| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2017/00102/И |
| Дугаар | 130/ШШ2017/00129 |
| Огноо | 2017-02-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 130/ШШ2017/00129
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн У сумын * дүгээр багт оршин суух, БК********** регистрийн дугаартай, К овогт У ын Н ын хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч У.Н , гэрч Х.Б , Б.З , орчуулагч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Согог болон Ойгор бага сургуульд 1981 оны 01 дүгээр сарын 05-наас 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл сахиул, мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Хүсэлт гаргагч У.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Улаанхус сумын Согог болон Ойгорын бага сургуульд сахиулаар 1981 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр анх ажилд орж 2016 оны 12 дугаар сарын 27-ны хүртэл тасралтгүй 35 жил ажиллан тэтгэвэрт гарах эрх үүсэж байна. Гэвч миний тухайн үед ажилд орсон хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тухай тэмдэглэл, тамга байгаа боловч тушаалын эх хувь олдохгүй байна. Иймд Нийгмийн даатгалын байгууллага хөдөлмөрийн дэвтэрт тусгагдсан 14 жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир 1981 оны 01 дүгээр сарын 05-наас 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл нийт 14 жил Улаанхус сумын Согог болон Ойгорын бага сургуульд сахиулаар ажилласныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч У.Н шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Би Улаанхус сумын Согог болон Ойгор бага сургуульд 1981 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр сахиулаар ажилд орсон. Улмаар 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэл тасралтгүй ажилласан. Эдгээр ажилласан жилийн материалууд маань архиваас гараагүй тул ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандсан. Иймд миний ажилласан жилийг тогтоож өгөхийг хүсье гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч У.Н нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Ойгор бага сургуульд 1981 оны 01 дүгээр сарын 05-наас 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл сахиулаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж Улаанхус сумын Согог болон Ойгор бага сургуульд 1981 оны 01 дүгээр сарын 05-наас 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл сахиул, мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.
Шүүхээс хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
1.2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 10 дугаартай архивын лавлагаанд: Улаанхус сумын Ойгор бага сургуулийн 1981-1990 он хүртэл баримтыг архивд шилжүүлээгүй тул У.Н ад холбогдох архивын лавлагаа өгөх боломжгүй гэсэн боловч хүсэлт гаргагч У.Н нь Улаанхус сумын Согог болон Ойгор бага сургуульд 1981 оны 01 дүгээр сарын 05-наас 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл сахиул, мужаанаар ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар:
-1983-1984 оны Улаанхус сумын Согог болон Ойгор бага сургуулийн 1983-1984 онуудын 38 дугаар маягтын цалингийн тооцооны бүртгэлд: ...сахиул Н ын 1983 оны 09-12 дугаар саруудын, 1984 оны 01-05 дугаар саруудын, 1984 оны 7-12 дугаар саруудын, 1985 оны 01-07 дугаар саруудын, 1986 ба 1987 оны 01-12 дугаар сарын, 1988 оны 01-12 дугаар сарын, 1989 ба 1990 оны цалингийн тооцооны бүртгэлд мужаан Н 01 дүгээр сар 03-05 дугаар саруудын сард олговол зохих болон суутгалууд, жинхэнэ олгох цалингийн талаарх бичилт,
-1992 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Ойгор 8 жилийн сургуулийн захирлын Цалинг дахин тогтоох тухай 22 дугаартай тушаалд: Засгийн газрын 12 дугаар тогтоолыг үндэслэн 1992 оны 02 дугаар сарын 15-наас эхлэн багш ажилчдын цалинг шинэчлэн тогтоохыг зөвшөөрч.Тооцогдсон цалинг хавсралт ёсоор бодож олохыг ня-бод үүрэг болгосон ба уг тушаалын хавсралтын 22-рт Н 1120 төгрөг гэж бичигдсэн байдал,
-Ойгор 8 жилийн сургуулийн 1992 оны 7,8,9 дүгээр саруудын аж ахуйн ба касс харилцахын баримтын цалингийн тооцооны бүртгэлийн 9-рт мужаан Н , ажилласан хоног 26, сарын цалин 1170 төгрөг, жинхэнэ олгох нь 703 төгрөг Н гэж гарын үсэг зурсан байдал,
- Ойгор 8 жилийн сургуулийн 1993 оны 5-9 дүгээр саруудын аж ахуйн ба касс харилцахын баримтын цалингийн тооцооны бүртгэлийн 10-рт нэр Н , албан тушаалын нэр мужаан, ажилласан хоног 19, сарын цалин 2438 төгрөг гэж бичигдсэн байдал,
-1993 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн Ойгорын 8 жилийн сургуулийн захирлын ээлжийн амралт олгох тухай 25 дугаартай тушаалд 1992-1993 оны ээлжийн амралтыг олгосон ба уг тушаалын хавсралтын 6-рт У.Н , албан тушаал мужаан гэж бичигдсэн байдал,
-1994 оны 11 дүгээр сарын 05 өдрийн Ойгор 8 жилийн сургуулийн захирлын ажилчдад урамшуулал явуулах тухай 09 дугаартай тушаалд: 1993-1994 оны хичээлийн жилд сургуулийн сургалт хүмүүжлийн ажил болон материаллаг баазыг бэхжүүлэхэд зохих нэмрийг оруулсан багш ажилчдын хөдөлмөрийг өндөр үнэлж урамшуулан шагнасан ба уг тушаалын хавсралтын 15-рт Н шагналын хэмжээ 2200 төгрөг гэж бичигдсэн байдал,
-Сургуулийн хүндэт дэвтэрт: 1985 оны 02 дугаар сарын 02 өдөр сахиул Уят овогтой Н нь 1984 оны социалист уралдаанд авсан үүргээ нэр төртэй биелүүлж сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэхэд идэвхтэй оролцож хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан учир Сургуулийн 1984 оны хөдөлмөрийн аварга ажилчин цол олгож хүндэт дэвтэрт бичив. Ойгорын бага сургуулийн эрхлэгч гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан байдал,
-1981 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр олгосон ногоон өнгийн БНМАУ Хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд овог Уят нэр Н , мэргэжил мужаан, Хөдөлмөрийн дэвтэр олгосон Баян-Өлгий аймгийн Ойгорын бага сургуулийн эрхлэгчийн гарын үсэгтэй тамга дарж баталгаажуулсан ба уг дэвтрийн 4-5 дугаар хуудсанд Ойгорын бага сургуулийн эрхлэгчийн 1981 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 07 дугаартай тушаалаар мөн өдрөөс Ойгорын бага сургуулийн сахиулаар авч ажиллуулав гэж тамга дарсан байна. Улаанхус сумын Нийгмийн даатгалын байцаагчийн гарын үсэгтэй Нийгэм хангамжийн улсын байцаагчийн тэмдгийг дарж 1995 оны 01 дүгээр сарын 01-нээс Хөдөлмөрийн дэвтрийг хааж 340652 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр олгов гэсэн ба түүний 340652 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.
-Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Ойгор дунд сургуулийн захирал Х.Өмиргүлийн тодорхойлолт: Тус сургуульд Уят овогтой Н 1981 оноос 2016 оны 12 дугаар сарын 30-ны хүртэл тасралтгүй ажилласан үнэн болохыг тодорхойлсон байдал,
-Хамт ажилласан гэх БК********** регистрийн дугаартай Х.Б , БК************* регистрийн дугаартай Б.З нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: Согог болон Ойгор бага сургуульд У.Н нь 1981 онд сахиулаар ажилд орж, сүүлд мужаан болсон. 2016 он хүртэл тус сургуульд мужаанаар ажиллаж байсан гэв.
-Хамт ажилласан гэх БК*********** регистрийн дугаартай Ш.С, БК****************** регистрийн дугаартай С.К нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Бид тус сургуульд цэвэрлэгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Харин У.Н нь тус сургуульд сахиулаар ажиллаж байсан үнэн гэх тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг үндэслэж хүсэлт гаргагч У.Н нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Согог болон Ойгор бага сургуульд 1981 оны 01 дүгээр сарын 05-наас 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл сахиул, мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн 1990 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нээлгэсэн Монголын Үйлдвэрчний Эвлэл гишүүний бат илэрхийлэхийг нотлох баримтаар өгсөн боловч 1981 оноос 1990 оны 6 дугаар сарын хүртэл сарын цалин, татварын талаар бичилт хийгдсэн ба даргын гарын үсэг байхгүй тамга тэмдэггүй мөн 1983 онд хамт олонтой хамт авахуулсан зураг гэж өгсөн боловч хэзээ хаана авахуулсан нь тодорхой бус тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар БЮ********** регистрийн дугаартай, У ын Н нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Согог болон Ойгор бага сургуульд 1981 оны 01 дүгээр сарын 05-наас 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл сахиул, мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч У.Н ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ