Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Авуталивын Жархынгүл |
Хэргийн индекс | 130/2017/00029/И |
Дугаар | 130/ШШ2017/00134 |
Огноо | 2017-02-17 |
Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 130/ШШ2017/00134
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын * дүгээр багт үйл ажиллагаа явуулах, ********* регистрийн дугаартай, Р ХХК /захирал Н.Б/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг дарга /С.Б/-д холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргаас зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ, алдангийн хамт нийт 562275 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Р ХХК-ийн захирал Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Аптанцөгц сумын Засаг дарга /Ш.А/ 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1/28 тоот албан бичгээр манай компанид хандаж 200 литр дизель түлшийг 1 сарын хугацаатай зээлээр авах тухай хүсэлтийг ирүүлсэн. Бид хүсэлтийг хүлээн авч мөн өдөр нөөцийн агуулахаас ДТ маркийн 378000 (200 литр х 1890 төг) төгрөгийн үнэ бүхий түлшийг Засаг даргын жолооч н.Б д олгосон. Дараа нь Засаг дарга Ш.А нь 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 3 хоногийн хугацаатай Нефть бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу мөн өдөр нөөцийн агуулахаас ДТ-маркийн 122850 (65 литр х 1820 төг) төгрөгийн үнэ бүхий түлшийг нэмж авсан. Зээлийн гэрээнүүдийн хугацаа дуусаж компанийн зүгээс зээлдэгч Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг дарга /Ш.А/-аас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч тэр нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж одоо болтол төлбөрөө төлөөгүй. Ингэснээр тус компани нь зохих хэмжээний алдагдал хүлээж байна. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр заасан байдаг. 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 630 хоног хэтрүүлсний алдангийг тооцоход (122850 төг х 0,5%=614,25 х 630 хоног = 386977,5 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги нь 61425 төгрөг болж байна. Иймд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг дарга /Ш.А/-аас үндсэн зээл болох 500850 (378000+122850) төгрөг, мөн алданги 61425 төгрөг нийт 562275 /таван зуун жаран хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг гаргуулан компанийг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг дарга С.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Р ХХК-ны нэхэмжлэлтэй Алтанцөгц сумын Засаг даргад холбогдох иргэний хэрэгт хариуцагч тал болох Алтанцөгц сумын Засаг дарга С.Б би шүүх хуралдаанд гэрч Ш.Аийг асуух талаар хүсэлт гаргаснаар шүүх хуралдаан 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 8 цаг хүртэл хойшлогдсон билээ. Гэтэл шүүх хуралдаанаас өмнө хариуцагч байсан Алтанцөгц сумын Засаг дарга миний бие Р ХХК-ны нэхэмжлэлийн шаардлага болох 526275 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна.Энэ талаар ямар нэгэн маргаангүй гэрч Аийг асуух шаардлагагүй болсон тул энэ хэргийг хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр хэрэгсэхгүй болгож хялбарчилсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье. Энэ асуудлаар гомдол гаргахгүй, хуульд заасан эрх үүргээ ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р ХХК нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргаас зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ, алдангийн хамт нийт 526275 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 527 дугаартай шүүгчийн захирамжаар 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагт хянан хэлэлцэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан боловч шүүх хуралдаан болохоос 3 хоногийн өмнө хариуцагч Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг дарга С.Б нь нэхэмжлэгч Р ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ, алдангийн хамт нийт 526275 төгрөгийг төлж өгөхөөр болж тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд хариуцагч Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг дарга нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг дарга нь зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнэ, алдангийн хамт нийт 526275 төгрөгийг нэхэмжлэгч Р ХХК-нд төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17519 төгрөгийн тал нь болох 8759 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 8759 төгрөг, мөн хариуцагч Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргаас 8759 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ