| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Эрдэнэбилэг |
| Хэргийн индекс | 204/2018/00015/э |
| Дугаар | 15 |
| Огноо | 2018-04-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 15
Ц.Ц , Ц.С , Ц.Л нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Энхмаа даргалж, ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,
Прокурор Д.Бат-Өлзий
Өмгөөлөгч Т.Оюунчимэг
Р.Шүрхүү
Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгч Ц.Ц , Ц.С , Ц.Л нарын гаргасан давж гомдлоор, эрүүгийн 1727000000002 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын шүүхийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар, 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 63 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгэгдэж, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Боржигин овогт Ц.С
Монгол Улсын иргэн, , урд ял шийтгэлгүй, Зая боржигон овогт Ц.Ц
Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгэгдэж, 2008 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгэгдэж, 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан, 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 сарын хорих ялаар тус тус шийтгэгдэж, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Өндөрийнхэн овогт Ц.Л
Ц.С , Ц.Л , Ц.Ц нар машин механизм ашиглан 2017 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Ц.А , Ш.А , Ж.Б , Г.Э нарын орон байранд нэвтэрч хөрөнгө хууль бусаар авч хохирогч Ц.А д 2045000 төгрөгийн, хохирогч Ш.А д 150000 төгрөгийн, хохирогч Ж.Б т 177000 төгрөгийн, хохирогч Г.Э ад 296100 төгрөгийн буюу нийт 2668100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх, Ц.Л , Ц.Ц , Ц.С нарыг бүлэглэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар Ц.С ыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Ц.Л г 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Ц.Ц ыг 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.С , Ц.Ц , Ц.Л нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С , Ц.Ц , Ц.Л нарын цагдан хоригдсон 105 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нар бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн 00403839 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Ц.Л д, 1005044 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгч Ц.С д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 10-42 УНР Toyota Prius-10 автомашиныг иргэний нэхэмжлэгч Ч.Э-д буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 3500000 төгрөгийг шүүгдэгч хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 1166666 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг өрөөсөн ээмэг, Омо угаалгын нунтаг 1 ширхэг, Висо угаалгын нунтаг 1 ширхэг, нямка давхар печень 6 ширхэг, Миф угаалгын нунтаг 1 ширхэг, Прошок /хүүхдийн угаалгын нунтаг/ 1 ширхэг, Өд оо-ийн цаас 3 ширхэг, Peanuts нэртэй даршилсан самар 2 ширхэг, Jmpression /печень/ 2 ширхэг, Жалам хар нэртэй лааз пиво /0.5 грамм/ 4 ширхэг, Алфен голд шоколад 1 ширхэг, Голден говь нэртэй шоколад 2 ширхэг, Пот пронт шоколад 1 ширхэг зэргийг устгаж, ягаан өнгийн шар ултай эрэгтэй гутал 1 хосыг шүүгдэгч Ц.Л д буцаан олгож, хэрэг битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч Ц.Л , Ц.Ц нарын тус бүр 5 адуу битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С , Ц.Л , Ц.Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелэх хүртэл шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.С нь давж заалдах гомдолдоо:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхээс 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэнд гомдолтой байна. Миний бие Шаргалжуутын рашаан орох зорилготой дүү Ц , Л нарын хамт Хужирт сумын ойролцоо гол гарах гэж байгаад машины касчир чулуунд цохиод цоорч, эвдэрсэн тул цааш явах боломжгүй болсон. Ц.Л , Ц.Ц нар машинаа янзалж би дэлгүүр явахаар болсон. Миний гутал норсон байсан болохоор хөлд хөнгөн гэж дүү Ц.Л гийн тайлж тавьсан пүүзийг авч өмсөж, Хужирт сумруу дэлгүүр орж касчир наах цавуу болон тамхи авахаар ганцаараа явган алхаж явсан. Захын дэлгүүр нь хаалттай байсан болохоор цааш дэлгүүр хайгаад явж байтал нэг айлын хашаанаас хүн гарч утсаар гэрээ түгжээд гарч явна гэж яриад явсан. Тэгээд би эзгүй байгаа юм байна гэж бодоод хашаанд нь ороход 2 давхар мансарттай байшин байсан. Мөн баруун, хойд хөрш айл нь гаднаасаа цоожтой байсан. Цонхыг нь хүчтэй түлхэж ороод хулгайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Эзгүй дэлгүүрт цонхоор нь орж хулгайлсан эд зүйлээ аваад машин дээрээ ирэхэд манай хоёр дүү унтаж байсан. Би хулгайлсан эд зүйлээ машины ар талын тээшинд хийгээд хоёр дүүдээ юу ч хэлэлгүй нуусан. Хоёр дүүгээ дуудаж сэрээхэд өглөө үүр цайж байсан. Өвөрхангай аймаг орж машинаа янзлуулчихаад ээжийн эгчийнд орчихоод морины шүтээн ороод, рашаан орохоор явж байгаад зам буруу салаад Хайрхандулаан сум орсон. Цаг орой болчихсон зам мэдэхгүй учраас тэндээ хоноод өглөө явахаар болоод унтаж байхад машинтай цагдаа нар ирж шөнийн 01 цагийн үед хөндлөнгийн гэрч байлцуулалгүй, нэгжиж үзлэг хийх явцад миний халааснаас ууттай зүйл гарсан. Үүнийг машины урд болон дунд хайрцагнаас гарсан гэж худал мэдүүлэг өгч байгаад гомдолтой байна. Би эхнэртээ үг зааж өгч, худал мэдүүлэг өгүүлсэн. Үүнийг одоо ухаарч ойлгож байна. Миний гэм буруутай үйлдлээс болж энэ хэрэгт ямар ч хамаагүй дүү нар минь ял шийтгүүлсэнд харамсаж байна. Миний хоёр дүү энэ хэрэгт оролцоогүй тул цагаатгаж өгнө үү. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Мөн ар гэрийн минь амьдрал хүнд нөхцөлд байгаа. Эхнэр маань саяхан төрсөн нялх хүүхэдтэй, 1-5 дугаар ангид сурдаг бага насны 3 хүүхэдтэй, цалингийн зээлтэй тул зэргийг харгалзан үзэж, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...
Шүүгдэгч Ц.Ц нь давж заалдах гомдолдоо:
2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэнд гомдолтой байна. 2017 оны 07 дугаар сарын 16-нд ах С , дүү Л нарын хамт Өвөрхангай аймаг орж ээжийн эгчийнд очих, морны шүтээн, цааш шаргалжуутын рашаан орох гэж явж байгаад Хужирт сумыг ойролцоо гол гарах гэж явах үед машин эвдэрч уг гол дээр саатсан. Дүү Ц.Л машинаа засахаар өмсөж явсан пүүзээ тайлаад машины араас түрүүтэй гутлаа авч өмссөн. Дүүгийн тайлсан пүүзийг ах С хөлд хөнгөн гэж өмсөөд дэлгүүр орж тамхи цавуу олж ирье гээд явсан. Би дүү Л д машины түлхүүр багаж ойртуулж өгч байгаад машиндаа ороод унтсан. Унтаж байхад С ах сэрээхэд үүр цайж байсан. Би С ахыг хэзээ ирсэнийг мэдээгүй. Өвөрхангай аймаг орж машинаа янзлуулчихаад ээжийн эгчийнд орчихоод бид гурав Морины шүтээн орсон. Тэгээд Шаргалжуутын рашаан оръё гээд явцгаасан. Гэтэл замаасаа төөрөөд Хайрхандулаан сумын нутаг руу орсон байсан. Орой болсон тул бид машиндаа унтаж байхад цагдаа нар ирж машины гэрэл тусгаж байгаад хувцас тайлуулж нэгжлэг хийх үед ах С ын халааснаас гарсан жижиг ууттай зүйлийг машины голын хайрцагт хийчихээд Төгөлдөр цагдаа машин бариад бид гуравыг өөр машинд суулгаад ажил дээрээ авч очиж тусгаарлаж хонуулчихаад маргааш өглөө нь дахин машинд үзлэг хийгээд ахын халааснаас гарсан эд зүйлүүдийг машины голын хайрцагнаас гарсан гэж худал мэдүүлэг өгсөн байна. Миний хувьд хулгайн эд зүйл машинд байсныг мэдээгүй явсан тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж цагаатгаж өгнө үү ...
Шүүгдэгч Ц.Л нь давж заалдах гомдолдоо:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэнд гомдолтой байна. Учир нь 2017 оны 07 дугаар сарын 16-нд том С Өвөрхангай аймаг орж ээжийн эгчийнд золгоод морины шүтээн болон Шаргалжуутын рашаан орох ажилтай гээд гуйгаад байхаар нь хамт явсан. Ингээд хоёр ахын хамт Өвөрхангай аймаг орох гэж явж байгаад Хужирт сумын ойролцоо гол гарахад машиныхаа касчирыг чулуунд цохиулж гэмтээсэн тул тэндээ машинаа янзлахаар болсон. Би өмсөж явсан пүүзээ тайлаад машинд байсан түрүүтэй гутлаа өмсөөд машины янзалж байх хооронд том ах С миний тайлж сольсон пүүзийг өмсөөд сумын төв орж цавуу, тамхи ойр зуурын юм аваад ирье гээд явсан. С ахыг ирэх хооронд бага ах Ц.Ц бид хоёр машиндаа унтчихсан байсан. Бид хоёрыг дуудаж сэрээхэд өглөө болж байсан. Миний хувьд С ахыг цүнхтэй эд зүйл авч ирээд машины тээшинд хийснийг мэдээгүй. Өвөрхангай аймаг ороод техникийн зах дээр машинаа янзлуулчихаад морины шүтээн ороод цааш Шаргалжуутын рашаан орох гэж явж байгаад зам буруу салаад төөрч Хайрхандулаан сумын нутаг руу орсон байсан. Орой болсон тул тэндээ унтаж амраад өглөө явъя гээд унтаж байтал цагдаа нар ирж нэгжлэг хийх үед ах С ын хувцаснаас гарсан эд зүйлийг машины урд болон голын хайрцагнаас гарсан болгож худал мэдүүлэг өгсөн байна. Мөн 86533474 дугаартай утсыг үзлэг хийж байх үедээ Батзул, Төгөлдөр гэх 2 цагдаа шалгана гэж хураан авсан байсан. Гэтэл гэрч Болдмаа 2017 оны 07 дугаар сарын 20-нд хураалгасан гар утаснаас мессеж ирсэн гэж мэдүүлэг өгсөн байх тул шалгаж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Иймд бидэнд холбогдох хэргийг анхааран үзэж, надад оногдуулсан ял шийтгэлийн цагаатгаж өгнө үү... гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүүгийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гаргасан тайлбарт:
Анхан шатны шүүх Ц.С , Ц.Л , Ц.Ц нарыг бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Ц.А , Ш.А , Ж.Б , Г.Э нарын орон байранд нэвтэрч машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж үзсэн. Шүүгдэгч Ц.Л , Ц.Ц нар нь хулгайн үйлдэлд оролцоогүй гэсэн мэдүүлэг, тайлбар өгдөг. Энэ мэдүүлэг нь гэрч Г.Төгөлдөр, Ц.Батзул нарын мэдүүлгээр үзлэг хийх үед хулгайлагдсан гэх зүйл Ц.С ын биенээс гарсан. Ц.Л , Ц.Ц нарын бие үзлэг хийхэд ямар нэгэн зүйл байгаагүй гэсэн мэдүүлэг. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 125 тоот шинжээчийн дүгнэлтээр хэргийн газар Ц.Л гийн пүүзний ул мөр гарсан байдаг. Энэ пүүзийг Ц.С өмсөж явсан болох нь холбогдогч нарын мэдүүлгээр тодорхойлогддог ба хэргийн газарт машины болон бусад хүмүүсийн ул мөр тогтоогдоогүй байдаг. Хохирогч нар хулгайд алдсан зүйлийн талаар мэдүүлсэн. Харин тэдний хулгайн үйлдлийг харсан, үзсэн талаар мэдүүлэг өгөөгүй. Мөрдөн байцаалтын шатанд машин эвдрээд засуулсан эсэх талаар шалгаагүй нь шүүгдэгч нарын мэдүүлгийг няцаах баримт болохгүй. Эдгээр нөхцөл байдлуудаас үзэхэд Ц.Л , Ц.Ц нар нь ах Ц.С тай хамтарч хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдсон гэж үзэх боломжгүй. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 10-42 УНП Tоёота приүс 10 машины үнэ 3500000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулсан нь үндэслэлгүй. Уг машин нь шүүгдэгч нарын өмчлөл биш Ч.Энх-Эрдэнэийн өмч болох нь хэрэгт авагдсан барим материалаар тогтоогдсон. Иймд Ц.Л , Ц.Ц нарын үйлдлийг шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж, машины үнийг шүүгдэгч нараас гаргуулсаныг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...гэжээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Бат-Өлзий 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гаргасан 09 дүгээртэй тайлбартаа:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 20 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ц.С ын гомдлыг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч танилцлаа. Шүүгдэгч Ц.С гаргасан гомдолдоо “...Миний гэм буруутай үйлдээс болоод энэ хэрэгт ямар ч оролцоогүй дүү нар ял шийтгүүлж байгаад харамсаж байна. Миний хувьд хэргээ үнэн зөвөөр хүлээж, энэ хоёр дүү минь ямар ч хамаагүй учир хэргийг үнэн зөвөөр нь шийдэж цагаатгаж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Ц.С нь 2017 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Ц.А , Ш.А , Ж.Б , Г.Э нарын орон байранд нэвтэрч хөрөнгө хууль бусаар авч нийт 2.668.100 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хохирогч Ц.А , Ш.А , Ж.Б , Г.Э нарын мэдүүлэгүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд, гэрэл зураг, хохирогч нарт учирсан хохирлын үнэлгээнүүд, шүүгдэгч Ц.С , Ц.Ц , Ц.Л нараас эд зүйл хураан авах мөрдөгчийн санал, тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйлүүдийг хохирогч Ж.Б , Г.Э , Ш.А , Ц.А нарт эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоолууд, ШШҮХ-ийн криминалистикийн шинжээч Ө.Батжаргалын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 125 тоот дүгнэлт, гэрч Д.Болдмаа, Б.Батзул, Г.Төгөлдөр нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Л нь Ц.Ц нартай бүлэглэн, машин механизм ашиглан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай тогтоогддог. Шүүгдэгч Ц.С нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болсон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад уг гэмт хэргийг бид үйлдээгүй, Гончиг гэх хүн үйлдсэнийг мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр нь хэлээгүй нь миний буруу боллоо гэж мэдүүлж байсан мөртлөө 2018 оны 02 дугаар сарын 09-ний шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад уг гэмт хэргийг би ганцаараа үйлдсэн, манай 2 дүү энэ хэрэгт ямар ч хамаагүй, оролцоогүй гэж мэдүүлж байсан, мөн түүний гаргасан “...Миний гэм буруутай үйлдээс болоод энэ хэрэгт ямар ч оролцоогүй дүү нар ял шийтгүүлж байгаад харамсаж байна. Миний хувьд хэргээ үнэн зөвөөр хүлээж, энэ хоёр дүү минь ямар ч хамаагүй учир хэргийг үнэн зөвөөр нь шийдэж цагаатгаж өгнө үү. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн гомдол зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Батзул, Г.Төгөлдөр нарын мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн 126 тоот дүгнэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, хохирогч нарын мэдүүлэг, хохирогч нарт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр няцаагдаж байгаа болно. Иймд шүүгдэгч Ц.С ын гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 20 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна гэжээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Бат-Өлзий 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гаргасан 08 дугаартай тайлбартаа:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 20 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ц.Л гийн гомдлыг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч танилцлаа. Шүүгдэгч Ц.Л гаргасан гомдолдоо “...3 жилийн хорих ялаар шийтгүүлсэнд миний хувьд гомдолтой байна. Нарийн шалгаж үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Миний ял шийтгэлийг цагаатгаж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч Ц.Л нь 2017 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Ц.А , Ш.А , Ж.Б , Г.Э нарын орон байранд нэвтэрч хөрөнгө хууль бусаар авч нийт 2.668.100 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хохирогч Ц.А , Ш.А , Ж.Б , Г.Э нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд, гэрэл зураг, хохирогч нарт учирсан хохирлын үнэлгээнүүд, шүүгдэгч Ц.С , Ц.Ц , Ц.Л нараас эд зүйл хураан авах мөрдөгчийн санал, тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйлүүдийг хохирогч Ж.Б , Г.Э , Ш.А , Ц.А нарт эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоолууд, ШШҮХ-ийн криминалистикийн шинжээч Ө.Батжаргалын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 125 тоот дүгнэлт, гэрч Д.Болдмаа, Б.Батзул, Г.Төгөлдөр нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Л нь Ц.Ц нартай бүлэглэн, машин механизм ашиглан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай тогтоогддог. Шүүгдэгч Ц.Л нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болсон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хулгайлах гэмт хэргийг бид үйлдээгүй, замаас суусан Гончиг гэх хүн үйлдсэн гэж мэдүүлж байсан бол 2018 оны 02 дугаар сарын 09-ний шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад уг гэмт хэргийг ах С ганцаараа үйлдсэн, ах Ц бид 2 хулгайн гэмт хэрэгт оролцоогүй гэж мэдүүлж байсан, мөн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гаргасан түүний гомдол зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Батзул, Г.Төгөлдөр нарын мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн 125 тоот дүгнэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, хохирогч нарын мэдүүлэг, хохирогч нарт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр няцаагдаж байгаа болно.
Иймд шүүгдэгч Ц.Л гийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 20 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна ...гэжээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Бат-Өлзий 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гаргасан 07 дугаартай тайлбартаа:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 20 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ц.Ц ын гомдлыг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч танилцлаа. Шүүгдэгч Ц.Ц гаргасан гомдолдоо “...2 жилийн хорих ялаар шийтгүүлсэнд миний хувьд гомдолтой байна... миний хувьд хулгайн эд зүйл машинд байсныг мэдээгүй явсан. Иймд холбогдох хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч Ц.Ц нь 2017 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Ц.А , Ш.А , Ж.Б , Г.Э нарын орон байранд нэвтэрч хөрөнгө хууль бусаар авч нийт 2.668.100 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хохирогч Ц.А , Ш.А , Ж.Б , Г.Э нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд, гэрэл зураг, хохирогч нарт учирсан хохирлын үнэлгээнүүд, шүүгдэгч Ц.С , Ц.Ц , Ц.Л нараас эд зүйл хураан авах мөрдөгчийн санал, тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйлүүдийг хохирогч Ж.Б , Г.Э , Ш.А , Ц.А нарт эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоолууд, ШШҮХ-ийн криминалистикийн шинжээч Ө.Батжаргалын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 125 тоот дүгнэлт, гэрч Д.Болдмаа, Б.Батзул, Г.Төгөлдөр нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч Ц.С , Ц.Л нартай бүлэглэн, машин механизм ашиглан, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай тогтоогддог. Шүүгдэгч Ц.Ц нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болсон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хулгайлах гэмт хэргийг бид үйлдээгүй, Гончиг гэх хүн үйлдсэн гэж мэдүүлж байсан бол 2018 оны 02 дугаар сарын 09-ний шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад уг гэмт хэргийг ах С ганцаараа үйлдсэн, дүү Ц.Л бид хоёр мэдэхгүй, хулгайн гэмт хэрэгт оролцоогүй гэж мэдүүлж байсан, мөн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гаргасан түүний гомдол зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Батзул, Г.Төгөлдөр нарын мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн 125 тоот дүгнэлт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, хохирогч нарын мэдүүлэг, хохирогч нарт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр няцаагдаж байгаа болно.
Иймд шүүгдэгч Ц.Ц ын гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 20 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна... гэжээ.
ХЯНАВАЛ:
Ц.С , Ц.Л , Ц.Ц нар машин механизм ашиглан 2017 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Ц.А , Ш.А , Ж.Б , Г.Э нарын орон байранд нэвтэрч хөрөнгө хууль бусаар авч хохирогч Ц.А д 2045000 төгрөгийн, хохирогч Ш.А д 150000 төгрөгийн, хохирогч Ж.Б т 177000 төгрөгийн, хохирогч Г.Э ад 296100 төгрөгийн буюу нийт 2668100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан
Хохирогч Ц.А гийн “...2017 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө би эхнэртэйгээ цаг уур дээр очиж хамт хоносон. Эхнэрийн ажил дээр хоночихоод маргааш өглөө 09 цагийн орчим эхнэр П.Гэрэлтуяагийн хамт гэртээ ирсэн чинь манай байшингийн урд талын хоёр вакум цонхийг онгойлгосон байсан. Би гэрийнхээ хаалгаар ороод хартал гэрт дотор байсан эд хогшил, хувцас хунарыг эмх замбараагүй болгосон байсан. Мөн манай байшингийн мансартанд байсан авдарыг ухаад дотор нь байсан дээл хувцасыг бүгдийг нь гаргаад ундуй сундуй болгосон байсан. Тэгээд эхнэр бид хоёр цагдаад мэдэгдээд цагдаа нар ирж үзлэг хийсний дараа гэртээ байсан эд зүйлүүдийг бүртгэсэн чинь унтлагын өрөөнд байсан эхнэрийн ээмэг бөгж, хийдэг жижиг хайрцаг дотроос жижиг ууттай байсан монет, мөнгөн ээмэг, бөгж, зүүлт нарыг ууттай нь аваад явсан байсан. Мөн унтлагын өрөөнд мансарт pyy гардаг шатны доогуур байсан самсунг маркийн core 13 хар өнгийн зөөврийн компьютерийг цүнхнээс нь гаргаад дангаар нь аваад явсан байсан. ДДШ ТВ-ийн хүлээн авагчийн картыг салгаад авсан байсан, унтлагын өрөөний толины урд байсан эхнэрийн эдэлж хэрэглэдэг хүзүүний зүүлт, ээмэг, бөгж зэрэг нь байхгүй байсан. Тэр өдөр манайхаас гадна манай баруун талын хөрш айл Ж.Б , хойд талын хөрш айл Ш.А нарынд хулгай орсон гэж сонссон...Би гэрээсээ алдагдсан эд зүйлүүдээ хүлээн авсан. ... 3 ширхэг мөнгөн ээмэгний өрөөсөн, ДДШ ТВ-ийн хүлээн авагчийн карт зэрэг эд зүйл дутуу байсан. Би 3 ширхэг өрөөсөн ээмэгийг авахгүй. ДДШ ТВ-ийн хүлээн авагчийн карт болон 3 хос ээмэгний мөнгийг нэхэмжилнэ....” /хх-ийн 94-96х/ гэсэн,
Хохирогч Г.Э ын “...Манай унтлагын өрөөнд байсан авдар дотроос манай талийгаач хүүхдийн ... дээлний 5 ширхэг мөнгөн товч алдагдсан. Харин дэлгүүрээс омо угаалгын нунтаг 5 ширхэг, визо угаалгын нунтаг 6 ширхэг, нямка нэртэй давхар печень 6 ширхэг, миф угаалгын нунтаг 1 ширхэг, прошок нэртэй хүүхдийн угаалгын нунтаг 1 ширхэг, өд ариун цэврийн цаас 3 ширхэг, peanuts даршилсан самар 2 ширхэг, jmpression нэртэй хайрцагтай печень 2 ширхэг, жалам хар нэртэй лаазтай пиво 4 ширхэг, алфен голд нэртэй шоколад 1 ширхэг, голден говь нэртэй шоколад 2 ширхэг, пот пронт нэртэй шоколад 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байна. Үүнээс гадна манайхаас хойшоо байдаг Ц.А , Ш.А , Ж.Б нарын гэрт хулгай орсон гэсэн. Тэр 3 айлд орж хулгай хийсэн хүмүүс манай байшинд орж хулгай хийсэн юм шиг байна билээ. Хулгай хийсэн хүмүүсээс цагдаа нарын хурааж авсан эд зүйлүүд дотор манай алдагдсан эд зүйл, бараа бүтээгдэхүүн байсан. Би гомдолтой байна. Алдагдсан эд зүйлүүдийнхээ мөнгийг нэхэмжилнэ. ... Би гэрээсээ алдагдсан 5 ширхэг мөнгөн товч, эрэгтэй хүний ягаан дээл хоёрыг хүлээн авсан. Бусад алдсан хүнс, ариун цэврийн бараануудыг хүлээн авахгүй. Мөнгийг нэхэмжилнэ. Надад 5 ширхэг визо, 4 ширхэг омо угаалгын нунтагын асуудлыг хэрэгсэхгүй болгоход гомдол, санал хүсэлт байхгүй...” /хх-ийн 98-101х, 2 дугаар хх-ийн 56-57х/ гэсэн,
Хохирогч Ш.А ийн “...Би 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос ирээд гэртээ ортол манай гэрийн унтлагын өрөөнд байсан хувцасны шүүгээг ухаад дотор нь байсан хувцсыг тараагаад эмх замбараагүй болгосон байсан. Тэгээд манай эхнэр гэрт байсан эд зүйл хувцаснуудаа бүртгээд савхин куртик байхгүй байна гэсэн. Хужирт сумын цагдаагийнхан 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр тэр хүмүүсийг барьсан гэхээр нь цагдаагийн тасаг дээр ирж тухайн хүмүүсийг авч явсан гээд баахан эд зүйлийг харсан чинь манай эхнэрийн савхин куртик байсан. Манай эхнэр 2016 онд 150000 төгрөгөөр Улаанбаатар хотоос худалдаж авч байсан. 150000 төгрөгөөр үнэлнэ. Би гэрээсээ алдагдсан хар өнгөтэй эмэгтэй савхин куртикийг хүлээн авсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 103-105х/ гэсэн,
Хохирогч Ж.Б ын “...2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өглөө би хөдөөнөөс сүү зарах гээд орж ирээд цагдаа нараас гэрт хулгай орсон талаар мэдсэн. Би гэртээ ирэхэд манай байшингийн урд зүүн талын цонхны порчик онгорхой байсан. Гэртээ ороод харахад манай том өрөөнд байсан ДДШ ТВ-ийн хүлээн авагч, картны хамт унтлагын өрөөнд байсан. Хувцас хийдэг ногоон өнгийн цүнхэн дотор хөх өнгийн, ногоон өнгийн хоёр ширхэг эрэгтэй оймс байсан. Эдгээр эд зүйлс байхгүй болсон байсан. Өөр алдагдсан эд зүйл байхгүй. Манайхаас гадна хажуу талын Ц.А , тэдний арын Ш.А нарынд хулгай орсон гэж байсан. Цагдаа нар манай алдагдсан ДДШ ТВ-ийн хүлээн авагч, карт, ногоон өнгийн цүнх, 2 ширхэг оймс зэргийг хулгайлсан хүмүүсийг олсон учир надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 107-108х/ гэсэн,
Иргэний нэхэмжлэгч Ч.Э-н “...2016 оны 07 дугаар сард би Приүс-10 маркийн 10-42 УНР улсын дугаартай саарал өнгийн машиныг Х.Энхжаргал гэдэг хүнээс бэлэн 3500000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Тухайн үедээ би хөдөөгүүр ажилтай явсаар байгаад одоог хүртэл машин нэрийг нь өөр дээрээ шилжүүлж аваагүй байсан бөгөөд Х.Энхжаргал бид хоёрын хооронд ямар нэгэн мөнгө төгрөгийн асуудал байхгүй. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 14-15-ны үед Ц.Л гэх хүнд Архангай аймагт 3500000 төгрөгөөр зарсан юм. Тухайн үед Ц.Л удахгүй мөнгийг өгөөд машинаа нэр дээрээ шилжүүлж авна гэж байсан юм. Тэгээд явсаар байгаад одоог хүртэл миний машины мөнгийг өгөөгүй. Ц.Л гээс машины мөнгө нэг ч төгрөг аваагүй байгаа тул машин болон мөнгөө нэхэмжилж байна...” /хх-ийн 112 х/,
Гэрч Д.Болдмаагийн “...2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Ц.Ц ирээд түүний араас Ц.Л ирээд Ц.С нар рашаан орно гээд өдөр 14-15 цагийн үед Ц.Л гийн жолоодож явсан приүс-10 маркийн автомашинтай гарсан. Би улсын дугаарыг нь санахгүй байна. Тухайн үед Ц.Ц , Ц.Л нар гэрт ирээд Ц.С ыг рашаан ороод ирье гээд аваад явсан. Ямар рашаан орох гэж байгаагаа хэлээгүй. Шөнөдөө хүрч ирнэ гэж байсан. Тэгээд тэр 3 тэр шөнөдөө ирээгүй. Надтай холбоо бариагүй. 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Ц.С ын ээж Н.Алтанцэцэг нөгөө хэд чинь Хархорин суманд цагдаа дээр байна. Машинаа хураалгачихсан гэнээ гэсэн. Тэгээд би 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хархорин суманд ирээд тэр 3-ыг хулгай хийж байгаад баригдсан гэж сонссон. Би яг хаанаас юу хулгай хийсэн талаар мэдэхгүй байна. Би нөхрөөсөө та нар хаанаас юу хулгай хийсэн юм, авсан юмнуудаа яасан юм гэсэн чинь буцаагаад өгсөн гэж надад хэлсэн. Манай нөхөр гэрээсээ гарахдаа цагаан канттай биеийн тамирын цамц, хар хөх жинсэн өмд, хар хромон гутал, хөх дээл, ногоон бүстэй гарсан. 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Ц.Л гийн эхнэрийн 89533474 дугаарын гар утаснаас “ягаан өнгийн кетийг та өмсөж явсан” гэж мэдүүлэг авбал хэлээрэй гэсэн утгатай мессеж ирсэн. Энэ асуудлаас болж би Ц.Л гийн эхнэртэй маргалдсан. Ц.Л түүний эхнэр хоёр манай нөхрийг ганцаараа хэргээ үүрчих гээд байгаа юм шиг байгаа юм. Манай нөхөр Ц.С надад хэлэхдээ Ц.Л та миний өмсөж явсан гутлыг өөрөө өмсөж явсан гээд хэлчих гээд байх юм яах уу гэсэн. Тэгэхээр нь би Ц.С ыг тийм юм хийхгүй, үнэн юм үнэнээрээ л байх хэрэгтэй гэж хэлсэн. Би Ц.Л гийн эхнэрт тийм юм байхгүй шүү би цагдаад үнэнээр нь хэлж мэдүүлэг өгнө гэсэн чинь Ц.Л гийн эхнэр намайг ална хядна гээд бөөн юм болсон. Ц.Л жинсэн өмдтэй, дээгүүрээ тод өнгийн фудволктой, гутал нь болохоор нөгөө манай нөхрийн өмсөж явсан гээд хэлчих гээд байгаа пүүзтэй явж байсан. Ц.Ц цээжээрээ улаан фудволктой, доогуураа биеийн тамирын бараан өнгийн өмдтэй, хар түрийтэй хромтой төстэй гуталтай байсан...” /хх-ийн 116-117х/ гэсэн,
Гэрч О.Нямцэрэнгийн “...2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр манай нөхөр, ах Ц.С Ц.Ц нарын хамт Өвөрхангай аймгийн Морины шүтээн орно гээд явсан. 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Ц.С манай нөхрийг машинаа өгчих Өвөрхангай аймгийн Морины хөшөө орчихоод ирье гэхээр нь хүнээс аваад мөнгийг нь өгөөгүй байгаа гээд өгөөгүй. Маргааш нь буюу 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр манай нөхрийг хөдөө гэрт нь байж байхад Ц.С гар утсаараа ярьж дуудсаар байгаад аваад явсан. Манай нөхөр явахдаа нэг хоёр хоноод ирье гээд 14 цагийн үед хөдөө гэрээсээ Архангай аймгийн төвд байдаг Ц.С ынх руу явсан. Тэгээд тэд нар яваад маргааш орой нь манай нөхрийн утас холбогдохоо больсон. Тэгсэн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хархорины цагдаа дээр байна гэж хадам ээжээсээ сонсоод ирсэн чинь хулгай хийчихсэн гээд байж байсан. Би тэр гурвыг хаанаас юу хулгай хийсэн талаар мэдэхгүй байна. Манай нөхөр надад хэлэхдээ Ц.С ах Хужирт сумын төвд айл руу орж хулгай хийсэн гэж хэлсэн. Тухайн үед надад юу хулгай хийсэн талаар хэлээгүй...” /хх-ийн 118-119х/ гэсэн,
Гэрч Ц.Дэлгэрийн “...Би 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хадам ээжээсээ Ц.Ц ыг ах Ц.С дүү Ц.Л нарын хамт Хархорины цагдаа дээр баригдчихсан байна гэж сонсоод ирсэн чинь эд нар цагдаа дээр хулгай хийсэн гээд баригдчихсан байж байсан. Би тэд нарыг хаанаас юу хулгайлсан талаар мэдэхгүй байна. Энэ талаар Ц.Ц надад ямар нэгэн зүйл яриагүй. Манай нөхрийг Ц.С 2017 оны 07 дугаар сарын 16-ны өглөө хөдөө гэртээ байхад нь гар утсаар дуудаад Өвөрхангай аймгийн Морины шүтээн, Шаргалжуутын рашаан орьё гэсэн. Архангай аймгийн төвд ах дээрээ очоод дүүтэйгээ гурвуулаа явж байна гэж надтай ярьсан...” /хх-ийн 120-121х/ гэсэн,
Гэрч Ц.Батзулын “...Би 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өөрийн харьяат Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Орой 16 цагаас 23 цаг хүртэл манай сумын баруун хойд овоон дээр саарал өнгөтэй жижиг тэрэг зогссон. Машиныг шалгах зорилгоор очиход саарал өнгөтэй 10-42 УНР улсын дугаартай приүс-10 маркийн автомашин байсан. Гадаа нь нэг хүн машины жолоон дээр нэг хүн, арын суудал дээр нэг хүн нийт 3 хүн унтаж байсан. Би нэрийг нь асуухад Ц.С , Ц.Ц , Ц.Л гэж хариулсан. Бид гурав Шаргалжуутын Рашаан ороод амраад буцаад явж байна. Араас машинтай хүмүүс ирж байгаа хүлээж байна гэсэн. Автомашиныг шалгахад урд хайрцаг, голын хайрцагнаас монет, мөнгөн ээмэг, бөгж, бугуйвч, гинж, гэх мэт жижиг эд зүйлүүд гарч ирсэн. Машины арын багажийг шалгахад дотор нь зөөврийн компьютер, ДДШ тв-ийн хүлээн авагч, савхин куртик, адидас нэртэй ногоон цүнхэн дотор дүүрэн ариун цэврийн болон хүнсний бараа бүтээгдэхүүнүүд 2-3 дээл байсан. Нөгөө 3 хүнийг машинтай нь ажил дээрээ авчирч уг эд зүйлүүд хэний эд зүйл болох талаар асуухад Ц.С манай ээжийнх гэж хэлсэн. Ц.Ц , Ц.Л нар нь мэдэхгүй гээд хэлээгүй. Ц.Л нь дээгүүрээ фудволктой, жинсэн өмдтэй, ягаан өнгийн кеттэй, Ц.Ц нь дээгүүрээ биеийн тамирын цамцтай, жинсэн өмдтэй, түрийтэй хар гуталтай, Ц.С нь дээлтэй, жинсэн өмдтэй, түрийтэй хар гуталтай явсан...” /хх-ийн 122-123х/ гэсэн,
Гэрч Г.Төгөлдөрийн “...Би тухайн үед Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд цагдаа хийж байсан юм. 2017 оны 07 дугаар сарын 17-ны орой Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд хэсгийн төлөөлөгч Б.Батзулын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Бид хоёр эргүүл хийж байгаад сумын баруун хойд дэнж дээр саарал өнгийн суудлын машин зогсож, байхаар нь очиж шалгахад машин ертөнцийн зүгээр хойш харсан байрлалтай машины гадаа нэг хүн дээл нөмрөөд хэвтсэн, машин дотор жолоочийн суудал дээр нэг хүн, машины арын суудал дээр нэг хүн тус тус хэвтэж байсан. Уг автомашинтай хүмүүсийг хаанаас хаа хүрч яваа талаар асуухад Шаргалжуутын рашаан орчихоод явж байна гэсэн. Тэр 3 ах дүү гурав байсан. Ахыг нь Ц.С , дундахыг нь Ц.Ц , дүүг нь Ц.Л гэдэг. Би тэр гурваас машины түлхүүрийг нь асуухад байхгүй гээд өгөөгүй. Ц.С машины урд суудал дээр сууж байгаад газар нэг юм хаях гээд байх шиг болохоор нь очиж харахад жижигхэн арц хийгээд байдаг гялгар уутанд ээмэг, бөгж зэрэг байсан. Хэдэн ширхэг ээмэг бөгж байсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан гялгар уутан дотор дүүрэн ээмэг бөгж байсан. Ц.С аас энэ хэний ээмэг бөгж юм гэж асуухад манай эхнэр ээжийн юмнууд байгаа юм гэсэн. 10-42 УНР улсын дугаартай приүс-10 маркийн автомашин байсан. Тэр машины урд хайрцаг, голын хайрцагнаас ягаан өнгийн даавуун ууттай эмэгтэй хүний ээмэг бөгж, бугуйвч зэрэг эд зүйл гарч ирсэн. Машины ард талд ДДШ ТВ-ийн хүлээн авагч, зөөврийн компьютер, дээл зэрэг эд зүйлүүд байсан...” /хх-ийн 124-125х/ гэсэн мэдүүлгүүд,
“...Хэргийн газраас илрүүлж, гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан №12 гэж дугаарласан гутлын улны мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин №11 гэж дугаарласан гутлын улны мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. №12 гэж дугаарласан гутлын улны мөр нь Ц.Л гийн зүүн хөлийн гутлын улны мөртэй ерөнхий шинж тэмдэгээрээ тохирч байна. Харин хувийн онцлог шинж тэмдэгүүд нь бүдэг гараагүй байдлаас өөр хооронд нь харьцуулах боломжгүй байна...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 125 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 130х/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4, 9, 12, 5-8, 10-11, 13-14х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж дүгнэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй хууль ёсны гарсан байна.
Иймд шүүгдэгч Ц.С , Ц.Л , Ц.Ц нарын гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул тэдний гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан буюу 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс шүүгдэгч Ц.С , Ц.Л , Ц.Ц нарын цагдан хоригдсон 67 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Ц.С , Ц.Л , Ц.Ц нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс Ц.С , Ц.Л , Ц.Ц нарын цагдан хоригдсон 67 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ЭНХМАА
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Д.ЭРДЭНЭБИЛЭГ