| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2021/0021/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/22 |
| Огноо | 2021-03-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Б.Азжаргал,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б-ны Н-д холбогдох эрүүгийн 2117000000028 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 21-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, П жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Г аймгийн С сумын дүгээр баг Т дугаар байрны тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Б-ны Н /РД:,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Н нь 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Хар толгой гэх газар иргэн Ө.Г-тай маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Хар толгой гэх газар иргэн Ө.Г-тай маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
1.2. Шүүгдэгч Б.Н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
2021 оны 02 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө тээвэрт явж байгаад Говьсүмбэр аймгаас баруун урагш 15 орчим километрт Г, Г, М гуравтай таарсан тухайн үед тэр 3 хоол хийж идэх гээд байж байсан. Мөн едэн нэртэй 0.75 литрийн архи задалчихсан сууж байсан. Тухайн архинаас уугаад юм яриад сууж байгаад Ө.Г-тай маргалдаад машинаас буусан. Тэгээд би Г-д хандаж чи юм санасан бол эрүүл саруулдаа хэл, битгий олон юм яриад бай гэж хэлсэн. Тэгтэл Г намайг түлхсэн. Тэгэхээр нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Дахиад цохих гэтэл Г цасан дээр халтираад машины карлоныг мөргөөд уначихсан. Тэгсэн Г ах машины хаалга нээгээд яагаад маяглаад байгаа юм гэж хэлээд бид хоёр салсан... гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,
1.3. Хохирогч Ө.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Таван толгойд ачаа буулгачихаад Чойр руу ирж явсан юм. Тэгээд замдаа зогсоод Г, Энхмөнх бид гурав хоол хийж идчихээд едэн нэртэй 0.75 литрийн архиа задлаад сууж байтал Н, Батболд 2 ирж таарсан. Тэгээд юм яриад сууж байгаад үгээ даахгүй Н бид 2 муудалцаад Н бид 2 машинаасаа буугаад гадаа гарсан. Тэгээд би Н-ыг түлхэхэд Н уурлаад гараараа нүүрэн тус газарт цохисон. Тэр үед би цасан дээр халтираад унахдаа машины карлоныг мөргөөд газар уначихсан. Н-ы цохисон үйлдлээс миний баруун талын хөмсөг орчимд шарх үүссэн. Харин унах үедээ машины карлон мөргөж газар унаад зүүн талын хөмсөг орчим болон хамар хацар хэсэгт шарх үүссэн. Хавирга жоохон хөндүүр орсон байсан, унахдаа цохисон юм шиг байна лээ. Тэгээд Г бид хоёрыг боль гэж хэлээд архи уучихсан байсан машин бариад яахав, цагдаа байгаа гээд бид нар хөдөө хоносон... гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
...Б.Н бид хоёр хамт ажиллаад 3 жил болж байна. Надад Н-аас нэхэмжлэх зүйл байхгүй. Миний нүүр шалбарснаас өөр гэмтэл байхгүй. Би өөрөө цасан дээр хальтраад уначихсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дугаар хуудас/,
1.4. Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн өглөө 07 цагийн орчим манай нөхөр Г нүүр ам нь цус болсон байдалтай Сүмбэр сум 3 дугаар баг, Цахиуртын 2-5 тоот байх гэртээ ирсэн. Юу болсон талаар асуухад хамт ажилладаг Н-тай 100-н овооны орчим 1 шил архийг 4-5 лаа нийлээд уусан. Тэгээд Н манай нөхрийг 2020 онд зодож байсан юм билээ, тэгээд манай нөхөр архи уучихаад өмнө нь чи намайг зодож байсан гэж хэлээд тэрнээс болоод маргалдсан гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
1.5. Гэрч Н.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Тухайн үед гадаа нилээн харанхуй байсан. Би яг зодолдохыг нь бол хараагүй, машины гадаа маргалдаад байхаар нь хаалгаа нээгээд та 2 боль гээд тэр хоёрыг машинд оруулсан. Тухайн үед Г-ы хөмсөг хэсэгт шалбарсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
1.6. Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2021 оны 02 дугаар сард цагаан сарын өмнөх нь одоо өдрийг нь санахгүй байна. Н бид 2 ачаанд явж байгаад Г, М, Г нартай таарсан. Тухайн үед нилээн орой болчихсон байсан. Тэр 3 нэг шил архи задалчихсан сууж байсан. Тэгээд би машиндаа ороод унтчихсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
1.7. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 71 дугаартай дүгнэлтэд:
- Ө.Ганбаганын биед баруун нүдний зовхинд цус хуралт, баруун зүүн хөмсгөнд, хамрын нуруунд, зүүн хацарт зулгаралт, баруун 6,7-р хавирга орчимд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.
- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2021.02.07-нд үүсгэгдсэн байх боломжтой.
- Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
1.8. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 79 дугаартай дүгнэлтэд:
- Б.Н-ы биед гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 33 дугаар хуудас/,
1.9. Б.Э-ын Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 1 дүгээр хуудас/ зэрэг болно.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Н-ы үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Н нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч Б.Н, хохирогч Ө.Г нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсанаас үүдэн гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэрч А.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Б.Н нь 1983 оны 04 дүгээр сарын 21-нд Говьсүмбэр аймагт төрсөн. Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын сургуулийг төгссөн. Жолооч мэргэжилтэй. Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, 127-7 тоотод эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Петровис ХХК-д жолоочоор ажиллаад 10 жил болж байна. Зан байдлын хувьд төлөв даруу, хүнд тусархуу, муу зуршилгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
2.2. Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Б.Н нь 1983 оны 04 дүгээр сарын 21-нд Говьсүмбэр аймагт төрсөн, айлын бага хүү. Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын сургуулийг бүрэн дунд боловсролтой төгссөн. 2001 онд цэргийн алба хаасан. Хувийн байгууллагуудад жолоочоор ажиллаж байсан. 2011 оноос одоог хүртэл Петровист жолоочоор ажиллаж байна. Сүмбэр сумын 1 дүгээр баг, 127-7 тоотод эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Хүү Анар-Эрдэнэ 1 дүгээр сургуулийн 9-р анги, Гарьд-Эрдэнэ 2-р анги, Пүрэв-Эрдэнэ 5 настай. Зан байдлын хувьд тайван дөлгөөн, үнэнч шударга тусархаг... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
2.3. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/,
2.4. Шүүгдэгч Б.Н-ы Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 61 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ны Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ