| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2021/0129/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/181 |
| Огноо | 2021-03-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/181
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч Б.Ө-, нарийн бичгийн дарга Б.Энхжин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х овогт Б-ы Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2110000000009 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаан хийн гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 22-А дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 06 сар 09 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Б-ы Ө,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ө- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Баяжих Хонхорын задгай гудамжинд 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Э.Дыг хэрүүл хийлээ гэж уурлан нүүрэнд нь мөргөж, биед нь баруун дээд 1 дүгээр шүдний булгаралт, угийн буйлны цус хуралт, дээд үүдэн хоёр, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулын дотор салстын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.Ө-: “...Шүүх хуралдаанд мэдүүлэг гаргахгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, хохирогчийг урьд нь таньдаг. Хохирогчийн биед учруулсан гэмтлийг би мөргөж учруулсан. Хохирогч намайг шанаадаад байхаар нь хоёр гараараа татаж байгаад мөргөчихсөн. Хохирол төлөөгүй, 4,080,000 төгрөг нэхэмжилсэн, юуны зардал болохыг мэдэхгүй, шүд хугалсан гэж нэхэж байсан. Хохирогчтой уулзаж уучлал гуйсан, гэтэл уучлахгүй, шүүх, цагдаагаараа явна гэж байсан. Ажлаа хийгээд цалингаа авахаар хохирогчийн данс руу хохирлын мөнгийг шилжүүлнэ гэж бодож байгаа...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ...Доогий ахын гэрт ...пиво уугаад сууж байхад ...Ө- гэх залуу орж ирсэн. Тэр үед нь би жаахан хэрүүлийн өнгө аясаар “дүү их том болжээ” энэ тэр гэсэн чинь л намайг “ахаа нэг гараад уулзчих уу” гэхээр нь гадагшаа гарсан чинь шууд л намайг түс хийтэл мөргөчихсөн. ...Миний толгойн зүүн чамархай хэсэг хөндүүртэй байна, үүдэн нэг шүд унасан, хоёр талынх нь шүд хөдөлчихсөн байна. ...Миний үүдэн нэг шүд хугарч унасан, хажуу талынх нь шүд ёзоор нь цуурсан учраас уг шүдийг авч хоёр үүдэн шүд суулгахад 4,080,000 төгрөг болно гэж хэлсэн. Дээрх мөнгийг нэхэмжилж байна...” /хх-ийн 12/ гэсэн,
Гэрч Д.Долгорсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний ач хүү Мөнхзул “эмээ аавыг Лхамаа эгчийн хүүхэд гэрт ирээд ах уулзъя гэж дагуулж гараад зодчихсон байна. Аавын шүд хугарсан байна” гэж хэлсэн. ...Дтай уулзахад шүд нь хугарсан байна лээ...” /хх-ийн 15-16/ гэсэн,
Гэрч М.Амарбаясгалан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 12 дугаар сарын 25-ны орой ...гудамжинд Ө- Дыг толгойгоороо нэг удаа нүүрэнд нь мөргөчихсөн. ...Д араас орж ирээд “сая намайг Ө- мөргөчихлөө” гээд амнаас нь цус гарчихсан, нэг шүд нь уначихсан байсан...” /хх-ийн 17-18/ гэсэн,
Гэрч Н.Сувдмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 12 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим ...Д гэх залуу гарч ирээд Ө-ыг заамдаад авсан. Тэгээд тэр хоёр маргалдаад байсан, шөнө байсан болохоор би яг юу болсныг сайн хараагүй. Ямар ч байсан мөргөлдөөд байх шиг байсан...” /хх-ийн 21-22/ гэсэн,
Шүүгдэгч Б.Ө- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Айлд очсон чинь танил Бумаа гэх ах сууж байсан. Бумаа ахтай юм яриад сууж байхад гаднаас Д ах өөр хэдэн хүнтэй хамт орж ирсэн. Тэгээд би орж ирсэн хүмүүстэй нь мэндлээд гарах гэхэд Д ах намайг бүүр тоохоо болчихжээ гээд байсан. Тэгээд би гараад явахад Д ах миний араас гарч ирчхээд намайг заамдаж бариад байхаар нь өөдөөс нь нэг удаа мөргөчихсөн. ...Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Баяжихын Хонхорын задгай буюу Биокомбанитын хогийн цэгийн ойролцоо гадаа гудамжинд хэрүүл хийгээд байхаар нь уур хүрээд нүүр рүү мөргөчихсөн...” /хх-ийн 36-38/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №339 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Э.Дын биед баруун дээд 1-р шүдний булгаралт, угийн буйлны цус хуралт, дээд үүдэн 2, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал, дээд уруулын дотор салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдпээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдуулна...” /хх-ийн 24-25/ гэсэн дүгнэлт,
- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/
- Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8/,
- Хохирогч Э.Дын эмнэлэгт үзүүлсэн баримтын хуулбар /хх-ийн 36-37/,
- Шүүгдэгч Б.Ө-ы хувийн байдалтай холбоотой гэрч Т.Уянга-эрдэнэ, Л.Нандинчимэг нарын мэдүүлэг /хх-ийн 19, 20/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 67-79/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Ө-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Ө- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Баяжих Хонхорын задгай гудамжинд 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Э.Дыг хэрүүл хийлээ гэж уурлан нүүрэнд нь мөргөж, биед нь баруун дээд 1 дүгээр шүдний булгаралт, угийн буйлны цус хуралт, дээд үүдэн хоёр, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулын дотор салстын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Дын “...2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ...Доогий ахын гэрт ...пиво уугаад сууж байхад ...Ө- гэх залуу орж ирсэн. Тэр үед нь би жаахан хэрүүлийн өнгө аясаар “дүү их том болжээ” энэ тэр гэсэн чинь л намайг “ахаа нэг гараад уулзчих уу” гэхээр нь гадагшаа гарсан чинь шууд л намайг түс хийтэл мөргөчихсөн. ....Миний толгойн зүүн чамархай хэсэг хөндүүртэй байна. Үүдэн нэг шүд унасан, хоёр талынх нь шүд хөдөлчихсөн байна. ...Миний үүдэн нэг шүд хугарч унасан, хажуу талынх нь шүд ёзоор нь цуурсан...” /хх-ийн 12/ гэсэн, гэрч Д.Долгорсүрэнгийн “...Миний ач хүү Мөнхзул “эмээ аавыг Лхамаа эгчийн хүүхэд гэрт ирээд ах уулзъя гэж дагуулж гараад зодчихсон байна. Аавын шүд хугарсан байна” гэж хэлсэн. ...Дтай уулзахад шүд нь хугарсан байна лээ...” /хх-ийн 15-16/ гэсэн, гэрч М.Амарбаясгалангийн “...2020 оны 12 дугаар сарын 25-ны орой ...гудамжинд Ө- Дыг толгойгоороо нэг удаа нүүрэнд нь мөргөчихсөн. ...Д араас орж ирээд “сая намайг Ө- мөргөчихлөө” гээд амнаас нь цус гарчихсан, нэг шүд нь уначихсан байсан...” /хх-ийн 17-18/ гэсэн, шүүгдэгч Б.Ө-ы “...Айлд очсон чинь танил Бумаа гэх ах сууж байсан. Бумаа ахтай юм яриад сууж байхад гаднаас Д ах өөр хэдэн хүнтэй хамт орж ирсэн. Тэгээд би орж ирсэн хүмүүстэй нь мэндлээд гарах гэхэд Д ах намайг бүүр тоохгүй болчихжээ гээд байсан. Тэгээд би гараад явахад Д ах миний араас гарч ирчхээд намайг заамдаж бариад байхаар нь өөдөөс нь нэг удаа мөргөчихсөн...” /хх-ийн 36-38/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №339 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Э.Дын биед баруун дээд 1-р шүдний булгаралт, угийн буйлны цус хуралт, дээд үүдэн 2, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал, дээд уруулын дотор салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 24-25/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Э.Дын биед учирсан “...баруун дээд 1-р шүдний булгаралт, угийн буйлны цус хуралт, дээд үүдэн 2, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал, дээд уруулын дотор салстын цус хуралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Ө-ы түүний нүүр рүү мөргөснөөс үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Ө-ы хохирогч Э.Дын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ө-ы үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Дын эрүүл мэндэд баруун дээд 1-р шүдний булгаралт, угийн буйлны цус хуралт, дээд үүдэн 2, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал, дээд уруулын дотор салстын цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотой эмчилгээний зардалд 4,080,000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн боловч энэ талаар баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлээгүй байх тул хохирогч Э.Д гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгч Б.Ө- үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан үндэслэлээр 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 3 дугаар сарын 19-ний нийт 8 хоног цагдан хоригдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, нийт 8 хоногийг 64 цагаар тооцож, шүүгдэгчид оногдуулсан ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 256 цаг /320-64=256/ нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох хууль зүйн үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Б.Ө- хуульд заасны дагуу нийтэд тустай ажил хийлэх ял оногдуулсан, шүүгдэгч Б.Ө- нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоосон хугацаанд биелүүлэх бөгөөд биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 2110000000009 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Ө- энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б-ы Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ы Ө-д 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө- цагдан хоригдсон 8 /найм/ хоногийн нэг хоногийг найман цагаар тооцож нийт 64 цагийг түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 256 /хоёр зуун тавин зургаа/ цагаар тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Ө-д оногдуулсан 256 /хоёр зуун тавин зургаа/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө- оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй
6. Эрүүгийн 2110000000009 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Ө- энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, хохирогч Э.Д гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ө-д урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР