Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/21

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Т.Түмэнжаргал, 

шүүгдэгч Д.Г,

шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Д-ийн Г, Б овогт Д-ын М нарт холбогдох эрүүгийн 211700000022 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 25-нд Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, Баян нексус төмрийн үйлдвэрт харуул ажилтай, малчин, ам бүл 2, ээжийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Аяган хонхорын ............... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

Урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарийн 25-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овогт Д-ийн Г /РД:............../

Монгол Улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 31-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Бамбай харуул хамгаалалтын газар хамгаалагч ажилтай, ам бүл 4, ээж дүү нарын хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Тээвэрчдийн байр .......... тоотод оршин суух хаягтай /одоо Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 1 дүгээр баг, Төмөр замын байрны ................ оршин суух/ улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Дын М /РД:............./

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Төмөр замын халуун усны баруун талд байрлах дутуу баригдсан барилгын хашаан дотор 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 17 цагийн үед Д.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг заамдаж, гэрээс чирч гарган унагааж нүүрлүү нь гараараа 2-3 удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Төмөр замын халуун усны баруун талд байрлах дутуу баригдсан барилгын хашаан гадна талд 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 18 цагийн үед Д.Гийг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу Ү.Цийг дээр нь гараад зодож байхад салгах гэсэн үйлдэлд дургүйцэн түүний нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Төмөр замын халуун усны баруун талд байрлах дутуу баригдсан барилгын хашаан дотор 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 17 цагийн үед Д.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг заамдаж, гэрээс чирч гарган унагааж нүүрлүү нь гараараа 2-3 удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Төмөр замын халуун усны баруун талд байрлах дутуу баригдсан барилгын хашаан гадна талд 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 18 цагийн үед Д.Гийг хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 09 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ харих гээд явж байгаад Оргил-Ундраа дэлгүүрийн хавьд Ц ах, Г эгч 2-той таараад ганц пиво уухаар болоод бид 3 жижиг Д ахынд очоод уугаад байж байтал Э гаднаас орж ирэхээр нь Д Эд картаа өгөөд дэлгүүр явуулж 2 том пиво авчруулж уусан. Тэгээд пиво ууж дуусаад Д ах нилээн согтохоор нь гэрт нь үлдээгээд бид 4 гэрээс нь гараад явсан. Ц ах хүнээс ажил хийсэн хөлсөө аваад дахин дэлгүүр орж пиво аваад Гийнд бид 4 очсон. Тэгээд тэнд сууж байтал 13 цаг өнгөрч байхад гаднаас О эгч ирсэн. О эгч дэлгүүр яваад 2 том пиво авчирсан тэр пивыг уугаад бараг дуусаж байхад гаднаас М, жижиг Д ахтай 1 пиво бариад орж ирсэн. Би тэнд байсан хүмүүст хандаад та нар одоо явцгаа гэсэн чинь О эгч адилхан ууж идээд байж байна биздээ гэхээр нь юу яриад байгаа юм энд ингээд байж байхад нөхөр нь ирвэл яах юм, энэ айлаар байн байн орж гараад байх юм М чи одоо яв гэж хэлсэн. Тэгээд би бие засах гээд гарсан чинь М араас гараад ирэхээр нь чи яв гэсэн чинь чи муу ямар сүртэй юм бэ гээд маргалдсан. Тэгтэл Д ах гэрээс юу болоод байгаа юм бэ гээд гараад ирсэн. Тэгээд би гэрлүү орсон Мыг хаашаа явсаныг нь мэдэхгүй байна. Тэгээд би гэрт ороод унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь Г эгч ороод ирчихсэн нөгөө 2-ыг цагдаа аваад явсан гээд яриад байж байсан...гэсэн мэдүүлэг. /хх-ийн 34-р тал/

2. Шүүгдэгч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 15 цаг өнгөрч байхад байхаа сайн санахгүй байна. Төмөр замын халуун усны хажууд баригдаж байгаа барилгын манаач хийдэг Гийнд Д гэх залуугийн хамт 1 том пиво авч очсон юм. Бид хоёрыг гэрт орж очиход Г, О, Г, Г, Ц ах нар пиво уугаад байж байсан. Тэгээд ороод очиход Г ах надад хандаад яах гэж яваа юм ална шүү гэсэн чинь Г нь яах гээд байгаа юм бэ манай найз байгаа юм гэсэн чинь Г чимээгүй болсон. Тэгээд миний авч очсон пивыг бүгдээрээ хувааж уугаад О надтай танилцаад гар бариад хаана юу хийдэг вэ гэх зэргээр ярилцаад үг сольсон чинь Г уурлаад чи муу ер нь яах гээд байгаа юм бэ, Отэй юу яриад байгаа юм бэ гэх зэргээр хэлээд шууд надруу босож ирээд заамдаж аваад чирээд гэрээс гарсан. Би өглөө нь найзтайгаа хамт пиво ууж байгаад очсон учир нилээн согтуу байсан. Тэгээд гадаа гараад Г намайг 2-3 удаа цохисон. Тэгээд бид хоёрыг гадаа зууралдаад зогсож байхад гэрт байсан хүмүүс гарч ирээд салгаж байгаа бололтой шуугилдаад байсан тэгээд нэг мэдсэн чинь ганцаараа гадаа байсан. Харих санаатай гэрлүүгээ алхаж байсан чинь М ах таарсан. Тэгээд хүнд зодуулсан юмуу, ямар хүнд зодуулсан юм бэ хамт очье гэхээр нь би түрүүлээд алхсан. Тэгээд Гийн хашааны гадаа очсон чинь Д, Ц, Г нартай таарсан. Тэгээд би Ц ахыг намайг зодуулж байхад байсан санаад та нар гэр бүлээрээ дээрэлхэж зодлоо гээд би барьж авсан чинь Г бас дундуур ороод ирсэн тэгээд бид 3 давхарлалдаад газар унасан байсан. Тэгээд би юм санахгүй байгаа юм нэг мэдсэн чинь Г намайг цохичихлоо гээд байгаа сонсогдсон. Би нилээн согтуу байсан болохоор сайн санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/

3.Хохирогч Д.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Г миний дээр гараад суучихсан 2-3 удаа цохисон байх. Би нилээн согтуу байсан учир бүдэг бадаг санаад байгаа юм. Миний зүүн нүд хөхөрч хавдсан, хацар уруул хэсэгт хавдсан байсан. Надад Гд холбогдуулж гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-20-р тал/

4. Хохирогч Д.Г мөрдөн байцаалтын ажиллагаанд мэдүүлэхдээ: 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 09 цагийн үед манай нөхөр Г Ц бид 3 Д гэж дууддаг найз Э-ийнд 1 том пиво уугаад сууж байтал гаднаас Э гэж дууддаг залуу орж ирсэн чинь Д Эд картаа өгөөд дэлгүүрлүү пивонд явуулсан. Тэгээд тэр пивыг ууж дуусгаад Д гэртээ үлдээд Э, Г, Ц бид 4 гараад дахиад 1 том пиво аваад бид 4 Төмөр замын халуун усны хажууд баригдаж байгаа барилгын манаач хийдэг дүү Гийнд очоод пивоо хувааж уусан. Тэгээд Э гараад явсан хаашаа явсаныг нь мэдэхгүй байна. 14 цагийн үед О эгч гаднаас орж ирээд дахин дэлгүүр явж 2 том пиво авчраад ууж байтал М танихгүй залуутай хамт гаднаас 1 том пиво бариад орж ирсэн. Пиво уугаад сууж байтал Г Мт хандаад чи манай дүүгийнхээр яах гэж орж гараад байдаг юм, одоо яв гэх зэргээр хэлээд байсан чинь О Гд хандаад чи адилхан ууж идэж байж яах гэж тэгдэг юм, наад хүн чинь байж байг гэсэн. Г Мтай маргалдаад гэрээс гарсан. Тэгээд араас нь О эгч бид хэд гараад очтол гадаа байж байсан. М Г 2 нэг нэгнийгээ унагаагаад буцаж босож ирээд зодолдоод байсан. Гартаа ямар нэг зүйл бариагүй гараараа нэг нэгийгээ цохиод байсан. Тэгээд М Г хоёрыг салгаж аваад Г, О Г нар аваад гэрлүүгээ орсон. Тэгтээд М хаашаа явсаныг мэдэхгүй байна. Ц, Мтай хамт ирсэн залуу бид 3 Гийнхээс гараад холдоогүй байтал М буцаж ирээд та нар гэр бүлээрээ бөөрөлхөж зодлоо гэсэн чинь  Ц би яасан юм гэж маргалдаад М манай нөхөр Цийг барьж аваад заамдаад зууралдаад байсан. Тэгээд би салгах гээд голоор нь ороод зууралдсан. М Цийн дээр гараад зодоод байх шиг байхаар нь би татаад дийлэхгүй байсан чинь М эргэж хараад чи бас юу юм гээд миний нүүрний хамар хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгээд би газар унаад намайг цохичихлоо ш дээ гэж орилоод Гийнд орсон. Би эмчилгээнд гарах зардлаа нэхэмжилнэ. ... гэх мэдүүлэг. /хх-ийн 13-14 /

5. Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 17 цаг өнгөрч байхад би ажлаасаа тараад гэрлүүгээ харих гээд Дэлгэрэх дэлгүүрээс хойш засмал зам дагаад алхаж байтал манай дүү М нилээн согтуу алхаж байсан. Тэгээд би түүнийг дуудаад уулзсан чинь зүүн нүд нь хөхөрч хавдсан байдалтай байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад Төмөр замын халуун усны хажууд баригдаж байгаа барилгын урд байх гэрлүү заагаад намайг хүмүүс бөөрөлхөж зодсон гэсэн. Тэгээд би очьё гэсэн чинь М урд гараад алхсан. Тэгээд би араас нь алхаж байтал тэр гэрээс гарч ирсэн бололтой торон хашааны урд 2 залуу, нэг эмэгтэй явж байсан. М тэд нар дээр очоод хэрүүл хийгээд эхэлсэн. Би ард нь нилээн зайтай байсан учир юу гэж хэрэлдсэнийг сонсоогүй. Тэгтэл нэг настайвтар хүнтэй нь М барьцалдаад авсан. Тэгсэн чинь хамт байсан эмэгтэй нь голоор нь орилоод хашгираад байсан. Тэгсэн чинь тэр 3 барьцалдаж байгаад газар унаад өгсөн. Хамгийн доор нь настайвтар эрэгтэй хүн голд нь эмэгтэй дээр нь М ойчсон байсан. Тэгсэн нөгөө хамт явж байсан жижигхэн залуу Мыг араас нь бариад авахаар нь би зодох гэж байна гэж бодоод араас нь татаад босгосон чинь ахаа би салгах  гэж байна би зодоогүй гээд байсан. Тэгээд би та нар нийлж хүн ямар болгосноо хар гээд нөгөө жижиг залуутай юм яриад зогсож байсан чинь хамт байсан хүүхэн нь намайг цохичихлоо гээд орилж байсан тэгээд хартал нөгөө хүүхний хамраас цус гарчихсан байсан... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24/

6. Гэрч Ү.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

...тэгээд би гадаа байж байтал гэрээс М, Г 2 муудалцаад гарч ирсэн. Юунаас болж муудсан эсэхийг нь мэдэхгүй байна. Тэгээд гэрт байсан хүмүүс цуварч гарч ирээд М Г 2-г салгаад Гг аваад бүгдээрээ гэрлүүгээ орсон. Харин М гэрт орж ирээгүй хаашаа явсаныг нь мэдэхгүй байна. Би нилээн согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Тэгээд Г Д бид 3 Гийнхээс гараад холдоогүй байтал М буцаж ирээд та нар гэр бүлээрээ бөөрөлхлөө гээд намайг заамдаад авахаар нь би яасан юм гээд маргалдаад зууралдаад байж байтал Г салгах санаатай голоор орж ирээд бид 3 зууралдаатай газар унасан. М миний дээрээс босож чадахгүй байтал гэнэт манай эхнэр Г намайг цохичихлоо ш дээ гэж орилж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дугаар хуудас/

7. Гэрч Д.Э  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...Уугаад гэрт сууж байтал гэнэт гадаа М, Г 2 маргалдаад байна гарах уу гэхээр нь гэрээс гараад очтол М Г 2 хоорондоо зууралдаад, нэг нэгрүүгээ сарвалзаад байсан яг онож цохисон эсэхийг нь хараагүй. Тэгээд бөөн юм болж зууралдаж байгаад салцгаасан.  Тэгээд М гэрлүүгээ явна гээд яваад өгсөн.  Үлдсэн хэд нь буцаж ороод пивоо ууж дуусгасан. Тэгээд Г, Ц бид 3 гэрээс гараад явж байхад урдаас ирээд Ц ахтай та нар бөөрөлхлөө  гэж маргалдаад шууд зуураад авчсан чинь Г дундуур нь ороод тэр 3 давхарлалдаад газар унасан. Би тэр хэдийг салгах гээд Мыг араас нь татаж байтал Мын ах нь ирээд чи яах гэж байгаа юм гэхээр нь би эд нарыг салгах гэж байна гээд яриад зогсож байтал Г нүүрлүү цохичихлоо гээд орилсон Тэгээд эргээд хартал Гийн нүүр нь цус болчихсон байсан... гэх мэдүүлэг /хх 32 хуудас/

8. Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

...2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 13 цаг өнгөрч байхад Г надруу залгаад Гийнд хүрээд ир гэсэн. Би Төмөр замын халуун усны хажуу талд баригдаж байгаа барилгын хашаанд Гийн очиход Ц, Г, Г, Г нар пиво уугаад сууж байсан. Тэгээд айлд ирсэн юм чинь гээд дэлгүүр явж 2 том пиво авчруулсан. Тэр пивыг уугаад сууж байхад гаднаас 2 танихгүй залуу орж ирсэн. М Д 2-г орж ирэхэд Г уурлаад хөөгөөд байсан. Тэгэхээр нь би адилхан ууж идэж байж яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэнд бужигнаж байгаад 17 цаг өнгөрч байхад цувраад гараад явцгаасан. Гэрт Г, Г бид 3 үлдсэн. Тэгтэл удалгүй гаднаас Г нүүрээ дарчихсан, хамраас нь цус гарчихсан орж ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дүгээр хуудас/

9. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 51 дугаартай дүгнэлтэд:

- Д.Мын биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд, зүүн хацранд цус хуралт, духанд, хацарт, дээд уруулд, баруун зүүн дээд 1-р шүдний сулрал, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг  хугацаанд үүссэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 42 дугаар хуудас/

10. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 52 дугаартай дүгнэлтэд:

- Д.Гийн биед хамрын ясны хугарал, баруун зүүн нүдний зовхинд, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруунд язарсан шарх  гэмтэл учирчээ.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 44 дугаар хуудас/

11. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 91 дугаартай дүгнэлтэд:

- Д.Ггийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 52 дугаар хуудас/

12. Шүүгдэгч Д.Ггийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109 дугаар хуудас/

13. Шүүгдэгч Д.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110 дугаар хуудас/

14. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 61-65 дугаар хуудас/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Г, гэрч Ү.Ц, Д.О, Д.М, Д.Э нарыг мэдүүлэг болон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн 51 дугаартай дүгнэлт,  Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 52 дугаартай дүгнэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Д.Г, Д.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Д.Г, Д.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Д.Г, Д.М нарыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгч нарт ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Шүүгдэгч Д.Г, Д.М  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дүгээр хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Бэсүд овогт Д-ийн Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Боржигон овогт Д-ын Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

шүүгдэгч Д.Мт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.Г, Д.М нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Г, Д.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г, Д.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.АРИУНЖАРГАЛ