Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/29    

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Б.Амармөрөн,

Хохирогч: Н.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч: Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон Бэйсүүд овгийн Т.Б холбогдох 2129000000004 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б нь хамтран амьдрагч Н.А 2020 оны 10 дугаар сарын 26-ны орой 22 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цэций уулын 12-21 тоотод зодсон, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шөнийн 00 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цэций уулын 12-21 тоотод зодсон, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний 21 цагийн үед Цогтцэций сумын Уурхайчин хорооллын 221 тоот хашаанд зодсон, 2020 оны 11 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Цогтцэций сумын төвөөс урагшаа 2-3 км зайд хөдөө хээр зодсон, 2020 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цэций уулын 12-21 тоотод тус тус 5 удаа буюу байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б нь мэдүүлэхдээ: “Энэ асуудал анх А гар хүрсэн нь Цэций уулын 12-21 гэх хаягт гэртээ гар хүрсэн, алгадаад өшиглөсөн. Гэр бүлийн маргаан юунаас болсон бэ гэхээр Н.А манайд хамтран амьдрагчаар ирсэн, өмнөх харилцаагаа цэгцэлж дуусаагүйн улмаас хардсан. Би хамт ингээд амьдарч байж яагаад өөр хүнтэй чатлаад, харьцаад байгаа юм бэ? гэж анх хэрүүл маргаан үүсгэж байсан. Тэр үед Наранцацрал, Ариунтунгалаг хоёр манай ах Алтайн компанид тогоочоор ажиллаж байсан. Яагаад тэр байранд орсон бэ гэхээр манай гэр, А эгчийн гэртэй хамт шатаад байх газаргүй болоод нэг өрөөнд нь очиж амьдарсан. Н.А өргөдөл гомдол гаргасан шалтгаан нь Наранцацрал гэх тогоочтой намайг маш их хардаж байсан. Тэр үед хардах шалтгаан нь Дөлгөөнбаяр гэж Алтай ахын компаний гүйцэтгэх захирал залуу Н.А Өмнөговь явсан байхад Наранцацрал гэх тогоочтой намайг хамт хонож байна гэж А хэлсэн байсан.  Тэр үед Цогтцэций сумын Доржоо гэх ламыг гэртээ авчирч ном уншуулж засал ном хийлгэж байсан. Н.А надад хэлэхдээ Наранцацралтай чи явалдаж байгаа бол би шийдэх газраар нь асуудлыг шийдвэрлүүлнэ. Би чамд маш их гомдож байна, цагдаад өргөдөл гаргасан гэж хэлж байсан. 2 дахь удаа буюу Цогтцэций сумаас урагш хөдөө хээр явахад бид хоёр Өмнөговь аймаг явах гэж байгаад замдаа төөрөөд цасанд суусан бас л хардах шалтгаанаас болж Алтанзулд гар хүрсэн. Тэндээс өглөө шаланз дуудаж цаснаас гараад бид хоёр цуг Өмнөговь аймагт очсон. Өмнөговь аймагт манай эмээгийн аав 110 настай Агаа гэх хүн байдаг. Тэр хүнийг асардаг 60 настай Оюун гэж байдаг. Тэр хүмүүсийг эргэж тойрох гээд Өмнөговь аймаг руу сардаа 2-3 удаа явдаг. Хоёулаа хүнд өвчтэй өндөр настай хүмүүс байдаг.  Н.А 2 удаа гар хүрч зодсон нь үнэн. 5 удаа бол зодоогүй. А би мэдүүлэг дээр 5 удаа гэсэн байна. Энэ одоо юу болсон юм бэ? гэж асуухад Цэенрэгзэн гэх мөрдөн байцаагч  тоог нь нэмж бичсэн байна гэж хэлсэн. Гэр бүлийн асуудал маргаан гарснаас хойш бид хоёр гэр бариад тусдаа гараад хоёр талын аав, ээжийгээ цай уулгаад хоёр талаасаа эв найрамдалтай амьдарч байгаа. Манай хүн 3 хүүхэдтэй, хуучин амьдарч байсан хүн нь харвалттай, энэ амьдралаас би няцаж шантраагүй. Цаашдаа сайн сайхан авч явахын төлөө чадлаараа зүтгэж байгаа гэж өөрийгөө боддог. гэв.

Хохирогч Н.А өгсөн: “...намайг  шалтгаангүй зоддог хамгийн анх зодуулсан гэвэл 2020 оны 10 дугаар сарын сүүлээр манай гэр шатсан юм тэгээд би байшиндаа байж байхад алгадаж үснээс зулгааж цохиж зодсон. 2 дахь нь гэвэл намайг давхар ажил хийлгэдэггүй байсан юм тэгээд би тэр давхар ажлаа болино гэж бодоод Болдбаатартай хамт нүүрсний ам орчихоод байж байхад Болдбаатар нүүрсний аман дээр хүнтэй хамт архи ууж ирчихээд согтуу машин бариад чамайг нүүрс тээврийн 2 дахь км-н засмал замаар баруун тийшээ тосгон хүртэл маш хурдтай машин бариад чамайг мөргөлдүүлж ална гэж хэлээд яваад байсан тэгээд шөнөжин тэгж явж байгаад гэрт ирээд намайг өшиглөж үсдэж зодсон. 3 дахь удаагаа намайг зодохдоо машинтай авч яваад айлын гэрт оруулаад зодсон тэгэхэд манай дунд охин ирж намайг Дөлгөөнбаяртай хамт ирж авахаар ирсэн чинь Дөлгөөнбаярыг хөөгөөд явуулчихсан, тэгсэн удалгүй манай том охин намайг ирж авч явсан. 4 дэх удаагийн зодолт нь 2020 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Б найзтайгаа хамт архи уучихсан юм тэгэхэд манай дунд охин намайг ирж ав гээд таньтай хамт баймаар байна гээд залгаад байхаар нь би охиноо очиж айлаас авмаар байна гэхэд надтай муудалцаад машинтай авч яваад цастай жалганд суучихсан юм тэгээд машинаасаа буугаад цас хараад буухаар нь би бэр Эрдэнэтуяаруу залгаад намайг Б зодох гээд байна гэж хэлсэн тэгээд бас найз Шаравсамбуу руу залгаж хэлсэн тэгсэн чи хэнтэй утсаар яриад байгаа юм гэж хэлээд утас булааж аваад намайг зодсон. Зодохдоо машины данхраадны улаан төмөр авчихаад миний цээжийг түлхээд дараа нь дорцоовоор гарыг минь хугална гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаас буух гэтэл чи буцаад суу гэж хэлээд намайг үснээс зулгааж чирээд намайг машинд буцаагаад суулгасан тэгээд дорцоовоор миний хөл рүү цохисон мөн нүүр лүү алагдаж үсдэх үйлдэлийг байнга хийж байсан. 2020 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө хүүхэд өрөөнөөс гаргаж байгаад намайг элэг рүү цохиж унагаагаад өшиглөж цохиж зодож байсан... хамгийн анхны зодож байсан газар нь Цогтцэций сумын Цэций уулын 12-21 тоотод зодож байсан. 2 дахь удаагаа зодохдоо мөн адил гэрт зодож байсан. 4 дэх удаагийнх нь сумын төвөөс урагш 2-3 км зайд хээр зодож байсан. Хөдөө зодохдоо Б бид хоёроос өөр хүн байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-27-р хуудас/,

Гэрч Б.Наранцацралын өгсөн: ...А, Б нар байнга өрөөгөө дотроос нь түгжиж байгаад хэрэлдэж маргалддаг байсан. Би хаалттай хананы цаана яг юу болоод байгааг мэдэх боломжгүй байсан. А эгч ёооё гэж орилоод байдаг. Би А эгчийг Болдбаатарт зодуулаад байна гэж боддог байсан. Тухайн хүмүүс нь 7 хоногт 3-4 удаа орой 20 цагаас хойш хоорондоо хэрэлдэж маргалдан зодолддог. Ихэвчлэн Б нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ А зодоод байх шиг байдаг. Миний санаж байгаагаар 11 дүгээр сарын 15-ны шөнө Б А эгчийг зодсон. Тэгэхэд гал тогооны өрөөнд А эгчийн зүн гар нь хөхөрчихсөн шанаа хэсэг нь хөхөрчихсөн байсан. Мөн 11 дүгээр сарын эхээр Болдбаатар нь гал түлдэг өрөөнд А эгчийг зодоо байх шиг байсан. Тэгэхэд Алтанзул эгчийн хуруунаас нь цус гарчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-36-р хуудас/,

Гэрч Л.Ариунтунгалагийн өгсөн:“...2020 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Б орж ирээд та хэд гарч бай гэж хэлээд намайг А охинтой нь хамт өрөөнөөс гаргаад хаалгаа дотор талаас нь цоожилсон. Тэгэхээр нь охиныг нь өрөөндөө хамт авч ороод байж байхад эмэгтэй хүн ёооё гээд орилоод байсан. Тэгэхээр нь би тэр өрөөний хаалгыг нүдсээр байгаад онгойлгосон чинь Б гутлын шүүгээндээ сууж байсан... Б өрөөгөө цоожлоод онгойлгодоггүй болохоор цохиж зодож байгаагаа харуулдаггүй харин А зодуулсан байхыг харж байсан... миний мэдэж байгаагаар Б А 3 удаа зодсон хананы цаанаас сонсож мөн А байр байдлыг дараа нь харахад хамгийн эхний удаа нь А зүүн гарын шуу хэсгээрээ хөхөрчихсөн байсан дараа нь зүүн шанаа нь мөн хөхөрчихсөн байсан дараагийнх нь орилоод байхаар нь хаалгыг нь тогшиж байгаад ороход А Б зодуулсан байдалтай уйлаад сууж байсан юм хаалгаа онгойлгодоггүй болохоор хананы цаана яг юу болоод байгааг дандаа харж чаддаггүй. ” гэх мэдүүлэг /хх-ийн 37-40-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Д.Энхжаргалын өгсөн:“...маргаан болсны дараа ээжийн гар нь хөхөрчихсөн байсан. Хэрүүл болсоных нь дараа ээж маргааш нь надад гараа харуулаад тэгэхээр нь би Б ах хөхөрүүлчихсэн юм уу гэхэд Б үгүй зодоогүй гэсэн  тэгсэн цаанаас нь ээж намайг үсдээд өшиглөсөн гэж хэлсэн. Баруун гар нь булчин хэсгээрээ хөхөрчихсөн баруун хөлний өвдөгний дотор хэсгээрээ хөхөрчихсөн байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

Гэрч Р.Шаравсамбуугийн өгсөн:“...Анадруу 2020 оны 11 дүгээр сарын эхээр санагдаж байна өдрийг нь сайн санахгүй байна шөнө 00 цаг өнгөрч байхад 80003007 дугаараасаа залгаад намайг хамт амьдардаг залуу өмнө зүгт хээр аваад гарчихсан намайг зодно ална гээд жалганд байж байна туслаач гэж хэлсэн. Тэгсэн цаанаас нь нэг эрэгтэй хүний дуу хоолой сонсогдоод утас нь тасарчихсан. Тэгэхээр нь би буцаагаад залгахад утас нь холбогдох боломжгүй болчихсон. гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

Гэрч Б.Цэцэгбаярын өгсөн:“...А надруу фейсбүүкээр өөрийн биедээ гэмтэл учирч хөхөрч няцарсан хэсгийн зургийг явуулж байсан тэр үед нь асуухад би нэг хүнтэй сууж байгаа юм тэгсэн намайг ингээд зодчихсон юм гэж хэлж байсан. Хамт амьдардаг Болдоо гэх хүнд зодуулсан гэж хэлж байсан. Би хөл, гар нь хөхөрсөн байхыг нь харсан надаас угаалгасан зургаа авах гээд ирэхэд нь би харсан. Тэр үед хоёр хөл нь хоёулаа хөхөрсөн байсан өвдөг хэсгээрээ хөхрөлттэй байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 47-49-р хуудас/,

Шүүгдэгч Т.Б хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Т.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх яллах болон цагаатгах нотлох баримтууд нь  энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтоож шийдвэрлэсэн болно

Т.Б нь хамтран амьдрагч Н.А 2020 оны 10 дугаар сарын 26-ны орой 22 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цэций уулын 12-21 тоотод зодсон, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шөнийн 00 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цэций уулын 12-21 тоотод зодсон, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний 21 цагийн үед Цогтцэций сумын Уурхайчин хорооллын 221 тоот хашаанд зодсон, 2020 оны 11 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Цогтцэций сумын төвөөс урагшаа 2-3 км зайд хөдөө хээр зодсон, 2020 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цэций уулын 12-21 тоотод тус тус 5 удаа буюу байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг, /хх-ийн 21-27-р хуудас/,  гэрч Б.Наранцацралын мэдүүлэг /хх-ийн 33-36-р хуудас/, гэрч Л.Ариунтунгалагийн мэдүүлэг /хх-ийн 37-40-р хуудас/, насанд хүрээгүй гэрч Д.Энхжаргалын мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/ зэргээр Эрүүгийн хуулийн  11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх гэмт хэргийн шинжийг хангасан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчийг байнга буюу хохирогчийн эсрэг чиглэсэн, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаа бие махбодын хүчирхийлэл үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Нөгөө талаас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг тодорхойлсон бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүн гэдэгт хамтран амьдарч байсан хүнийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах...сэтгэл санаанд нь дарамт учруулах...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.” гэж тус тус хуульчилсан байна. Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг байнга зодож” үйлдсэн гэж гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Н.А нь хохирол төлбөр гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-ийн 88-р хуудас/, шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Т.Б бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 8 сарын хугацаагаар хорих оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ялын дүгнэлтийг гаргасан байна.

Шүүх Т.Б  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчийн одоо бид ойлголцсон гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн  байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,  мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах, тодорхой ажил ажил үүрэг гүйцэтгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бэйсүүд овгийн Т.Б гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Т.Б хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасныг зан үйлээ засах, тодорхой ажил үүрэг гүйцэтгэх  албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь тэнссэн 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэлгүй зөрчвөл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

4.Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн болон хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА