| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2021/0616/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/15 |
| Огноо | 2021-03-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/15
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Б.Азжаргал,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч Э.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч О овогт Ж-ийн От холбогдох эрүүгийн 2017000000021 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 16-нд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 31 настай, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Чойр хайрхан ХХК-д ангилан ялгагч ажилтай, ам бүл 3, аав, хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Цагаан-Усны ................ тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй гэх, О овогт Ж-ийн О /РД: ................/
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Э.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Цагаан Усны 1-109 тоотод өөрийн гэртээ 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө 05 цагийн орчим В.Отэй хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу гэрт шүлсээ хаяж, гэрийг нь хүндэлсэнгүй гэж маргалдан улмаар түүнийг үсдэх, газар унагаах, нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа алгадаж, толгойн тус газар нь хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Цагаан Усны 1-109 тоотод өөрийн гэртээ 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө 05 цагийн орчим В.Отэй хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу гэрт шүлсээ хаяж, гэрийг нь хүндэлсэнгүй гэж маргалдан улмаар түүнийг үсдэх, газар унагаах, нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа алгадаж, толгойн тус газар нь хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Э.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2021 оны 01 дүгээр сарын 30-ны орой Б, О- нар дээр Төмөр замд айлд очсон. Тэгээд тэнд Б, О-, Ч-, Б- бид нар пиво уусан. Бид нарыг тэр айлаас гарахаас өмнө У ирсэн. Тэгээд У, О бид 3 тэр айлаас гараад Оргил ундраа төвийн урдаас би Цагаан-Усны 1-109 тоотод байх гэрлүүгээ явсан. Намайг гэртээ очиход шөнийн 02 цаг болж байсан. Гэтэл 03 цагийн орчимд У, О хоёр 0,5 литрийн архитай манай гэрт ирсэн. Уг архийг У, О, манай аав нар хувааж уусан. Архиа ууж дуусгаад О гэрээс гарч ороод явлаа гээд байсан. Тэгээд О хөнжил байна уу гэхээр нь миний хажуугаар ороод унт эсвэл Угийн хажууд унт гэж би хэлсэн. Тэгтэл О гэрт шүлсээ хаяад байхаар нь би болиоч гэтэл өөдөөс сарвалзаад байсан тэгэж байгаад миний сахиусыг тасдчихсан. Тэгэхээр нь би Ог үстээд цааш түлхэхэд газар унасан. Тэгтэл миний өөдөөс салаавч гаргаад байхаар нь гарыг нь өшиглөх гэж байгаад нүдийг нь өшиглөсөн. Тэгээд унтаж амраад маргааш нь О гэрлүүгээ явсан... гэсэн мэдүүлэг. /хх-43-р тал/
Хохирогч В.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Би 2021 оны 01 дүгээр сарын 30-ны орой 20 цагийн үед ажлаа тараад Баянтал сумаас Чойрт ирээд гэртээ 21 цагийн орчим ирсэн. Гэртээ байж байтал 21 цаг өнгөрч байхад О залгаад ажлын хэдэн хүнтэй пиво уугаад сууж байна, чи завтай байна уу гэхээр нь би ээжийн буузыг хийж өгч байна гээд тасалсан. Удалгүй Б залгаад Ч бид 2 байна пиво уух уу гэхээр нь би ээждээ ажлын хүний төрсөн өдөр гэнээ би гарчихаад ирье гээд гарсан. Тэгээд Бтай яриад 2 дугаар сургуулийн хажууд айлд очсон. Тэнд Б, Болороо, Ч нар байсан. Дараа нь У гээд залуу ирсэн. Тэр айлаас гараад У архи зардаг айл мэднэ гээд хот тохижуулахын хойд талын гудамжинд очиж айлаас 0,5 литрийн 1 шил Ерөөл нэртэй архи аваад Цагаан-Усны гудамжинд байх Оын гэрт очсон. Тэгээд О болон түүний аав, У бид 4 тэр архийг уусан. Тэр үед үүрийн 05 цаг болж байсан. О намайг гэртээ хоноод яв гэхээр нь илүү хөнжил гудас байна уу гэтэл байхгүй чи цаад залуутайгаа наанаа өвөртөө унтчих гэхээр нь би тэгвэл гэртээ харьж хонолоо гээд бостол О хэвтэж байснаа босож ирээд намайг үстээд газар унагаасан. Тэгээд хацарлуу 1-2 алгадсан чинь хамраас цус гарсан. Би От хандаад чи хүн гэртээ харьж хонолоо гэсний төлөө ингэж зодоод байхдаа яадаг юм гэж хэлээд энгэрээс нь барих гэтэл Оын сахиусыг нь тасдчихсан. Тэгтэл чи муу цустай бузар гараараа хүний сахиус тасдлаа гэж хэлээд намайг үстээд газар унагаад дэвслээд өшиглөсөн...Би От зодуулсны улмаас 4-5 хоног ажилдаа явж чадаагүй. Би өдрийн 35000 төгрөгийн цалинтай ажил хийдэг. Ажил тасалсан өдрийн цалингаа нэхэмжилнэ. Мөн эм авч уусан Шүүхийн шинжилгээний албанд үзүүлсэн, мөн цагдаа руу ирэх очихдоо таксидсан нийт 350 000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх 5-9-р тал/,
Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: 2021 оны 01 дүгээр сарын 30-ны орой цалин буугаад ажлын О, Б, Ч бид 4 айлд очоод байж байтал 22 цаг өнгөрч байхад О ганцаараа ирсэн. Тэгээд тэр айлд пиво ууж сууж байгаад Чимидээ бид 2 түрүүлээд 00 цаг өнгөрч байхад тэр айлаас явсан. Тэгээд маргааш өглөө нь Оийн гэрт нь очиход өөрөө гарч ирэлгүй дүүгээрээ бичиг баримт өгүүлсэн. Ч-д болохоор нүдээ цохиулсан гэж хэлсэн байсан. Тэгээд би Орүү залгаад юу болсон талаар асуухад О хүнтэй зодолдоод салгах гэж дундуур нь ороод цохиулсан гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,
Гэрч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: 1989 онд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн. Дундговь аймгийн Ерөнхий боловсролын сургуулийг төгссөн. Дараа нь мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургуульд төгссөн. Одоо 5 настай хүүгийн хамт амьдардаг. Зан төлөвийн хувьд даруу төлөв зантай, ажилсаг хүүхэд байгаа юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,
Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Би 2021 оны 01 дүгээр сарын 31-ний орой Содоо гэх найзынхаа гэрт байж байтал О гэх манай найз хорихын 75 дугаар байрнаас аваад гэрт хүргээд өгөөч гэж утсаар ярьсан. Тэгээд би 11 цагийн үед Хорихын 75 дугаар байранд очиход О, О гэх найзынхаа хамт аваад Оын гэрт очихоор гарсан. О гэх найз нь Оын гэрт нь оччихоод шүлсээ зуухны хажууд нь хаяад байсан. Тэгээд О чи яагаад манай гэрт шүлсээ хаяад байгаа юм, манай гэрийг хүндлэхгүй байгаа юмуу гэхэд О уурлаж босож ирээд Оын хүзүүнд байсан сахиусыг нь гараараа татаж тасалсан. Тэгээд О уурлаад Огийн үснээс нь зулгааж байгаад баруун нүдрүү нь баруун хөлөөрөө 1 удаа жийсэн. Тэгээд тэр 2 хоёулаа нэг хөнжилд ороод унтаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,
Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаартай дүгнэлтэд:
- В.Оийн биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун бугалганд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Б.Сэргэлэн гэх дүгнэлт /хх-ийн 24-26-р тал/
Шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаартай дүгнэлтэд:
- Э.Оын биед зүүн хөхний орчим зулгаралт, баруун хөхний орчим цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох гэх дүгнэлт /хх-ийн 31-р тал/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч В.О, гэрч Э.Б, Т.О, Б.Ж нарын мэдүүлэг болон хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаарх шүүх эмнэлгийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №58 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Э.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Э.О нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн 2117000000021 дугаартай хэрэгт битүүмжилсэн, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.
Хохирогч В.О нь эмчилгээний болон ажилгүй байсан хугацааны цалин хөлс 350 000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжгүй, холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байх тул цаашид гарах эмчилгээний төлбөрөө иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйгээр үлдээх нь зүйтэй байна. Шүүгдэгч нь хохирогч В.От 150 000 төгрөг нөхөн төлсөн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Олхонууд овогт Ж-ийн Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.От оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Э.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хохирогч В.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дахь хэсэгт зааснаар олох байсан цалин, эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсуай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ