Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/17

 

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Хохирогч: Б.Ц,

Шүүгдэгч: Б.С /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Халзан овгийн Батцэнгэлийн С холбогдох 2029001810122 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С нь 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Хаан банкны Таван толгой тосгоны салбарт Б.Ц хувийн таарамжгүй харьцаанаас буюу “нөхөртэй минь явалдсан” гэх шалтгаанаас маргалдан зодож, Б.Ц биед тархи тархилт, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун, зүүн хацар, эрүү, зүүн шилбэнд зулгарал бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С нь мэдүүлэхдээ: “Ц манай нөхөр хоёр банкны салбар ажилладаг. Энэ хоёр миний гэр бүлийн бүтэн 15 жилийн амьдралыг минь нурааж миний 7 настай охиныг өнчрүүлж байгаа. 17-ны өдөр би нөхрийнхөө фейсбүүк хаягаар орж байхад Ц манай нөхөр лүү өдрийн цагаар чат бичсэн байсан. Чат бичихдээ юу хийж байна. Орой уулзъя ойрд уулзсангүй гэсэн утгатай чат бичсэн. Би нөхрийнхөө өмнөөс хариу бичээд манай эхнэр мэдсэн юм шиг байна. Одоо хоёулаа болъё гэж бичсэн чинь яаж мэдчихэв ээ танайд очсоныг мэдсэн үү? намайг зам дээрээс авсныг мэдсэн үү? манай гадаа ирээд зогссоныг хүн харсан уу? гэж өөрийнх нь бичсэн чат байхад би уулзаж учирч байгаагүй. Зүгээр найзууд гэж хэлээд би танай нөхөртэй дахиж уулзахгүй гэж хэлсэн. 19-нд Ц ирээд нөхрийнхөө утсыг шалгатал Ц 19-ны өглөө манай нөхөр лүү залгасан байсан. Манай нөхөр утсыг нь аваагүй байсан. Тэгээд би бухимдсандаа очоод ийм үйлдэл хийсэн” гэв.

Хохирогч Б.Ц өгсөн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед Цогтцэций сумын Цагаан багийн нутаг Тосгоны Хаан банкны салбарт ажиллаж байхад нэг хүүхдээ дагуулсан эмэгтэй хүн орж ирээд надруу хуруугаараа заагаад хүүхэддээ “энэ эмэгтэй чиний аавыг булаах гэж байгаа эмэгтэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та хэн бэ” гэж хэлэхэд надруу гартаа байсан усаа цацаад тэгээд үсдэж зодсон тэгээд давтан зодоод байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирж Цагдаагийн хэлтэст ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 77-р хуудас/,

Гэрч Г.Алтмаагийн өгсөн: “Намайг Хаан банкруу ороод очиход цагаан хувцастай эмэгтэй хүн “Чи манай нөхөртэй явалдлаа” гээд нэлээн ууртай бололтой хашгираад байж байсан. Банк дотор бол эрэгтэй эмэгтэй 2 ажилчин байсан. Тэгээд би банкны эрэгтэй ажилтан дээр очоод дансны хуулгаа аваад гарсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

Гэрч С.Бадралын өгсөн:“...Тосгонруу ороод “Хаан банкан дээр очно” гээд би урд талынх нь машины зогсоол дээр зогссон. Тэгээд С хүүхдээ дагуулаад банкруу орсон. Банкруу ороод хүүхэд нь нээх удаагүй гарч ирээд машинд суусан, С банкан дотор хашгираад байгаа чимээтэй байсан. Тэгж байгаад С, Ц үсдэж чирээд гараад ирсэн, тэгэхээр нь би машинаасаа бууж очоод “больцгоо” гэхэд буцаад орцгоосон. Тэгээд би буцаад машиндаа сууж байтал С гарч ирээд намайг дуудсан. Тэгээд би банкруу ороод очтол “Та энэ хүүхнийг танихуу” гэж асуусан, би “танихгүй” гэж хариулаад гараад явсан. Тэгээд дахиад С, Ц үснээс чирээд гарч ирээд өшиглөж, алгадаж харагдсан. Тэгээд удалгүй буцаад орсон. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд Цэрэндолгор, С хоёрыг авч гарч ирээд С хүүхдээ дуудаад, гурвуулаа алаг машинд суугаад явсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

Гэрч Б.Баянмөнхийн өгсөн:“Би банк нь дээр ажлаа хийгээд байж байсан. 16 цаг 20 минутын орчимд эрхлэгчийн өрөөнд сууж байтал гүйлгээний зааланд нэг эмэгтэй хүн чанга дуугарах чимээ гарахаар нь би өрөөнөөс гарч ирсэн. Тэгэхэд нэг эмэгтэй хүн манай ажилтан Ц орилж дайраад, харааж зүхэж байсан. Тухайн болж байгаа үйл явдлыг харчихаад, би өөрийнхөө ширээний ард суух гээд явж байхад тэр эмэгтэй Цэрэндолгор бид хоёрлуу ундаа цацсан. Тэгэхээр нь би тухайн эмэгтэйд “та ажлын газар зохисгүй үйлдэл гаргахаа боль” гэж хэлтэл Ц хувцаснаас нь заамдаж татаад ширээн дээр нь дараад дээрээс нь цохьсон. Тэгээд ширээний араар орж ирээд үсдэж чирээд гүйлгээний заалруу гараад өшиглөж зодсон. Тэгээд би салгаад Ц ширээнийхээ ард очоод суусан. Тэгээд тэр эмэгтэй харилцагчийн ширээн дээр байсан сонин, боршур, гар ариутгагч зэргийг авч Ц шидсэн. Тэгээд би “ажлын цагаар байгууллага дээр битгий ийм үйлдэл гарга, ажилт тарсны дараа хувийн асуудлаа шийд” гэж хэлэхэд тэр эмэгтэй “тэгвэл би ажил тартал энд чинь сууна” гээд гүйлгээний заалны сандал дээр суусан. Тэгээд жаахан сууж байгаад босч ирээд Ц боршур шидээд, ширээн дээр байсан Ц үсний боолтыг бас авч шидсэн. Тэгээд гар утсаа гартаа бариад Ц толгой хавьцааруу цохиод байсан. Тэгээд дахиад үсдэж чирээд гарсан. Гадаа юу болсныг бол хараагүй, би ажлын байран дээрээ тэр эмэгтэйн шидсэн боршур сонин энэ тэрийг янзлаад байж байсан. Ц эхэлж үсдүүлж чирэгдэж гарч ирсний дараа буцаж орж ирээд өөрийхөө утсаар цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 469 дугаар“...Б.Ц биед тархи доргилт, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун, зүүн хацар, эрүү, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 88-89-р хуудас/,

Шүүгдэгч Б.С хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Б.С эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108-р хуудас/,

Шүүгдэгч Б.С иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт, арилжааны банкууд дахь дансны хуулгууд /хх-ийн 100-104, 110-128-р хуудас/,

Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ХААН банкны Тавантолгой салбарт болсон үйл баримтын бичлэгийг хуулан ирүүлсэн бичлэг зэрэг нотлох баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх яллах болон цагаатгах нотлох баримтууд нь  энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтоож шийдвэрлэсэн болно

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлж заасан.

Хохирогч Б.Ц биед тархи доргилт, зүүн гуя, шилбэнд цус хуралт, баруун, зүүн хацар, эрүү, зүүн шилбэнд зулгаралт үүссэн энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 469 дугаар дүгнэлтээр  /хх-ийн 88-89-р хуудас/ тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн   хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.

 Шүүгдэгч Б.С хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Ц эрүүл мэндэд хөнгөн учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

Иймд хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.С хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хэргийн үйл баримтаар уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ц эрүүл мэндэд хөнгөн учирсан болох нотлогдож тогтоогдсон.

Хохирогч Б.Ц нь Өмнөговь аймгийн БОЭТ-ийн гэмтлийн тасагт 4 хоног эмчлүүлсний төлбөрт 485000 төгрөг, Томографийн зураг авхуулахад 80000 төгрөг, гаднаас эм тариа авсан 150000 төгрөг, Улаанбаатар хот руу 0409 ӨМҮ дугаартай машинтай эмчилгээнд явсан 500000 төгрөг, Гэмтэл судлалын үндэсний төвд 2 хоног хэвтэж эмчлүүлсний зардал 484240 төгрөг, Тархины MRI зураг авхуулсны 320000, НEРO ОРЕНТАЛ МЕД эмнэлэгт 7 хоног эмчилгээ хийлгэж үйлчлүүлсний төлбөр 500000 төгрөг, гаднаас эм тариа авч хийлгэсэн төлбөр 215000 төгрөг, цаашид эмчилгээ хийлгэхэд 6500000 төгрөг, ажлын 10 хоногийн цалин 475000 төгрөг, асарч явсан ээжийн 7 хоногийн цалин 454680 төгрөг, нүүрний гоо сайхан алдагдуулж хумсны мөр гарсан 2000000 төгрөг, нийт 11752316 төгрөгийг нэхэмжилжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С нэхэмжлэлийн шаардлагаас бодоит зардал болох  676400 төгрөгийг төлөх боломжтой, бусад нь тодорхойгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, “… гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, …шууд учирсан үр дагаврын гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан тул шүүгдэгч Б.С үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ц биед хөнгөн гэмтэл учирсан байгаа нь шууд хохиролд тооцогдоно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “ Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, …хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5-д “ Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохиролыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж зааснаар хохирогчийн эмчилгээ хийлгэхтэй холбоотой бодит зардал гэж нэхэмжилсэн хэргийн 131-147 талд буй 2921320 төгрөгийн шаардлагаас нотлох баримтаар тогтоогдсон бодит  хохиролд 1057760 төгрөгтйг шүүгдэгч Б.С  гаргуулж хохирогч Б.Ц олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин хохирогч Б.Цэрэндолгорын эмчилгээ хийлгэхтэй холбоотой зардлын баримт гэж ирүүлсэн хэргийн 131, 132, 133, 136, 137, 140, 144-146 талд буй нийт 1863560 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хохирогч энэ гарсан зардлын талаараа бодитой эсэхийг нотолж чадахгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.С нь хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Б.С  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 900 нэгж буюу 900 000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг гаргасан байна.

Шүүгдэгч Б.С ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.С ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдлыг харгалзан түүнд улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900 000 төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Халзан овгийн Б.С хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С 900 /есөн зуун/-н нэгж буюу 900 000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох торгуулийн ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн болон хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хохиролд 1 057 760 төгрөгийг шүүгдэгч Б.С гаргуулж хохирогч Б.Ц олгосугай.

5. Хохирогч Б.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо талаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА