Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 130/ШШ2017/00137

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын * дугаар багт түр оршин суух, Т  овогт С ы М гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух, М овогт Х ын М д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.З, хариуцагч Х.М , орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин А ын төрсөн эцэг Х.М мөн болохыг тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч С.М  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргасан С.М миний бие 2015 оны 01-р сараас эхлэн Х.М тай нэг гэр бүлд хамтран амьдарч байсан хугацаанд Х.М аас хүүхэдтэй болж, 2016 оны 03-р сарын 10-нд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт охин М.А ыг төрүүлсэн юм. Нэгэнт Х.М бид хоёрын гэрлэлтийг хууль ёсоор батлуулаагүй учир Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасны дагуу охин А нь эх миний овгийг авсан билээ. Охин А ын төрүүлсэн эцэг нь М байх тул холбогдох хуулийн дагуу хариуцагч Х.М ыг хариуцагчаар татаж, эцэг тогтоолгох шаардлагатай байна. Иймд шүүхээс хүсэх нь: Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7, Гэр бүлийн тухай хуулийн 23-р зүйлийн 23.1-д зааснаар 2016 оны 03-р сарын 10-ны өдөр төрсөн охин А ын төрүүлсэн эцэг Х ын М болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.М  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ө сумын *-р баг, Б, ** тоотод оршин суух, М овогт Х ын М би /РД: БЖ********/ 2015 оны 01-р сараас эхлэн С.М тай нэг гэр бүлд хамтран амьдарч байсан хугацаандаа бид хоёрын дундаас 2016 оны 3-р сарын 10-нд А нэртэй хүүхэд төрөх тасагт төрсөн болно. Иймд нэхэмжлэгч С.М гийн 2016 оны 03-р сарын 10-нд төрсөн охин А ын төрүүлсэн эцэг Х.М болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч С.М  шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би Казахстан улсын иргэн учраас 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин А ыг эцгийн нэрээр овоглуулахыг хүсэж байна. Хүүхдийн эцэг нь Х.М байгаа. Би Х.М тай 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүл болсон. Би Казахстан улсын иргэн учраас хүүхдэдээ эцгийнхээ нэрээр гэрчилгээ авч чадахгүй байна.Тийм учраас А ыг эцгээр нь овоглуулж гэрчилгээ авахаар эцэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч Х.М  шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Би С.М тай 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болж, бид хоёрын дундаас 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр охин А төрсөн. Энэ бол миний хүүхэд. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.М  нь 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин М.А ын төрсөн эцэг Х ын М  мөн болохыг тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч С.М , хариуцагч Х.М  нар харилцан тохиролцож, 2015 оны 01 дүгээр сараас эхлэн нэг гэр бүлдхамтран амьдарсан нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбараар нотлогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 3.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.М , хариуцагч Х.М  нар нь хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүд мөн гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.М  нь 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хэвтэж, 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр охин төрүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан ...Эх Сейтхан овогтой М нас 37, жирэмслэлт 3, төрөлт 3, 2016 оны 03-р сарын 10-ны өдрийн 01 цаг 10 минутад 3000 жинтэй, 50 см өндөртэй охин хэвийн төрүүлсэн нь үнэн болно гэх 503 дугаартай Төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээ-гээр тогтоогдож байна.

С.М , Х.М  нар нь нэг гэр бүлд хамтран амьдарсан хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 3.1.1-т заасны дагуу гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй бөгөөд хариуцагч Х.М  нь ... С.М гийн 2016 оны 3-р сарын 10-нд төрсөн охин А ын төрүүлсэн эцэг Х.М болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэж тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн, хариуцагч Х.М нь охин А ын эцэг мөн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 23.2-д зааснаар хариуцагч хүүхдийн эхтэй эр эмийн харилцаатай байсан болох нь зохигч нарын тайлбараар бүрэн нотлогдож байна.

Нэхэмжлэгч С.М нь Казахстан улсын иргэн болох нь түүний 5940110 дугаартай Казахстан улсын паспортаар, одоогийн байдлаар Өлгий сумын 13 дугаар багийн 11-04 тоотод түр оршин сууж байгаа нь Өлгий сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж зохицуулсан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т хүүхэд Монгол улсын иргэн бол Монгол улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй холбогдолтой эцэг, эх тогтоох асуудлыг Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж заасны дагуу зохигч нарын хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч С.М гийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрүүлсэн охин А ын төрсөн эцэг нь Х.М  мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч С.М гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хариуцагч Х.М аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.М д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135.2.7-д заасныг тус тус баримтлан 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин А ын төрсөн эцэг Х ын М мөн болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.М аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.М д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН