Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/184

 

 

 

 

 

 

 

    2021         3          19                                       2021/ШЦТ/184

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Б.Энхжин, улсын яллагч Н.Нарангэрэл, шүүгдэгч Д.Л- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б- овогт Д-ын Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2110002530126 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

  Монгол Улсын иргэн, 1979 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрийн менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ...тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б- овогт Д-ын Л,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Л- нь 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Цэлмэг хотхоны 000 дугаар байрны 000 тоотод байрлах гэртээ өөрийн эхнэр Ж.О-тай хүүхдийн хүмүүжлийн асуудлаас болж маргалдан улмаар түүний хөл рүү хогийн шүүрийн ишээр 5-6 удаа цохиж, зодон эрүүл мэндэд нь гуя, шилбэнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

          Шүүгдэгч Д.Л-: “...Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын ажил эрхлээд сарын 1 сая төгрөгийн орлоготой, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ дүгнэлт хийсэн, эхнэрээ зодсон нь буруу, амьдрахад янз бүрийн зүйл тохиолддог, тэр бүгдийг зохицуулж байх ёстой юм байна, амьдралд тохиолдож байгаа зүйлийг мэдрэмжээрээ зөв тодорхойлох ёстой юм байна. Өмнө нь эхнэртэй ийм байдлаар гарч хүрч байгаагүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Ж.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Л- нь 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэртээ байхдаа хүүхдээ хүмүүжүүлэх асуудлаар ярилцаж байгаад маргалдсан. Манай нөхөр уурласандаа намайг шүүрийн ишээр хоёр хөл, гуя, шилбэ хэсэгт 7-8 удаа цохиж гэмтэл учруулсан. ...Өмнө нь бид хоёр маргалдаж байсан, гэхдээ намайг зодож цохиж байгаагүй...” /хх-ийн 9-10, 11-13/ гэсэн,

 

Гэрч Б.Ханд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Л-, О- хоёр гэр бүл болоод 6 жил болж байна. Дундаасаа 3 хүүхэдтэй, хоорондын харилцаа хэвийн, нэг нэгэндээ гар хүрсэн талаар хэлж байгаагүй...” /хх-ийн 21-23/ гэсэн,

 

Шүүгдэгч Д.Л- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ...эхнэрийнхээ биед гар хүрсэн асуудалд маш их гэмшиж байна. Дахин хоорондоо маргалдаж цохиж зодсон зүйл байхгүй, анх удаа гар хүрсэн тохиолдол юм. Өмнө нь хэрэлдэж, маргалдаж байсан болохоос зодож цохиж байгаагүй...” /хх-ийн 35-36/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №1165 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ж.О-ы биед хоёр гуя, шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 25-26/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2/,

- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 6/,

- Шүүгдэгч Д.Л-гийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43/ эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 45-46/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 47/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 48-50/, боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 51-53/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Л-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Л- нь 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Цэлмэг хотхоны 107 дугаар байрны 154 тоотод байрлах гэртээ өөрийн эхнэр Ж.О-тай хүүхдийн хүмүүжлийн асуудлаас болж маргалдан улмаар түүний хөл рүү хогийн шүүрийн ишээр 5-6 удаа цохиж, зодон эрүүл мэндэд нь гуя, шилбэнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ж.О-ы “...Л-тэй 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэртээ байх үедээ хүүхдээ хүмүүжүүлэх асуудлаар ярилцаж байгаад маргалдсан. Манай нөхөр уурласандаа намайг шүүрийн ишээр хоёр хөл, гуя, шилбэ хэсэгт 7-8 удаа цохиж гэмтэл учруулсан...” /хх-ийн 9-10, 11-13/ гэсэн, шүүгдэгч Д.Л-гийн “...2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ...эхнэрийнхээ биед гар хүрсэн асуудалд маш их гэмшиж байна. Дахин хоорондоо маргалдаж цохиж зодож байхгүй, анх удаа гар хүрсэн тохиолдол. Өмнө нь хэрэлдэж, маргалдаж байсан болохоос зодож цохиж байгаагүй...” /хх-ийн 35-36/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны №1165 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Ж.О-ы биед хоёр гуя, шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 25-26/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Ж.О-ы биед учирсан “...хоёр гуя, шилбэнд цус хуралт, зулгаралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Д.Л-гийн түүний хөлд шүүрийн ишээр цохисноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Л-гийн хохирогч Ж.О-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Л-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.О-ы эрүүл мэндэд хоёр гуя, шилбэнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нар нь сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Д.Л- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Л- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2110002530126 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.Л- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ж.О- гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б- овогт Д-ын Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ын Л-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.Л-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2110002530126 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.Л- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ж.О- гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай..

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР