Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2017/00131

 

аян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Э сумын * дүгээр багт оршин суух, БМ*********** регистрийн дугаартай, М овогт С ын Д гийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Цагааннуурын Дамжлага баазад 1980 оноос 1988 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл эцэг,эхийн хамт малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч С.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Цагааннуур тосгонд 1964 онд төрсөн. Бага дунд боловсролтой. 1980-1988 оны хооронд аав, ээжийнхээ гар дээр 9 жил мал маллаж, малчин саальчнаар ажиллаж амьдарч байсан. 1989 онд Цагааннуур Дамжлага баазад ноос угаагчаар ажиллаж байгаад 1989 оны 10 дугаар сард Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Содномын Галбадрахтай гэрлэн нутгаасаа явсан билээ. Одоо би 4-ээс дээш хүүхэдтэй тэтгэвэрт гарах хугацаа болсон. Миний 1980-1988 оны хооронд малчин саальчнаар ажиллаж байсан талаар ямар ч нийгэм даатгал болон хөдөлмөрийн дэвтэрт тусгагдаагүй, байхгүй байна. Иймд Нийгмийн даатгалын байгууллага миний малчин, саальчин байсныг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир 1980-1989 оны хүртэлх нийт 10 жилийн малчин, саальчнаар ажиллаж байсныг тогтоож өгч гүн туслалцаа үзүүлнэ үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Би С.Д гэх хүний ажиллаж байсан байдлыг буюу 1980-198 оны хооронд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсэж байна. Өөрөөр хэлбэл Баян-Өлгий аймгийн Цагааннуурын Дамжлага баазад 1980 оноос 1988 оны 12 дугаар сар дуустал эцэг, эхийн хамт малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Д нь 1980-1988 оны хооронд аав, ээжийнхээ гар дээр 9 жил мал маллаж, малчин саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага гаргасныг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж С.Д нь эцэг, эхийн хамт Цагааннуурын дамжлага баазад 1980 оноос 1988 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргажээ.

Шүүхээс хүсэлт гаргагчийн шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 613 дугаартай архивын лавлагаанд: Цагааннуур дамжлага баазын 1982-1988 онуудын баримтыг шүүн үзэхэд иргэн С.Д д холбогдох баримт гаргаагүй гэсэн байна.

-хүсэлт гаргагчийн эцэг З.С , эх Ц.О нар нь хууль ёсны эхнэр нөхөр болох нь 1951 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр олгосон №12 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

- 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхээс аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасагт хадгалагдаж буй Баян-Өлгий аймгийн Цагааннуур дахь нефть хангамжийн баазын даргын 1980 оноос 1989 он хүртэлх тушаалуудад үзлэг хийсэн тэмдэглэлд: ... хүсэлт гаргагчийн эцэг З.С нь тус баазын боловсон хүчин, Хөдөлмөр хамгааллын байцаагчаар, эх Ц.О нь тус баазын зочид буудлын эрхлэгч, үйлчлэгчээр буюу албан хаагч байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан тушаалуудын хуулбараар нотлогдож байна.

Гэтэл хүсэлт гаргагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эцэг, эхийн хамт Цагааннуурын дамжлага баазад 1980 оноос 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчин, саальчнаар ажиллаж байсан гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С.Д нь 1980 оноос 1988 оны 12 дугаар сарын 31-ний хүртэлхөдөө өөрийн эцэг, эхийн малыг маллаж байсан гэх мэдүүлэг болон хамт ажилласан гэх Д.Г , Е.Д, Т.Э, Б.О, Н.Х нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: С овогтой Д нь 1980-1988 оны хооронд аав, ээжийнхээ гар дээр малчин, саальчин хийж байсныг сайн мэднэ. Тэр үед айлд хамт мал маллаж, эцэг, эхтэйгээ амьдарч байсан нь үнэн болохыг тодорхойлов гэсэн тодорхойлолт зэргээр хүсэлт гаргагч С.Д нь Баян-Өлгий аймгийн Цагааннуурын дамжлага баазад 1980 оноос 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчин, саальчнаар ажилласан биш хувийн малаа маллаж байсан болох нь нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасан хүний ажиллаж байсан байдлыг тогтоохдоо шүүх хүсэлт гаргагч С.Д нь аль байгууллагад ямар ажил албан тушаалыг ямар хугацаагаар эрхэлж байсныг тогтоох ба түүний хувийн мал малласныг тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд хүсэлт гаргагч С.Д гийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар БМ********* регистрийн дугаартай, С ын Д гийн Баян-Өлгий аймгийн Цагааннуурын Дамжлага баазад 1980 оноос 1988 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл малчин, саальчнаар ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч С.Д гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ