Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/82

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Хохирогч Г

Шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт Г-д холбогдох 2121000110050 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 19ий өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ...... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ............ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ............ овогт Г /РД: .............../.

Шүүгдэгч Г нь 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3 дугаар баг, “Заан-Өндөр” гэх газар нутаглах Я.Мөнх-Алдарын хаваржаан дээр байсан хохирогч Г-ийн 620 боодол өвсийг миний өөрийн өвс гэж хуурч Г.Отгонбаатараас авсан 2 сая төгрөгийн өрөнд өгч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан бусдын эд хөрөнгийг шилжүүлж авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ зөвшөөрч байна” гэв.

            Хохирогч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Г анх манай хүүтэй цуг хадланд гарсан юм. Би хадлан хадсан хөлсөндөө уг өвсийг авсан. Тэр өвсийг арай үнэ хүрэхээр нь зарж зээлээ төлнө гэж бодож байсан боловч төлж чадаагүй. Надад хохиролтой байна. Би Г-гоос нэг ч төгрөг аваагүй. Ял шийтгэл нь хамаагүй гол нь хохирлоо өгч байвал болно” гэв. 

            Хохирогч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний хүү Адилхүү нь Мөнх-Алдарын гадаа 620 боодол өвс тоолоод орхисон. Тухайн үед би хүүдээ наагуур чинь гайгүй айл байвал үлдээчих гэж хэлэхэд хүү хамт өвч ачилцаж байсан Г гэх хүүхдээс асуухад Мөнх-Алдарын гадаа тавья гээд үлдээсэн юм байна лээ. Эргэлзээгүй 620 боодол өвс байсан. Илүү өвс нэхнэ гэж байхгүй. Өвсөө үлдээсэн байсныг Г нь өөр хүнд миний өвс гэж хэлж зараад тэр хүн нь ачаад явсан байсан...” гэжээ. /хх-ийн 7-8/

            Гэрч Г.Адилхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн үед өвсөө Ггийн таньдаг ах Мөнх-Алдарын хаваржаанд буулгасан. Тэр хүнд миний өвс гэж хэлээгүй, ямар нэг юм яриагүй гадаа нь өвсөө хураагаад орхисон. Мөнх-Алдар гэх хүнд тоолж үлдээсэн зүйл ч байхгүй. Тухайн үед өвсийг Г, Ганчөдөр нар зөөгөөд 620 боодол өвс буулгасан. Үүнийг Г далимдуулаад айлын гадаа байсан өвсийг өөр хүнд өгсөн байсан. Ямар ч байсан 620 боодол өвс байсан. Би өөрөө бодохдоо портер машинаар 5 удаа явсан. Нэг удаагийн ачилтанд 130 боодол өвс, 2 дахь явалтанд 126 боодол өвс, 3, 4 дэх явалтад 126 боодол, 5 дахь явалтад 112 боодол өвс ачсан. Ингээд нийт 620 боодол өвс болсон...” гэжээ. /хх-ийн 10-11/  

            Гэрч Я.Мөнх-Алдар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...12 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байж байтал миний утас руу Г-гийн хэлсэн хүн залгаад өвсөө авлаа гэхээр нь тэг тэг гэсэн. Тэгээд тэнд байсан өвсийг Г-гийн хэлсэн хүн нь ачаад явсан ба би өөрөө тэнд биечилж уулзаагүй. Тэгсэн дараа нь Адилаа гэх анх Г-той ирсэн залуу надаас өвсөө авъя гэхээр нь би Г миний өвс гээд хүнд зарсан ш дээ гэж хэлсэн. Тухайн үед өвсөө буулгахдаа миний өвс гэж хэлсэн бол тийм зүйл болохгүй. Ямар ч байсан тэнд байсан бүх өвсийг Г-гийн хэлсэн хүн бүгдийг нь ачаад явсан. Г л анх миний өөрийн өвс гэж надад хэлээд манай гадаа буулгасан...” гэжээ. /хх-ийн 12/

            Гэрч Г.Отгонбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Г-гийн надаас авсан мөнгө нийтдээ 2 сая төгрөг болсон бөгөөд тэр надад хэлэхдээ намраас өвс өгнө л гэж хэлсэн. Тэгээд би асууж сураглаагүй байтал 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр байх Г над руу залгаад “Та нөгөө өвсөө аваарай, Цагаан-Овоо сумын Мөнх-Алдар гэх айлын гадаа буулгасан, 760 орчим өвс байгаа, миний өвс, бүгдийг аваарай” гэж хэлэхээр нь би арваад хоногийн дараа очиж авахаар болсон. Энэ хооронд өөрийнх нь өвс биш байж магадгүй гэж бодоод өвс байгаа айлын хүнтэй нь уулзахад Мөнх-Алдар манай гадаа Г-гийн буулгасан өвс байгаа, тэрийгээ та нар өөрсдөө яриад учраа олно биз гэж хэлсэн. Би итгээд 12 дугаар сарын 13-ны өдөр Мөнх-Алдарынх гэдэг айлын хаваржааны хашаан дотор хураасан өвсийг бүгдийг очиж авсан. Г хэлэхдээ 760 боодол өвс байгаа гэсэн боловч харахад тэр хэмжээний өвс байгаагүй. 600 гаран боодол өвс байсан. Би тэр өвсийг өөрийнхөө өгсөн 2 сая төгрөгт авсан. Хүний өвс гэж мэдсэн бол юу гэж авах вэ...” гэжээ. /хх-ийн 13-14/

          Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би Г ахын хадланг хадахаар цалинтай ажилласан. Хадлангаа хадаж дуусаад Г ахын хүү Адилхүү ойрхон өвс хураах газар байна уу гэхээр нь би миний танил ахынх ойрхон гээд Цагаан-Овоо сумын 3 дугаар баг “Заан өндөр Уул” гэх газарт буюу Мөнх-Алдар ахын гэрийнх нь гадаа 620 боодол өвсөө буулгаад явсан. Би Мөнх-Алдар ахад хэсэг хугацааны дараа ирж авна гэж хэлсэн. Ингээд би Мөнх-Алдар ахын гэрийн гадаа хураасан өвсийг Отгонбаатар гэх хүнд зарахаар болж, түүнд байгаа газрыг нь зааж өгөөд 620 боодол өвсийг 2,000,000 төгрөгөөр зарсан...” гэжээ. /хх-ийн 33-34/

 

          Эд зүйлийн үнэлгээ /хх-ийг 20, 43/

          Г-гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 36/

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Г-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэм аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

          Шүүгдэгч .......... овогт Г нь 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн орчимд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3 дугаар багийн нутаг “Заан Өндөр” гэх газар байрлах Я.Мөнх-Алдарын хаваржаанд байсан хохирогч Гийн 620 боодол өвсийг “миний өөрийн өвс” гэж хуурч Г.Отгонбаатараас авсан 2,000,000 төгрөгийн өрөнд өгч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би Мөнх-Алдар ахын гэрийн гадаа хураасан өвсийг Отгонбаатар гэх хүнд зарахаар болж, түүнд байгаа газрыг нь зааж өгөөд 620 боодол өвсийг 2,000,000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон, мэдүүлгийн эх сурвалж тодорхой хохирогч Г, гэрч Г.Адилхүү, Я.Мөнх-Алдар, Г.Отгонбаатар нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, Г-гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Г нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс хуурч мэхлэх аргаар илээр өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Г-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г-гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Г-т 4,650,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Г-гоос гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 4,650,000 төгрөгийг гаргуулж хохирогч Гт олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Г нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Г нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ......... овогт Г-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-д 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-д оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г-д мэдэгдсүгэй.

 

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г-гоос гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 4,650,000 /дөрвөн сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн Сэргэлэн сумын ................” гэх газарт оршин суух ......... овогт Г /РД: .........../-т олгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ............... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ПАГМА