| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2021/0035/Э |
| Дугаар | 166/ШЦТ/0037 |
| Огноо | 2021-02-23 |
| Зүйл хэсэг | 12.6.2., |
| Улсын яллагч | Д.Батмөнх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2021 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 166/ШЦТ/0037
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0035/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын орлогч прокурор Д.Батмөнх,
Шүүгдэгч Б.А, Д.М, Д.М нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч П.Батжаргал,
Шүүгдэгч Б.А, Д.М, Д.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.А, Д.М, Д.М нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2018002230325 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, Б.А 1993 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан.
2. Монгол Улсын иргэн, Д.М 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.
3.Монгол Улсын иргэн, Д.М 1994 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд:1 удаагийн ял шийтгэлтэй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.А, Д.М, Д.М нар нь бүлэглэн, 2019 оны 05 сараас 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар хорооллын Бурхантын 6 тоот хувийн орон сууцанд Б.Эрдэнэтуяа, Л.Ундрал, Г.Алтанзул, Х.Номин, Б.Ариунжаргал нарыг байрлуулан, холбоо, мэдээллийн хэрэгсэл ашиглан Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт бусдад биеийг нь үнэлүүлж, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байраар хангасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч Б.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахиж хэзээ ч ийм хэрэг хийхгүй. Жирэмсэн, бага насны хүүхдүүдтэй зэргийг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Д.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Д.М-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2019 оны 06 дугаар сараас эхлэн Анхзаяагийн хар өнгийн приус 30 маркийн машиныг барьж дуудлагаар биеэ үнэлж байгаа охидуудыг нь дуудлага өгсөн хаяг дээр нь хүргэж өгдөг байсан. Би энэ ажлыг хийгээд сард 700-800 мянган төгрөг Анхзаяагаас цалин болгож авдаг байсан.
...Гэм буруугаа ойлгож байна. Дахин ийм хэрэг хийхгүй.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 8/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 10-31/,
-Гэрч Л.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Ану эгч, Шонхоо ах хоёрыг танина. 2019 оны 7 сард найз Нандиагаар дамжуулж танилцаж байсан юм. Тэгээд 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Дархан-Уул аймагт гэрт нь очиж амьдраад 7 сар болоод ирсэн. Би тухайн үед мөнгөний хэрэгцээ маш их байсан учир Ану эгч дээр очсон юм. Учир нь Ану буюу Анхзаяа эгч Дархандаа алдартай хүүхэн зардаг, биеэ үнэлэгч нарыг гэртээ байрлуулж үйлчлүүлэгч нарыг нь олж өгдөг гэж сонссон. Биеэ үнэлж олсон мөнгөний 30%-ийг Анхзаяа эгч авч, үлдсэн 70%-ийг бид нар өөрсдөө авдаг байсан. Ану буюу Анхзаяа эгчийн 95842707 дугаар руу хүмүүс залгаж захиалга өгдөг байсан. Ану эгч тэр газар тэдэн хүүхэн хэрэгтэй гэж хэлээд бид нарыг Шонхоо ахын найз Мөнх-Эрдэнэ хүргэж өгөөд очиж авдаг байсан. Би Анхзаяа эгчээс цувуулж авсаар байгаад 10.000.000 орчим төгрөг зээлж байсан. Харин биеэ үнэлж энэ мөнгийг хэд нугалж буцааж өгсөн. Бид нарыг зодож дарамтлаад байдаггүй ч хүний эрхэнд байх цаанаа л хэцүү, дарамттай санагддаг байсан.
...Анхзаяа эгчийн 95842707 дугаарын утас руу нь хүмүүс залгаж охин асуудаг байсан. Тэгэхээр нь бид нар бүгдээрээ охин дуудсан хүмүүсийн байгаа газарт нь очоод сонголт хийлгээд сонгогдсон охидууд нь үлдээд бусад нь буцаад явцгаадаг байсан. Тэгээд охидууд хүнтэй уулзаад төлбөр болох мөнгөө бэлнээр өгөх юм бол сонгогдоогүй явж байгаа охидууддаа өгөөд явуулчихдаг байсан юм. Харин төлбөр мөнгөө дансаар хийх юм бол Анхзаяа эгчийн өөрийнх нь эзэмшлийн Хаан банкны данс руу шилжүүлдэг байсан юм. Намайг анх очиход Анхзаяа эгч л энэ бүх үнэлгээ, мөнгө төгрөгийг нь тогтоосон байсан юм. Хүнтэй нэг удаа унтахад 100.000 төгрөг, хонох бол 200.000-500.000 төгрөгийн хооронд байдаг байсан. Тэгээд ямар нэгэн хүн охидуудаас хоногоор авсан ч гэсэн бид нар хононо гэж ороод хонодоггүй байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 32-40/,
-Гэрч Б.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Би Анхзаяа эгчийг 3 жилийн өмнөөс таньдаг болсон. Анх манай найз Оюундарь гэх охин Анхзаяа гэдэг хүн биеэ үнэлэхэд зуучилж өгдөг гээд таньдаг болж байсан.
...2020 оны 03 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотоос Дархан руу ганцаараа явсан. Энд ирээд Анхзаяа эгчийн гэрт амьдрах болсон. Намайг Анхзаяа эгчийн гэрт ирэхэд Алтанзул, Маралмаа, Ариука, Номин гэх охидууд 1 өрөөнд хамт амьдарч байсан. Биеэ үнэлэлт хууль бус гэдгийг мэднэ. Миний машин эвдрээд явахгүй байгаа тул машинаа засуулах мөнгө олохын тулд биеэ үнэлсэн. Би биеэ үнэлж олсон мөнгөнөөсөө өдөрт 10.000 төгрөгөөр бодож байрны мөнгө 7 хоногийн төлбөр болох 70.000 төгрөг, хоол ундны 20.000 төгрөг өгсөн.
...Заримдаа Ану эгчийн хэлсэн хүмүүстэй уулзмааргүй санагдах тохиолдлууд гардаг байсан. Тэр явмааргүй, уулзмааргүй санагдах тохиолдлуудад бие өвдөхөөр л тэгж хэлдэг байсан. Тэгэхэд Ану эгч уурлаад яв яв гэж хэлээд явуулдаг байсан. Анхзаяа эгчийн гэрт 2019 оны 11 дүгээр сараас эхлээд 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл амьдарч байсан юм. Энэ хугацаанд биеэ үнэлж амьдарч байхад Ану буюу Анхзаяа эгч хүнтэй уулзуулж, зуучилж өгсний төлбөр гэж 40 хувийг бид нараас тогтмол авдаг байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-54/,
-Гэрч Г.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэр 2 дугаар хороололд байдаг хаусыг найз Анхзаяагаас хоногийн 10.000 төгрөгөөр буюу 1 сарын 300.000 төгрөгөөр түрээсэлдэг.
...Намайг анх 2016 онд Анхзаяатай танилцахад төмөр замд охинтойгоо хоёулаа амьдардаг, хааяа гадуур гарч биеэ үнэлдэг охин байсан. Энэ үед Анхзаяагийн холын хамаатан болох Отгон-Эрдэнэ бид хоёр тэдний гэрт очиж усанд ордог байсан. Тэгээд найзалж яваад хамт амьдрах болсон. Танилцаад жил гарангын дараанаас бид хоёр дуудлагаар залуустай мөнгөөр уулзах болсон. Одоо би Анугийн гэрт амьдарч байгаа. Залуус “охин байна уу?” гэж ихэвчлэн Ану, Шонхоо хоёрын 99021402, 95842707 дугаарын утсаар дуудлага өгдөг. Сүүлийн үед Номин бид хоёрын дундаа шинээр авсан 88806007 дугаарын утсаар дуудлага ирдэг болсон. Бид нар хүнтэй 1 удаа бэлгийн харьцаанд ороход 100.000 төгрөг, хоногоор үйлчлэхэд 200.000 төгрөгөөр явдаг. Бид нар биеэ үнэлж мөнгө төгрөг олж амьдардаг. Би анх 2016 оны яг хэдэн сар байсныг нь санахгүй байна. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө бол биеэ үнэлж амьдарч эхэлсэн. Анхзаяагийн гэрт сүүлийн хугацаанд Ариунжаргал, Эрдэнэтуяа, Ундрал, Маралмаа, Номин, Алтан-Эрдэнэ, Мөнхнаран бид нар байдаг байсан. Эдгээр хүмүүс нь ч мөн надтай адил биеэ үнэлэн амьдардаг юм.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55-64/,
-Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дарханд анх 2019 оны 05 дугаар сард өөрийн хувцас, ойр зуурын хэрэглэх зүйлээ базаагаад Ундрал найзтайгаа хамт амьдрахаар ирсэн. Намайг ирэхэд Ундрал найз маань одоо амьдарч байгаа Бурхантын 6 гэх хаягийг зааж өгснөөр ирсэн. Ингээд намайг Дарханд ирэхэд том хаус буюу амины орон сууцтай Анхзаяа гэх 26 насны эгч , нөхөр болох Шонхоо гэх ахтай, 4 хүүхдийн хамт амьдардаг айл хүлээж авсан. Мөн Анхзаяа эгчийнд Алтанзул, Ундрал, Номин, Мөнхнаран, Маралмаа гэх охидууд байсан. Тэдгээр охидууд бүгд дуудлагаар биеэ үнэлдэг байсан. Анхзаяа эгчийн гэрт надтай хамт амьдарч байгаа охид өдөр 1-2 удаа, заримдаа хоногоор явдаг юм. Охидуудын биеэ үнэлсний төлбөрийн хэмжээг Ану эгч тогтоодог. Бид нар цагийн 100.000 төгрөг, хоногийн 200.000 төгрөгөөр явдаг. Би болон надтай хамт амьдарч байгаа охидууд мөнгөний хэрэгцээ гарсан үедээ Ану эгчээс хүүтэй мөнгө зээлдэг юм. Тодруулбал, 100.000 төгрөг зээлбэл 120.000 төгрөг, 1.000.000 төгрөг зээлбэл 1.200.000 төгрөг болгож буцааж өгдөг. Тэгээд л өр ширээ дарцгаа, сайн ажиллацгаа гэж хэлдэг. Миний мэдэж байгаагаар охидууд бараг бүгд Ану эгчид өртэй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 65-78/,
-Гэрч Х.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Анхзаяа эгчийнд 2019 оны 12 сараас хойш нэг өрөөг нь сарын 300.000 төгрөгөөр түрээсэлж Алтанзулын хамт амьдардаг. Өмнө нь Ану буюу Анхзаяа эгчийн дор ажилладаг байсан найзаасаа Дарханд гэртээ эмэгтэйчүүд байлгаж биеийг нь үнэлүүлж хувь авдаг хүн байдаг талаар сонсоод би мөнгөний хэрэгцээ гарсан тул Анхзаяа эгчийнд ирж амьдарч биеэ үнэлдэг болсон. Тухайн Анхзаяа эгчийн гэрт амьдардаг эмэгтэйчүүд амьдралын эрхээр мөнгөний хэрэгцээгээ хангахын тулд Анхзаяа эгчээс хүүтэй мөнгө зээлдэг, тэгээд өрөө төлөхийн тулд биеэ үнэлж олсон мөнгөнөөс тодорхой хувийг нь Анхзаяа эгчид өгч өрөө төлдөг. Тодруулбал, нэг цаг биеэ үнэлбэл 100.000 төгрөг аваад 100.000 төгрөгөөсөө 35.000 төгрөгийг нь Анхзаяа эгчид өгч, үлдэгдэл 65.000 төгрөгийг нь Анхзаяа эгчээс авсан мөнгөнийхөө өрнөөс хасуулж боддог. Хоногоор биеэ үнэлсэн тохиолдолд 200.000 төгрөг аваад 65.000 төгрөгийг нь Ану буюу Анхзаяа эгчид өгөөд үлдэгдэл 135.000 төгрөгийг өрнөөсөө хасуулж боддог. Өмнө нь утсаар ярьсан хүмүүс дээр очиж уулзаад мөнгөө бэлнээр авбал жолоочид мөнгөө өгч явуулаад Ану эгчид өгдөг байсан. Харин мөнгийг данс руугаа авсан тохиолдолд өөрсдийн дансанд байлгаж байгаад Ану эгч рүү шилжүүлэх юм уу эсвэл бэлнээр гаргаж аваад Ану эгчид өгдөг байсан. 23-33 дар улсын дугаартай хар өнгийн хариер маркийн машин буюу Анхзаяа эгчийн аав Батсуурь ахын машиныг Мөнх-Эрдэнэ жолоодож бид нарыг очих газарт хүргэж өгөөд буцаад авдаг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 79-89/,
-Гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оноос Анхзаяагийн гэрийн нэг сул өрөөг нь түрээслэх болсон. Би Ану эгчээс 2019 оны сүүлээр 8.000.000 төгрөгийг 2020 оны 07 дугаар сард төлж барагдуулж дуусгахаар тохиролцож Олон Улсын худалдааны төв дээр зээлийн гэрээ байгуулан нотариатаар батлуулсан. Одоо тухайн мөнгөнөөс би 6.085.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Энэ өрийг би ээж, аав, өвөөгөөс өгсөн мөнгөөрөө сар сардаа боломжоороо төлдөг. Бусад охидууд нь биеэ үнэлдэг эсэхийг би мэдэхгүй байна. Би хамт өрөө түрээсэлдэг Алтан-Эрдэнэ гэх эмэгтэйтэй хамт явж биеэ үнэлж үзсэн. Анхзаяа энэ талаар мэддэггүй. Амьдралын эрхээр мөнгөний хэрэгцээ шаардлага гардаг тул санхүүгийн хэрэгцээгээ хангахын тулд ийм зүйл хийсэн. Гэхдээ байнга бол биеэ үнэлдэггүй, чухал шаардлагатай мөнгөний хэрэг гарсан үед ганц нэг таньдаг хүмүүстэй ярьж байгаад уулздаг юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 94-97/,
-Гэрч Ж.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Комфорт зочид буудлын 322 тоот өрөөнд байрлаж амарсан. Буудалд амарч байхдаа би Фэйсбүүк рүү ороод санхүү өгнө, авна гэсэн групп рүү орж Санхүү авна гээд доод талд нь нэг юнителийн дугаар бичсэн зар байсан тухайн зар дээр байсан дугаар луу би өөрийн 99189776 дугаарын утаснаас залгаад “зарын дагуу залгаж байна уулзах уу?, хүүхнүүд байна уу?” гэж асуухад утас авсан эмэгтэй “ хүмүүс байгаа шүү дээ, хаана байрлаж байгаа юм бэ, яваад очъё,” гэсэн. Тэгэхээр нь “Комфортын 322 тоотод байна, хүрээд ир” гэж хэлсэн. Утсаар ярьснаас 30-40 орчим минутын дараа 4 эмэгтэй бидний байрлаж байсан буудлын өрөөнд ирэхээр нь тухайн эмэгтэйгээс 2 эмэгтэйг нь сонгож үлдээгээд тухайн 2 эмэгтэйтэй 1 хоног 200.000 төгрөгөөр бэлгийн харьцаанд орж хонохоор тохирч нийт 2 хүний төлбөр болох 400.000 төгрөгийг найз Өлзийбатын данснаас тухайн эмэгтэйчүүдийн хэлсэн данс руу нь шилжүүлсэн. Дансны дугаарыг нь би мэдэхгүй. Тэгээд буудалд дөрвүүлээ 1 шил архи, 10 орчим лааз пиво хувааж ууж хэрэглээд тухайн 2 эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орж байх үед цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 103-104/,
-Гэрч М.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 23 цагийн үед надтай хамт явсан найз Ж.Эрдэнэбаяр “дуудлагаар явдаг охидуудын дугаар оллоо.” гээд Эрдэнэбаяр өөрийнхөө 99189776 дугаарын утаснаас залгаад “дуудлагаар явдаг охидууд уу?, хоёулаа явж байна, уулзъя” гэж дуудсаны дараа 20 минутын дараа манай өрөөнд 4 охин орж ирсэн. Тэгээд тэр 4 охин орж ирээд “хоногоор юм уу?, цагаар юм уу?” гэж асуухаар нь “хоногоор 2 охин авъя” гээд тэр дотроос 2 охиныг нь сонгож аваад үлдсэн. Нөгөө хоёр нь гараад явсан. Тэгээд охид “мөнгөө яаж хийх юм” гэхээр нь данс руу чинь хийе гэхэд надад Хаан банкны данс өгөхөөр нь би өөрийнхөө Хаан банкны 5087025100 дугаарын данснаас 400.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд бид 4 жаахан найрлаж суусан. Эрдэнэбаяр бид 2 Улаанбаатар хотоос гарахдаа архи, пиво авсан байснаа ууж дуусгаад, дөрвүүлээ бэлгийн харьцаанд орсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 105/,
-Гэрч Ч.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би найз Алтанбаганын хамт 2 хүүхэн хоногийн 360.000 төгрөгөөр авсан. Бид 2 хүнээс асууж хоёр дугаар хороололд 2 давхар хаусанд очтол хүн байхгүй шинжтэй байхаар нь буцаад буудалдаа очоод “Фэйсбүүк” хаягаас дугаар олж аваад залгасан. Би одоо дугаарыг нь санахгүй байна, дугаар нь устсан. Нэг нь Аминаа гэж нэртэй байсан. 20 гаран насны туранхай, дунд зэргийн нуруутай 2 хүүхэн байсан. Би одоо дансыг нь санахгүй байна. Ямартай ч өөрийнх нь данс биш байх шиг байсан. Нэг данс хэлээд өөр хүн рүү залгаад мөнгө орсон уу гээд асуугаад байсан. Нэг эмэгтэй нь 180.000 төгрөг гээд 360.000 төгрөг шилжүүлсэн ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 117-118 хуудас/,
-Гэрч Н.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сарын сүүл хүртэл хугацаанд Ану буюу Анхзаяа эгчийн бага охин Гоомаралыг харж өгч байсан. Би сарын 1.200.000 төгрөгөөр тохиролцож хүүхдийг нь 4 сартай байхаас нь 10 сартай болтол 6 сарын хугацаанд харж өгсөн.
...Шонхоо буюу Мөнхням ахын гэрт нь Ану буюу Анхзаяа эгч , гурван хүүхэд нь болон аав нь болох Батсуурь, ээж нь болох Пүүжээ гэдэг эгч нар 1 давхарт нь амьдарч, 2 давхарт нь Марлаа, Зулаа, Номин болон нэрийг нь мэдэхгүй 1-2 эмэгтэй байдаг байсан.
...Ану буюу Анхзаяа эгч нялх биетэй болохоор гэртээ байсан. Нөхөр нь болох Шонхоо ах ямар ажил хийдэг талаар мэдэхгүй ч ихэнх хугацаанд гэртээ байдаг байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 121-122/,
-Б.Э-гийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 127-153/,
-Шүүгдэгч Б.А-гийн Хаан банк дахь 5068241283 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга / 1 дүгээр хавтаст хэргийн 199-213, 2 дугаар хавтаст хэргийн 97-250, 3 дугаар хавтаст хэргийн 1-204, 4 дүгээр хавтаст хэргийн 40-91/,
-Шүүгдэгч Д.М-ын Хаан банк дахь 5046508719 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга / 1 дүгээр хавтаст хэргийн 223-230, 4 дүгээр хавтаст хэргийн 15-39/,
-Л.У-ын Хаан банк дахь 5057608336 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга / 2 дугаар хавтаст хэргийн 3-27, 2 дугаар хавтаст хэргийн 220-250, 4 дугаар хавтаст хэргийн 1-10/,
-Х.Номингийн Хаан банк дахь 5421214827 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга / 2 дугаар хавтаст хэргийн 29-48/,
-Б.Э-ийн Хаан банк дахь 5429467790 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга / 2 дугаар хавтаст хэргийн 206-219/,
Яллагдагч Б.А, Д.М, Д.М нараас Дархан-Уул аймгийн Прокурорын газарт гаргасан “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үүсэх үр дагаврыг нь ойлгож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, тэнсэж, үүрэг хүлээлгэх арга хэмжээ авч өгнө үү.” гэх хүсэлт /5 дугаар хавтаст хэргийн 142, 144, 146/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.А, Д.М, Д.М нар нь бүлэглэн, 2019 оны 05 сараас 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар хорооллын Бурхантын 6 тоот хувийн орон сууцанд Б, Э, А, Н нарыг байрлуулан, холбоо, мэдээллийн хэрэгсэл ашиглан Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт бусдад биеийг нь үнэлүүлж, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байраар хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.А, Д.М, Д.М нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр хангасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа бөгөөд шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Мөн шүүгдэгч нар нь гэм буруугийн асуудлаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч Б.А, Д.М, Д.М нарыг бусдыг биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр хангасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.А, Д.М, Д.М нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Б.А, Д.М, Д.М нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх төлбөргүй байгаа зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулахаар прокурортой харилцан тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан саналыг нь прокурор хүлээн авч, шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч нарын өөрсдийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу шүүгдэгч Б.А, Д.М, Д.М нарыг 3 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.А- нь энэ хэрэгт 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон, шүүгдэгч Д.М-, Д.М-э нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, 1 хавтас бүхий нууц ажиллагааны материалыг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, Д.М, Д.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.А, Д.М, Д.М нарыг бусдыг биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр хангаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Д.М, Д.М нарыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.А, Д.М, Д.М нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.А, Д.М, Д.М нарт анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Б.А- нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 30 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Д.М-, Д.М- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, 1 хавтас бүхий нууц ажиллагааны материалыг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, Д.М, Д.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ