Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 135

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суух, Жадик итемген овогт Батигийн Нурханы хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хаутай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 173 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар Сайырбек овогтой Гүлимыг өвөг эцэг Ж.Мектеп, эмэг эх Б.Нурхан нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчинтэйд тооцуулахыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Б.Нурхан шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие нөхөр Ж.Мектепийн хамт хүү М.Сайырбекийн 2015 оны 8 дугаар сарын 07-нд төрсөн охин С.Гүлимийг үрчилж авахаар 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өлгий сумын Засаг даргад зохих хууль журмын дагуу материалыг бүрдүүлж өргөдөл гаргасан юм. Охин С.Гүлим нь төрснөөс хойш миний асрамжид байгаа болно. Өлгий сумын Засаг дарга Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжийг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 173 дугаартай захирамж гаргасан юм. Харин миний нөхөр Ж.Мектеп нь захирамж гарсны дараа 2016 оны 9-р сарын 14-ний өдөр гэрт өвдөж нас барсан юм. Хүүхэд үрчлүүлэх тухай 173 дугаартай захирамжийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс Хүүхэд үрчлүүлсэн тухай лавлагаа байхгүй учир шүүхэд хандаж баталгаажуул гэж зөвлөсөн юм. Иймд хүү М.Сайырбек түүний эхнэр А.Ахмарал нарын 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин С.Гүлимийг Ж.Мектеп бид хоёрт Хүүхэд үрчлүүлэх тухай Өлгий сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийн 173 дугаартай захирамжийг хүчинтэйд тооцох тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хаутай шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Өлгий сумын 13 дугаар багийн иргэн Б.Нурхан шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэл нь нөхөр Мектепийн хамт хүү Сайырбекийн хүүхэд болох 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин болох Гүлимийг үрчилж авахаар 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өлгий сумын Засаг даргад зохих хууль журмын дагуу бүх бичиг баримтаа бүрдүүлээд хүсэлт гаргасан. Гүлим нь төрснөөс хойш миний асрамжид байгаа, хүү Сайырбек, бэр Ахмарал нар нь Улаанбаатар хотод амьдарч, ажил төрөл эрхэлдэг тул миний асрамжид байгаа гэж байгаа тул үрчилж авах хүсэлттэй байна гээд өргөдөл гаргасан. Үүний дагуу Өлгий сумын Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 173 дугаар Хүүхэд үрчлүүлэх тухай захирамж гарсан. Өөрөөр хэлбэл Сайырбекийн хүүхэд болох Гүлимийг өвөг эцэг болох Мектеп, эмэг эх Нурхан нарт үрчлүүлэх тухай 173 дугаар захирамж гарсан. 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүүхэд үрчлүүлэх тухай 173 дугаар захирамж гарсны дараа 09 дүгээр сарын 14-ний өдөр Мектеп нь гэнэт өвдөж нас барсан. Тийм учраас Улсын бүртгэлийн байгууллагаас хүүхдийг үрчилж авсны дараа үрчилж авсан хоёр хүн хоёулаа байж бүртгүүлэх ёстой гэдэг үндэслэлээр бүртгэж аваагүй. Тийм учраас заавал шүүхээр шийдвэрлүүлэхээр зөвлөсөн. 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Гүлимийг хүүхэд үрчлүүлэх тухай Өлгий сумын Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 173 дугаар захирамжийг хүчинтэйд тооцуулах тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байгаа. Энэ асуудалд яагаад удааширсан бэ гэхэд 1 жилийн хугацаанд улсын бүртгэгч Розад хандсан. Анх 2008 оны 08 дугаар сард хүсэлт гаргасан. Гэтэл улсын бүртгэгч 60-аас дээш насны хүн хүүхэд үрчилж авсан тохиолдолд шууд үрчилж авахгүй хэлтсийн даргаас бичиг ав гээд буцаасан. Үүний дагуу хэлтсийн даргаас нь бичиг авсан. Охин болох Гүлим нь Улаанбаатар хотод төрсөн бөгөөд харьяаллаа шилжүүлэх шаардлагатай болсон. Тухайн үед сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой шилжих хөдөлгөөнийг зогсоосон байсан. Сонгууль өнгөрсний дараа шилжих хөдөлгөөн хийлгүүлж авсан. Улмаар 2016 оны 08 дугаар сард Улсын бүртгэлийн байгууллагад дахиж хандахад бүрдүүлсэн материал дотор хугацаатай бичгүүдийн хугацаа дууссан байсан бөгөөд тэдгээрийг дахиж бүрдүүлсэн. 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр захирамж гараад удаагүй байхад Мектеп гэх хүн нас барсан. Энэ хэргийн талаар улсын бүртгэгч Роза мэдүүлэг өгсөн бөгөөд уг мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан. Улсын бүртгэгч Розад бүрдүүлж өгсөн бүх материалууд хавтаст хэрэг дотор байгаа. Тийм учраас энэ асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Нурханы Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 173 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар Сайырбек овогтой Гүлимыг өвөг эцэг Ж.Мектеп, эмэг эх Б.Нурхан нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчинтэйд тооцуулахыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Сайырбекийн Гүлим нь 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрж улмаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн төрсний бүртгэлд 2015 оны 08 дугаар сарын 14-ны өдөр төрсний бүртгэлийн 1110005521 дугаарт бүртгэгдсэн болох нь УЛ15280741 регистрийн дугаартай Шеруши-байбол овогт Сайырбекийн Гүлимийн төрсний гэрчилгээ, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний баримтын архивын хэлтсийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 357/006285 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа-гаар тус тус нотлогдож байна.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 173 дугаартай захирамжаар Сайырбек овогтой Гүлимыг өвөг эцэг Ж.Мектеп, эмэг эх Б.Нурхан нарт үрчлүүлжээ.

Үрчлэн авагч Жазыхбайн Мектеп, Батигийн Нурхан нар нь 1969 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүл болсон нь тэдний хавтаст хэрэгт гаргаж өгсөн гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар, 2015 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр Өлгий сумын Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай гаргаж байсан өргөдөл, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 13/105 дугаартай Өлгий сумын 13-р багийн Засаг даргын тодорхойлолтоор, үрчлэн авагч өвөг эцэг нь Жазыхбайн Мектеп нь 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байна.

Хүсэлт гаргагч нь ...Охин С.Гүлим нь төрснөөс хойш миний асрамжид байгаа болно. Өлгий сумын Засаг дарга Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжийг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 173 дугаартай захирамж гаргасан юм. ... Хүүхэд үрчлүүлэх тухай 173 дугаартай захирамжийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс Хүүхэд үрчлүүлсэн тухай лавлагаа байхгүй учир шүүхэд хандаж баталгаажуул гэж зөвлөсөн юм гэж тайлбарлаж байгаа бөгөөд тухайн үед охин С.Гүлимийн эцэг нь М.Сайырбек, төрүүлсэн эх А.Ахмарал нар нь Ажил байдлын улмаас охин С.Гүлимийг асран хамгаалах хүн байхгүй тул миний охин болох С.Гүлимийг нөхрийн аав ээж болох Ж.Мектеп, Б.Нурхан нарт үрчлэн өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэж хүсэлтээ бичгээр гаргаж байсан байна.

Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай 173 дугаартай ...Нэг. Өлгий сумын оршин суугч Сайырбек овогтой Гүлимыг өвөг эцэг Ж.Мектеп, эмэг эх Б.Нурхан нарт үрчлүүлсүгэй гэх захирамж гарсны дараа үрчлэн авагч өвөг эцэг нь Жазыхбайн Мектеп нь нас барсан боловч Жазыхбайн Мектеп нь амьд сэрүүн байхад Өлгий сумын Засаг даргын Хүүхэд үрчлүүлэх тухай захирамж 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гарсан ба энэ нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, охин С.Гүлимийн эцэг нь М.Сайырбек, төрүүлсэн эх Ахмаралын болон үрчлэн авагч нарын Өлгий сумын Засаг даргад гаргасан хүсэлт зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байх тул Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 173 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар Сайырбек овогтой Гүлимийг өвөг эцэг Ж.Мектеп, эмэг эх Б.Нурхан нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчинтэйд тооцож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 173 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар Сайырбек овогтой Гүлимийг өвөг эцэг Ж.Мектеп, эмэг эх Б.Нурхан нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчинтэйд тооцсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Нурханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН