| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2021/0024/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/24 |
| Огноо | 2021-02-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Энхзул,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Хохирогч: Н.Саруул,
Шүүгдэгч: Д.О /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Норжин овгийн Д.О холбогдох 2029001080115 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Д.нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1 дүгээр багийн малчин Н.Саруулын гэрээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Н.Саруулын өмчлөлийн 150 кг ноолуурыг худалдан борлуулаад мөнгийг нь өгнө гэж хуурч мэхлэн авч 15 750 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О нь мэдүүлэхдээ: “Хүний итгэлцлийн асуудал болсон. Би хүний итгэлийг алдаад нэг жил гаруй болсон. Цаашаа бас Батдоржид итгэсэн. Батдорж хамт ноолуур очиж авсан. Тэгээд яагаад 22-ын товчоо дээр ноолуур борлуулаагүй гэж хэлж байгаа юм. Тэрийг би ойлгохгүй байна. Хүний итгэлийг алдсан нь миний буруу, хүний мөнгийг Батдоржид 7 хоноод эргүүлээд өгнө гэсэн болохоор итгэсэн. Урьд нь Н.Саруул, Мөнбат хоёрт би итгэдэг байсан. Энэ хоёр ч надад итгэдэг байсан. Манай компани мал авч харилцан өгч, авдаг байсан. Ийм байдалд хүрнэ гэж бодоогүй. Би Батдоржоос мөнгө авч байж энэ хүнд мөнгө өгнө. Хуулийн хүрээнд нэг үгийн алдаа дээр хэрэгтэн болоод зогсож байгаад гомдолтой байна. Хэргийг дахин мөрдөн байцаалт хийлгэх хүсэлтэй байна” гэв.
Гэрч О.Цэнджаргалын өгсөн: “...2019 оны 05 дугаар сард ямаагаа самнаад тухайн үед аймагт ноолуурын үнэ буусан учраас ноолуураа хадгалж байхад нь манай гэрийн ойролцоо замын ангид тогооч ажилтай О гэдэг хүн гэрт ирээд би “Улаанбаатар хот явлаа. Ноолуурыг чинь хотод найздаа 1 кг 105 000 төгрөгөөр борлуулаад өгье гэхээр нь ээж аав хоёр 150 кг ноолуураа өгч явуулсан. Тэгээд хэд хоногийн дараа ээжийн 88532949 гэсэн дугаарт залгаж ноолуурыг чинь борлуулсан. 15 000 000 төгрөг болсон. 2 000 000 төгрөгийг надад түр зээлээч. Үлдсэн 13 000 000 сая төгрөгийг шилжүүлье дансаа явуулчих гэж хэлэхээр нь ээж зөвшөөрөөд өөрийн Хаан банкны 5598019810 дугаарын дансаа өгсөн. Тэгээд хүлээгээд дансанд мөнгө орж ирээгүй. О утас руу залгаж мөнгөө асуухад одоо хийлээ гэж хэлдэг. Мөнгөө өгөхгүй болохоор нь удаа дараа залгахад утсаа авахгүй, сүүлдээ утас нь холбогдохгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/
Хохирогч Н.Саруулын гэрчээр өгсөн: “…Шанх транс ХХК-нд тогооч ажилтай Отгонбаяр утсаар залгаад “2 000 000 төгрөг зээлээч” гэхээр нь “мөнгө байхгүй, ноолуураа борлуулаагүй байгаа” гээд утсаа тасалсан. Хэд хоногийн дараа О 88229688 дугаар утсаар миний 88532949 дугаар луу залгаад “манай нэг найз хотоос гарна. Ирэхээр нь би хамт Улаанбаатар явна. Ноолуураа өгөөд явуулчих аа. Би 1 кг 105 000 төгрөгөөр борлуулж өгье” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд “хэрэглэх мөнгөө хэрэглээд үлдсэн мөнгийг дансанд хийнэ шүү” гэж хэлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлэхгүй байхаар нь утсаар залгаж мөнгө яасан талаар асуухад 500 000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд үлдсэн мөнгөө өгөхгүй байхаар нь удаа дараа залгаж асуухад “мөнгөний боломж алга, одоо удахгүй өгнө” гэх зэргээр шалтаг хэлээд одоо хүртэл мөнгө өгөөгүй байгаа. Би 2 000 000 төгрөг зээлэхийг зөвшөөрсөн. Үлдэгдэл мөнгийг хэрэглэх зөвшөөрөл өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/
Гэрч Ж.Түмэнбаярын өгсөн: “...Батдорж, О нар нь намайг 22-ын товчоон дээрээс очиж авах үед Батдорж “би бичиг баримтгүй явна чиний дансанд эгчээс мөнгө шилжүүлээд явчихмаар байна.” гэж хэлээд миний 5014430056 мөнгө шилжүүлсэн. Тэрнээс хойш Батдорж надтай утсаар холбогдож “барилгын хашаа бариулж байгаа мөнгө, ажилчин нарын хөлс, унааны мөнгө” зэргээр миний дансанд хийсэн мөнгөө буцаан авсан. Мөнгөө буцаан авахдаа хэд хэдэн хүний өөр дансаар буцаан авсан... ” гэх дүгнэлт /хх-ийн 33-р хуудас/
Д.О гэрчээр өгсөн: “...Би Батдорж, хамт явсан жолоочийн хамт 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот очоод орой Толгойтод зам дагуу байрласан ноолуур авна очиж хэдэн кг ноолуур байсныг санахгүй байна. Ченжид тушаагаад 1 305 000 төгрөг авсан. 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр үлдсэн ноолуурыг Толгойтод утсаар ярьсан Шинээгийн ажиллаж байсан Цех дээр хятад хүмүүст өгөөд тухайн үед мөнгө байгаагүй гэсэн болохоор ноолуураа өгөөд явсаны маргааш миний дансанд 12 687 950 төгрөг орсон. Улаанбаатар хотод байх хугацаандаа Батдорж 7 хоногийн дараа буцааж өгнө гэж хэлээд 5032058125 дугаарын Цэцэгмаа гэдэг хүний данс руу 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 50 000, 250 000, 200 000, 500 000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 5029725688 тоот О гэх хүний дансанд 150 000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 9 000 000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 5026936307 тоот Мөнхзул гэдэг хүний дансанд 100 000 төгрөг, би өөрийн 5585211259 тоот данс руу 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 250 000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 100 000, 150 000, 30 000, 150 000, 70 000, 2 220 000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг ахуйн хэрэглээнд зарцуулсан.” гэх тайлан /хх-ийн 36-р хуудас/
Д.Батдоржийн гэрчээр өгсөн:“...Би ноолуурыг зарж борлуулаагүй. О эгч өөрөө борлуулчихаад ирсэн. Хэдэн төгрөгөөр өгөөд хэдэн төгрөг болсоныг нь сайн мэдэхгүй байна. Тухайн мөнгөнөөс би ойролцоогоор 12 сая төгрөг О эгчээс зээлсэн. Би ээж Цэцэгмаагийн дансаар ажилчдын цалин, хоол, унааны зардлын хэд хэдэн удаа авсан. Тэр болгон дансны хуулга дээр байгаа. Харин найз Түмэнбаярын дансанд хашааны төмөр хийц материалын мөнгө болох 9 000 000 төгрөгийг авсан. Энэ бүгд дансны хуулгаар харагдах байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/
Гэрч Т.Мөнхбатын өгсөн:“...Би Цогтцэций сумын Сийрст 1 дүгээр багийн нутаг Алаг морьт гэх газар эхнэр хүүхдийнхээ хамт 2019 оны 05 дугаар сарын эхээр ямаагаа самнаад 150 кг ноолуур аваад борлуулах гээд хоорондоо үнэ хямд байна. Хэсэг хугацаанд харъя гэж ярилцаад амбаартаа тавьсан байсан. Тэгээд манай эхнэр Саруул ноолуураа О өгөөд Улаанбаатар хот руу явуулж тушаалгалаа гэж хэлж байсан. О ноолуур тушаасны дараа манай эхнэр лүү залгаад “манай найзад мөнгөний хэрэг болоод мөнгийг чинь хэрэглэчихлээ. 7 хоноод буцаагаад өгье” гэж хэлсэн. Эхнэр бид хоёр О мөнгө удаахгүй өгөх байх гэж бодоод хүлээгээд өгөхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандах болсон... ” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/
Хаан банк дахь Д.О эзэмшлийн 5585130550 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 89-97-рт/
Шүүгдэгч Д.О хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Д.О эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 121-р хуудас/,
Шүүгдэгч Д.О эд хөрөнгийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 114-115-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх яллах болон цагаатгах нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтоож шийдвэрлэсэн болно
Шүүгдэгч Д.О нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1 дүгээр багийн малчин Н.Саруулын гэрээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Н.Саруулаас 150 кг ноолуурыг нь өндөр үнээр худалдан борлуулаад мөнгийг нь өгнө гэж хуурч мэхлэн 15 750 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэв.
Иймд Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Д.О урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, “… гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөд, …шууд учирсан үр дагаврын гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан тул шүүгдэгч Д.О үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Саруулд 150 кг ноолуурын үнэ бую 15 750 000 төгрөгийн хохирол учирсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “ Бусдын эрх, . . . эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5-д “ Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохиролыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан байна.
Хохирогч Н.Саруулын ноолуурыг өндөр үнээр зарж өгнө гэж хуурч мэхлэн авч 15.750 000 төгрөгний хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул 15.750.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Н.Саруулд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Д.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, хохирол төлбөрийн хувьд хохирогч Н.Саруулд 15,750,000 төгрөгийг шүүгдэгч Д.О гаргуулж хохирогч Н.Саруулд өгөх санал гаргасан байна.
Шүүгдэгч Д.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо 2021 оны 03 сарын 20-ны дотор нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой тохиролцсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэв. Хүндрүүлэх нөхцал байдал байхгүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн учирсан хохирлыг нөхөн төлөх, зан үйлээ засах сургалтад хамруулах албадлагын арга хэмжээ авч ял оногдуулж шийдвэрлэв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Норжин овгийн Д.О урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн учирсан хохирлыг нөхөн төлөх, зан үйлээ засах сургалтад хамрагдах албадлагын арга хэмжээ авсугай.
3.Шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн болон хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хохиролд 15 750 000 төгрөгийг шүүгдэгч Д.О гаргуулж хохирогч Н.Саруулд олгосугай.
5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА