөд 1,550,000 төгрөгийн хохирол тус тус учирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Г.Т нь нэр бүхий хохирогч нарт 9,050,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Харин шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Г.Тад 9,000,000 төгрөг төлсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн боловч /хх-ийн 176/, иргэний нэхэмжлэгч Г.Т шүүх хуралдаанд 3,400,000 төгрөгөө аваагүй байгаа талаар мэдүүлсэн, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар энэ талаар маргахгүй байх тул шүүгдэгч С.У-аас 3,400,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, хохирол гаргуулахаар шийдвэрлэсний дараа буюу 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр шүүгдэгч С.У- 3,400,00 төгрөгийг төлсөн буюу /шүүхэд гаргаж өгсөн баримт, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг/ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй болно.
Шүүгдэгч С.У- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, шүүгдэгч нь энэ төрлийн гэмт хэрэгт урьд нь гэм буруутайд тооцогдож шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэр гарснаас хойш 5 сарын дараа дахин энэ төрлийн гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн түүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, үүрэг хүлээлгэх боломжгүй гэж үзэв. Иймд шүүгдэгч С.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэж заажээ.
Шүүгдэгч С.У- урьд нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 323 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 08 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан бөгөөд /хх-ийн 189-191/ шүүгдэгч нь тэнссэн хугацаанд буюу 2019 оны 9 дүгээр сарын 25-наас 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хооронд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 323 дугаар шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, түүнд өмнөх шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсантай холбоотой уг шийтгэх тогтоолоос С.У-ыг тэнссэнтэй холбоотой заалтуудыг хүчингүй болгож шийдвэрлэхээр тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 08 /найм/ сарын хорих ял дээр, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 323 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон гэмт хэрэгт оногдуулсан 08 /найм/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 01 /нэг/ жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар тогтоож, хохирол төлсөн нөхцөл байдлыг харгалзан уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор заасан, шүүгдэгч С.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс /1-р хх-ийн 31/ 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 31 хоног цагдан хоригдсон, шүүхийн шатанд буюу 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 7 хоног цагдан хоригдсон, нийт 38 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн 2010001150744 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.У- бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М- овогт С-ын У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-ын У-т 08 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 323 дугаар шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-т 08 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 08 /найм/ сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 08 /найм/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч С.У-ын нийт эдлэх ялыг 01 /нэг/ жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-т оногдуулсан 1 /нэг/ жил 04 /дөрөв/ сарын хорих ял нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-ын цагдан хоригдсон 38 /гучин найм/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
8. Эрүүгийн 2010001150744 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.У- бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
9. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 323 дугаар шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 3, 7 дахь заалтыг тус тус хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.У-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.У-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР