Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 151/ШШ2017/00275

 


2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 151/ШШ2017/00275

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Нэхэмжлэгч Төв аймаг, Жаргалант сум, 4-р баг, Загдал чандмань 2 гудамж, 13 тоотод оршин суух НМ57032719 регистрийн дугаартай Сартуул овогт Данзангийн Мягмарын улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Мягмар, нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
 
Хүсэлт гаргагч Д.Мягмар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Миний бие Завхан аймагт төрсөн. Бага дунд сургууль төгсөөд 1977 онд Улаанбаатар багшийн сургуульд орж 1981 онд төгсөөд 1981 оны 07 сарын 15-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Загдал тасгийн бага сургуульд бага ангийн багшаар 1985 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл, ажиллаж байгаад цэргийн алба хаасан. Дараа нь Төв аймгийн Жаргалантын Сангийн аж ахуйн Загдал тасагт 1985 оны 07 сарын 13-ны өдрөөс 1992 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл тракторч, комбайнчаар ажилласан. Тэтгэвэрт гарах гэтэл 1992 онд ажлаас гарсан тухай тушаал архиваас олдоогүй, харин хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт байдаг. Багшаар ажилаж байсан байдлыг тогтоох шаардлагагүй баримт нь бүрэн байдаг. Иймд цуглуулсан нотлох баримтыг үндэслдэн тракторч, комбайнчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
 
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь: 
 
Д.Мягмар нь Төв аймгийн Жаргалантын Сангийн аж ахуйн Загдал тасагт 1985 оны 07 сарын 13-ны өдрөөс 1992 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл тракторч, комбайнчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ.
Үүнд:
1. 1981 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Улаанбатар хот, багшийн сургуулийн захирал Данзангийн Мягмарт олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
2. Зэвсэгт хүчний төв архивын 2002 оны 11 сарын 04-ний өдрийн 2110 дугаартай архивын лавлагаанд .....Д.Мягмар 1975 оны 06 сарын 05-ны өдөр цэргийн албанд татагдан 1978 оны 06 срын 20-ны өдөр 300691 дугаарын батлахтай халагдсан... гэх бичилт,
3. Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн даргын 1985 оны 07 сарын 16-ны өдрийн 197 дугаартай ажилд томилох тухай тушаалын хавсралтын ...4 дүгээрт Д.Мягмар Загдал тасагт трактор, комбайнчнаар.... гэх бичилт,
4. Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн даргын 1991 оны 11 сарын 20-ны өдрийн 272 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалын хавсралтын .... 74 дүгээрт Д.Мягмар 30 хоногоор амрах... гэх бичилт,
5. Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн даргын 1991 оны 12 сарын 31-ний өдрийн 305 дугаартай ажилд нөхөн томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалд ....Д.Мягмарыг тракторч, комбайнчнаас чөлөөлж Загдал ХК-ийн мэдэлд шилжүүлэв.... гэх бичилт,
6. Гэрч Г.Бэгзсүрэн:  Д.Мягмар нь Төв аймгийн Жаргалант сумын Загдал тасагт 1985 оноос 1992 он хүртэл ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт хамт ажиллаж байсан талаарх тэмдэглэл,

-гэрч Д.Батболд: Д.Мягмар нь Төв аймгийн Жаргалант сумын Загдал тасагт 1985 оноос 1992 он хүртэл ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.

Д.Мягмарын ажлаас чөлөөлсөн тушаал нь өөрт болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Харин тракторчнаар ажиллаж байсан тухай үйл явдлыг хөдөлмөрийн дэвтрийн 8, 9 дэхь тал, мөн 12, 13 дах талд Загдал ХК-д тоо бүртгэгчээр томилж байсан тухай бичилтээр ажлаас чөлөөлсөн он, сарыг тогтоох үндэслэлтэй байна.
 
Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн даргын тушаалууд болон гэрч нарт хууль сануулж асуусан мэдүүлэг, тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь бичилт нь хамт нэг дор ажиллаж байсан болохыг нотолсон байх тул ач холбогдолтой нотлох баримт гэж дүгнэв.
 
Иймд дээрх нотлох баримтыг хуульд зааснаар өөрийн дотоод итгэлээр үнэлж Сартуул овогт Данзангийн Мягмар нь Төв аймгийн Жаргалантын Сангийн аж ахуйн Загдал тасагт 1985 оны 07 сарын 13-ны өдрөөс 1992 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл тракторч, комбайнчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:
 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НМ57032719 регистрийн дугаартай Сартуул овогт Данзангийн Мягмар нь Төв аймгийн Жаргалантын Сангийн аж ахуйн Загдал тасагт 1985 оны 07 сарын 13-ны өдрөөс 1992 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тракторч, комбайнчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
 
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
 
 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Л.ОЮУНЦЭЦЭГ