Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/19

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Т.Т,

шүүгдэгч Б.Т түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Д-ын Тт холбогдох эрүүгийн 2017000000026 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 25-нд Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 41 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Баянбулагийн .................... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй гэх, Б овогт Д-ын Т /РД: .........................../

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Баянбулагийн 4-401 тоот хашаан дотор 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 04 цагийн орчим О.Ттай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу шөнө унтуулахгүй, хаалга нүдсэн үйлдэлд дургүйцэн улмаар заазуур авч шидэн нүүр хэсэгт нь онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Баянбулагийн 4-401 тоот хашаан дотор 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 04 цагийн орчим О.Ттай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу шөнө унтуулахгүй, хаалга нүдсэн үйлдэлд дургүйцэн улмаар заазуур авч шидэн нүүр хэсэгт нь онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

1. Шүүгдэгч Д.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2021 оны 01 дүгээр сарын 28-ны орой 18 цагийн үед М гээд манай хуурай ах манайд нэг залуутай ирсэн юм. М ах ирэхдээ 2 том пиво авчирсныг бид нар хувааж уунгаа хөзөр тоголсон. М ахын авчирсан пиво дуусаад дахиад 2 пиво авчирч уусан. Тэгээд Т Т 2 гэрээс гараад явсан хаашаа явсаныг нь мэдэхгүй. Тэгээд унтахдаа хаалгаа цоожлоогүй унтсан байсан. Нэг мэдсэн чинь гэрэл асаад би цочиод сэрсэн чинь Т нилээн архи уусан байдалтай зогсож байсан. Тэгээд би яах гээд байнаа гэсэн чинь би унтмаар байна гээд байхаар нь хар шөнөөр хүн унтуулахгүй яах гээд байгаа юм би унтмаар байна гээд гэрээс түлхээд гаргасан. Түлхэж гаргах үедээ хоорондоо зууралдаад дээр доороо орсон. Тэгээд би гэрээс түлхэж гаргачихаад хаалгаа түгжээд орондоо ороод унтах гэтэл манай гэрийн хаалгыг аймаар чанга нүдээд байхаар нь би гэрлээ асаалгүйгээр босоод хаалгаар шагайж байгаад түмбүүшгэн дээр сэрээ байх шиг харагдахаар нь аваад Труу шидчихээд хаалгаа хаагаад хэвттэл гаднаас Т цус гараад байна гэж хашгираад М ах босоод гэрэл асаагаад хаалга нээж хараад цус гарсан байна гээд ариун цэврийн цаас авч өгсөн. Харахад Тын уруулнаас цус их гарч байсан. Тэгээд М ах эмнэлэг, цагдаа дуудсан. Манай түмбүүшгэн дээр сэрээ, заазуур 2 оройноос хойш байж байхаар нь би сэрээ шидэх гэж байгаад заазуур шидсэн байна гэж мэдсэн. Удалгүй цагдаа ирээд гадаа хамт гараад харахад гэрийн урд талд манай гэрт байсан заазуур хэвтэж байсан. Тыг эмнэлэг аваад явсан намайг цагдаа авч яваад эрүүлжүүлэхэд хийсэн...гэсэн мэдүүлэг. /хх-ийн 61-62-р тал/

2. Хохирогч О.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр найз Тынд байж байтал найз М гаднаас 2 том пиво авч ирсэн. Би найз Тынд амьдардаг юм. Тэр өдөр гэрт Т, Я, Т, М нар байсан юм. Бид нар хөзөр тоглонгоо Мын авчирсан пивыг ууж дуусаад дахиад 2 том пиво авчирч уусан. Тэгээд ууж дуусаад Т бид 2 гараад Хонхорт Төмөрдагвын гэрт очиж тоглож байгаад үүрээр 04 цагийн үед амрах санаатай Баянбулагийн 4-401 тоотод гэртээ ирсэн. Гэрт ороход М баруун орон дээр, наагуур нь нэг залуу унтаж байсан, Т эхнэр Ятой зүүн орон дээр унтаж байсан. Гэрлийн асаагуур нь Тын унтаж байсан орны толгой дээр байдаг юм. Би гэрэл асаасан чинь Т цочиж сэрээд юу хийгээд байгаа юм хүн унтуулахгүй гээд ууралсан. Тэгээд бид 2 маргалдаад Т босож ирээд бид 2 зууралдаад Т намайг гэрээс түлхээд гаргасан. Тэгээд би буцаж орох гэтэл хаалга нүдсэн чинь надруу юм шидэх шиг болоод миний эрүүнд оносон. Тухайн үед юу шидсэнийг нь мэдээгүй, цагдаа нар ирэх үед заазуур шидсэнийг нь мэдсэн. Миний эрүүнээс цус гараад би хаалга нүдсэн чинь нээхгүй байсан. Тэгээд гэрийн хажууд сууж байсан чинь М гарч ирээд надад ариун цэврийн цаас авч өгсөн... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 14-р  тал/,

3. Гэрч М.Я мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: 2021 оны 01 дүгээр сарын 28-ны орой 18 цагийн үед гэртээ ирэхэд М гэх манай найз ирчихсэн 2 том пиво авчирсан гээд ууж байсан. Тэгтэл гаднаас Т, Т нар орж ирээд бид нар хөзөр тоглонгоо уусан. Мын авчирсан пиво дуусаад дахиж 2 том пиво авчирсан. Тэгээд байж байтал Мтай хамт ажилладаг залуу гээд нэг залуу орж ирээд хөзөр тоглож байгаад унтсан. Тэгээд пивоо ууж дуусгаад Т, Т нар гараад явсан хаашаа явсаныг нь мэдээгүй. Шөнө 04 цагийн үед хаалга нүдэхээр нь би сэрээд байж байхад М хаалга нээсэн чинь Т гаднаас уруул хэсгээс нь цус гарсан байдалтай орж ирсэн. М ариун цэврийн цаас авч өгөөд тогтохгүй байхаар нь би алчуур өгсөн. Тэгээд Тын цус тогтохгүй байсан учраас М цагдаа дуудна гээд эмнэлэг цагдаа дуудаад удалгүй ирсэн. Намайг унтаж байгаад сэрэхэд л тийм зүйл болсон байсан. Манай нөхөр пиво ууж байгаад унтсан байсан учир сэрэхдээ нилээн согтуу байсан харин Т гаднаас орж ирэхдээ нилээн согтуу харагдсан. Гэрийн түмбүүшиг дээр заазуур сэрээ 2 орой хоол хийгээд би тавьсан байсан. Тэгсэн чинь манай нөхөр сэрээ авч шидэх гэж байгаад андуураад заазуур шидсэн гэж байсан. Намайг босоод ирэхэд түмбүүшиг дээр байсан заазуур байхгүй сэрээ нь байж байсан. Цагдаа нар ирээд манай гаднаас ногоон иштэй заазуур оллоо гээд бариад орж ирж байсан. Би нөхөр Ттай 2001 оноос хойш хамт амьдарч байна. Дундаасаа 2 хүүхэдтэй. Манай нөхөр сургуульд сураагүй, цэргийн алба хаагаагүй. Ер нь дуу муутай төлөв даруу зантай. Өмнө нь хэрэгт орж байгаагүй, архи хааяа уухаараа тохируулаад хэргэлдэг хүн байгаа юм. Хүнд тусархуу, хувиараа жонш хагалах ажил хийдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/,

4. Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ:

...өглөө 04 цагийн үед  гэрт түчигнэх чимээ гараад би сэрсэн чинь  Т ирчихсэн Ттай маргалдаад агсан тавьж байсан. Т нилээн согтуу бололтой тэр хавиар Тт агсан тавиад түлхэж унагаад, зууралдаад байсан. Тэгтэл Т Тыг гэрээсээ түлхээд гаргасан.  Тэгэхээр нь би босоод гэрийнх нь хаалгыг түгжсэн. Тэгээд орон дээр сууж байсан чинь Т гэрийн гаднаас алчуур өг цус тогтохгүй байна гээд орилоод байхаар нь би хамраас нь цус гарсан юм байх гэж бодоод хаалга нээгээд харсан чинь Т дээшээ хараад хэвтэж байсан. Хамраас нь цус гарч байгаа юм шиг харагдахаар нь ариун цэврийн цаас аваад Тд өгөхөд тэр цаасаа амаа дарсан чинь  цус нэвчээд гараад ирсэн. Тэгэхээр нь би Тыг гэрт оруулахад Я том алчуур авч өгсөн. Тэгээд цус нь тогтохгүй байхаар нь эмнэлэг цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/,

5. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 53 дугаартай дүгнэлтэд:

- О.Тын биед доод уруул, доод эрүүнд зүсэгдсэн шарх  гэмтэл тогтоогдлоо.  

- Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн нэг бус удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Жаргалтогтох гэх дүгнэлт /хх-ийн 24-р тал/

 6. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 81 дугаартай дүгнэлтэд:

- Д.Тын биед гэмтэл тогтоогдсонгүй.

 Дүгнэлт гаргасан шинжээч эмч Б.Сэргэлэн гэх дүгнэлт /хх-ийн 28-р тал/

 7.  Шүүгдэгч Д.Тын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Т, гэрч Г.М, М.Я нарын мэдүүлэг болон хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаарх шүүх эмнэлгийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №53 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу  шүүгдэгч Д.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. 

Шүүгдэгч Д.Т нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн 2117000000021 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн ногоон өнгийн заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна. Хохирогч О.Т нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д-ын Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 4. Шүүгдэгч Д.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон иштэй заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тт урьд авсан хувийн баталгаа  гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ