Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2018/01417

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 249 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаар магадлалтай,

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“С” ХХК-д холбогдох,

63.752.030 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбишийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш, нарийн бичгийн дарга Э.Боролдой  нар оролцов.

Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь С ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж хамтран ажиллахаар болсон. 2014 оны 05 дугаар сард барилгын ажлаа эхлүүлж 2 орцтой 5 давхар орон сууцны барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Тухайн үед хоорондын тооцоо нийлээгүй бөгөөд С ХХК-иас санал болгосны дагуу манай компанийн барьж байсан барилгаас 2015 оны 01 дүгээр сард 3 өрөө 59.41 мк орон сууцыг барилгын ажлын хөлсөнд тооцож өгч авахаар харилцан тохирсон. Манай компани ажлын хөлсөнд нийт 160.452.000 төгрөг авахаас 114.800.000 төгрөгийг авсан бөгөөд үлдэгдэл болох 45.652.000 төгрөгөөс 35.000.000 төгрөгийг орон сууцны урьдчилгаанд суутгуулан С ХХК-ийн толгой компани болох Минж Проперти ХХК-тай байгуулсан №35/14 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлснөөс хоорондын тооцооны үлдэгдэл болох 71.985.400 төгрөгөөс өөрсдийн охин компани болох С ХХК-руу 18.100.030 төгрөгийг мөн байрны тооцоонд оруулан шилжүүлснийг бид хүлээн зөвшөөрсөн ба хамтарсан комисс ажиллуулалгүйгээр дур мэдэн дангаар шийдвэр гаргаж гэрээгээр хийгдсэн ажлын хөлснөөс 10.652.000 төгрөгийг суутгаж одоог болтол үлдэгдэл төлбөр тооцоог барагдуулаагүй. Уг 3 өрөө орон сууц нь нийт 74.262.500 төгрөгийн үнэтэй бөгөөд үүнээс Минж проперти ХХК-ийн ажлын хөлснөөс 18.100.030 төгрөг охин компани болох С ХХК-ийн ажлын хөлснөөс 35.000.000 төгрөг нийт 53.100.030 төгрөг төлсөн бөгөөд 21.162.470 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас ажлын хөлснөөс хасагдсан 10.652.000 төгрөгийг хасахаар нийт 10.510.470 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд С ХХК-аас ажлын хөлснөөс суутгасан 45.652.000 төгрөг Минж проперти ХХК-аас шилжүүлсэн 18.100.030 төгрөг нийт 63.752.030 төгрөгийг С ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.                                            Хариуцагч “С” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Пүрэвдорж нь манай компаниас Дархан-Уул аймаг, Дархан сум 13 дугаар баг 3 дугаар баг 1 дүгээр орц 4 давхар 59.41 мкв талбай бүхий 3 өрөө байрыг дараа төлбөрийг нь төлөхөөр харилцан тохиролцож авсан. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Бид гэрээтэй холбоотой төлбөрийг төлөөд дууссан. Бетон цутгах болгондоо графикийн дагуу мөнгөө төлж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 249 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С ХХК-аас 63.752.030 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476.711 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдэж, хариуцагчаас 476.711 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 249 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 476.711 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05-р сарын 09-ны өдрийн дугаар 47 тоот магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх бичиг баримт болон нотлох баримт хэрэгт авагдаагүй талууд энэ талаар хуульд заасан үүргийнхээ дагуу нотолж чадаагүй болно гэж үзсэн, анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж гэрчийг оролцуулаагүй, хэргийн бодит үнэнийг тогтооход нотлох баримт нь чухал ач холбогдолтой байдаг гэтэл хариуцагч талын нотлох баримт болох гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэснийг нь давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй байна гэж дүгнээд хүсэлтийг хангаагүй анхан шатны шийдвэр үндэслэл бүхий байна үзэж магадлалын хянавал хэсэгт тусгасан нь хуулийн аль заалтыг үндэслэж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэх үндэслэлтэй байх тул 2018 оны 02-р сарын 28-ны өдрийн 249 тоот шийдвэр, 2018 оны 05-р сарын 0-ны өдрийн 47 тоот магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “С” ХХК-с 63.752.030 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа ажлын хөлсний үлдэгдэл гэжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа хөлсийг бүрэн төлсөн гэсэн тайлбар гаргажээ.

Зохигчийн хооронд 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч нь 2 орцтой, 5 давхар барилгыг батлагдсан зураг, төсөв, барилгын норм дүрмийн хүрээнд барьж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, хариуцагч нь ажлын хөлс 160.452.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан шаардлагад нийцжээ.

“Б” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн орон сууцны барилгыг улсын комисс хүлээн авсан ба энэ талаар маргаагүй байна.

Харин хариуцагч ажлын хөлсийг бүрэн төлсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

“С” ХХК нь дээрх ажлын хөлснөөс 45.652.000 төгрөг төлөөгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, тэрээр татгалзлаа нотолж чадаагүй байна.

Түүнчлэн “Минж проперти” ХХК нь “Б” ХХК-д төлөх 18.100.030 төгрөгийг “С” ХХК-д шилжүүлсэн нь зохигчийн тайлбар, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогджээ.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ ажил гүйцэтгэх гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1., 351 дүгээр зүйлийн 351.1.1. дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч шийдвэрт хэрэглэвэл зохих хуулийг оновчтой сонгон хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх залруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцээгүй байна.

Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон үед уг хөрөнгөө буцаан шаардах талаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан.

“Минж проперти” ХХК нь “Б” ХХК-д төлөх ажлын хөлс 18.100.030 төгрөгийг “С” ХХК-д шилжүүлсэн нь тогтоогдсон, энэ нөхцөлд хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх тул шүүх энэхүү шаардлагыг хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбишийн гаргасан “...Долгормаа, Х.Ганболд, Г.Ганболд, Энхчимэг, Эрхэмбаяр нарыг гэрчээр асуух” тухай хүсэлтийг шүүх хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 249 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...492.1...” гэснийг “...492.1.1.” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбишийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 476.711 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ