| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0345/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/475 |
| Огноо | 2021-04-07 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/475
2021 04 07 2021/ШЦТ/475
М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч М.Эрдэнэзаяа /томилолтоор/,
Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Х.Наранзул /ҮД:0940/, Б.Өлзийбаяр /ҮД:1165/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ад холбогдох 2006 04283 0150 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
М Улсын иргэн, Улаанбаатар хотод 1983 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан, социологич мэргэжилтэй, “Овоот толгой ресурс” ХХК-д бичиг хэргийн ажилтан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Худалдааны гудамжны Сангийн Яамны 20 дугаар байр, 15 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, М овогт Дын А /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Д.А нь фейсбүүк цахим хаягт “Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 37 дугаар байрны В1 давхрын өрөө түрээслүүлнэ” гэх зар байршуулж иргэн М.Хишигжаргалыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 800.000 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 700.000 төгрөгийг бэлнээр авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Агийн өгсөн: “... Би Пүрэв гэгчийн байранд орсноос хойш удалгүй уурхай луу явах болсон. Би тэр байрны төлбөрийг төлөөд яваад байх уу гэж бодоод фэйсбүүк дээр зар тавьсан. Би дэмий мөнгө төлж байхаар хүн оруулчихвал дараа над дээр ирсэн ч байна гэж бодсон. Миний үйлдэл буруу боловч сэдэл нь хуурч мэхлэх байгаагүй. Би өөрийн ашигласан фэйсбүүк утасны дугаараа одоо ч ашиглаж байгаа. Надад зугтана гэсэн бодол байгаагүй. Тэр хүмүүс өөр хүн оруулсан гэдгийг мэдээд надаас мөнгийг бүтнээр нь нэхсэн. Би тэр үед хараахан ажилд орж амжаагүй байсан. Миний орсон компани цалингаа тавихгүй удсан. Би мөнгийг бүтнээр өгч чадахгүй болоод ийм байдалд хүрсэн. Би үлдсэн мөнгийг цалин буухаар өгнө... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.6/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Хишигжаргалын өгсөн: “... 2020 оны 09 дүгээр сарын 19-ний орой фейсбүүкийн байр түрээслүүлнэ гэх групп дээр тавьсан зарын дагуу А /80602821/ гэх хүнтэй холбогдож 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 37 дугаар байрны В1 2 тоотод очиж уулзсан. Очиж уулзахад Д.А нь өөрийгөө тухайн байрны хууль ёсны өмчлөгч гэж хэлсэн бөгөөд “түрээсийн сарын төлбөр хоёр зуун тавин мянган төгрөг 6 сараар авна, байрандаа ороход өнөөдөр шууд орж болно” гэж хэлсэн. Тэр үед орох газаргүй байсан болохоор 800.000 мянган төгрөгийг тухайн өдөр бэлнээр өгсөн бөгөөд үлдэгдэл долоон зуун мянган төгрөгийг 9 сарын 22-нд мөн адил бэлнээр өгсөн. Тэр үед А байрны гэрчилгээ гэж юу ч үзүүлээгүй. Тэгээд байрандаа 7 хоног болсны дараа тухайн байрны эзэн Пүрэвээ гэж өөрийгөө танилцуулсан хүн орж ирээд байрны “жинхэнэ эзэн нь би байна, та нар одоо байр чөлөөлж өг” гэж хэлсэн... хохирлоо түргэн барагдуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх.9-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Пүрвээгийн өгсөн: “... Би А гэдэг хүнийг танихгүй. Би Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 37 дугаар байрны В1 давхрын өрөөг түрээсэлдэг юм. 2020 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр Урнаа гэх эмэгтэй миний 5021269916 гэх ХААН банкны миний эзэмшдэг данс руу хоёр зуун мянган төгрөг шилжүүлээд В1 давхрын өрөөг 12 cap хүртэл хүнд түрээслэхгүй хадгалж байгаарай гэж хэлсэн. Тэгээд удалгүй Урнаа гэх эмэгтэй “эгчээ би нөгөө байрандаа дүүгээ түр оруулахаар боллоо” гэж хэлсэн. Тэгээд удалгүй А гэх хүн “би Урнаагийн дүү байна” гэж над руу утсаар ярьсан. Тэгээд В1 тоотод орохоор боллоо гээд манай хүү Цэрэндоржоос В1 тоот өрөөний түлхүүрийг авсан... Атай холбогдож хэлтэл “Урнаа эгчээ надад мөнгө хэрэг болоод би түрээсэлсэн юм” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь “тэр мөнгөө яасан юм” гэхэд “эгчээ надад хямд машин олдохоор нь би тэр мөнгөөр нь машин авсан” гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.11-12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Урнаагийн өгсөн: “... Би А гэдэг хүнийг танина. Би 2020 оны 06 дугаар сард Хэнтий аймгийн Батноров суманд байрлах Жоншны уурхайд тогоочоор ажиллаж байсан бөгөөд тухайн үеэс Д.Аг мэддэг болсон. Би анх өөрийн таньдаг хүнээр дамжуулж Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах 37 дугаар байрны В1 давхрын өрөөг түрээслэх боломжтой талаар мэдсэн бөгөөд байрны эзэн Пүрвээгийн хүү болох Доржоотой очиж уулзсан. Доржоо нь анх 1 сарын 250.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэсэн, тухайн үед би Төв аймгийн Баянцогт суманд М гэдэг нэртэй ноосны үйлдвэрт тогоочийн ажил хийх болсон тул Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах 37 дугаар байрны В1 давхрын өрөөг алдахгүйн тулд Доржоогоос “эгч нь сард 200.000 төгрөг дансанд чинь хийгээд байя, хөдөө явах ажилтай боллоо” гэхэд Доржоо нь зөвшөөрсөн. Тэгээд намайг Төв аймгийн Баянцогт суманд ажлаа хийгээд байж байхад 9 сард Д.А 80602821 гэх дугаараас залгаж “хуучин ажиллаж байсан жоншны үйлдвэр зогссон, дүү нь эхнэрээсээ салсан, одоо буудлаар өдрийн 40.000-50.000 төгрөг өгч амьдарч байна” гэж над руу утсаар ярихаар нь өрөвдөөд “эгч нь 37 дугаар байрны В1 давхрын өрөөг түрээслэх гээд cap болгон 200.000 төгрөг төлж байгаа, одоо хөдөө ажиллаж байгаа болохоор тэр байр хоосон байгаа, намайг иртэл байж болно” гээд Доржоотой утсаар ярьж хэлсэн бөгөөд, Д.А нь Доржоогоос очиж түлхүүр авсан гэсэн. Тэгээд удалгүй хэд хоногийн дараа Пүрэвээ эгч танай энэ Д.А чинь манай байрыг давхар өөр хүмүүст түрээслээд яваад өгсөн байна гэхэд нь би мэдсэн...” гэх мэдүүлэг /хх.13-14/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Агийн яллагдагчаар өгсөн: “... хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн учруулсан хохирлыг барагдуулна..” гэх мэдүүлэг /хх.63/,
Цахим зурвасын хуулга /хх.21/,
Хувийн байдлын талаар болон хохирол нөхөн төлсөн баримтууд /хх.37,45,66 шинээр гаргасан 12 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Д.А нь фейсбүүк цахим хаягт “Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 37 дугаар байрны В1 давхрын өрөө түрээслүүлнэ” гэх зар байршуулж иргэн М.Хишигжаргалыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 800.000 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 700.000 төгрөгийг бэлнээр авч залилсан гэмт хэрэг болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.6/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Хишигжаргалын өгсөн: “... 2020 оны 09 дүгээр сарын 19-ний орой фейсбүүкийн байр түрээслүүлнэ гэх групп дээр тавьсан зарын дагуу А /80602821/ гэх хүнтэй холбогдож 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 37 дугаар байрны В1 2 тоотод очиж уулзсан. Очиж уулзахад Д.А нь өөрийгөө тухайн байрны хууль ёсны өмчлөгч гэж хэлсэн бөгөөд “түрээсийн сарын төлбөр хоёр зуун тавин мянган төгрөг 6 сараар авна, байрандаа ороход өнөөдөр шууд орж болно” гэж хэлсэн. Тэр үед орох газаргүй байсан болохоор 800.000 мянган төгрөгийг тухайн өдөр бэлнээр өгсөн бөгөөд үлдэгдэл долоон зуун мянган төгрөгийг 9 сарын 22-нд мөн адил бэлнээр өгсөн. Тэр үед А байрны гэрчилгээ гэж юу ч үзүүлээгүй. Тэгээд байрандаа 7 хоног болсны дараа тухайн байрны эзэн Пүрэвээ гэж өөрийгөө танилцуулсан хүн орж ирээд байрны “жинхэнэ эзэн нь би байна, та нар одоо байр чөлөөлж өг” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.9-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Пүрвээгийн өгсөн: “... Би А гэдэг хүнийг танихгүй. Би Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 37 дугаар байрны В1 давхрын өрөөг түрээсэлдэг юм. 2020 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр Урнаа гэх эмэгтэй миний 5021269916 гэх ХААН банкны миний эзэмшдэг данс руу хоёр зуун мянган төгрөг шилжүүлээд В1 давхрын өрөөг 12 cap хүртэл хүнд түрээслэхгүй хадгалж байгаарай гэж хэлсэн. Тэгээд удалгүй Урнаа гэх эмэгтэй “эгчээ би нөгөө байрандаа дүүгээ түр оруулахаар боллоо” гэж хэлсэн. Тэгээд удалгүй А гэх хүн “би Урнаагийн дүү байна” гэж над руу утсаар ярьсан. Тэгээд В1 тоотод орохоор боллоо гээд манай хүү Цэрэндоржоос В1 тоот өрөөний түлхүүрийг авсан... Атай холбогдож хэлтэл “Урнаа эгчээ надад мөнгө хэрэг болоод би түрээсэлсэн юм” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь “тэр мөнгөө яасан юм” гэхэд “эгчээ надад хямд машин олдохоор нь би тэр мөнгөөр нь машин авсан” гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.11-12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Урнаагийн өгсөн: “... Д.А 80602821 гэх дугаараас залгаж “хуучин ажиллаж байсан жоншны үйлдвэр зогссон дүү нь эхнэрээсээ салсан, одоо буудлаар өдрийн 40.000-50.000 төгрөг өгч амьдарч байна” гэж над руу утсаар ярихаар нь өрөвдөөд “эгч нь 37 дугаар байрны В1 давхрын өрөөг түрээслэх гээд cap болгон 200.000 төгрөг төлж байгаа, одоо хөдөө ажиллаж байгаа болохоор тэр байр хоосон байгаа, намайг иртэл байж болно” гээд Доржоотой утсаар ярьж хэлсэн бөгөөд, Д.А нь Доржоогоос очиж түлхүүр авсан гэсэн. Тэгээд удалгүй хэд хоногийн дараа Пүрэвээ эгч “танай энэ Д.А чинь манай байрыг давхар өөр хүмүүст түрээслээд яваад өгсөн байна” гэхэд нь би мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-13-14/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Агийн яллагдагчаар өгсөн: “... хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн учруулсан хохирлыг барагдуулна..” гэх мэдүүлэг /хх.63/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Агийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Д.Агийн өрөө түрээсэлсэн үйлдэл нь иргэний эрх зүйн харилцааны шинжтэй гэж түүний өмгөөлөгч нар мэтгэлцэж байх боловч шүүгдэгч бусдын орон сууцыг өөрийн өмчлөлийнх мэтээр итгэл үнэмшил төрүүлж түрээслэх нэрийдлээр хохирогчоос бага бус хэмжээний мөнгө авч хувьдаа ашиглаж залилсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг дээрх баримтуудаар хөдөлбөргүй нотлогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Д.Агийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдал зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Д.А нь хохирлын 1.500.000 төгрөгөөс 700.000 төгрөгийг нөхөн төлсөн учир үлдэх 800.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч М.Хишигжаргалд олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Иймд Д.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Агийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Д.Ад эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.Ад хорихоос өөр төрлийн ял оногдуулахыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хүсэж байх боловч гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгаагүй байх тул дээрх хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Д.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэрээр урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. М овогт Дын Аг “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдал зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Д.Ад оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Д.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирлоос 700.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Агаас 800.000 төгрөг гаргуулж хохирогч М.Хишигжаргалд олгосугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР