Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 827

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Б овогтой Я.Б /РД:********/

Хариуцагч: НЗД,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн С.Х-д холбогдох хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/32 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, П.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  С.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ:“...Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/32 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн агуулга: Иргэн Я.Б миний бие нь Б******* дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн А/115 дугаар шийдвэрээр Б******* дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт 23028 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болсон бөгөөд тус дүүргийн Газрын албаны дарга Н.Б нь Засаг даргын захирамжийг үндэслэн 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон билээ. 

Миний бие нь дээрх газраас эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, түүний албан тушаалтнууд хувийн сонирхлоор маш их дарамт үзүүлж байсан. Тодруулбал: Ус сувгийн удирдах газрын дарга Т нь өөрөө дээрх газрыг авах зорилгоор миний эзэмших эрхэд удаа дараа халдаж байсан бөгөөд өөрийн удирдаж буй төрийн байгууллагын нэрийг барьж дээрх газарт хашаа барьсан тул арга буюу би Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Ус сувгийн удирдах газрын хууль бусаар барьсан хашааг миний эзэмшлийн газраас албадан чөлөөлөх тухай шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/02542 дугаар шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрт хариуцагч Ус сувгийн удирдах газар давж заалдаагүй тул шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа болно. 

Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шуудангаар надад Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас илгээмж ирсэн. Түүнийг үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/32 дугаар захирамжаар Б******* дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжийн хавсралтын 10 дахь хэсгийг хүчингүй болгожээ. 

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/32 дугаар захирамжид Нийслэлийн Засаг даргын 2010 оны 703 дугаар захирамжаар эзэмших эрх нь хүчингүй болсон, Б******* дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрийн Г, Х тохойд байрлах 23028 м.кв газрыг иргэн Я.Б-т төмс, хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлэхээр шилжүүлсэн нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олгорлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно.” гэж, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17дугаар зүйлийн 17.8-д “Усан хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгохыг хориглоно.” гэж, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаар бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны ******* дугаар хамтарсан тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 3.9.12-т “усан хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын ба хязгаарлалтын бүсэд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгохыг хориглоно.” заасныг тус тус зөрчсөн тул Б******* дүүргийн Засаг даргын 2014 оны А/115 дугаар захирамжийн 10 дахь хэсгийг хүчингүй болгосугай.” гэжээ. 

2014 онд Б******* дүүргийн Газрын албанаас миний өргөдлийг шалгаж үзээд Б******* дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт 23028 м.кв талбай бүхий газар нь усны сан бүхий газарт хамаарахгүй, Усны тухай хууль, Газрын тухай хуульд харшлахгүй гэж үзээд Засаг даргын захирамжаар надад газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байхад НЗД үндэслэлгүйгээр, надад огт мэдэгдэлгүйгээр газрын эрхийг цуцалсанд гомдолтой байна” гэжээ.

Нэхэмжлэгч 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “...Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн С.Х-д холбогдох хэсгүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох

Үндэслэл: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Нийслэлийн Засаг даргын 2010 оны 703 дугаар захирамж нь холбогдох хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтойгоор хөндсөн захиргааны акт болохыг олж мэдсэн. 

Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 703 дугаар захирамжаар иргэн С.Х-гийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Нийслэлийн Засаг даргын 2003 оны 95 дугаар захирамж, 2009 оны 95 дугаар захирамжаар баталсан ундны усны тэжээгдлийн дотоод мужид орсон гэдэг үндэслэлийг дурдсан байгаагаас үзэхэд 2002 онд батлагдаж, одоог хүртэл мөрдөгдөж байгаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад, эрх хэмжээгээ хэтрүүлэн одоо Я.Б миний эзэмшиж байгаа газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус байна. 

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэж зааснаас үзэхэд одоо энэхүү маргаж байгаа Б******* дүүргийн ** дугаар хороонд байрлах 23000 м.кв газар иргэн Я.Б-ын нэр дээр эзэмших эрхтэй байхад түүний эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Нийслэлийн Засаг даргын 2010 оны 703 дугаар захирамжийг үндэслэл болгож байгаа миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндсөн захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иймд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн С.Х-д холбогдох хэсгүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоож өгнө үү...” гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө:  “Б******* дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 115 дугаар захирамжаар Б******* дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр Х тохой гэх газар байрлах 23028 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаагаар шилжүүлэн авч хуулийн дагуу эзэмших болсон. Гэтэл Ус сувгийн удирдах газраас ундны усны хамгаалалтын зурвас тогтоосон гэдэг үндэслэлээр уг газарт хамгаалалтын хашаа барьсан тул тухайн газрыг чөлөөлүүлэхээр Иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргасны дагуу уг газар нь нэхэмжлэгч Я.Б-ын газар байх тул тухайн газарт барьсан хашааг чөлөөлөх нь зүйтэй гэсэн шийдвэр гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар албадан чөлөөлөх ажиллагаа явагдаж байгаа. 

2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Я.Б-т Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн A/32 дугаар захирамж шуудангаар ирсэн. Тухайн захирамжид хууль ёсоор газар эзэмшиж байгаа этгээдийн газар эзэмших эрхэд халдах ямар ч хууль зүйн үндэслэл байгаагүй. 2014 онд Б******* дүүргийн Газрын албанаас газар эзэмших эрх шилжүүлэх өргөдлийг шалгаж үзээд усан сан бүхий газарт хамаарахгүй, Усны тухай хууль, Газрын тухай хуульд харшлахгүй байна гэж үзээд Б******* дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийг олгосон. 

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл болон 27 дугаар зүйлд зааснаар иргэн, хуулийн этгээдэд сөргөөр нөлөөлөх буюу газар эзэмших эрхийг хүчингүй болгож буй сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах гэж байгаа бол түүнд тайлбар, гомдол, саналаа гаргах боломжийг олгох гэх мэт ажиллагаа явуулах ёстой. Гэтэл эдгээр ажиллагаа хийгдээгүй ба тухайн захирамж нь шуудангаар ирсэн. Газар эзэмших эрхийг иргэн Я.Б нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар шилжүүлж авсан байхад тухайн захирамжийн үндэслэлд дурдаж буй газрыг эзэмшихдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмаар аваагүй гэх үндэслэл нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх үндэслэлд дурдагдаагүй, газар шилжүүлж авахад хамаарахгүй болно. Усны тухай хууль, Хот суурин, ус хангамж, ариутгах татуургын тухай хуулиудыг нэхэмжлэгчийн хувьд зөрчсөн зүйлгүй. Усны тухай хуулиар хамгаалалтын зурвасын хэмжээ, энгийн хамгаалалт болон хориглолтын бүсийн заалт байхаас эзэмшсэн газрыг хүчингүй болгох зүйл заалт байхгүй байна. 

Байгаль, орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А/230/127 дугаар хамтарсан тушаалыг захирамждаа үндэслэл болгосон байдаг. Энэ тушаалаар батлагдсан журам нь нэхэмжлэгч Я.Б-ыг газар эзэмшсэнээс хойш 1 жилийн дараа гарсан журам тул энэ журмыг үндэслээд газар эзэмших эрхийг цуцлах хууль зүйн үндэслэлгүй. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолыг үндэслэсэн нь ч мөн адил газар эзэмших эрх үүссэнээс хойш гарсан тогтоол тул газар эзэмших эрхийг цуцлах хууль зүйн үндэслэлгүй байна. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйл болон 40 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмшиж буй иргэний газар эзэмших эрхийг дуусгавар болгох болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай зохицуулсан байхад А/32 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн аль ч зүйл заалтыг баримтлаагүй. Энэ захирамж нь дээд шатны Засаг дарга нь доод шатны Засаг даргын захирамжийг хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хүчингүй болгож байгаа мэт харагдаж байгаа ч агуулгаар нь харвал газар эзэмших эрхийг цуцалж, дуусгавар болгож буй захиргааны акт байх тул Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйл болон 40 дүгээр зүйлийг зайлшгүй баримтлах ёстой. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамж нь 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн үндэслэлээр илт хууль бус гэж үзэж байна. Тухайн газар нь Б******* дүүргийн Засаг даргаас олгосон газрыг НЗД Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлан хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй тул хуулиар олгосон эрх хэмжээгээ хэтрүүлсэн байна гэж үзэх үндэслэлтэй. Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байж холбогдох зүйл заалтыг баримтлаагүй нь өөрөө илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна. Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар тогтоолын 6 дугаар зүйлд 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно гэж заасан ба захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг зохицуулаагүй буюу НЗД дүүргийн Засаг даргын захирамжийг бус тухайн газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа, хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих гэдэгт дүүргийн Засаг дарга өөрөө газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрхтэй байсан, хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох гэдэгт газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар цуцлах ёстой атал тухайн хуулийн заалтыг баримтлалгүй газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд С.Х-гийн нэр дээрх газрыг цуцалсан боловч өнөөдрийн байдлаар тухайн газрыг нэхэмжлэгч Я.Б эзэмшиж байгаагийн хувьд газар эзэмших эрхээ хамгаалах, газар эзэмших эрхийг зөрчсөн үйлдэлтэй маргах эрх үүргүүд газартайгаа хамт нэхэмжлэгчид шилжсэн. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Усны тухай хуулиуд ч газар эзэмших эрх үүсэх үед батлагдаагүй байсан. Эзэмшил анх үүсэх үед 2004 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Усны тухай хууль үйлчилж байсан. Энэ хуулиар газар эзэмшихийг хориглосон заалт байгаагүй. Мөн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, НЗД, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасан ч ямар хууль тогтоомжид нийцээгүй гэдэг нь тодорхой биш байна. Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрт нөлөөлөхүйц үр дагавар гарч болохыг үгүйсгэхгүй боловч газар эзэмших эрхийг хүчингүй болгохгүйгээр өөр байдлаар зохицуулах боломж бий. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нар хариу тайлбартаа: “...Иргэн Я.Б нь НЗДд холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/32 дугаар захирамжийг хүчингүй болгуулах" тухай шаардлага бүхий нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. 

Нэг. Захирамж гаргах хууль зүйн үндэслэл: Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалтад “Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно,” 22.3 дах хэсэгт “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно,” 22.4 дэх хэсэгт “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно,” гэж; 

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8 дах хэсэгт “ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгохыг хориглоно” гэж; 

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтад “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно,” 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж; 

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалтад “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан,” 48.2.2 дах заалтад “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” захиргааны актыг хүчингүй болгоно гэж; 

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны ******* дугаар хамтарсан тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмжийг мөрдөх журам”-ын 3.9.12-т “усан хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын ба хязгаарлалтын бүсэд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгохыг хориглоно” гэж тус тус заасан. 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолоор ундны усны эх үүсвэрийн онцгой хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүс, хамгаалалт, хязгаарлалтын бүсийг тогтоож өгсөн. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/32 дугаар захирамжид дээрх хууль, тогтоомж, дүрэм, журмыг маш тодорхой үндэслэж, тусгаж өгсөн ба энэ нь тухайн захирамж хууль зөрчиж гаргаагүйг нотлох хангалттай хуулийн үндэслэл болно гэж үзэж байна. 

Хоёр. Үүссэн нөхцөл байдлын тухай: Улаанбаатар хотын хүн амыг цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах хариуцлагатай үүргийг хэн дуртай нь эрхлэн явуулах боломжгүй онцлог зохицуулалттай үйл ажиллагаа байдаг. Өөрөөр хэлбэл асар өндөр өртөг бүхий дэд бүтцээр дамжуулан олон зуун хэрэглэгч, хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагыг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах, ариутгах харицлагатай үйл ажиллагаа байдаг бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2-т “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан үндсэн эрх, эрх чөлөөг хангахад чиглэгдсэн үйл ажиллагаа юм. 

Гэтэл иргэн Я.Б болон бусад иргэн аж ахуй нэгж, байгууллагуудад Б******* дүүргийн Засаг дарга Усны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6 усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, бүсийн дэглэмийг мөрдүүлэх бүрэн эрхээ хэрэгжүүлэлгүй хууль зөрчин газар, эзэмших, ашиглах захирамж гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба уг шийдвэрээс үүдэн Улаанбаатар хотын хүн амын усны нөөц багасах, бохирдох нөхцөл байдал үүсээд байна. 

Гурав.Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухай: НЗД нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/32 дугаар захирамждаа иргэн Я.Б-ын газар эзэмших, ашиглах гэрчилгээ нь ямар хууль тогтоомжуудыг хэрхэн зөрчсөнийг тодорхой үндэслэж, тусгаж өгсөн. 

Мөн иргэн Я.Б-ын эзэмшиж буй Б******* дүүргийн ** дугаар хорооны Х тохойн ******* тоот 23028 м.кв газрыг Б******* дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар “Аж ахуйн зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай” захирамжаар иргэн С.Х-гээс эрх шилжүүлсэн байдаг ба /уг 2014 оны 03 дугаар сарын 31-ний А/115 дугаар захирамжийн хавсралтын жагсаалтын 10 дугаартай хүснэгтээр нотлогдоно/ уг газар нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг хүчингүй болгох тухай” захирамжаар газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгосон юм. /Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны 703 дугаар захирамжийн хавсралтын 61 дугаартай хүснэгтээр нотлогдоно./ 

Дээрх хүчингүй болсон дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн Б******* дуүргийн Засаг даргын 2014 оны А/115 дугаар захирамжаар иргэн С.Х-гээс иргэн Я.Б-т тус газар эзэмших эрхийг шилжүүлсэн байх тул хүчин төгөлдөр бус шийдвэрийг үндэслэж захирамж гаргасан нь илт хууль бус шийдвэр гэж үзэж байна. Иймд хууль тогтоомж илтэд ноцтой зөрчсөн, дээр дурдсан нөхцөл байдлыг судлан үзэж иргэн Я.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 703 дугаар захирамжийг Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/32 дугаар захирамжийн үндэслэх хэсэг болсон гэсэн нь үндэслэлгүй бөгөөд захирамжийн үндэслэх хэсэгт хууль, сайдын тушаал, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэсэн байгаа юм. 

Нийслэлийн Засаг даргын 2003 оны 95 дугаар захирамжаар Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн тэжээлийн мужид хамгаалалтын бүс тогтоосон. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 703 дугаар захирамжаар дээрх захирамжаар баталсан хамгаалалтын бүсэд орж байгаа нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар, эзэмшиж, ашиглаж байсан 165 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгосон дотор Б******* дүүргийн ** дугаар хороонд байрлах 23000 м.кв иргэн С.Х-д газар эзэмших эрх олгосон Б******* дүүргийн Засаг даргын 2008 оны 142 дугаар захирамжийн иргэн С.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Иймд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 703 дугаар захирамж нь илт хууль бус захиргааны акт болох үндэслэлгүй тул нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: “Иргэн Я.Б-ын газрын хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл байгаагүй боловч иргэн С.Х-гээс шилжүүлж авсан газар нь Улаанбаатар хотын ундны усны эрүүл ахуйн хязгаарлалтын бүсэд хамаарч байгаа тул хэрэв цуцлахгүй бол Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх зөрчигдөхөд хүрнэ. Цаашлаад үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай  50 дугаар тогтоол, Усны тухай хууль, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хууль зэрэг холбогдох хуулиудад үндэслэн захирамжаа гаргасан тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх үндэслэлд хамаарахгүй юм. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамж нь илт хууль бус болох үндэслэлгүй. Тухайн газар нь ундны усны эрүүл ахуйн бүсэд хамаарч байна гэдэг нь анхнаасаа газар эзэмших эрх олгох хууль зүйн үндэслэлгүй байсан. Сонсох ажиллагаа хийх гээд албан бичиг явуулж, сарын дараа тухайн захирамж маань гарсан. Сонсох ажиллагаа хийхээр явуулсан албан бичиг, захирамж мэдэгдэж явуулсан албан бичгийн хаяг нь адил байгаа. Гэтэл сонсох ажиллагаа хийхээр явуулсан албан бичгийг тухайн хаягт байхгүй гэж хүлээж аваагүй атлаа захиргааны акт мэдэгдсэн албан бичгийг хүлээж авсан байдаг. Иймд бид сонсох ажиллагаа явуулаагүй гэж үзэхгүй байна. 

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны ******* дугаар хамтарсан тушаалын хавсралт Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам нь 2009 онд батлагдсан журмыг шинэчилсэн байдлаар гарсан, өөрөөр хэлбэл 2010 онд газар эзэмших эрхийг хүчингүй болгох үед ч, дахин 2014 онд газар эзэмших эрх шилжүүлэх үед ч ийм журам байсан. 2010 оны С.Х-гийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон 703 дугаар захирамж нь Усны тухай хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд хамгаалалтын бүсэд газар эзэмшиж ашиглахыг хориглоно гэсэн заалтыг үндэслэн гарсан байдаг.  Захирамж маань 2018 онд гарсан тул одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тушаалыг үндэслэсэн. Мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Усны тухай хуулиудад эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд газар эзэмшихийг хориглосон байгаа. 

Анх 2009 оны 95 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн маргаж буй газар болон бусад газрууд нь хамгаалалтын болон хязгаарлалтын бүсэд багтаж, 2010 онд хүчингүй болсон. 2016 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 50 дугаар тогтоолоор 2009 оны 95 дугаар захирамжаар тогтоосон бүсийг татсан тул нэхэмжлэгч Я.Б-ын 25100 м.кв газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 50 дугаар тогтоолд хамаарахгүй болсон байгаа. НЗД нь Ундны усны хамгаалалтын бүсэд орсон бүх газар эзэмших эрх хүчингүй болсон гэж ойлгож байгаа. Гэтэл Б******* дүүргийн Засаг дарга иргэн Я.Б-т хүчингүй болсон газрыг шилжүүлсэн байдаг.” гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/32 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн С.Х-д холбогдох хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж тодорхойлсон бөгөөд шүүх энэ шаардлагуудын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэдийгээр шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг  Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн хавсралтын 61 дэх С.Х-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардлагыг тодруулсан боловч түүнд нэхэмжлэлийн шаардлагаас багасгаж тодорхойлох эрх олгогдохгүйг дурьдах нь зүйтэй. 

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн дээрх шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэг. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн С.Х-д холбогдох хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд: 

Нийслэлийн Засаг даргын 2003 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 95 дугаар захирамжаар Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн газрын доорх усны эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүсийг зургаар тогтоож, түүний дэглэмийг батлан, дэглэмийг зөрчиж буй иргэд, аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлөх арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулахыг холбогдох этгээдүүдэд даалгасан байдаг. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаар захирамжаар  Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн газрын доорх усны эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоож, хамгаалалтын бүсэд эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэйгээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгжийн судалгааг гарган газар чөлөөлөх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байдаг. 

 

Гэтэл Б******* дүүргийн Засаг даргын 2004 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 202 дугаар захирамжаар  тус дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт Г-н Х тохойд Р.Д-д 4.23 га, Р.Д-д 2.51 га газрыг ногоо тариалах зориулалтаар тус тус эзэмшүүлж, улмаар 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 107 дугаар захирамжаар  Р.Д-с 25100 м.кв, мөн оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаар захирамжаар  Р.Д-с 23028 м.кв газрыг эзэмших эрхийг тус тус иргэн С.Х-д уг зориулалтаар шилжүүлсэн байна. 

Б******* дүүргийн Засаг даргын 2004 оны 202 дугаар захирамжаар эзэмшүүлсэн, 2008 оны 107, 142 дугаар захирамжаар эзэмших эрхийг шилжүүлсэн газар нийслэлийн Засаг даргын 2003 оны 95, 2009 оны 95 дугаар захирамжаар тогтоосон ундны усны тэжээлийн дотоод мужид хамаарч байсан болох нь дээрх байршилд давхцуулсан агаарын зургаар тогтоогдож  байна.  

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамж , түүний хавсралтын 60, 61 дэх заалтаар “ундны усны тэжээлийн дотоод мужийн хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлсэн” үндэслэлээр доод шатны Засаг даргын буюу Б******* дүүргийн Засаг даргын 2008 оны 107, 142 дугаар захирамжийн Р.Д, Р нараас С.Х-д газар эзэмших эрх шилжүүлсэн хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь илт хүчин төгөлдөр бус акт гэж үзэхээргүй байна. Учир нь  уг захирамжид баримталсанчлан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар доод шатны Засаг даргын шийдвэр хууль зөрчсөн гэж үзвэл хүчингүй болгох эрх НЗД-д олгогдсоны дээр захирамжийн үндэслэл болсон ундны усны тэжээлийн дотоод мужийн хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлсэн нь хууль зөрчсөн байдал тогтоогдсон байжээ гэж шүүх үзлээ.

Усны тухай хууль /1995 оны/ -ийн 13 дугаар зүйлийн 13.3, 13.4, 13.5-д  “Усны эх үүсвэрийг хомсдож бохирдохоос хамгаалах зорилгоор байгуулах хамгаалалтын бүсийн заагийг газрын хөрс, чулуулгийн тогтоцыг харгалзан аймаг, НЗД тогтооно”, “төвлөрсөн ус хангамжийн усны эх үүсвэрийн орчимд 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно”, “хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дэглэмийг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно” гэж тус тус заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2003 оны 95 дугаар захирамжаар Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн газрын доорх усны эх үүсвэрүүдийн тэжээлийн дотоод, гадаад мужийн хамгаалалтын бүсийг тогтоож, түүний дэглэмийг батлан, дотоод мужид иргэн, аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг, мужийн дэглэмийг зөрчин байршиж буй иргэн, аж ахуйн нэгжийг үе шаттайгаар нүүлгэх, газар чөлөөлөх ажлыг хэрэгжүүлэхийг ... дүүргийн Засаг дарга нарт даалгажээ. Энэ захирамжаар Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрүүдийн тэжээлийн дотоод мужийн хилийн цэсийг “Т гол болон түүний цутгал голууд болох У, Г, И, Д, Ө горхи, Т, З горхи, Х, Н, Х-н голуудын ус агуулагч элс, хайрга, элсэнцэрээр чигжигдсэн сайр, сайрган хөрснөөс бүрдсэн зурвас талбайг хамруулна” хэмээн зургаар тогтоож, дотоод мужийн дэглэмийг баталсан, уг дэглэмээр “дотоод мужид ... ногоо тарих ... зэрэг аж ахуйн үйл ажиллагааг хориглосон” байжээ.  

Усны тухай хууль /1995 оны/ нь 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар 2004 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болж, энэ өдрөөс Усны тухай хууль /2004 оны/ хүчин төгөлдөр мөрдөгджээ.

Өөрөөр хэлбэл дүүргийн Засаг дарга 2004 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 202 дугаар захирамжаар газар эзэмшүүлэхээс өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Усны тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд НЗД ундны усны эх үүсвэрийн дотоод, гадаад мужийн бүсийг тогтоосон, энэ шийдвэрээр ундны усны эх үүсвэрийн дотоод мужид иргэн, аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг дүүргийн Засаг дарга нарт даалгасан байдаг.

Нийслэлийн Засаг даргын 2009 оны 95 дугаар захирамжаар Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн усны эх үүсвэрүүдийн тэжээлийн дотоод, гадаад мужийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоож, ийнхүү бүсийг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан өмнөх 2003 оны 95 дугаар захирамжийн 1, 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцож, харин хамгаалалтын бүсийн дэглэм болон хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлэх ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг болон бүсэд байршиж буй иргэн, аж ахуйн нэгжийн газар чөлөөлөх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нарт даалгасан заалт хэвээр үйлчилж байжээ.

Түүнчлэн Усны тухай хууль /2004 оны/ -ийн 22 дугаар зүйлийн 22.4-т заасан бүрэн эрхийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,  Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2009 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 51/75 дугаар тушаалаар “Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэм”-ийг тогтоосон , энэ дэглэмийн 23.7-д “эрүүл ахуйн хязгаарлалтын бүсэд бүх төрлийн бордоо, пестицид хэрэглэхийг хоригложээ.”

Энэ ч үүднээс  Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжаар дээрх 2003 оны 95, 2009 оны 95 дугаар захирамжаар баталсан ундны усны тэжээлийн дотоод мужид газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.    

Иймд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн С.Х-д холбогдох хэсгүүдийг илт хүчин төгөлдөр бусад тооцох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй, хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд гарсан шийдвэр байна.

Ундны усны тэжээлийн дотоод мужид газар эзэмшүүлсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрээ уг шийдвэрийн үйлчлэлд хамаарч буй иргэн, аж ахуйн нэгжид болон дүүргийн Засаг даргад хүргүүлсэн болохоо хариуцагч нотлоогүй ч энэ нь дангаараа уг шийдвэрийг илт хүчин төгөлдөр бус актад тооцох үндэслэл болохгүй. 

Илт хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагад хамаарч буй Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн хавсралтын 60-д заасан 25100 м.кв газрыг эзэмших эрхийг Б******* дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжаар нэхэмжлэгч Я.Б-т шилжүүлэн эзэмшүүлсэн ч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолоор уг газар нь эрүүл ахуйн хязгаарлалтын бүсэд хамаарахгүй болсноор тэрээр уг газрыг одоо хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгааг, өөрөөр хэлбэл түүнтэй холбоотой өмнөх шийдвэрийг илт хүчин төгөлдөр бусад тооцуулах үр дагавар байсан гэж үзэхээргүй байгааг дурьдах нь зүйтэй. 

Түүнчлэн С.Х-д газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжтай тухайн үед уг газартай холбоотой маргах эрх үүсээгүй байсан нэхэмжлэгч одоо маргах эрхтэй эсэхийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 675 дугаар тогтоолоор нэгэнт дүгнэсэн  болохыг мөн дурьдах нь зүйтэй.

 

Хоёр. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/32 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Усны тухай хууль /2012 оны/ -ийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан “Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс”-ийг мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т зааснаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2016 оны 50 дугаар тогтоолоор тогтоосон  бөгөөд 22 дугаар зүйлийн 22.4–т зааснаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар тушаалаар Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг баталсан , уг дэглэмийн 3.9.7-д “эрүүл ахуйн хязгаарлалтын бүсэд бүх төрлийн бордоо, пестицид хэрэглэх”-ийг, 3.9.12-т “газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгох”-ыг тус тус хориглохоор заасан байна. 

Нийслэлийн Засаг даргын дээрх 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжаар С.Х-гийн 23028 м.кв газрыг эзэмших эрхийг ундны усны тэжээлийн дотоод мужид хамаарсан үндэслэлээр хүчингүй болгосон байхад уг газрыг эзэмших эрхийг Б******* дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжаар Я.Б-т шилжүүлэн хүнсний ногоо тариалах зориулалтаар нь эзэмшүүлж , газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, гэрээ байгуулж, мэдээллийн санд нэгж талбарын 18658311292133 дугаартайгаар бүртгэжээ. Өөрөөр хэлбэл хүчингүй болсон газар эзэмших эрхийг шилжүүлсэн байх тул Б******* дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжийг зөвтгөх үндэслэл үгүй байна. 

Нөгөөтэйгүүр Б******* дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлж байх үед ч маргаан бүхий газар нийслэлийн Засаг даргын 2009 оны 95 дугаар захирамжаар тогтоосон ундны усны тэжээлийн дотоод мужид хамаарч байсан, 2003 оны 95 дугаар захирамжаар батлагдсан хамгаалалтын бүсийн дэглэм зөрчигдсөн нөхцөл байдал буюу газар эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглосон нөхцөл байдал арилаагүй хэвээр байсан төдийгүй газар эзэмших эрхийг ийнхүү шилжүүлсэн захирамж Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4 “ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгохыг хориглоно” гэснийг зөрчсөн байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын ундны усны эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг солбицлоор тогтоосон, солбицлыг газрын кадастрын мэдээллийн санг эрхлэх этгээд нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд оруулсан, энэ мэдээллийн сангаас ирүүлсэн зургаар эрүүл ахуйн хязгаарлалтын бүстэй Б******* дүүргийн Засаг даргын 2014 оны А/115 дугаар захирамжаар нэхэмжлэгч нь С.Х-гээс эзэмших эрхийг шилжүүлэн авсан мэдээллийн санд нэгж талбарын 18658311292133 дугаартайгаар бүртгэгдсэн 23028 м.кв газар зарим хэсгээр давхцалтай болох нь тогтоогдож  байна.  

Иймээс дээрх үндэслэлээр буюу Усны тухай хууль /2012 оны/ -ийн 22 дугаар зүйлийн 22.3-т зааснаар тогтоосон ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүсэд “хүнсний ногоо тариалах зориулалтаар газар эзэмшүүлсэн” нь мөн зүйлийн 22.4-т зааснаар байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан эрүүл ахуйн хязгаарлалтын бүсэд мөрдөх дэглэмийн 3.9.7 “бүх төрлийн бордоо, пестицид хэрэглэхийг хориглоно”, 3.9.12 “газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгохыг хориглоно” гэснийг, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4 “ус хангамжийн эх үүсвэрийн ... эрүүл ахуйн бүсэд газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгохыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж НЗД 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн А/32 дугаар захирамжаар  С.Х-гээс Я.Б-т 23028 м.кв газрыг хүнсний ногоо тариалах зориулалтаар эзэмших эрхийг шилжүүлсэн Б******* дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1–д заасан эрх хэмжээний хүрээнд, нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. 

Дээр дүгнэсэнчлэн Усны тухай хууль, уг хуулиар эрх олгогдсон этгээдээс тогтоосон ундны усны тэжээлийн муж, хориглолт, хязгаарлалтын бүс, уг бүсүүдэд хэрэгжих дэглэм журам тухайлсан онуудад шинэчлэгдэн гарч, тухай бүрт өмнөх хууль болон бүс, түүний дэглэм тогтоосон шийдвэрүүд хүчингүй болж байсан тул маргаан бүхий актыг гарах үед үйлчилж байсан хориглолт, хязгаарлалтын бүсийг тогтоосон, дэглэмийг баталсан шийдвэрүүдийг буюу ундны усны хамгаалалтын, хориглолт, хязгаарлалтын бүс тогтоосон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоол, бүсийн дэглэм баталсан 2015 оны ******* дугаар тушаалаар баталсан журмыг газар эзэмших эрх 2014 онд шилжүүлсэн захирамжийг хүчингүй болгохдоо баримталсан хэмээн хариуцагчийг буруутгахгүй.

Түүнчлэн хуулиар болон журмаар тогтоосон хориглолт, хязгаарлалтыг зөрчин газар эзэмших эрх олгосон хэмээн эрх бүхий этгээдээс газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад ийнхүү хүчингүй болсон газар эзэмших эрхийг дахин шилжүүлсэн байсан, өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байсан гэж үзэхээргүй тул нөхөн төлбөр олгох үүрэг захиргааны байгууллагад үүсэхгүй.  

Б******* дүүргийн Засаг дарга Усны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6 “усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, бүсийн дэглэмийг мөрдүүлэх” чиг үүрэгтэй атал хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэлгүй хууль зөрчин хүчингүй болсон газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна. 

Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газраас Б******* дүүргийн Засаг дарга, Газрын алба, НЗД, Газрын албанд Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлж, ашиглуулж байгаа зөрчлийн талаар, бүсийн дэглэмийг мөрдүүлэх талаар удаа дараа хандсан, тухайлбал 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 7/631 тоотоор Б******* дүүргийн Засаг даргад “тус дүүрэгт ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлж, ашиглуулж байгаа зөрчлийг таслан зогсоох талаар”, 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 7/871 тоотоор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт “Б******* дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт ундны усны хамгаалалтын бүсэд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах талаар”, 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн7/1190 тоотоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи уул уурхайн хяналтын хэлтэст “бүсийн дэглэм зөрчигдөж байгаа талаар тодруулга авахаар”, 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 7/2203 тоотоор Б******* дүүргийн Өмч, газрын харилцааны алба, тус дүүргийн ** дугаар хорооны Засаг даргад “бүсийн дэглэм зөрчиж байгаа зөрчлийг арилгуулахаар”, 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 7/475 тоотоор Б******* дүүргийн Өмч, газрын харилцааны албанд “бүсийн дэглэм зөрчиж байгаа зөрчлийг арилгуулахаар”, 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 10/438 тоотоор Б******* дүүргийн Засаг даргад “бүсийн дэглэмийг мөрдүүлэхээр”, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 7/1467 тоотоор Б******* дүүргийн Газрын албанд “ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд олгосон газрын талаар тодруулахаар”, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 7/1785 тоотоор НЗД-д “дүүргийн Засаг дарга ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд газар олгох зөрчил гаргаж байгаа талаар дурьдаад үйл ажиллагаа эхлээгүй аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцлуулахаар”, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 7/1786 тоотоор “ундны усны эх үүсвэрийн хориглолт, хязгаарлалтын бүсэд газар эзэмшүүлэх зөрчлийг зогсоох, шинээр нэмж олгохгүй байх талаар” тус тус хандсан  байдаг. 

Түүнчлэн Ус сувгийн удирдах газрын захиалгаар, төсвийн хөрөнгөөр 2012 онд хязгаарлалтын бүсэд хамгаалалтын хашлага бариулсан  байдаг.

Тодруулбал Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрээс хуулиар тогтоосон хэмжээгээр тэжээлийн дотоод, гадаад муж, хориглолт болон хязгаарлалтын, энгийн болон онцгой хамгаалалтын бүсийг тогтоож, хамгаалалтын бүсийн дэглэмийг эрх бүхий этгээд баталсан, үүнийг зөрчсөн үндэслэлээр дээд шатны Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байхад уг газрыг хуулиар тогтоосон хязгаарлалт, хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчин дахин бусдад шилжүүлэн эзэмшүүлсэн Б******* дүүргийн Засаг даргын шийдвэр хууль бус байх тул доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон нийслэлийн Засаг даргын шийдвэр хуульд нийцсэн байна.

Хариуцагч “газар эзэмших эрхийг хүчингүй болгох болсон” талаар мэдэгдсэн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 07/4317 тоот албан бичгийг шуудангаар иргэн Я.Б-т нэхэмжлэлдээ заасан түүний “Б******* дүүргийн ** дугаар хороо, *-*** тоот” хаягаар хүргүүлсэн  байх бөгөөд “хаягийн дагуу 3 удаа очсон хаягтаа байгаагүй, хороо нь хаягийг тодруулга хийсэн, уг хаягт хүн байхгүй гэсэн” тэмдэглэгээтэйгээр буцаагдсан хэдий ч тухайн хаягаар шуудангаар хүргүүлсэн “2018 оны А/32 дугаар захирамжаар газар эзэмших эрх нь хүчингүй болсон” талаарх 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 07/223 тоот мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн авсан /энэ талаараа нэхэмжлэлдээ дурдсан/  байгаагаас үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар шийдвэр гаргахаасаа өмнө сонсох ажиллагаа хийгээгүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй байна. 

Маргаан бүхий газар нь ундны усны эх үүсвэрийн онцгой хамгаалалтын бүсэд хамаарахгүй, мөн газар эзэмших эрх шилжүүлсэн байхад Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/32 дугаар захирамжид Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1 дэх заалтыг “онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих, газар хагалах, ... тариалан эрхлэхийг хориглоно”, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг “газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлээгүй” гэсэн үндэслэлээр баримталсан нь буруу байх хэдий ч энэ нь бусад үндэслэлийг үгүйсгэж захирамжийг хүчингүй болгох үндэслэл  болохгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “ундны усны эх үүсвэр худаг болон нэхэмжлэгчийн газрыг давхцуулсан зураг гаргуулах”-аар хүсэлт гаргасан бөгөөд шүүх “Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрээс хуулиар тогтоосон хэмжээгээр хориглолт болон хязгаарлалтын, энгийн болон онцгой хамгаалалтын бүс, тэжээгдлийн мужийг эрх бүхий этгээд солбицлоор тогтоож, мэдээллийн санг эрхлэх эрх бүхий этгээд солбицлыг газрын кадастрын мэдээллийн санд оруулсан, үүнийг маргаан бүхий газартай давхцуулсан зураг хэрэгт авагдсан  бөгөөд дээрх бүсүүдийг тогтоосон шийдвэр, мэдээллийн санд зургийг зөв оруулсан эсэхтэй маргаагүй тул ундны усны эх үүсвэр болох гүний худгийн байршилтай маргаан бүхий газрыг давхцуулан үзэх шаардлагагүй” гэж дүгнэсэн болно.

 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Усны тухай хууль /1995 оны/ -ийн 13 дугаар зүйлийн 13.3, 13.4, 13.5, Усны тухай хууль /2004 оны/ -ийн 22 дугаар зүйлийн 22.4, Усны тухай хууль /2012 оны/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 22 дугаар зүйлийн 22.1, 22.4, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8.4 дэх заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Я.Б-ын гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн С.Х-д холбогдох хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/32 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА