Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 839

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “ПП ” ХХК 

 Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 215 дугаар шийдвэрийн “ПП” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “ПП” ХХК-ийн NE-026507 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, “ПП” ХХК нь Х******* аймгийн Ж******* сумын Г******* нэртэй 4801.66 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, хамгийн түрүүнд өргөдөл гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 215 дугаар шийдвэрийн “ПП” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “ПП” ХХК-ийн №026507 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, “ПП” ХХК нь Х******* аймгийн Ж******* сумын Г******* нэртэй 4801.66 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох. 

 

Нэхэмжлэлийн агуулга: Манай компани нь Х******* аймгийн Ж******* сумын нутаг Г******* нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс бүртгэлийн №026507 дугаарт бүртгэн, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг хийж, дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар талбай байрших аймгийн Засаг даргаас санал авахаар хандсан байна. 

Х******* аймгийн Засаг даргын 2015 оны “дэмжихгүй” гэсэн саналыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 215 дугаар шийдвэрээр манай компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна. 

Манай компани 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад Х******* аймгийн Засаг даргын 2015 оны “дэмжихгүй” гэсэн саналыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны  өдрийн 215 дугаар шийдвэрээр манай компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг эс зөвшөөрч гомдол гаргасан. Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1/6594 тоот албан бичгээр манай гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. 

Дээрх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг манай компани дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 

1. Өргөдөл гаргасан талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2- т зааснаар анхан шатны шүүлтийг хийж, дээрх талбай нь ямар нэг байдлаар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцаагүй, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн аймгийн Засаг даргаас саналыг авахаар явуулсан. 

2. Аймаг, нийслэлийн Засаг даргын саналын талаар зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ." 19.5-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно" гэж заасан байдаг ба Монгол Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 9-д “Мөн зүйлийн 19.4-т заасан "хурлын санал" нь төрийн захиргааны байгууллагын мэдэгдэлд заасан тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна. Энэ зүйл, хэсэгт заасан хариуг аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн бичгийн хэлбэрээр өгнө. Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан "...татгалзсан хариу өгч болно" гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, туунчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно" гэж тус тус заасан байхад Х******* аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх шаардлагыг огт хангаагүй, тухайн өргөдлийн талбай нь холбогдох хуулийн дагуу хориглосон, хязгаарласан, нөөцөд болон тусгай хэрэгцээнд авагдсан зүйл огт байхгүй атал дэмжихгүй санал өгсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.5 дахь хэсгийг зөрчсөн байсан. 

Х******* аймгийн Засаг дарга М.Б*******гийн “дэмжихгүй” саналын үндэслэл нь “Сумын иргэдийн Төлөөгчдийн Хурлын шийдвэрээр Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газартай давхцаж байгаа” гэсэн байдаг, энэ нь зөвхөн хуульд заасан үндэслэлээр “Тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол” байна гэсэн дээрх ба Улсын дээд шүүхийн тогтоолыг зөрчиж байна. Ийнхүү Х******* аймгийн Засаг даргын 2015 оны санал нь үндэслэлгүй “дэмжихгүй” санал байна. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын “Дөрөв” дүгээр хэсгийн 4.5-д “Аймаг, нийслэлийн Засаг даргаас үндэслэлгүй “Дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийн төслийг боловсруулан...” гэж заасан байдаг. 

Дээрхээс үзвэл хууль, хуульчилсан актын холбогдох заалтууд болон Улсын Дээд шүүхийн тайлбар нь цогцоороо аймаг, нийслэлийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан тохиолдолд захиргаа нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахыг үүрэг болгосон агуулгатай байхад Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтэс нь татгалзсан шийдвэр гаргасан нь хууль бус байна. 

4. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 4 дүгээр хэсгийн 4.5-д зааснаар “аймаг, нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн ажлын 3 өдөрт багатааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, эхний жилийн төлбөр төлөх мэдэгдлийн төслийг боловсруулж, хяналтын хуудаст тэмдэглэгээ хийж, өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулж, хүлээлгэн өгнө” гэж заасан байдаг. Бид хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдлөө 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан байдаг ба Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3- т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшоөрсөн гэж үзнэ." гэж заасан нөхцлийг хангасан, улмаар хариуг ирэхээс өмнө буюу хүлээн авснаас хойш 3 хоногт шийдвэр гаргах ёстой байхад Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй нь хууль бус байна. 

Мөн түүнчлэн Кадастрын хэлтэс нь шийдвэрээ 2015 оны 12 дугаар сарын 22-ний өдрөөс өмнө гаргах ёстой байсан ба Кадастрын хэлтэс нь шийдвэрээ 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гаргасан нь өргөдлийг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь мөн хууль бус байна. 

Мөн уг Кадастрын хэлтсийн 215 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дугаар зүйлийг дурьдсан байдаг. Уг хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасан байдаг. Гэтэл уг шийдвэрийг 1 жил 9 сарын дараа гаргасан байгаа нь хууль бус байна. 

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 215 дугаар шийдвэрийн "ПП” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “ПП” ХХК-ийн ******* дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж өгнө үү. 

5. Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар хамгийн түрүүнд өргөдөл гаргасан хуулийн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгоно гэж заасан байдаг. "ПП” ХХК-ийн гаргасан өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс хянаж үзээд, хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, мөн тухайн талбай нь ямар нэгэн хязгаарласан, хориглосон болон түрүүлж өргөдөл гаргасан талбайтай давхцаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсний улмаас аймгийн Засаг даргаас санал авахаар явуулсан байдаг. Түүнээс хойш өөр хэдэн ч компани тус талбай дээр өргөдөл гаргасан байж болох бөгөөд үүнийг бид мэдэх боломжгүй. 

Иймд “ПП” ХХК нь тухайн талбайд хамгийн түрүүлж хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоож өгнө үү.” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 215 дугаар шийдвэрийн “ПП" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, тус компанийн ******* тоот өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, “ПП” ХХК нь Х******* аймгийн Ж******* сумын нутаг Г******* нэртэй талбайд 4801 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгохгыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.  

Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тухай хуулийн 30.1, Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.11-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай” 239, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлын тухай” 511 дүгээр тогтоолуудыг тус тус батлан гаргасан. Дээр дурдсан хуулийн нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тогтоолыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн шинээр олголтыг өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар олгох ажлыг төрийн захиргааны байгууллага зохион байгуулж хэрэгжүүлэн ажиллаж байна. 

“ПП” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Х******* аймгийн Ж******* сумын нутаг Г******* нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гарган ******* дугаарт бүртгүүлжээ. Өргөдлийн материалыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 17 дүгээр зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага болон 18 дугаар зүйлийн 18.2-т “хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг батлагдсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж заасны дагуу холбогдох баримт бичгийн бүрдэл хуулийн шаардлага хангасан эсэхийг хянан 19 дүгээр зүйлийн 19.1 дахь хэсэгт заасан ажиллагааг хийсэн. Тус газрын Кадастрын хэлтэс өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-д заасан шүүлт хийж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн мөн хуулийн 19.3-т заасны дагуу санал авах мэдэгдлийг Х******* аймгийн Засаг даргад 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* тоотоор хүргүүлсэн байна. Х******* аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 9/1528 тоот албан бичгээр ******* тоот өргөдөлд дурдсан солбицол бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” санал ирүүлсэн. 

“ПП” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн санал авах мэдэгдлийг Х******* аймгийн Засаг даргад 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоотоор дахин хүргүүлсэн байна. Х******* аймгийн Ж******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 тоот тогтоолоор тус газрын зарим хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан тухай мэдэгдсэн. Аймаг, нийслэлийн Засаг даргаас дэмжээгүй санал ирүүлсэн тул өргөдлийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Кадастрын хэлтсээс Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг 2017 оны 01 дүгээр сарын 09-нээс 16-ны өдрүүдэд хийсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 215 дугаар шийдвэрээр ******* тоот өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иймд “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 215 дугаар шийдвэрийн “ПП” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, тус компанийн ******* тоот өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, “ПП” ХХК нь Х******* аймгийн Ж******* сумын нутаг Г******* нэртэй талбайд 4801.66 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ПП” ХХК нь “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 215 дугаар шийдвэрийн “ПП” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “ПП” ХХК-ийн NE-026507 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, “ПП” ХХК нь Х******* аймгийн Ж******* сумын Г******* нэртэй 4801.66 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, хамгийн түрүүнд өргөдөл гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох”- оор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. 

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч “ПП” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Х******* аймгийн Ж******* сумын нутаг Г******* нэртэй 4801.66 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст өргөдөл гаргасан нь өргөдлийн ******* дугаарт бүртгэгджээ . 

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-д зааснаар эрх зүйн болон зураг зүйн шүүлт хийж , хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн мөн хуулийн 19.3-т заасны дагуу санал авах мэдэгдлийг Х******* аймгийн Засаг даргад 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ******* тоотоор хүргүүлсэн  байна. Х******* аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 9/1528 тоот албан бичгээр ******* тоот өргөдөлд дурдсан солбицол бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” санал  ирүүлжээ. Улмаар “ПП” ХХК-ийн хүсэлтийн  дагуу санал авах мэдэгдлийг Х******* аймгийн Засаг даргад 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоотоор дахин хүргүүлсэн  байна. 

Х******* аймгийн Ж******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор тус сумын байгалийн болон түүх соёлын дурсгалт зарим газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан  байх бөгөөд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан талбайн солбицлыг ирүүлснийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, мэдээллийн санд 3 дугаар сарын 11-ний өдөр бүртгэсэн , ийнхүү тусгай хамгаалалтад авсан Б******* хэмээх газартай “ПП” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Г******* нэртэй талбай 1344.66 гектараар давхцалтай  байна.  

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс ******* өргөдлийн дугаарт бүртгэгдсэн талбайд зураг зүйн шүүлт 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр дахин хийж , хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг шийдвэрлэхтэй холбогдуулан аж ахуйн нэгжүүдээс тайлбар, санал авах сонсох ажиллагааг хийх талаар зар, мэдээллийг Өдрийн сонины 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 005 дугаарт нийтлүүлж, цахим сайтад тавьж олон нийтэд хүргэсэн , уг зарын 64-т бичигдсэн “ПП” ХХК-иас дурдсан хугацаанд тайлбар ирүүлээгүй байна. 

Ийнхүү орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь хэсэгт зааснаар Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 215 дугаар шийдвэрээр ******* тоот өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэн, энэ талаар мэдэгдэх хуудас хүргүүлжээ.  

Нэхэмжлэгч Х******* аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сард ирүүлсэн  “дэмжихгүй” санал хуульд заасан үндэслэлгүй байх тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэх үүрэгтэй байсан хэмээн хариуцагчийг буруутган маргажээ. 

Өргөдлийг шийдвэрлэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ” гэж зааснаар аймгийн Засаг даргаас дэмжсэн хариу өгсөн бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор зохицуулсан байсан тул аймгийн Засаг дарга дэмжихгүй санал ирүүлсэн байхад хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэх боломжгүй юм.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэх заалтын аймгийн Засаг даргын дэмжихгүй саналын хууль зүйн үндэслэлтэй эсэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс дүгнэх үүрэггүй байна. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрөл тухайн талбайд олгохыг “дэмжихгүй” санал нь хуульд нийцсэн эсэхийг, хуульд заасан үндэслэлтэй эсэхийг аймгийн Засаг дарга өөрөө хариуцаж тайлбарлахаас бус уг саналыг хуульд заасан үндэслэлтэй эсэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс дүгнэж шийдвэрлэх боломжгүй юм.

“ПП” ХХК нь “Х******* аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 9/1528 тоотоор өгсөн  ******* тоот өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” саналыг, мөн Х******* аймгийн Ж******* сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/160 тоотын “ПП” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар Х******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 4 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 221 дүгээр магадлалаар “Х******* аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 9/1528 тоотоор өгсөн саналын тухайд нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн, Ж******* сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/160 тоотын тухайд эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны акт биш” гэсэн үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ .

Өөрөөр хэлбэл “ПП” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Х******* аймгийн Ж******* сумын нутагт Г******* нэртэй 4801.66 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэсэн Х******* аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 9/1528 тоотоор өгсөн санал, уг саналыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан шүүхийн шийдвэр тус тус хүчин төгөлдөр хэвээр төдийгүй, хүсэлт гаргасан талбайн тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан шийдвэр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн мэдээллийн санд бүртгэлтэй хэвээр байна.

Нэхэмжлэгч нь мөн “өргөдлийг 2015 оны 12 дугаар сарын 22-ний өдрөөс өмнө шийдвэрлэх ёстой байсан, өргөдлийг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус” хэмээн маргадаг, хариуцагчийн тухайд өргөдлийг шийдвэрлэх хугацаа хэтрүүлсэн буруутай байгаа ч тус компанийн хүсэлтээр санал авах мэдэгдлийг Х******* аймгийн Засаг даргад 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дахин хүргүүлж, энэ дагуу орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан шийдвэрийг ирүүлснээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг татгалзах үндэслэл бүрдсэн байх тул өргөдлийг 2017 оны 5 дугаар сард шийдвэрлэн хугацаа хэтрүүлсэн нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах үндэслэл болохгүй. 

Иймд орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай хэсэгчлэн давхцалтай гэх үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4, 19.2.1, 19.2.3 дахь заалтад нийцсэн, нэхэмжлэгч компанийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй байна.

Түүнчлэн өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох дээрх зохицуулалт бүхий Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болж, 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгохоор хуулиар тогтоосон тул өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, “ПП” ХХК нь Х******* аймгийн Ж******* сумын Г******* нэртэй 4801.66 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, хамгийн түрүүнд өргөдөл гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоох эрх зүйн үндэслэлгүй болно. 

Иймд нэхэмжлэгч “ПП” ХХК-ийн гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 215 дугаар шийдвэрийн “ПП” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “ПП” ХХК-ийн NE-026507 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, “ПП” ХХК нь Х******* аймгийн Ж******* сумын Г******* нэртэй 4801.66 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, хамгийн түрүүнд өргөдөл гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “хэргийн материалтай танилцах” , “өвчний учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй”  гэх хүндэтгэн үзэх шалтгаануудаар шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдсэн  боловч шүүх хуралдаанд ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн  байх ба хүсэлтдээ хавсаргасан онгоцны нислэгийн тийз нь түүнийг шүүх хуралдаанд оролцох боломжгүйг нотлохоос биш энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай болохыг нотлохгүй, тодруулбал ямар шалтгаанаар гадаад улсад зорчиж буй болох, энэ нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан мөн эсэхийг шүүх дүгнэх боломжгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/ -ийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4, 19.2.1, 19.2.3 дахь хэсэг заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 215 дугаар шийдвэрийн “ПП” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, “ПП” ХХК-ийн NE-026507 дугаартай өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, “ПП” ХХК нь Х******* аймгийн Ж******* сумын Г******* нэртэй 4801.66 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, хамгийн түрүүнд өргөдөл гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох” тухай  “ПП” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА