Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2015/0050/З/ |
Дугаар | 353 |
Огноо | 2016-11-03 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 353
Д.Батнасангийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч Д.Батнасан, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гансүх нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 397 шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 534 дүгээр магадлалтай, Д.Батнасангийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 397 дугаар шийдвэрээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 19 дүгээр зүйлийн 19.2, 311 дүгээр зүйлийн 311.1, 311.3, 15 дугаар зүйлийн 15.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд 534 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 397 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгч Д.Батнасан, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийдвэр, магадлал бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийж гарсан болох нь шийдвэр гарсны дараа мэдэгдсэн билээ. Захиргааны шүүх нотлох баримт цуглуулах үүрэгтэй бөгөөд тус шүүх “Голомт” банкнаас мөнгө төлсөн талаарх хуулгыг нотлох баримтаар аваагүйгээс урьд өмнө шүүхээр хэлэлцүүлсэн гэх хуурамч баримтаар шийдвэрээ гаргасан. Д.Батнасан нь 25 сая төгрөгийн зээлийг “Голомт” банкнаас авсан нь үнэн бөгөөд тус банк н.Оюун гэгчтэй ярилцаж тохиролцон Д.Батнасангийн орон сууцыг 2004 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 100.000.000 төгрөгөөр худалдсан ба үүнийг 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “Голомт” банкнаас авсан хуулга нотолно. Улмаар “Голомт” банк Д.Батнасанг дуудаж “танай байрыг 52 сая төгрөгөөр зарсан. Гэрээн дээр гарын үсэг зурвал зөрүү мөнгө өгнө, үгүй бол танай байрыг хураагдсан учир юу ч өгөхгүй” гэсэн харилцаа үүсгэсэн. “Голомт” банк зөрүү 48 сая төгрөгийг хууль бусаар завшсан.
Шүүхийн алдааны талаар: Улсын бүртгэл үнэн зөв байна гэсэн хуулийн зарчим зөрчигдсөн. Улсын бүртгэлд бэлэглэлийн гэрээгээр шилжсэн гэж байгаа ба худалдах, худалдан авах гэрээ архивт хадгалагдаагүй. Шүүх “Голомт” банкнаас дансны хуулга аваагүйгээс шийдвэр үнэн зөв байх зарчим алдагдсан. Шүүх өмнөх шүүхийн шийдвэрийг үнэн зөв гэж үнэлсэн юм бол бүртгэлийн зөрчлийг арилгаж болох байсан. Энэ нь шүүх бэлэглэлийн гэрээгээр бүртгэсэн үйлдлийг худалдах, худалдан авах гэрээгээр татвар хураамжийг нь хуулийн дагуу авч дахин шинэ акт гартал түдгэлзүүлж болох байсан. Мөн шүүх зөрчлийг арилгаагүйгээс бүртгэлийн зөрчил хэзээ ч засрах боломжгүй болж шүүхийн шийдвэр нь илт хууль бус байдалд орсон. Нэхэмжлэгч өмгөөлөгчтэйгээ хуралд оролцоно гэсэн байхад шүүх “өмгөөлөгчийг чинь ирэхээр оруулна” гэж хурал хийгээд өмгөөлөгчгүй хуралдсан нь эрх зөрчсөн ноцтой үйлдэл гэж үзэж байна. Шүүх татварын зөрүүг төлж болохгүй гэсэн утгатай шийдвэр гаргажээ. Учир нь бэлэглэл, худалдах, худалдан авах гэрээний хооронд татварын их зөрүү байдаг. Өөрөөр хэлбэл хүсэл зориг байвал хууль хамаагүй гэж үзлээ. Гэрчийн мэдүүлэг дээр 9 дүгээр сарын 25-ны өдөр мөнгө төлөөд 9 дүгээр сарын 27-ны өдөр гэрээ байгуулсан байна. Энэ нь 2 хоногийн зөрчлийн асуудлыг асуусан ба ноцтой зөрчлийг арилгаагүй нь шүүхийн алдаа. Нотариатын үйлдэл хуурамч буюу “Голомт” банкны хүн нотариатын тамга тэмдгийг ашигласан байдаг. Шүүх хүсэл зориг байвал нотариат хамаагүй гэж үзсэнээрээ хууль зөрчсөн. Иймд дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож дахин хянуулахаар буцааж өгнө үү гэжээ.
Хянавал:
Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Эрхийн улсын бүртгэлийн байгууллага нь “Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2 дугаар байрны 30 тоот хаяг дахь 107.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байр”-ны өмчлөх эрхийг 2004 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр иргэн А.Оюунд шилжүүлэн бүртгэж, өмчлөх эрхийн 000130998 дугаартай гэрчилгээ олгожээ.
Нэхэмжлэгч Д.Батнасан “бэлэглэлийн гэрээг шүүх хүчингүй болгосон” гэх үндэслэлээр уг байрыг А.Оюунд шилжүүлэн бүртгэсэн бүртгэл, үүнд үндэслэн олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эрхийн улсын бүртгэлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж маргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.Батнасан, түүний гэр бүлийн бусад 6 гишүүд /хамтран өмчлөгч/-ийн болон иргэн А.Оюун нарын хооронд 2004 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн “бэлэглэлийн гэрээ”, А.Оюуны өргөдөл, бүртгэл хийлгэх тухай мэдүүлэг, хураамж төлсөн баримт зэргийг үндэслэн дээрх байрыг А.Оюуны өмчлөлд шилжсэнийг бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон болох нь тогтоогдсон байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна”; 19.1.1-д “үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана”, 24.3-т “өмчлөх эрх шилжсэнийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг эрхээ шилжүүлж байгаа болон түүнийг шилжүүлэн авч байгаа этгээдийн аль нь ч гаргах эрхтэй”, 18 дугаар зүйлийн 18.5-д” бүртгэлийн гэрчилгээ нэгдмэл дугаартай байх бөгөөд гэрчилгээг мэдүүлэг гаргасан огноогоор бичиж олгоно” гэж тус тус заажээ.
Үүнээс үзэхэд тухайн үед хүчин төгөлдөр байсан нотариатаар гэрчлэгдсэн бэлэглэлийн гэрээ, үүнд үндэслэн эрх шилжүүлэн авч буй этгээдийн гаргасан бүртгүүлэх тухай мэдүүлгийг хүлээн авч, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, шинэ өмчлөгчийн эрхийг бүртгэж, мэдүүлэг гаргасан огноогоор өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн, эд хөрөнгийн өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан А.Оюуны мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, Д.Батнасангийн нэхэмжлэлтэй А.Оюунд холбогдох ““бэлэглэлийн гэрээ”, “орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, үл хөдлөх хөрөнгийг хуучин өмчлөгчийн нэр дээр шилжүүлэх, А.Оюуныг нүүлгэх гаргуулах” шаардлага бүхий, мөн “Голомт” банкинд холбогдох тусдаа шаардлагатай, А.Оюуны сөрөг нэхэмжлэлтэй ““орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөрт тооцуулж, уг гэрээг бүртгэхийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт даалгуулах” шаардлагатай иргэний хэргийн талаар гарсан Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 338 дугаар шийдвэрээр “бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож, “орон сууц худалдах худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр хэлцэлд тооцож, бусад шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2006 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 367 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн байна.
Иргэний хэргийн шүүх Д.Батнасан, А.Оюун нарын хооронд хийгдсэн маргаан бүхий байртай холбоотой “бэлэглэлийн гэрээ”, “орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г тус тус хянаж, үл хөдлөх эд хөрөнгө худалдсаны албан татвар төлөхтэй холбоотойгоор “орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г халхавчлах зорилгоор талуудыг “бэлэглэлийн гэрээ” байгуулсан болохыг тогтоожээ.
Иймд, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Иргэний хуулийн 183.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч байгаа этгээд эрхийн улсын бүртгэл буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд тийнхүү эрх шилжүүлж авч байгаа этгээдийн хувьд эрхийн улсын бүртгэл үнэн зөв гэж тооцно” гэж заасан учир нэхэмжлэгчийн шаардлагыг хангах, А.Оюунд холбогдох бүртгэлийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахаар тодорхой хугацаанд хүлээж, ирээгүй учир нэхэмжлэгчийн саналаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь баримтаар тогтоогдож байх тул “өмгөөлөгчгүй оролцуулж эрхийг зөрчсөн” гэх гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгох буюу өөрчлөх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 397 шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 534 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ