Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 784

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Б овогт Б-ийн М 

 Хариуцагч: БОАЖС,

Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын Б.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: БОАЖСын 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А-291 дүгээр тушаалын дагуу Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутагт Б*******анд байрлалтай 0.15 га /1500м2/ газрыг аялал жуулчлалын зориулалтаар таван жилийн хугацаатай ашиглах эрхийг Б.М надад олгосон бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хуульд заасан журмын дагуу газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлт гаргаж, эрх бүхий байгууллагаас тусгай хамгаалалттай газарт нутагт газар ашиглах эрхийг дахин 5 жилээр сунгасан. 

Миний бие газар ашиглах хугацаандаа Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг цаг тухайд нь төлж, газрыг аялал жуулчлын зориулалтын дагуу ашиглах үүднээс холбогдох судалгаа шинжилгээг хийсэн бөгөөд Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хууль, Усны тухай хууль болон Дархан цаазат газрын хамгаалалтын нийтлэг горимд заасан газар ашиглагч иргэний үүргээ биелүүлж, дээрх хууль тогтоомжоор хориглосон ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй юм. Харин хууль тогтоомжийн дагуу Тусгай хамгаалалтын газар нутагт газар ашиглах тухай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, Байгаль орчны менежментын төлөвлөгөө зэргийг холбогдох байгууллагаас хийлгүүлэн, батлуулсан ба Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэст газрын кадастрын мэдээллийг зохих ёсоор бүртгүүлсэн. 

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалаар Б.М миний Б*******анд ашиглах эрхтэй 0.15 га нутаг дэвсгэр бүхий газрын ашиглах эрхийг дуусгавар болгосон хууль бус шийдвэр гаргасан байна. Уг шийдвэрээр надад олгогдсон газар ашиглах эрхийг хуульд заасан үндэслэлгүйгээр дуусгавар болгож, үүний улмаас иргэн миний газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд зөрчигдөж байна. 

БОАЖСын А/113 дугаар тушаалын Тушаах хэсгийн 1-т “Усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж буй иргэн...”-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож буй талаар заасан боловч иргэн Б.М миний зүгээс 2012 оноос өнөөдрийг хүртэл газрыг зориулалтын дагуу ашиглах явцдаа Монгол Улсын Засгийн газраас 1995 оны 169 дүгээр тогтоолын 1-р хавсралтаар баталсан “Дархан цаазат газрын хамгаалалтын нийтлэг горим”-ыг зөрчсөн хууль бус үйл ажиллагаа явуулаагүй ба тус журмын 2-р бүлэгт “Хамгаалалтын нийтлэг горим”-ыг нарийвчлан зохицуулсан бөгөөд бүлгийн 13-р зүйлд заасан Дархан цаазат газарт аж ахуйн нэгж, иргэнээс явуулахыг хориглосон үйл ажиллагаа, мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасан “Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа”-г тус тус өөрийн ашиглах эрхтэй Б*******анд байрлалтай 0.15 га нутаг дэвсгэр бүхий газарт эрхлээгүй, хориглосон үйл ажиллагаатай холбоотой ямарваа үйлдэл хийгээгүй байхад захиргааны эрх бүхий албан тушаалтан болох БОАЖСын зүгээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “Тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон шийдвэр гаргасан нь хууль тогтоомжийн дагуу газраа ашиглаж буй иргэний миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. 

“Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” А/113 дугаар тушаалд Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно.”, тус хуулийн 22.2.1-т “Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно.”, Усны тухай хуулийн 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно”, мөн “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалт, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг тус тус үндэслэл болгосон байх ба нэхэмжлэгч Б.М надад олгосон Б*******анд байрлалтай 0.15 га нутаг дэвсгэр бүхий газрын байрлалыг нарийвчлан тодорхойлж буй кадастрын зургаас үзвэл нь уг ашиглах эрхтэй газар нь Усны тухай хуульд заасан онцгой хамгаалалтын бүсийн 200 метрээс гадна байрлалтай бөгөөд уг газарт мод бургас ургадаггүй мөн газар ашиглагчийн зүгээс уг газарт Усны тухай хууль болон Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалт, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 2 дугаар бүлэгт заасан хориглох үйл ажилагааг явуулаагүй. Усны тухай хууль болон Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалт, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг удаа дараа зөрчсөн, ноцтой зөрчсөн үйлдлийг Газар ашиглагч миний зүгээс гаргаагүй байхад үндэслэлгүйгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосонд гомдолтой байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.5 дахь хэсэг буюу “Аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу байгальд ээлтэй зогсоол, үйлчилгээний төвүүдийг олон улсын стандартад нийцүүлэн байгуулахыг дэмжинэ.” гэж тодорхойлсон хөтөлбөрийг зохицуулалтыг “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” тушаалын үндэслэл болгосон байх ба энэхүү Засгийн газрын хөтөлбөр нь иргэний газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах эрхийг хязгаарлах, газрыг чөлөөлөх зэрэг иргэний хуулиар олгогдсон эрхийг зөрчих бүрэн эрхийг захиргааны байгууллага, албан тушаалтанд олгосон хууль зүйн хүчин чадал бүхий баримт бичиг болохгүй гэж үзэж байна. 

Иймд хуульд заасан үндэслэлгүйгээр иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж буй хууль бус шийдвэр болох “БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” тушаалын Б.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. 

БОАЖСын А/113 дугаар тушаалыг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гаргасан талаар албан ёсоор надад амаар болон бичгээр мэдэгдээгүй бөгөөд бусдаас мэдсэн даруйдаа өөрийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг хамгаалуулахаар харъяалалын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авна уу...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: “Нэхэмжлэгч Б.М нь 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Байгаль орчин, аялал жуучлалын сайдын А/291 тоот тушаалаар Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай нутагт Б*******анд байрлалтай 1500 м2 газрыг аялал жуучлалын зориулалтаар 5 жилийн хугацаанд эзэмшихээр болсон ба хууль заасны дагуу гурвалсан гэрээг байгуулсан. Уг газрыг ашиглах хүрээнд холбогдох төрийн байгууллагын хүсэлт гаргаж аялал жуучлалын зориулалтаар барилга байгууламж барихаар болж зөвшөөрөл авсан байдаг. Мөн газрын төлбөрийг цаг тухай үед нь гэрээнд заасан хугацааны дотор төлж байсан. Ингээд 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хуульд заасан журмын дагуу газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлтээ гаргаж Байгаль орчин, аялал жуучлалын сайдын А/253 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай 2022 он хүртэл сунгасан.

Аялал жуучлалын зориулалтаар барилга барихаар төлөвлөөд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийлгэж, зайлшгүй шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлж барилгын ажил 2018 оны хавар эхлэх ёстой байсан. Гэтэл Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.М болон 24  аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг цуцалсан. 

А/113 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр”, 40.1.2-т “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж тус тус заасныг дурдсан байдаг. Нэхэмжлэгч Б.М нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан ямар зөрчил гаргасан талаар тодорхойгүй байдаг. Мөн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг  хориглоно” гэж заасныг үндэслэж нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан. Газар эзэмших эрх нь цуцлагдсан 24 аж ахуйн нэгж дотор А/113 дугаар тушаалд дурдагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2.1-д заасан зохицуулалтуудад заасан зөрчлийг удаа дараа гаргаж байсан гэдгийг үгүйсгэхгүй.

Дээрх нөхцөл байдал тогтоогдсон ч зөрчил гаргаж байгаагүй иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг цуцалсан нь үндэслэлгүй юм. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1-д зааснаар нэхэмжлэгч Б.М-гийн эзэмшлийн газар  нь Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2015 оны тушаалаар батлагдсан энгийн хамгаалалтын бүсэд хамаарч байгаа. Энгийн хамгаалалтын бүстэй давхцаж байгаа нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.1.2-т заасан зохицуулалтад хамаарахгүй юм. Үүнээс үзвэл А/113 дугаар тушаалын хууль зүйн үндэслэл нь Б.М-гийн газар ашиглах эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэхээр байгаа. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актад дурдагдсан “зөрчил” гаргаж байгаагүй тул Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн  А/113 дугаар тушаалын иргэн Б.М-д олгосон 1500 м2 газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарладаг. Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг явуулж захиргааны актын улмаас хууль ёсны эрх нь зөрчигдсөн иргэн, аж ахуй нэгжид захиргааны актыг хүргүүлэх ажиллагаа хийгддэг. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно” гэж заасан. Гэтэл А/113 дугаар тушаалыг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр цахим хуудсанд байршуулсан байдаг. Өөрөөр хэлбэл Захиргааны хуульд зааснаар энэ өдрөөс хойш 10 хоногийн тооцож эхлэх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно” гэж заасан. Нэг яам, агентлагийн өөрсдийнх танилцуулга бүхий цахим хуудсыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэж үзэх эсэх нь эргэлзээтэй. Олон нийтийн радио телевизийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Мэдээллийн эрх чөлөөний зарчимд “олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг, мэдээ, мэдлэг олон нийтэд түгээх зориулалттай веб сайт, сонин, сэтгүүл, радио телевизийг хэлнэ” гэж заасан.

Харин яамны веб сайт бол тухай төрийн захиргааны байгууллагын танилцах хуудас болохоос олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш юм. Байгууллагын веб сайтаас иргэн, аж ахуй нэгж тусгай зөвшөөрлийн талаарх мэдээллийг авах боломжгүй тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гаргасан байдаг” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “1. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.-д “...Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно...” гэж, 22.2.1.онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно...” гэж, 22.6.”...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно...” гэж, 22.4.-д”...Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно...” гэж тус тус заасан. 

Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “...газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх..." гэж заасан.

Иймд эдгээр хуулийн зохицуулалтыг баримтлан мөн Барилга хот байгууллатын сайд, Байгаль орчны сайдын 2015 оны хамтарсан А-230/127 дугаар тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 431 тоотоор ирсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох саналыг үндэслэн Б.М-гийн 1.5 га газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.

Дээрх хууль тогтоомжийг зөрчиж газар ашиглах эрх олгосон, хууль тогтоомж, дүрэм журмыг ноцтой зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа нийт 24 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зааж өгсөн бөгөөд “14.4-д Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасан. Яам нь төрийн захиргааны байгууллагын дээд шатны байгууллага бөгөөд БОАЖСад дээд шатны албан тушаалтан гэж байдаггүй. Иймд нэхэмжлэгч маргаан бүхий акттай холбоотой нэхэмжлэлээ 06 дугаар сарын 01-ний дотор шүүхэд гаргах байсан. Гэтэл нэхэмжлэгч 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд хандсан нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцлийг бүрдүүлсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8,-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг. Иймд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү...” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын Б.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2007 оны 510 дугаартай гэрчилгээгээр Эрхэт нутагчин ХХК-ийн ашиглах эрхтэй байсан Б*******анд байрлалтай 1.5 га газраас БОАЖСын 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А-291 дүгээр тушаалаар 0.15 га газрыг нэхэмжлэгч Б.М-д ашиглуулахаар шийдвэрлэж, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2012/61 дүгээр гэрчилгээг 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдөр олгож, гурвалсан гэрээ байгуулан, мөн сайдын 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/253 дугаар тушаалаар газар ашиглах хугацааг 5 жилээр сунган, энэ талаар гэрчилгээнд тэмдэглэн, гурвалсан гэрээг шинэчлэн байгуулжээ. Энэ хугацаанд газар ашиглагч газрын төлбөрийг төлсөн, төлбөрийн тооцоогүй, энэ талаар маргаангүй байна. 

Нэхэмжлэгч нь ашиглах эрх авсан дээрх газартаа явуулах “М*******” аялал жуулчлалын төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний тайлан боловсруулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээч үнэлгээ хийн, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай хэмээн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 13/3931 тоотоор мэдэгдсэн, энэ дагуу байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг 2017 онд боловсруулсныг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шинжээч хянаж, ерөнхий шинжээч баталсан байдаг. 

Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний нэгдсэн дүгнэлтэд “ ... төсөл нь “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр, сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага” MNS 6426:2013 стандартын шаардлагыг хангуулах, ... хог хаягдлын менежментийн асуудлыг бүлэг болгон байгаль орчинд халгүйгээр зайлуулах аргыг нарийвчлан тодорхойлох, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд байгаль орчинд ээлтэй, олон улсын стандартад нийцсэн технологийг ашиглах талаар заавар, зөвлөмжийг ариун цэврийн байгууламж, дулааны асуудалд боловсруулах, ... төслийн хүрээнд баригдах дэд бүтцийн барилга байгууламжийн зураг төсөлд ариун цэврийн байгууламжийн шийдлийг зайлшгүй тусгах шаардлагатай ба халаалтын асуудлыг байгаль орчинд ээлтэй аргаар шийдвэрлүүлэх, ...” гэж тусгасан, энэ дагуу боловсруулсан нарийвчилсан үнэлгээний тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээч баталж, барилгын эскиз зургийг тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга зөвшөөрсөн байдаг. 

Мөн түүнд ашиглуулахаар олгосон газар “М*******” ТББ-ын ашиглах эрхтэй газартай хэсэгчлэн давхцал үүсч, газрын давхцлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас арилган “М*******” ТББ-ын газрын байршлыг өөрчлөн, мэдээллийн санд өөрчлөлтийг оруулан, энэ талаар тус яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсээс 2017 оны 5 дугаар сарын 17-ны 06б/2940 тоотоор иргэн Б.М-д мэдэгдэн, давхцлыг арилгасан байршлын зургийг хүргүүлсэн төдийгүй Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 272 тоотоор ашиглах газрынхаа эргэлтийн цэгийг байгаль хамгаалагч, газрын ашиглалт хариуцсан мэргэжилтнийг байлцуулан тогтоолгон авч хашаалахыг мэдэгдсэн байдаг.   

Өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийг эрх бүхий этгээдээс буюу БОАЖСаас авч, гэрчилгээ, гэрээний үндсэн дээр газрын төлбөрийг төлж, ашиглахаар буюу үйл ажиллагаа явуулахаар байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг холбогдох албан тушаалтнаар батлуулсан бөгөөд хашаалснаас өөрөөр барилгын болон бусад үйл ажиллагаа эхлүүлээгүй байна.

Гэвч БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалаар “Усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 431 тоотоор ирсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох саналыг үндэслэн Б.М-гийн 0.15 га газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь дараах байдлаар хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байна. 

Тушаалын үндэслэл болсон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 431 тоот “газар ашиглах эрхийг дуусгавар болгох” саналын үндэслэлд “усны нөөц бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэлтэй” гэсэн байна.

Тодруулбал, тухайн байршилд буюу тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийг эрх бүхий этгээд болох БОАЖС олгосон, олгосон байршилд нь байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эрх бүхий албан тушаалтан хийж, аялал жуулчлалын зориулалтаар ашиглах боломжтой талаар дүгнэлт гарган үнэлгээг баталсан атлаа энэ дагуу барилгын болон ямарваа үйл ажиллагаа эхлүүлээгүй байхад “усны нөөц бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэлтэй” гэсэн саналыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа гаргаж, энэ саналыг үндэслэн газар ашиглах эрхийг цуцалсан нь ойлгомжгүй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасан газраа зориулалтын дагуу ашиглах газар ашиглагчийн эрхэд халдах хуульд заасан үндэслэл бүрдээгүй байжээ.

Уг тушаалд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх”, 40 дүгээр зүйлийн 40.1.2 “Тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд газар ашиглах эрх дуусгавар болно”, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно.”, 22.2.1 “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно.”, 22.6 ”Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно.”, 22.4 “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно.” гэсэн заалтуудыг баримталсан хэдий ч дээрхээс аль заалтыг нэхэмжлэгчид тухайлан хамааруулсныг хариуцагч тайлбарлаагүй, аль заалтыг зөрчигдсөн гэж үзсэн, усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн аль бүсэд хамаарч байгаа болох, тухайн бүсийн дэглэмийн аль заалтыг хэрхэн зөрчсөн талаар, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” ямар зөрчил гаргасан болохыг тогтоогоогүй атал дээрх үндэслэлүүдийг баримтлан газар ашиглах эрхийг цуцалсан нь газар ашиглах эрхэд халдах хуульд заасан үндэслэл бүрдээгүй байсан гэж шүүх дүгнэх үндэслэл болжээ.   

Хариуцагч “нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн” хэмээн маргадаг. БОАЖСын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалаар иргэд, аж ахуйн нэгжүүдийн газар ашиглах эрхийг цуцалсан бөгөөд тухайлан тэдгээр иргэд, аж ахуйн нэгжүүдэд тушаалыг хүргүүлээгүй, харин тус яамны веб сайтад холбогдох мэдээллийг 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байршуулсан байх тул энэ мэдээллээр эрхээ зөрчигдсөн гэдгээ мэдэж нэхэмжлэгч 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.  

Түүнчлэн нэхэмжлэгч ашиглах эрх авсан байршилдаа 24 давхар зочид буудлын барилга барьж аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэхээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөндөө тусган Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээчээр батлуулан, барилгын эскиз зургийг мөн тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын зөвшөөрснөөр Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргаар батлуулсан хэдий ч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1456 тоотоор мэдэгдсэнчлэн Тусгай хамгаалалттай газар нутагт эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS6426:2013 стандартад нийцүүлэн эскиз зураг, зургийг даалгавраа өөрчлөх боломжтойг шүүх хуралдаанд илэрхийлснийг дурьдах нь зүйтэй. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын Б.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан БОАЖСын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын Б.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Д.ХАЛИУНА