| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2021/0166/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/169 |
| Огноо | 2021-03-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/169
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч Ө.И-, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О овогт Ө-н И-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2110001010044 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1997 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 468 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хорих ялаар,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 171 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 140 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1277 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, О овогт Ө-н И,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.И- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 54Д байрны гадна 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 20 цагийн үед иргэн Ц.Д-ийг 20,000 төгрөгөөр 4 пиво авахад ямар бага мөнгө хариулж ирдэг юм гэж хэлсэнд маргалдан нүүрэнд нь гараараа цохиж, биед нь зүүн нүдний зовхи, зүүн шанаа, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Ө.И-: “...Хэрэг болсон өдөр найз Пүрэвтэй гэрийнхээ ойролцоо уулзаад 7-8 лааз пиво аваад хувааж уусан, тэгээр Пүрэвээ бид хоёр дэлгүүр орох гээд явж байхдаа найз Ууганаатай таарсан, бид гурав хамт дэлгүүр орохоор болоод явж байхад байрны хамгаалагчтай тааралдаад бид гурав пиво уух гэж байна, уух уу гэхэд ууя гээд бид дөрвүүлээ нэг, нэг пиво уугаад дахиж пиво уухаар болоход хамгаалагч мөнгө өгөөд Пүрэвийг пивонд явуулсан, Пүрэвээ ирэхдээ дөрвөн пиво аваад хариулт мөнгөтэй эргэж орж ирээд хариулт мөнгийг хамгаалагчид өгөхөд хамгаалагч бага мөнгө хариулж өглөө гэхэд хамт дэлгүүр орж худалдагчаас асуухад 11 гаруй мянган төгрөг хариулсан байхаар нь дэлгүүрээс гараад би Пүрэвээд уурлаад маргалдсан, тэгсэн хамгаалагч та нар хүний юм хулгайллаа гээд уурлахаар нь би маргалдаад түүнийг цохисон. Миний буруу архи согтууруулах ундаа хэрэглэхээрээ ингээд байна, архийг их хэрэглэдэггүй, тухайн болсон асуудлыг санаж байгаа, хохирол төлбөрт 120,000 төгрөг төлсөн...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Ц.Д- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ...жижүүрийн байрандаа ороход араас гурван залуу орж ирээд пиво ууж байгаад намайг пиво аваад өг гэхээр нь ...нэг залууд 20.000 төгрөг өгөөд явуулахад 4 пиво авсан байхаар нь “яаж байгаа юм, мөнгө үлдээхгүй, баримтыг нь аваад ир” гэж хэлээд араас нь дэлгүүр лүү ороод баримт авах гээд дэлгүүрийн хүнтэй маргаан болж байхад нөгөө гурван залуу гараад явахаар нь би хойноос нь гараад “та нар пивоо аваад яваарай, ажлын байран дээр хамаагүй болохгүй” гэхэд нэг хар куртиктэй залуу нь “за яахав, дараа уулзана аа” гээд намайг татаад харуулын байрны хойно миний нүүрэнд нэг удаа цохисон. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгч байхад хойноос дахиад нөгөө хар куртиктэй залуу ирээд нүүр лүү цохиод ярьж байсан утас аваад нүүр лүү цохиод байхаар нь зугтахад араас хөөхөөр нь орц руу ороход араас ирээд дахиад цохисон. ...Хар куртиктэй залуу намайг цохиж гэмтэл учруулсан...” /хх-ийн 11-12, 14-15/ гэсэн,
Гэрч Б.Пүрэв мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “..2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ...И- харуул ахтай хоорондоо юм ярьж зогсож байснаа харуулын байр руу орьё гэж Ууганбаяр бид хоёрыг дуудсан. ...Харуул ах пиво авч өгье гээд надад 20,000 төгрөг өгсөн. ...Бид нар дэлгүүрээс гараад Ууганбаяр, И-, харуул ах нар G-108 дугаарын байрны хашаанд орчихсон, би наана тамхи татаж дуусаад араас нь очиход баахан хүмүүс шуугилдаад байсан. ...Харуул ах байрны орц руу гүйж ороод И-, Ууганбаяр хоёр араас нь гүйгээд орсон. Би араас нь орц руу ороход жижүүр ахын зүүн нүднийх нь дор хавдаж улайсан харагдаж байсан. Анх жижүүр ахтай уулзахад нүүр хэсэгт ямар нэг гэмтэл шарх харагдаагүй...” /хх-ийн 21-22, 27/ гэсэн,
Гэрч Э.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Жижүүр ах Пүрэвээг чи надад хариулт мөнгө дутуу өгсөн байна гэхэд И- Пүрэвээг гэдэс рүү нь нэг удаа цохисон. Тэгсэн чинь жижүүр ах И- рүү дайраад дараа нь намайг цохих уу гээд мөрнөөс нь татаад байхаар нь И- жижүүр ахыг хоёр удаа мангасдахад чи намайг зодлоо, цагдаа дуудна гээд утсаа гаргаж ирээд ярьсан. Тэгтэл Идэрээ би таныг өмөөрч байхад гэхэд чи байж бай, хүнийг утсаар ярьж байхад гээд гар утсаа газар шидсэн. Би утсыг нь аваад жижүүр ахад өгөхөд байрны гадаа туслаарай гээд орилоод байхаар нь та юу ч болоогүй байхад яагаад орилоод байгаа юм бэ гэхэд орц руу гүйгээд орохоор нь И- бид хоёр араас нь ороод И- жижүүр ахтай маргалдсан. ...Байрны гадна байхад И- жижүүр ахыг хоёр удаа мангасдсан. Тэгээд орцонд байхад 2-3 удаа цохих гээд дайраад байхаар нь би салгасан. ...Жижүүр ахын зүүн талын нүдний ойролцоо хэсэг нь улайсан байсан...” /хх-ийн 23-25/ гэсэн,
Шүүгдэгч Ө.И- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр жижүүр ах, Д- Пүрэвээ бид нар дэлгүүр орж пивоны үнэ асуусан ....буцаж гараад би Пүрэвээг хүний хариулт мөнгө зөв өгөхөд яадаг юм гээд гэдэс рүү нь нэг удаа цохисон. Тэгтэл жижүүр ах гарч ирээд бид нарыг хулгайч луйварчин, надаас юу хулгайлах гээд байгаа юм гэхээр нь харуулын байрны наана хашааны хажууд жижүүр Д-ийг нэг удаа шанааных нь хажууд гараараа цохиход халтирч унаад босож ирээд цагдаа дуудна гээд надтай маргалдаад байхаар нь цагдаагаа дуудаад ир гээд зуурч авахад Ууганбаяр боль гээд салгасан. Энэ үед жижүүр цаашаа гүйгээд орц руу орсон. ...Би Д-ийг 1-2 удаа гараараа нүүр лүү нь цохисон, биед учирсан гэмтлийг нь би учруулсан...” /хх-ийн 85-87/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №465 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Цохилтын хүчийг тодорхойлох боломжгүй.
2. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. 10. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь хохирогчийн өөрийнх нь гараар үүсэх боломжгүй.
5.8 Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй.
7.9 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
11. Ц.Д-ийн биед зүүн нүдний зовхи, зүүн шанаа, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо...” /хх-ийн 30-31/ гэсэн дүгнэлт,
- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх-ийн 8/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 34-36/,
- Хохирогчийн хүсэлт /хх-ийн 53/,
- Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 54-57/,
- Эрүүгийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 85-86/,
- Шүүгдэгч Ө.И-ийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 47/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 60-78/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ө.И-өд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ө.И- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 54Д байрны гадна 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 20 цагийн үед иргэн Ц.Д-ийг 20,000 төгрөгөөр дөрвөн пиво авахад ямар бага мөнгө хариулж ирдэг юм гэж хэлснээс болж, маргалдан нүүрэнд нь гараараа цохиж, биед нь зүүн нүдний зовхи, зүүн шанаа, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох хохирогч Ц.Д-ийн “...Нэг залууд 20.000 төгрөг өгөөд явуулахад дөрвөн пиво авсан байхаар нь “яаж байгаа юм, мөнгө үлдээхгүй, баримтыг аваад ир” гэж хэлээд араас нь дэлгүүр лүү ороод баримт авах гээд дэлгүүрийн хүнтэй маргаан болж байхад нөгөө гурван залуу гараад явахаар нь би хойноос нь гараад “та нар пивоо аваад яваарай, ажлын байран дээр хамаагүй болохгүй” гэхэд нэг хар куртиктэй залуу нь “за яахав, дараа уулзана аа” гээд намайг татаад харуулын байрны хойно миний нүүрэнд нэг удаа цохисон. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгч байхад хойноос дахиад нөгөө хар куртиктэй залуу ирээд нүүр лүү цохиод ярьж байсан утас аваад нүүр лүү цохиод байхаар нь зугтахад араас хөөхөөр нь орц руу ороход араас ирээд дахиад цохисон. ...Хар куртиктэй залуу намайг цохиж гэмтэл учруулсан...” /хх-ийн 11-12, 14-15/ гэсэн, гэрч Б.Пүрэвийн “...Харуул ах байрны орц руу гүйж ороод И-, Ууганбаяр хоёр араас нь гүйгээд орсон. Би араас нь орц руу ороход жижүүр ахын зүүн нүднийх нь дор хавдаж улайсан харагдаж байсан. Анх жижүүр ахтай уулзахад нүүр хэсэгт ямар нэг гэмтэл шарх харагдаагүй...” /хх-ийн 21-22, 27/ гэсэн, гэрч Э.Ууганбаярын “...Байрны гадна байхад И- жижүүр ахыг хоёр удаа мангасдсан. Тэгээд орцонд байхад 2-3 удаа цохих гээд дайраад байхаар нь би салгасан. ...Жижүүр ахын зүүн талын нүдний ойролцоо хэсэг нь улайсан байсан...” /хх-ийн 23-25/ гэсэн, шүүгдэгч Ө.И-ийн “...2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ...Д-ийг нэг удаа шанааных нь хажууд гараараа цохиход халтирч унаад босож ирээд цагдаа дуудна гээд надтай маргалдаад байхаар нь цагдаагаа дуудаад ир гээд зуурч авахад Ууганбаяр боль гээд салгасан. Энэ үед жижүүр цаашаа гүйгээд орц руу орсон. ...Би Д-ийг 1-2 удаа гараараа нүүр лүү нь цохисон, биед нь учирсан гэмтлийг би учруулсан...” /хх-ийн 85-87/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны №465 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт Цохилтын хүчийг тодорхойлох боломжгүй. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хохирогчийн өөрийнх нь гараар үүсэх боломжгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Ц.Д-ийн биед зүүн нүдний зовхи, зүүн шанаа, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо...” /хх-ийн 30-31/ гэсэн дүгнэлт, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 34-36/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Ц.Д-ийн биед учирсан “...зүүн нүдний зовхи, зүүн шанаа, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ө.И- түүний нүүрэнд цохисноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ө.И-ийн хохирогч Ц.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ө.И-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Д-ийн эрүүл мэндэд зүүн нүдний зовхи, зүүн шанаа, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид эм тарианы мөнгө өгсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн /хх-ийн 53/ тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Ө.И- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд 650 /зургаан зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 2110001010044 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ө.И- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ц.Д- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Ө-н И-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө-н И-ийг 650 /зургаан зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ө.И-өд оногдуулсан 650 /зургаан зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.И- оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2110001010044 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ө.И- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ц.Д- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.И-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.И-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР