Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/180

 

 

 

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Б.Энхжин, улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч Б.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О- овогт Б-ийн Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2110000670050 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

  Монгол Улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Дарив суманд төрсөн, 29 настай, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, хувиараа барилгын гадна фасадын ажил хийдэг, ам бүл хоёр, ээжийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, О- овгийн Б-ийн Ж,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ж- нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний орой иргэн Р.А-г Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Удирдлагын академийн  гадаа хүргэж өгөхдөө автомашины арын суудалд гээгдүүлсэн айфоне-6 маркийн гар утас, Хаан банкны виза карт, иргэний үнэмлэх, 300,000 төгрөг зэрэг эд зүйлсийг бусдыг өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

          Шүүгдэгч Б.Ж-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хохирогчийн үлдээсэн байсан эд зүйлийг машины суудал дээрээс авсан. Согтуу хүн суугаад буухдаа эд зүйлээ үлдээсэн байсан. Утсыг нь буцаагаад өгсөн, картаас мөнгө авсан, картанд 800,000 төгрөг байсан, би 300,000 төгрөгийг авч ашигласан. Мөнгийг нь төлөөгүй байгаа, нэг дэх өдөр өгнө гэж хохирогчтой тохиролцсон байгаа. Энэ хэрэг дээр би гэм буруутай...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Р.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр найз Одко, Гантөмөр нарын хамт 10 дугаар хороололд хүний хоёр, хоёр пиво уугаад гэртээ харихаар 10 дугаар хорооллын урд талын замаас цагаан өнгийн 64-02 УБЧ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн машинд суусан, машинд тасраад унтаад өгсөн байсан. Тэгээд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд байрлах Удирдлагын академийн урд талын дэлгүүр дээр буугаад гэртээ орж унтсан. Өглөө нь миний гар утас байхгүй, гар утасны гаднах гэрт миний иргэний үнэмлэх, Хаан банкны карт байсан, дансаа хаалгах гээд өглөө Хаан банк дээр очиход шөнө 04 цагийн үед миний Хаан банкны 5113084331 тоот данснаас 300.000 төгрөгийг бэлэн мөнгөний машинаас бэлнээр уншуулаад авсан байсан. Айфоне-6 маркийн гар утас саарал өнгөтэй, би өөрийн гар утас, иргэний үнэмлэхээ буцааж авсан, 300.000 төгрөгөө авчихвал ямар нэгэн гомдол санал байхгүй...” /хх-ийн 9-10/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Ж- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр үед таксинд явж байсан согтуу иргэнийг хүргэж өгчхөөд дахиад өөр хүн авахад арын суудал дээр гар утас байна гэхээр нь аваад Хаан банкны картыг бэлэн мөнгөний машинд хийгээд төрсөн өдрийг нь хийхэд мөн байхаар нь тухайн бэлэн мөнгөний машинаас бэлэн 300,000 төгрөг авсан. Тухайн үед гар утас, Хаан банкны карт, иргэний үнэмлэхийн хамт авсан, мөнгийг үрээд дуусгасан, хийсэн хэрэгтээ харамсаж байна...” /хх-ийн 32-34/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Өргөдөл /хх-ийн 5/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 15/,

- Хохирогч Р.А-гийн Хаан банкны дансны хуулга /хх-ийн 19/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 23/,

- Шүүгдэгч Б.Жанцагийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 39-40/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Ж- нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний орой иргэн Р.А-г Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Удирдлагын академийн  гадаа хүргэж өгөхдөө тээврийн хэрэгслийн арын суудалд үлдээсэн байсан айфоне-6 маркийн гар утас, Хаан банкны виза карт, иргэний үнэмлэх, 300,000 төгрөг зэрэг эд зүйлсийг бусдыг өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Р.А-гийн “...2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ...10 дугаар хорооллын урд талын замаас цагаан өнгийн 64-02 УБЧ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгсэлд суусан, уг тээврийн хэрэгсэлд суусан хойноо тасраад унтаад өгсөн байсан. Тэгээд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд байрлах Удирдлагын академийн урд талын дэлгүүр дээр буугаад гэртээ орж унтсан. Өглөө нь миний гар утас байхгүй, гар утасны гаднах гэрт миний иргэний үнэмлэх, Хаан банкны карт байсан, дансаа хаалгах гээд өглөө Хаан банкан дээр очиход шөнө 04 цагийн үед миний Хаан банкны 5113084331 тоот данснаас 300.000 төгрөг бэлэн мөнгөний машинаас бэлнээр уншуулаад авсан байсан. Би өөрийн гар утас, иргэний үнэмлэхээ буцааж авсан, 300.000 төгрөгөө авчихвал ямар нэгэн гомдол санал байхгүй...” /хх-ийн 9-10/ гэсэн, шүүгдэгч Б.Ж-гийн “...Тэр үед таксинд явж байгаад согтуу иргэнийг хүргэж өгчхөөд дахиад өөр хүн авахад арын суудал дээр гар утас байна гэхээр нь аваад Хаан банкны картыг бэлэн мөнгөний машинд хийгээд төрсөн өдрийг нь хийхэд мөн байхаар нь бэлэн мөнгөний машинаас 300,000 төгрөг авсан. Тухайн үед гар утас, Хаан банкны карт, иргэний үнэмлэхийн хамт авсан, мөнгийг үрээд дуусгасан...” /хх-ийн 32-34/ гэсэн мэдүүлгүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 15/, хохирогч Р.А-гийн Хаан банкны дансны хуулга /хх-ийн 19/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 23/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Р.А-гийн эд хөрөнгөд 480,000 төгрөгийн хохирол учирсан /хх-ийн 23/ бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь айфоне-6 загварын гар утас, иргэний үнэмлэх, Хаан банкны карт зэрэг эд зүйлийг буцаан өгч /хх-ийн 15/, картаас бэлнээр авсан 300,000 төгрөгийг төлөөгүй байх тул гэм буруутай этгээдээс гаргуулж, хохирогч Р.А-д олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ж- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын заримыг биет байдлаар төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгчийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Ж- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2110000670050 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Ж- цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О- овогт Б-ийн Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн Жанцаг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Ж-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-гаас 300,000 /гурван зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Р.А-д олгосугай.

 

6. Эрүүгийн 2110000670050 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Ж- цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР