Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2018/01415

 

М.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/00297 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 995 дугаар магадлалтай,

М.А-ийн нэхэмжлэлтэй,

Соёл урлагийн их сургуульд холбогдох,

урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны болон ээлжийн амралтын олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Э.Сонинтогосын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваадулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхжаргал, өмгөөлөгч П.Төрбат, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч М.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 00749 тоот шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсний дагуу 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Соёл Урлагийн Их Сургуулийн захирлын Б/224 тоот тушаалаар урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилсон. Уг тушаалыг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гардуулж өгсний дараа Б/225 тоот тушаалаар ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан. Миний бие 2015 онд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасан сахилгын зөрчлийг авч байсан ба мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т зааснаар сахилгын шийтгэлгүйд тооцогдох бүрэн үндэслэлтэй. Соёл урлагийн их сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь хэсэгт ямар тохиолдолд ноцтой зөрчил гэж үзэх талаар тодорхойлсон байна. Аудитаас гарсан хязгаарлалттай санал дүгнэлт нь хөдөлмөрийн гэрээ цуцлах ноцтой зөрчилд тооцогдохгүй. Би 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүүхэд төрүүлсэн ба одоо хүүхэд маань 2 ой 4 сартай бага насны хүүхэдтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглосон. Өмнөх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 3 дахь хэсгийг огт биелүүлээгүй. Иймд Соёл урлагийн их сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/225 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, 2017 оны 04 сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин мөн 2017 оны ээлжийн амралтын мөнгийг тогтоож хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Соёл урлагийн их сургууль шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн маргаантай холбогдолтой асуудлаар 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/00749 тоот шүүхийн шийдвэр гарсан ба уг шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Монгол Улсын Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын арга хэмжээ авч хариу ирүүлэх тухай 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн өдрийн А/3476 тоот албан бичгээр Завхан аймгийн хөгжим бүжгийн коллежийн 2016 оны санхүүгийн тайланд Мэдээлэл аудит ХХК нь аудит хийж хязгаарлалттай санал дүгнэлт өгсөн тул асуудлыг хэлэлцэн холбогдох албан тушаалтанд арга хэмжээ авч, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг мэдэгдсэн. Завхан аймгийн хөгжим бүжгийн коллежийн захирал Ш.Энхжаргал хариуцлага тооцож албан бичгээр хариуг ирүүлсэн. Тухайн үед ажиллаж байсан Ш.Энхжаргалд хариуцлага тооцох гэхээр 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрүүдэд өмнө ажиллаж байсан захирал М.А-ийн үед тогтоогдсон актууд байдаг. Улмаар Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежийн 2016 оны санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлд хийсэн Мэдээлэл аудит ХХК-ийн хийсэн хязгаарлалттай санал дүгнэлтийг үндэслэн захирлын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/255 тоот тушаалаар 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс М.Аптанцэцэгийг захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Санхүүгийн зөрчил гаргаж эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. М.А- шүүхийн шийдвэрээр томилогдоод аудитын дүгнэлтийг үндэслэн ажлаас чөлөөлөх үед буюу 2017 оны 08 дугаар сарын 22-ны үед аймгийн тамгын газрын санхүүгийн албанаас шалгалт орсон байсан бөгөөд тухайн үед тушаал гарах үед шалгалтын хариу нь гараагүй байсан. Аймгийн аудитын газраас ирүүлсэн дүгнэлтэд М.А- санхүүгийн зөрчлүүд бас гарсан байсан. 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ажил хүлээлцэх комисс Завхан аймагт очиж тушаалыг танилцуулсан. Төсвийн хөрөнгийн зарцуулалтыг хуулийн дагуу зөв зарцуулаагүй гэсэн байсан. Мэдээлэл аудит ХХК-ийн хязгаарлалттай санал дүгнэлт нь М.А- захирлын ажиллах үед гарсан санхүүгийн зөрчлийг тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлт тул дээрх шийдвэрийг тушаалын үндэслэл хэсэгт тусгаж өгсөн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/00297 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.А-ийг Соёл Урлагийн Их сургуулийн Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Соёл Урлагийн Их сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 4,467,312 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,856,816 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Соёл Урлагийн Их сургуульд холбогдох ээлжийн амралтын нөхөн олговорт 2,371,548 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхсүлд нь нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Соёл Урлагийн Их сургуульд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.А- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч М.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид 52,895 төгрөгийг нөхөн төлүүлж, улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 156,627 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 995 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/00297 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Соёл урлагийн их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156.627 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Э.Сонинтогос хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Соёл, урлагийн их сургууль нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны № 995 тоот шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч М.А- нь 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл салбар сургуулийн захирлын албан тушаалд ажиллах хугацаандаа мөнгө, санхүүгийн асуудлаар эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж, буруутай үйлдэл нь тогтоогдож, хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг нь хэрэгсэхгүй болсон. М.А- нь удаа дараа зөрчил дутагдал гарган, ажлын хариуцлага алдаж, түүнд сахилгын шийтгэлийг 2 удаа ногдуулж байсан бөгөөд ажлаас 2016 оны 8 дугаар сард дутагдлаар халагдах болоход захирал надтай ирж биечлэн уулзаж, харилцан тохирч 2 сарын дараа ажлаас чөлөөлж өгөх талаар санал гарган, өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэн ажилгүйдлийн 2 сарын тэтгэмжээ авсан. Гэвч нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж хуульд зааснаар “хэргийн бодит байдалд нийцсэн тайлбар өгөх”...., шүүхэд “үнэн зөв мэдүүлэг өгөх” үүргээ зөрчин ёс зүйгүй үйлдэл гарган 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2017 оны 4 дүгээр сарын 10- ны өдрийн Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг ханган 182/ШШ2017/00749 тоот шийдвэр гарч, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хариуцагч талаас эс зөвшөөрч гомдол гарган иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед нэхэмжлэгч М.А-ийг ажиллаж байх үед холбогдох, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх, ухаан спортын сайдын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1а/3476 тоот “Арга хэмжээ авч, хариу ирүүлэх тухай албан бичиг ирсэн тул хариуцагч гомдлоосоо татгалзсан юм. Хариуцагчийн зүгээс өмнөх шүүхийн шийдвэрт гаргасан гомдлоосоо татгалзсан тул шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж шийдвэрийг ханган ажилгүй хугацааны цалинг олгож, харин 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Б/225 тоот тушаалыг зөвтгөн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалт, дотоод журмын 8.13 дахь заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлөх тушаал гарсантай холбогдуулан М.А- нь дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг үүсгэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгуулж, хэргийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч М.А- нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны болон ээлжийн амралтын олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх  нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Соёл урлагийн их сургууль нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

М.А-ийг Завхан аймаг дах Хөгжим бүжгийн коллежийн захирлаар эгүүлэн тогтоосон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ний өдрийн 749 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

Ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2017 оны 08 дугаар сарын 22-ний өдөр нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон боловч мөн өдрийн Б/225 дугаар  тушаалаар дахин ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5. дэх заалтыг үндэслэжээ /хэргийн 4-5 дугаар тал/.

Хуулийн дээрх зохицуулалтаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, түүнчлэн мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй боловч уг зөрчил баримтаар тогтоогдсон байх шаардлагатай. 

Зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, энэ тохиолдолд ажилтныг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар заасан.

Завхан аймаг дах Хөгжим бүжгийн коллежийн 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд “Мэдээлэл аудит” ХХК аудит хийж 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хязгаарлалттай санал дүгнэлт гаргасан, мөн аймгийн аудитын газрын 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “Төлбөр хариуцуулж төсвийн орлого болгох тухай” акт тогтоосон боловч энэхүү зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байна.

Ажилд эгүүлэн тогтоосноос хойш нэхэмжлэгч тушаалд заасан зөрчил гаргасан нь тогтоогдоогүй талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ тухайгаа шийдвэр, магадлалд тодорхой тусган нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2.-т нийцжээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/00297 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 995 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Э.Сонинтогосын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ