Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/419

 

   2021          3          29                                   419

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч П.О, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жамсран овогт П.Од холбогдох эрүүгийн 2006 01453 0653 дугаар хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Жамсран овогт П.О, 1989 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Булган аймгийн Баяннуур суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн ... дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч П.О нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын .... тоотод оршин суух иргэн Д.Ш орон байранд хууль бусаар нэвтэрч авдран дотор байсан сур ороогүй хуучин мөнгөн хазаарыг хулгайлан авч 4 сая төгрөгийн,

          мөн 2020 оны 02 дугаар сарын 14-ний орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын .... тоотод оршин суух иргэн Д.Ш-ийн орон байранд хууль бусаар нэвтэрч авдран дотор байсан мөнгөн тоногтой хуучин цагийн 12 завхай тоногтой 1 ширхэг эмээл, их гарын 3 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 4.250.000 төгрөгийн буюу иргэн Д.Ш-д нийт 8.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

/хх-ийнн 2 дугаар тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 3-6 дугаар тал/

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл,

/хх-ийн 29-30, 65-66 дугаар тал/

Эд зүйл баримт бичиг хүлээн авч хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл,

/хх-ийн 13-14, 68 дугаар тал/

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний: “Мөнгөн тоногтой, хуучин цагийн 12 завхай тоногтой 1 ширхэг эмээлийг 3.500.000 төгрөгөөр, мөнгөн, суртай ороогүй хуучин 1 ширхэг хазаарыг 4.000.000 төгрөгөөр, Их гарын 3 ширхэг мөнгөн аягыг 750.000 төгрөгөөр буюу нийт 8.250.000 төгрөгөөр үнэлсэн” тайлан,

/хх-ийн 36-39 дүгээр тал/

           Хохирогч Д.Ш-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 онд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, ... тоотод манай дүү Төгсням, түүний нөхөр О нарын хамт амьдрах болсон. Тэгээд би найз охин Батзаяатай хамт амьдрахаар болоод 2019 оны 11 дүгээр сарын эхээр манай дүү Төгсням, түүний нөхөр О нар нь тусдаа байр түрээслэхээр шилжиж явсан. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймаг руу гэр бүлээрээ явчихаад 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэртээ ирсэн. Тухайн үед хулгай орсон талаар мэдээгүй байж байгаад 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэрээ цэвэрлэж байгаад авдарны дотор байсан, мөнгөн аяга 7-8 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн бүрэн тоноглолтой эмээл зэрэг байсан алга болсон байсныг мэдээд цагдаад хандсан. Манай гэрийн түлхүүр дүү Төгсням, хүргэн О нарт байсан. ...мөнгөн эмээл нь хуучин цагийн хийцтэй 12 завхай мөнгөн тоногтой, ширэн гөлөмтэй, хуучны хар дараатай эмээл байсан, хазаар нь сур ороогүй хуучин цагийн мөнгөн хазаар үнэ 15 сая төгрөг, 3 ширхэг мөнгөн аяга нь хуучин цагийн мөнгөн аяга байсан.Нийлээд 5 сая төгрөг.” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 18-19 дүгээр тал/

            Гэрч Б.Батзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ...тоотод манай найз залуу Ш, дүү Төгсням, дүүгийн нөхөр О, ээж Дуламсүрэн нарын хамт амьдардаг байсан... Тэгээд 2019 оны 11 сарын эхээр дүү Төгсням, дүүгийн нөхөр О хүүхдийн хамт уг байрнаас нүүж тусдаа байр түрээслэж амьдрах болсон. Тухайн үед Ш гэрийн түлхүүрээ хүлээлгэж өгөөрэй гэж хэлсэн боловч дүү Төгсням гэрийн түлхүүрээ өгөөд хүргэн О уг байрны түлхүүрийг өгөөгүй байсан гэсэн... Би 2019 оны 11 сараас найз залуу Штэй хамт амьдрах болсон, ээж Дуламсүрэн Өвөрхангай аймаг руу явсан... 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр найз залуу Шгийн хамт Өвөрхангай аймаг, Хайрхан дулаан сум руу гэр бүлээрээ явсан. Тэгээд хөдөө шинэлчихээд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өглөө гэртээ ирсэн. Тухайн өдөр гэрт ямар нэгэн хулгай орсон шинж тэмдэггүй бүх зүйлс эмх цэгцтэй байсан. Тэгээд өнөөдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэрээ цэвэрлэж байтал авдарын дотор талд байсан мөнгөн эмээл, мөнгөн хазаар, мөнгөн аяга алга болчихсон байхаар цагдаад хандсан... манай авдар байнга цоожтой байдаг. Уг түлхүүрийг бурханы хайрцаганд хийдэг байсан... бид хоёр явах өдрөө авдараа цоожлоод бурханы дээр байрлах хайрцагт хийсэн.” гэх мэдүүлэг,

           /хх-ийн 24-25 дугаар тал/

           Гэрч Д.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн: “О 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр надруу залгаад би гадаад паспортаа хайгаад олдоггүй ээ, мөнгөний хэрэг гараад байна, байрны мөнгөө төлөх гэсэн юм, ломбарданд мөнгөн аяга тавиад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би өмнө нь ч бас эхнэртэйгээ мөнгөн аягаа ломбарданд тавиад гээд яриад байдаг болохоор нь нээх их юм бодоогүй 3 дугаар хороололд уулзахаар болоод 12 цагийн орчим уулзсан. Тэгээд надад уутан дотор даавуугаар боолттой мөнгөн аяга гэж хэлээд өгсөн. 7 хоногийн хугацаатай тавьчих гэсэн, тэгэхээр нь би нээж харалгүй хорооллын Өргөө кино театрын зүүн талд байрлах “S.S” гэх нэртэй барьцаалан зээлдүүлэх газар ороод 7 хоногийн хугацаатай тавих гэтэл 14 хоногоор авдаг гээд 14 хоногийн хугацаатай 150.000 төгрөгөөр тавьсан. Ломбарданд тавьж байх үед ломбардны хүн аягануудыг гаргаж ирж харж байсан, тэгэхэд хоёр нь том хэмжээтэй, нэг нь арай жижгэвтэр хэмжээтэй 3 мөнгөн аяга харагдаж байсан.” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 28 дугаар тал/

            Гэрч Ж.Сайнхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Далхаагийн Мөнхбат гэх нэрээр 3 ширхэг мөнгөн аяга барьцаанд тавигдсан, тэгээд 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хугацаа нь дууссан боловч ирж аваагүй гар утас руу нь хугацаа дууссан талаар 2 удаа мессэж илгээсэн. Тэгээд корона вирус гарсантай холбоотойгоор манай ломбард ажиллаагүй, би хөдөө байж байгаад ирсэн. Тэгээд хулгайн мөнгөн аяга гэдгийг мэдсэн. П.О гэх залуу манай ломбардны хохирлыг барагдуулсан.” гэх мэдүүлэг,

           /хх-ийн 69 дүгээр тал/

            Гэрч Д.Мөнгөнцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манайд П.О гэх залуу 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мөнгөн хазаарыг барьцаанд 500.000 төгрөгөөр тавиад 2020 оны 01 дүгээр сарын 03-нд буцааж авсан.” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 67 дугаар тал/

            Иргэний нэхэмжлэгч Ц.Амаахүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би О гэх залууг танихгүй. 2020 оны 01 дүгээр сарын 03-нд над дээр ирээд мөнгөн хазаар зарна, барьцаалан зээлдүүлэх газар тавьсан байгаа, миний өөрийн хазаар гэсэн. Ломбарданд цуг очоод асуухад бичиг баримттай хүн тавьсан, асуудалгүй гэхээр нь 2 сая төгрөгөөр худалдаж авсан. 2 сая төгрөгийн хохирлоо барагдуулмаар байна.” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 22-23 дугаар тал/

            Гэрч Ш.Отгонмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Тэр өдөр манай лангууны гадна зогсдог алт мөнгөний ченж Хүрэлбаатар гэх залуу орж ирээд түр 1.200.000 төгрөг өгчих гэхээр нь өгсөн. Тэгээд удалгүй Хүрэлбаатар эмээлийн мөнгөн завхай тоног авсан байсан. Над дээр жинлүүлсэн зэстэйгээ 1 кг 200 гр-тай байсан. Тэгээд миний 1.200.000 төгрөгийг надад өгөөд явсан. Хүрэлбаатар Говьсүмбэрт барилгын ажилд явсан.” гэх мэдүүлэг,

           /хх-ийн 31-32 дугаар тал/

           Гэрч Г.Баатарын мөрдөн байцаалтад өгсөн: “Намайг дэлгүүртээ ажлаа хийгээд байж байхад нэг залуу орж ирээд уранхай булигаран гөлөм бариад ороод ирсэн, зармаар байна гэхээр нь авахгүй гээд явуулсан. Дараа нь нөгөө залуу гөлөм дээрээ ахиад хос гуулин дөрөөтэй бариад ороод ирсэн. Тэгэхээр нь удаа дараа ороод ирэхээр нь юм бодолгүй 250.000 төгрөгөөр авсан. Би тухайн эд зүйлийг хоёр гурав хоногийн дараа хөдөөнийх бололтой хүмүүс орж ирээд 300.000 төгрөгөөр худалдаж аваад явсан.” гэх мэдүүлэг,

           /хх-ийн 33-34 дүгээр тал/

           Яллагдагч П.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би хадам ах Ширмэн гэх залуутай гэр бүлийн хамт амьдардаг байж байгаад больсон. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын сүүлчээр гэрээс нь хөөгдөх шахуу гарсан. Ширмэнгийн гэрийнх нь түлхүүр надад болон манай эхнэрт тус бүр 1 түлхүүр байдаг юм. Тэгэхдээ би өөрт байсан түлхүүрээ хаячихсан гэж хэлээд үлдээсэн байсан. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 22-ны орой 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын 47Б байрны 80 тоот Ширмэнгийн гэрт очиж гэрийнх нь түлхүүр надад байсан тул хаалгыг нь онгойлгоод ...бурханы өмнө байсан төмөр хайрцагнаас авдрын түлхүүрийг аваад авдран дотроос сур ороогүй мөнгөн хазаар байсныг цүнхэндээ хийж авч гараад тэр даруй хороололд байрлах “Лорд” гэх барьцаалан зээлдүүлэх газарт 600.000 төгрөгөөр барьцаанд тавиад 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр урт цагааны эртний эдлэлийн дэлгүүрт үнэт эдлэл зардаг Амаахүү гэх ахад хазаар авах уу гэж хэлээд цуг “Лорд” барьцаалан зээлдүүлэх газар луу очоод барьцаанаас чөлөөлж Амаахүү гэх ахад 2 сая төгрөгөөр зарсан. Дараа нь ахиад 2020 оны 02 дугаар сарын 14-ний орой 19 цагийн орчим Ширмэнгийн гэрт очиж өөрт байсан түлхүүрээрээ нэвтрэн орж нөгөө авдарнаасаа мөнгөн тоногтой эмээл, 3 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг цүнхэндээ хийж аваад гэртээ харьж нөгөөдөр нь буюу 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 3 ширхэг мөнгөн аягыг хорооллын “S.S” гэх нэртэй барьцаалдан зээлүүлэх газарт найз Мөнхбатыг гуйж надад бичиг баримт байхгүй байна гэж гуйгаад 3 ширхэг мөнгөн аягаа 150.000 төгрөгөөр барьцаанд тавиулсан. Мөнгөн тоногтой эмээлийг мөн 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр авч явахад төвөгтэй байсан учир эмээлийг задалж эмээлийн модыг Баянбүрдийн ойролцоо байсан овоолоостой хогийн цэг дээр хаясан, эмээлийн гөлөм дөрөө хоёрыг Их дэлгүүрийн ард байрлах үнэт эдлэлийн худалдаа эрхэлдэг ахад 150.000 төгрөгөөр зарсан. Эмээлийн 11 ширхэг мөнгөн тоног, 1 ширхэг гуулин даруулга байсныг Хархорин зах дээр алт мөнгө авдаг ченж Хүрэлбаатар гэх ахад 1.200.000 төгрөгөөр худалдсан. ...найз Мөнхбатын нэр дээр тавиулсан. Тэгтэл хугацаа нь дуусч зарагдсан. Манай найз Мөнхбат манай хадмын юм гэдгийг мэдэж байсан хэдий ч хулгайлсан талаар мэдээгүй, гөлөм дөрөөг зарахдаа юу ч хэлээгүй зарсан. Эмээлийн завхайг зарахдаа мөнгө авах уу гэхэд авдаг гэхээр нь зарсан. Мөнгөн хазаарыг өөрийн бичиг баримтаар ломбарданд тавьсан байж байгаад урт цагааны ченжид юу ч хэлээгүй, ломбарднаас чөлөөлүүлж авч зарсан. Би хулгайлсан эд зүйлсээ зарж борлуулахдаа хулгайн эд зүйл гэж хэнд ч хэлэлгүй зарж борлуулсан.” гэх мэдүүлэг,

           /хх-ийн 48-49 дүгээр тал/  

           Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 58 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 55 дугаар тал/ зэрэг болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

                                                                                                                       

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч П.О нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын 47б байрны 80 тоот иргэн Д.Шгийн орон байранд хууль бусаар нэвтэрч авдран дотор байсан сур ороогүй хуучин мөнгөн хазаарыг хулгайлан авч 4 сая төгрөгийн,

          мөн 2020 оны 02 дугаар сарын 14-ний орой дээрхи 80 тоот иргэн Д.Шгийн орон байранд хууль бусаар нэвтэрч авдран дотор байсан мөнгөн тоногтой хуучин цагийн 12 завхай тоногтой 1 ширхэг эмээл, их гарын 3 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хулгайлан авч 4.250.000 төгрөгийн буюу иргэн Д.Шд нийт 8.250.000 төгрөгийн хохирол учруулж, “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

           Мөрдөн байцаалтад П.Оюун-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 22-ны орой 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын 47б байрны 80 тоот Ширмэнгийн гэрт очиж гэрийнх нь түлхүүр надад байсан тул хаалгыг нь онгойлгоод ...бурханы өмнө байсан төмөр хайрцагнаас авдрын түлхүүрийг аваад авдран дотроос сур ороогүй мөнгөн хазаар байсныг цүнхэндээ хийж авч гараад тэр даруй хороололд байрлах “Лорд” гэх барьцаалан зээлдүүлэх газарт 600.000 төгрөгөөр барьцаанд тавиад 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр урт цагааны эртний эдлэлийн дэлгүүрт үнэт эдлэл зардаг Амаахүү гэх ахад хазаар авах уу гэж хэлээд цуг “Лорд” барьцаалан зээлдүүлэх газар луу очоод барьцаанаас чөлөөлж Амаахүү гэх ахад 2 сая төгрөгөөр зарсан. Дараа нь ахиад 2020 оны 02 дугаар сарын 14-ний орой 19 цагийн орчим Ширмэнгийн гэрт очиж өөрт байсан түлхүүрээрээ нэвтрэн орж нөгөө авдарнаасаа мөнгөн тоногтой эмээл, 3 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг цүнхэндээ хийж аваад гэртээ харьж нөгөөдөр нь буюу 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 3 ширхэг мөнгөн аягыг хорооллын “S.S” гэх нэртэй барьцаалдан зээлүүлэх газарт найз Мөнхбатыг гуйж надад бичиг баримт байхгүй байна гэж гуйгаад 3 ширхэг мөнгөн аягаа 150.000 төгрөгөөр барьцаанд тавиулсан. Мөнгөн тоногтой эмээлийг мөн 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр авч явахад төвөгтэй байсан учир эмээлийг задалж эмээлийн модыг Баянбүрдийн ойролцоо байсан овоолоостой хогийн цэг дээр хаясан, эмээлийн гөлөм дөрөө хоёрыг Их дэлгүүрийн ард байрлах үнэт эдлэлийн худалдаа эрхэлдэг ахад 150.000 төгрөгөөр зарсан. Эмээлийн 11 ширхэг мөнгөн тоног, 1 ширхэг гуулин даруулга байсныг Хархорин зах дээр алт мөнгө авдаг ченж Хүрэлбаатар гэх ахад 1.200.000 төгрөгөөр худалдсан. ...Би хулгайлсан эд зүйлсээ зарж борлуулахдаа хулгайн эд зүйл гэж хэнд ч хэлэлгүй зарж борлуулсан.” гэх /хх8-49/,

             Хохирогч Д.Шгийн өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэрээ цэвэрлэж байгаад авдарны дотор байсан, мөнгөн аяга 7-8 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн бүрэн тоноглолтой эмээл зэрэг байсан алга болсон байсныг мэдээд цагдаад хандсан. Манай гэрийн түлхүүр дүү Төгсням, хүргэн О нарт байсан. ...мөнгөн эмээл нь хуучин цагийн хийцтэй 12 завхай мөнгөн тоногтой, ширэн гөлөмтэй, хуучны хар дараатай эмээл байсан.” гэх /хх18-19/,

Гэрч Б.Батзаяагийн өгсөн “...2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гэрээ цэвэрлэж байтал авдарын дотор талд байсан мөнгөн эмээл, мөнгөн хазаар, мөнгөн аяга алга болчихсон байхаар цагдаад хандсан... манай авдар байнга цоожтой байдаг. Уг түлхүүрийг бурханы хайрцаганд хийдэг байсан... бид хоёр явах өдрөө авдараа цоожлоод бурханы дээр байрлах хайрцагт хийсэн.” гэх /хх24-25/,

Гэрч Д.Мөнхбатын өгсөн “О 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр надруу залгаад би гадаад паспортаа хайгаад олдоггүй ээ, мөнгөний хэрэг гараад байна, байрны мөнгөө төлөх гэсэн юм, ломбарданд мөнгөн аяга тавиад өгөөч гэсэн. ...надад уутан дотор даавуугаар боолттой мөнгөн аяга гэж хэлээд өгсөн. 7 хоногийн хугацаатай тавьчих гэсэн, тэгэхээр нь би нээж харалгүй хорооллын Өргөө кино театрын зүүн талд байрлах “S.S” гэх нэртэй барьцаалан зээлдүүлэх газар ороод 7 хоногийн хугацаатай тавих гэтэл 14 хоногоор авдаг гээд 14 хоногийн хугацаатай 150.000 төгрөгөөр тавьсан.” гэх /хх28/,

            Гэрч Ж.Сайнхүүгийн өгсөн “2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Далхаагийн Мөнхбат гэх нэрээр 3 ширхэг мөнгөн аяга барьцаанд тавигдсан, ...П.О гэх залуу манай ломбардны хохирлыг барагдуулсан.” гэх /хх69/

           Гэрч Д.Мөнгөнцэцэгийн өгсөн “Манайд П.О гэх залуу 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мөнгөн хазаарыг барьцаанд 500.000 төгрөгөөр тавиад 2020 оны 01 дүгээр сарын 03-нд буцааж авсан.” гэх /хх67/.

            Иргэний нэхэмжлэгч Ц.Амаахүүгийн өгсөн “Би О гэх залууг танихгүй. 2020 оны 01 дүгээр сарын 03-нд над дээр ирээд мөнгөн хазаар зарна, барьцаалан зээлдүүлэх газар тавьсан байгаа, миний өөрийн хазаар гэсэн. Ломбарданд цуг очоод асуухад бичиг баримттай хүн тавьсан, асуудалгүй гэхээр нь 2 сая төгрөгөөр худалдаж авсан.” гэх /хх-22-23/,

            Гэрч Ш.Отгонмаагийн өгсөн “Тэр өдөр манай лангууны гадна зогсдог алт мөнгөний ченж Хүрэлбаатар гэх залуу орж ирээд түр 1.200.000 төгрөг өгчих гэхээр нь өгсөн. Тэгээд удалгүй Хүрэлбаатар эмээлийн мөнгөн завхай тоног авсан байсан. Над дээр жинлүүлсэн зэстэйгээ 1 кг 200 гр-тай байсан. Тэгээд миний 1.200.000 төгрөгийг надад өгөөд явсан. Хүрэлбаатар Говьсүмбэрт барилгын ажилд явсан.” гэх /хх31-32/,

           Гэрч Г.Баатарын өгсөн “...Дараа нь нөгөө залуу гөлөм дээрээ ахиад хос гуулин дөрөөтэй бариад ороод ирсэн. Тэгэхээр нь удаа дараа ороод ирэхээр нь юм бодолгүй 250.000 төгрөгөөр авсан. Би тухайн эд зүйлийг хоёр гурав хоногийн дараа хөдөөнийх бололтой хүмүүс орж ирээд 300.000 төгрөгөөр худалдаж аваад явсан.” гэх /хх33-34/ мэдүүлгүүд,

            Хавтаст хэрэгт цугларсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх3-6/, эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх29-30, 65-66/, эд зүйл баримт бичиг хүлээн авч хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл, /хх13-14, 68/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх36-39/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч П.О нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч П.Оюун-Эрдэнийн 2 удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч П.Оюун-Эрдэнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иргэний нэхэмжлэгч Ц.Амаахүү мөрдөн шалгах ажиллагаанд 2.000.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд түүнд шүүх хурлын тов мэдэгдэхэд “Хохирол төлбөр 2.000.000 төгрөгийг бэлнээр авсан, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх тайлбар гаргасан байна.

Мөн хохирогч Д.Ш нь мөрдөн шалгах ажиллагаанд гэм хорын хохиролд 3.500.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд шүүхийн шатанд шүүгдэгч түүнд 1.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдааны товыг удаа дараа мэдэгдэхэд хохирогч Д.Ш нь “Гэм хорын хохиролд 3.500.000 төгрөгийг нэхэмжилсэнээс 1.000.000 төгрөгийг бэлнээр авсан, үлдсэн 2.500.000 төгрөгийг нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх тайлбараар тогтоогдож байх бөгөөд хохирогч Д.Ш нь гэм хорын хохирол 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд бичгээр гарган өгсөн “Миний бие шүүгдэгч П.Оэс хохирлын мөнгө хүлээн авсан. Надад гомдол санал байхгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэх хүсэлтээр тогтоогдож байна.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх”, шүүгдэгчийн өмгөөлөгч  У.Сайнбилэг “шүүгдэгчид 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж 1 жил хорих ял оногдуулах” дүгнэлт тус тус гаргасан болно.   

Шүүгдэгч П.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх шүүгдэгч П.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өөрийн хадам ах болох Д.Шгийн гэрт 2 удаа хууль бусаар нэвтэрт хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид 8.250.000 төгрөгийн хохирол учруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж оргон зайлсан хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтад заасан 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй. Учир нь шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь тогтоогдохгүй байх ба хохирогч Д.Ш гэм хорын хохирлоос үлдэх 2.500.000 төгрөг нэхэмжлэхгүй гэснийг хохирол төлсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Шүүгдэгч П.Оюун-Эрдэнийн урьд цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч П.Од 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслах сэргийлэх арга хэмжээ авсаныг хүчингүй болгож, шүүгдэгч П.Од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жамсран овогт Пүрэвдоржийн Оюун-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар П.Од 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар П.Од оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар П.Оюун-Эрдэнийн урьд цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, П.О нь хохирогч Д.Шд 1.000.000 төгрөг төлсөн, хохирогч Д.Ш нь 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.  

6. Шүүгдэгч П.Од 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл П.Од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                                                                                  

                                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Н.ОДОНТУУЛ