| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2021/0085/э |
| Дугаар | 2021/ШЦТ/80 |
| Огноо | 2021-03-11 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/80
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Э-д холбогдох эрүүгийн 2021005460049 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Матад сумын ............ багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 60 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, Монгол Улсын 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 2-р зүйлд зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, ..... овогт Э. /РД: ................./
Шүүгдэгч Э нь 2020 оны 09 дүгээр сарын 12-ны орой 12 цагийн орчим “Хюндай Маяти” маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуурсан үедээ жолоодон Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг “Хоромсог” гэх газарт замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.2.а-д “Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нийцсэн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх байна”, мөн дүрмйн 3.7.а-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч З-ыг дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 1500.000 төгрөгийг өгсөн. Хохирогч надаас дахин хохирол нэхэмжилсэн. Би хохирлыг төлөх болно...гэв.
Хохирогч З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Э уг тээврийн хэрэгслийг бариад явж байхад нь замдаа төөрөөд буруу яваад байгаа юм бишүү гэхэд Э уурлаад намайг машинаас буу гэхээр нь би машинаас буугаад ганц хоёр алхаж байхад гэнэт араас мөргөөд намайг унагаасан бөгөөд миний цээжний дээгүүр машины жолоочийн буруу талын дугуй гараад зогссон. Тэгээд Э бууж ирээд “зүгээр үү ахаа намайг уучлаарай би танийг яваад өгсөн байх гэж бодоод хаазаа хүчтэй дараад хөдлөхдөө мөргөчихлөө” гэж хэлсэн. Тэрнээс биш намайг санаатайгаар мөргөж гэмтээсэн асуудал байхгүй. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Эмчилгээний мөнгөө гаргуулж авах хүсэлтэй байна...” гэжээ. /хх-ийн 23-24 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Матад сумын 6 дугаар багийн иргэн ******* малчин Э, З нар манайд ******* “Маяти” машинтай 18 цагийн орчим ирсэн. Тухайн үед манай найз ******* бид хоёр байсан бөгөөд Э, З хоёр бид хоёрт 1 шил архи гаргаж өгсөн. Бид хоёр тэрнээс амсаад өгсөн, тэр хоёр сүү аваад удалгүй явсан. ...Э, З хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед тээврийн хэрэгслийг хэн жолоодож байсныг анзаарч хараагүй. ...Тэр хоёр манайд байхдаа хэрэлдэж маргалдаагүй манайхаас гараад яасныг мэдэхгүй ойр хавьд зогсож харагдаагүй...” гэжээ. /хх-ийн 29-30 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн” 773 тоот дүгнэлтэд:
1. З-ын биед баруун уушигны няцрал, цээжний хөндийн хий хуралдалт, баруун талын 3-10-р хавирга далны шугамаар, 4-7-р хавирга суганы шугамаар зөрөө ихтэй, зүүн талын 6-11-р хавирганы хугарал, бүсэлхий нурууны 1,2-р нугаламын 2 талын сэртэн, 4-р нугаламын баруун талын сэртэнгийн хугарал, цээж, бүсэлхий нуруунд зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 40-41 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-12 тал/
- Зам тээврийн осол дээр тогтоосон акт, ослын газрын схем зураг, Зам тээврийн осолд холбогдсон “Hyundai Mighty” маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-15 тал/
- Мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн магадлагаа /хх-ийн 16 тал/
- “Hyundai Mighty” маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 20 тал/
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 21 тал/
- Гэрч С.******* мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/
- Гэрч ******* мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/
- Эмчийн тодорхойлолт /хх-ийн 42-43 тал/
- Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 44-51 тал/
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64 тал/
- Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 71-82 тал/
- Э-ы гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-28, 59-60 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ............ овогт Э нь 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 12 цагийн орчим “Hyundai Mighty” маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуурсан үедээ жолоодон Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг “Хоромсог” гэх газарт замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.2.а-д “Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нийцсэн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх байна”, мөн дүрмйн 3.7.а-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч З-ыг дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч З, *******,*******,******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, ослын газрын схем зураг, Зам тээврийн осолд холбогдсон “Hyundai Mighty” маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн магадлагаа, “Hyundai Mighty” маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, эд зүйлийн үнэлгээ, эмчийн тодорхойлолт, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн лавлагаа, хохиролтой холбоотой баримтууд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн” 773 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Э-ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Э-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э-д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э-ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Зын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардалд 1.500.000 төгрөгийг төлсөн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2.346.594 төгрөгийг гаргуулж хохирогч Зод олгох нь зүйтэй байна.
Харин хохирогч З нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Э-ы ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .......... овогт Э-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Э-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э-д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Э-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э-аас бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 2.346.594 /хоёр сая гурван зуун дөчин зургаан мянга таван зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, ....... тоотод оршин суух, Хийморь овогт З /РД: ........../-д олгох, хохирогч З нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Э-ы ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ