Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/221

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Тэмүүжин хөтлөн,

улсын яллагч Ц.Батбямба /томилолтоор/,

шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,

шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Д.Бурмаа

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Харуул овогт Н. А, Хиад овогт Б. У нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дугаар зүйлийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102000230022 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Харуул овогт Н. А /РД:***/,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***  урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хиад овогт Б. У /РД:***/,

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.У, Н.А нар нь хамтран оролцох хэлбэрээр 2020 оны 08 дугаар сард Булган аймгийн Хялганат тосгоны нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “шавар” гэх нэршилтэй гялгар ууттай үеийн жин нь 1.5729 грамм, цэвэр жин нь 0.7045 грамм, /шинжээчийн дүгнэлтээр/ сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

Улмаар тус бодисоос шүүгдэгч Б.У нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэрэлт-Өргөө хотхоны 47в байрны 49 тоотод гялгар ууттай үеийн жин нь 0.6547 грамм, цэвэр жин нь 0.3783 грамм “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг,

Шүүгдэгч Н.А нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 3 дугаар байрны 4 давхарт болон биедээ гялгар ууттай үеийн жин нь 0.9182 грамм, цэвэр жин нь 0.3262 грамм  “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

          1. Шүүгдэгч Б.У, Н.А нар нь хамтран оролцох хэлбэрээр 2020 оны 08 дугаар сард Булган аймгийн Хялганат тосгоны нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “шавар” гэх нэршилтэй гялгар ууттай үеийн жин нь 1.5729 грамм, цэвэр жин нь 0.7045 грамм, /шинжээчийн дүгнэлтээр/ сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

Улмаар тус бодисоос шүүгдэгч Б.У нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэрэлт-Өргөө хотхоны 47в байрны 49 тоотод гялгар ууттай үеийн жин нь 0.6547 грамм, цэвэр жин нь 0.3783 грамм “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-6 дугаар хуудас/,

 

Б.Уын биед үзлэг хийсэн тэмдэглэл, тест ашигласан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 7-11 дүгээр хуудас/,

 

Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хэргийн 17 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 20-22 дугаар хуудас/,

 

          Гэрч Н. Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...15 цагийн үед гадуур ажилтай явж байтал найз У залгаад хадгалуулсан юмаа авъя, чи авч ирэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгтэл цагдаа утсаар нь яриад үнэн зөвөөр нь авч ирээрэй гэж хэлсэн. У надад эссэ тамхины хайрцагтай цэг гэж нэрлэдэг зүйлийг хадгалуулсан. Тухайн зүйлийг би ойлгохдоо мансууруулах бодис гэж ойлгосон. Би өмнө нь 2018 онд өвс сорж үзэж байсан. Дахин хэрэглээгүй. Би өөрөө мэдэж байсан. У өөрөө надад юу ч хэлээгүй. Надад өгөөд хадгалж байгаарай гэж л хэлсэн. ...Энэ зун бид хоёр хамт Булган аймгийн Хялганат тосгон руу Уын эмээ өвөөгийн байшинг харахаар ойролцоогоор 9-10 хоног явахаар болсон. ...Эмээ, өвөө нь явсны дараа бид хоёр дэлгүүр явж байх замдаа хашааны баруун талд каннабисын төрлийн ургамлыг бид хоёр олж харсан. Тэгээд бид хоёр сонирхож харж байхад У интернетээс шавар хэрхэн хийх арга харсан. Тухайн үед У ургамал судлаач мэргэжлээр суралцаж байсан, би нэг их юм бодоогүй. У шавар хийж үзэх сонирхолтой байсан. Шаварыг хийхэд У өөрөө хийсэн. Шавар хийхдээ газ, ундааны сав, өвс зэргийг ашиглаж байсан.Ундааныхаа сав руу өвсөө хийгээд газ шахаж байсан. Би хажууд нь харж байсан. Дэлгүүрээс хүнс болон ахуйн газнаас 2 ширхгийг авсан.Тэгээд шавар хийж үзэх сонирхолдоо хөтлөгдөөд хийсэн. Тухайн үед ургасан байсан каннабисийг У хараад таньж байсан. Тэгээд У түүсэн, би хараад байж байсан. Миний санаж байгаагаар эмээ, өвөөг нь ирэхээс нэг өдрийн өмнө бид хоёр хийсэн шаварнаасаа хэрэглэж үзсэн. Тухайн үед хэрэглэж байхад толгой эргээд, нойр хүрээд унтаад өгсөн. ...2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 3 дугаар байрны 19 тоотод намайг гэртээ байхад надад өгсөн. Тухайн үед миний сэтгэл санаа тогтворгүй, сэтгэл гутралтай байсан. ...Тэгээд бид хоёр манай гэрийн гадаа уулзаад миний сэтгэл тавгүй байгаа талаараа ярьсан. Тэгтэл У надад жижигхэн зүйл гаргаж өгсөн. Тэр нь Хялганатад хэрэглэж байсан шавар гэдэг зүйл нь байсан. Тухайн үед бид хоёр хамт шавар гэх зүйлээс нь хэрэглэсэн. Хэрэглэсний дараа нойр хүрээд орохоор болсон. ...Манай ах хааяа тамхи татахдаа миний куртикийг өмсдөг болохоор гэрт байлгаж болохгүй гэж бодоод орцны 4 давхарт байдаг хог хаях хэсгийн орчим хаясан. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр У залгаад дээрийн хадгалуулсан зүйл байгаа юу гэхээр нь би байгаа гэж хэлсэн. Гэхдээ хаясан гэдгээ хэлээгүй. Дараа нь цагдаагаас залгаад У чамд юм хадгалуулсан байна. Чи түүнийг авчирч өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би байрныхаа 4 давхарт гараад хогийн цэг орчим хаясан байсан шаврыг очиж аваад цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 31, 33-34 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 228 дугаартай “

  1. 2.3. Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байх тул тэнцэж байна. “Баяраа У ***” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabino/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. ” гэх дүгнэлт /хэргийн 44 дүгээр хуудас/,

 

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 72 дугаартай “

         1.2.Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн зүйл, мөнгөлөг цаас зэргээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabino/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.

         Цэнхэр өнгийн асаагуур, хуйлсан ZN7888437 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт, хуйлсан AQ5586964 гэсэн сери дугаартай 100-тын мөнгөн дэвсгэрт зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.

3. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 0.6547 г, цэвэр жин нь 0.3783 г байна” гэх дүгнэлт /хэргийн 56 дугаар хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1229 дугаартай

  1. Б.У нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, Б.У нь болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  2. Б.У нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  3. Б.Уод эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
  4. Б.У нь болсон хэргээс болж сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт, мэдээлэл үгүй байна.
  5. Б.У нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй байна.
  6. Б.У нь хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /хэргийн 64 дүгээр хуудас/,

 

            Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Монгол улсад ургадаг Каннабис буюу зэрлэг олсны ургамлын тархцын талаарх судалгаа /хэргийн 91-93 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Уын яллагдагчаар өгсөн “...2020 оны 08 дугаар сарын эхээр  Булган аймгийн Хялганат тосгонд байдаг эмээ, өвөөгийнхөө гэрийг сахиж үлдэхээр найз Аын хамт явсан. Тухайн үед өвөө, эмээ хоёр амралтад Хөвсгөл аймаг руу явсан. Дэлгүүр явах замд замын хажууд ургасан байхыг би бие засах гэж байхдаа анх харсан. Тэгээд мөн үү биш үү гэж эргэлзэж байгаад интернетээс зургийг нь хараад таньсан. Миний зурагтай нь харьцуулж харсан зүйл каннабисын ургамал байсан. А бид хоёр ярилцаж байгаад хэрэглэж үзэхээр болсон. Тэгээд бид хоёр 10 төгрөгийн уут бага зэрэг ёроол хэсгээр нь түүсэн. Түүсэн каннабисын ургамлаа хатааж байгаад тамхины дүнсний оронд хийж ороож татаж үзсэн. Анх удаа хэрэглэхэд толгой эргэж, чимээ чанга сонсогдож, ядарч, нойр хүрч эхэлсэн. Тухайн үед тамхи шиг болгосон байхад ч А хэрэглэсэн. Бид хоёр нэг тамхинд хийж ороож байгаад татсан. Каннабисын талаар судлаад бэлтгэх бичлэгийг интернетээс олж үзсэн. Тэр бичлэгт каннабисын ургамлыг боловсруулаад шар өнгөтэй есийн тос шиг зүйл гаргаж байгаа талаар гардаг. Тэгээд тэр бичлэг дээрхийг дуурайлган хийсэн ба үр дүнд нь шавар гэх бодисыг гаргаж авсан. Шавар хийхэд А хажууд байгаад тусалж байсан. Хэр их хэмжээгээр гаргаж авсныг мэдэхгүй байна. Миний баримжаагаар хумсны толионы чинээ л байх. Тухайн үедээ шавраас хэрэглээгүй, бид хоёр шаврыг жижигхэн амбаарын орчим нуусан байсан. Тэгээд хот руу ирэхдээ би өөрийнхөө цүнхний доод хэсэгт хийгээд авч ирсэн. 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Атай уулзсан ба Аад таарамжгүй зүйл болсон талаар надад хэлсэн. Тэгээд бид хоёр бэлтгэсэн байсан шавраасаа хамт хэрэглэсэн. Тэгээд салахдаа байсан шавраа хоёр хуваагаад аваад явсан. 2020 оны 12 сарын 15-ны өдөр гэрт байхад цагдаа нар ирээд барьсан. Бид хоёр шаврыг хамт хийсэн болохоор хувааж авсан болохоос зарж борлуулсан асуудал байхгүй. А авахдаа мансууруулах бодис гэдгийг нь мэдэж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 114-115 дугаар хуудас/

 

  1. Шүүгдэгч Б.У, Н.А нар нь хамтран оролцох хэлбэрээр 2020 оны 08 дугаар сард Булган аймгийн Хялганат тосгоны нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “шавар” гэх нэршилтэй гялгар ууттай үеийн жин нь 1.5729 грамм, цэвэр жин нь 0.7045 грамм, /шинжээчийн дүгнэлтээр/ сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

Улмаар тус бодисоос шүүгдэгч Н.А нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 3 дугаар байрны 4 давхарт болон биедээ гялгар ууттай үеийн жин нь 0.9182 грамм, цэвэр жин нь 0.3262 грамм  “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Н.Аын биед үзлэг хийсэн тэмдэглэл, тест ашигласан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 12-16 дугаар хуудас/,

 

Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хэргийн 17 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 20-22 дугаар хуудас/,

        

          Гэрч Б.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хялганатад байхдаа анх удаа өвс түүж, өөрөө сонирхож татаж байсан. Энэ үед би ганцаараа байсан. Тэгээд энэ оны цагаан сарын үеэр Хялганатад эмээ, өвөө дээрээ очихдоо түүж хадгалсан байсан өвсөө татсан. Энэ шаврыг би зун Хялганатад очихдоо хийчихсэн байсан. Хийх аргыг нь хүнээс сонссоноороо бас интернетээс үзэж байгаад хийсэн. Тэгээд хадгалчихсан байсан. Тэгээд хоёр хуваагаад нэг хэсгийг нь найз Аад хадгалуулсан байсан. Гэхдээ юу болохыг нь Аад хэлээгүй. Зүгээр л үүнийг хадгалж бай, би чамаас буцаагаад авна гэж хэлээд тамхины хайрцагт хийсэн байсан шавраа өгсөн. Би гэм буруугаа хүлээж байна. ...2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн үед Булган аймгийн Хялганат тосгонд өвөө, эмээ дээрээ байсан. Тухайн үед өвөө, эмээ хоёр аялалаар яваад А бид хоёр гэрийг нь сахиж байсан. Тэр үед хашааны гадна хэсэгт өвс ургачихсан байсан. Анх бид хоёр хашааны гаднаас олоод тамхитай хольж байгаад өвсийг татаж үзсэн. Дараа нь юүтүбээс бичлэг үзэж байгаад шавар хийх аргыг нь мэдээд дуурайлган шавар хийсэн. Хамгийн сүүлд 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Н.Аын гэрийн гадаа буюу 10-р хороололд байхдаа тугалган цаасан дээр тавиад доороос нь шатааж утаа гарахаар нь хуйлж хэлбэрт оруулж гуурс шиг болгосон 100 төгрөгөөр сорж хэрэглэсэн. Аад өгсөн шалтгаан нь хамт хийсэн болохоор хотод ирээд хуваагаад авсан юм...” гэх мэдүүлэг /хэргийн 26, 28 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 229 дугаартай “

1.2.3.Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байх тул тэнцэж байна. “Н.А *** 2020.12.15” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabino/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. ” гэх дүгнэлт /хэргийн 48 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 74 дугаартай “

         1.2.Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabino/ илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно.

3. “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн бор ногоон өнгийн зүйлийн гялгар ууттай үеийн жин нь 0.9182 г, цэвэр жин нь 0.3262 г байна” гэх дүгнэлт /хэргийн 52 дугаар хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1226 дугаартай

  1. Н.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.
  2. Н.А нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  3. Н.Аад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
  4. Н.Аад хэргээс шалтгаалан сэтгэцийн байдалд өөрчлөлт орсон гэх баримт, шинж үгүй байна.
  5. Н.А нь сэтгэц идэвхт бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт үгүй байна. Н.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /хэргийн 61 дүгээр хуудас/,

 

   Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Монгол улсад ургадаг Каннабис буюу зэрлэг олсны ургамлын тархцын талаарх судалгаа /хэргийн 91-93 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Н.Аын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 118-121 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгч Н.Аын яллагдагчаар өгсөн “...Намайг яагаад яллагдагчаар татсан гэдгийг ойлгохгүй байна. Учир нь би тухайн мансууруулах бодисыг Уоос авсан. У надад хадгалж байгаарай гэж өгсөн. Тэгээд би тухайн үедээ аваад гэр лүүгээ орох замдаа бодож байгаад энэ зүйлийг хэрэглэх, авч яваад дэмий юм байна гэж бодоод байрныхаа 4 давхарт байрлах хогийн цэг рүү эссэ тамхины хайрцагт хийгээд хаясан. Тийм болохоор би хадгалсан гэж үзэхгүй байна. ...Тухайн үед миний сэтгэл санаа хямарсан байсан. Сэтгэл санаа бүр дордвол хэрэглээрэй гэж хэлсэн. Шавар нь нойр хүргэж, тайвшруулж байсан. Тугалган цаасан дээр тавиад галлаж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 109 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтууд:

 

Гэрч Г.Ундармаагийн мэдүүлэг /хэргийн 36-37 дугаар хуудас/, гэрч Т.Баярмаагийн мэдүүлэг /хэргийн 38-39 дүгээр хуудас/,  шүүгдэгч Б.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 126 дугаар хуудас/, хувийн байдал тогтоосон баримтууд /хэргийн 69-77 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 80 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 127 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Б.Уын хувийн байдалтай холбоотой баримтууд.

Гэрч Б.Содбаярын мэдүүлэг /хэргийн 40-41 дүгээр хуудас/, шүүгдэгч Н.Аын түр оршин суугаа газрын тодорхойлолт /хэргийн 82 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 83 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 85 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 135-136 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 139 дугаар хуудас/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

    Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. 

 

Шүүгдэгч Б.У, Н.А нар нь хамтран оролцох хэлбэрээр 2020 оны 08 дугаар сард Булган аймгийн Хялганат тосгоны нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “шавар” гэх нэршилтэй гялгар ууттай үеийн жин нь 1.5729 грамм, цэвэр жин нь 0.7045 грамм, /шинжээчийн дүгнэлтээр/ сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

Улмаар тус бодисоос шүүгдэгч Б.У нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэрэлт-Өргөө хотхоны 47в байрны 49 тоотод гялгар ууттай үеийн жин нь 0.6547 грамм, цэвэр жин нь 0.3783 грамм “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг,

  Шүүгдэгч Н.А нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 3 дугаар байрны 4 давхарт болон биедээ гялгар ууттай үеийн жин нь 0.9182 грамм, цэвэр жин нь 0.3262 грамм  “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн дүгнэлтүүд, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтүүд, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, Н.А, Б.Уын биед үзлэг хийсэн тэмдэглэл, тест шалгасан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Монгол улсад ургадаг “каннабис” буюу зэрлэг олсны ургамлын тархцын талаарх судалгаа, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцод заасан.  

  “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно.   

       Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг “хууль бус” гэж үзнэ.

          Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

           Шүүгдэгч  нар нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалах үйлдлийн хувьд тухайн бодисыг шүүгдэгч өөрийн эзэмшил, хяналтад байлгасан үйлдлийг ойлгох ба харин “хаана, юунд нуусан” эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.     

           Мөн сэтгэцэд нөлөөт бодисыг “хууль бусаар бэлтгэх” гэдэг нь зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд унаган жам ёсоороо ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулж хувирган өөрчлөх, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн хэлбэрээр гаргаж авсан үйлдлийг ойлгоно.   

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.   

          Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих хууль тогтоомжийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

   Иймд шүүгдэгч Б.У, Н.А нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

         Хохирлын талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж хуульчилсан.

 

         Тус гэмт хэрэг нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үеэс төгсдөг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.  

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.У, Н.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,сэтгэцэд нөлөөт бодисыг сайн дураараа гаргаж өгсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан тэнсэж өгнө үү ” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

“Тохиолдлын шинжтэй нөхцөл байдал” гэдэг нь субъект урьдчилан мэдэх, тооцоолох боломжгүй гэнэт үүссэн гадны объектив хүчин зүйлүүдийн нөлөөнд автаж гэмт хэрэг үйлдсэн байхыг хэлнэ. Тухайлбал: хөндлөнгийн этгээдийн нөлөөнд автсан, гэнэт бий болсон урьдчилан төсөөлөөгүй хүчинд автаж нөхцөл байдлыг зөвөөр тусгаж авах, ойлгох чадвар хомс болсон, айж балмагдсан зэрэг сэтгэл зүйн өвөрмөц байдалд орсноос гэмт хэрэг үйлдсэн байхыг ойлгоно. 

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн тайлбар хэсэгт “...сэтгэцэд нөлөөт бодисыг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргуулан авсныг сайн дураараа шилжүүлэн өгсөнд тооцохгүй” гэж тайлбарласан байгааг цаашид анхаарах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.У, Н.А нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” болон 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч нарын хувьд анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан шүүх эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тэдгээрт мэдэгдэх нь зүйтэй.

 

  1. Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Ченж эссэ тамхины хайрцаг 1 ширхэг, цэнхэр өнгийн асаагуур 1 ширхэг, шатаж түлэгдсэн мөнгөлөг цаас, зиплок түгжээтэй уутны хамт 0.2 грамм жинтэй шавар мэт зүйл,  эссэ тамхины хайрцагтай зиплок уутны болон наалдсан уутны хамт 0.8 грамм жинтэй шавар гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж,  ZN7888437, AQ5586964 серийн дугаартай 2 ширхэг 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Хиад овогт Б. У, Харуул овогт Н. А нарыг хамтран оролцох хэлбэрээр “хориглосон сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А, Б.У нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Н.А, Б.У нарт “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, “мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авч, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Н.А, Б.У нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтын арга хэмжээг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тэдгээрт мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Ченж эссэ тамхины хайрцаг 1 ширхэг, цэнхэр өнгийн асаагуур 1 ширхэг, шатаж түлэгдсэн мөнгөлөг цаас, зиплок түгжээтэй уутны хамт 0.2 грамм жинтэй шавар мэт зүйл, эссэ тамхины хайрцагтай зиплок уутны болон наалдсан уутны хамт 0.8 грамм жинтэй шавар гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, ZN7888437, AQ5586964 серийн дугаартай 2 ширхэг 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлсүгэй.  

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

        8.  Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А, Б.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО