Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/19

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Б.Амармөрөн,

Шүүгдэгч: Л.Э /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б овгийн Л Э холбогдох 2029002640011 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Э нь Өмнөговь аймаг Ханбогд сумын 2 дугаар багийн нутаг Цаг уурын байрны урд талд шороон зам дээр 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 20 цагийн үед Л.Э нь 83-00 ӨМҮ улсын дугаартай Субару Форестер загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө мөн дүрмийн 10.10 Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэснийг тус тус зөрчсөний улмаас Х.Ууганбаярын жолоодож явсан улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоциклийг мөргөж, хохирогч Х.Ууганбаярын эрүүл мэндэд баруун шуу ясны шөвгөн сэртэнгийн зөрөөгүй далд хугарал, баруун, гуя өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э нь мэдүүлэхдээ: “Цаг уурын урд талд мөргөлдсөн, хоёулаа тохиролцоод салсан. Эмчилгээний зардал, мотоциклийн эвдрэлийн мөнгийг төлсөн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэв.

Хохирогч Х.Ууганбаярын өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 06-ны орой 18 цагийн үед гэрээсээ өөрийн худалдаж авсан мотоциклоороо гарч хамт ажилладаг Отгонбаярын гэрт нь очиж уулзчихаад 19 цагийн үед буцаад гэрлүүгээ Цаг-Уурын зүүн талын засмал замаас баруун гар талруугаа шороон зам руу дөнгөж буух үед миний зүүн гар талаас нэг машин орж ирээд мөргөж унагаасан би мотоциклоосоо шидэгдээд машины хамар дээгүүр давж газарт унасан. Тэгээд удалгүй эмнэлэг ирээд намайг авч явсан. Би баруун гар тийш эргэх дохиогоо өгөөд засмалаас буутал хажуу талаас гэнэт орж ирээд мөргөсөн. Миний баруун гар хугарсан. Хөлний зөөлөн эд гэмтсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/

Гэрч Б.Доржхандын өгсөн: …утсаа таслах гэж байхад түр тар гээд их чимээ гарахаар нь хартал миний урд талд буюу засмал замын ертөнцийн зүгээр баруун талд мөргөлдөх шиг болсон. Намайг очиход Э ах машинаасаа буучихсан нэг залууг гар дээрээс нь өргөөд босгох гэж байсан. Машин нь дээшээ оцойсон байсан машины урд дугуйных нь доор мотоцикль дарагдсан байдалтай байсан тэгээд машины жолооч Э ах намайг цагдаад дууд гэхээр нь би цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13115 дугаартай:“...Х.Ууганбаярын биед баруун шуу ясны шөвгөн сэртэнгийн зөрөөгүй далд хугарал, баруун, гуя өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... ” гэх дүгнэлт /хх-ийн 32-33-р хуудас/

Ашид Билгүүн ХХК-н №1380 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлангаар:“...2017 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн 27-62 УБ улсын дугаартай мотоцильний эвдрэл гэмтлийн үнэлгээ 255 000 төгрөг” гэх тайлан /хх-ийн 54-55-р хуудас/

Мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №04б дугаартай магадлагаагаар“...Л.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө мөн дүрмийн 10.10 Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэснийг тус тус зөрчсөн.” гэх магадлагаа /хх-ийн 50-51-р хуудас/

Яллагдагч Л.Э өгсөн:“... явж байтал миний баруун талаас мотоцикльтой хүн мөргөсөн. Тухайн үед харанхуй байсан учраас мотоцикль гэнэт гарч ирж байгаа юм шиг харагдсан. Уг мотоцикль миний машины доогуур орох шиг болсон. Тэгээд би тормосоо гишгээд машинаас буугаад харахад машины урд дугуйн доор мотоцикль орчихсон жолоодож явсан залуу нь машины хамар дээгүүр давж унаад машины зүүн талд унасан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/

Шүүгдэгч Л.Э хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Л.Э эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66-р хуудас/,

Шүүгдэгч Л.Э иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний гэрлэлтийн лавлагаа, жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 68-76-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх яллах болон цагаатгах нотлох баримтууд нь  энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтоож шийдвэрлэсэн болно

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.6-д заасан “Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад нь аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад зүүн гар тийш буюу буцаж эргэхийг хориглоно.” 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ явна” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Л.Э нь дээрх заалтуудыг зөрчиж 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 20 цагийн үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд Цаг уурын байрны урд талд шороон зам дээр 8300 ӨМҮ улсын дугаартай Субари Форестер маркын автомашин жолоодож явахдаа Х.Ууганбаярын жолоодож явсан улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоциклийг мөргөсөн нь гэрч Б.Доржхандын  …утсаа таслах гэж байхад түр тар гээд их чимээ гарахаар нь хартал миний урд талд буюу засмал замын ертөнцийн зүгээр баруун талд мөргөлдөх шиг болсон” гэсэн мэдүүлэг/хх-ийн 27-р хуудас/, үүний улмаас хохирогч Х.Ууганбаярын баруун шуу ясны шөвгөн сэртэнгийн зөрөөгүй далд хугарал, баруун, гуя өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл  учирсан нь  гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13115 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үндсэн шинж хангагдсан байна.

Иймд хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Л.Э авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хэргийн үйл баримтаар уг гэмт хэргийн хохирогч Х.Ууганбаярын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан, хохирогч Х.Ууганбаярын эзэмшлийн мотоциклд эвдрэл гэмтлийн үнэ 255000 төгрөг, эрүүл мэндийн хохиролд 271000 төгрөгийн хохирол учирсан болох нотлогдож тогтоогдсон байна. Хохирогч Х.Ууганбаяр нь Сум дундын прокурорын газарт гаргасан ”…. Л.Э нь миний биед учирсан гэмтлийг эмчлэх эм, тариа болон мотоциклийн эвдрэл гэмтлийг таван зуун мянган төгрөгөөр барагдуулсан тул надад гомдол санал байхгүй”/хх-ийн 94-р хуудас/ гэсэн тул  шүүгдэгч Л.Э бусдад төлөх төлбөргүй байхгүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3-т зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай  шүүхэд шилжүүлсэн байх ба шүүгдэгч нь гэм буруу болон хүлээлэгэх хариуцлагын талаарх саналыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан нөхцлийг хангасан байна  гэж үзэв.

Иймд улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Л.Э  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, 600 нэгж буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Болгууд овгийн Л.Э автотээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э 600 /зургаан зуу/-н нэгж буюу 600 000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, хохирол төлбөрт 500 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА