Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 0045

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0036/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Г-д холбогдох эрүүгийн 2118000000010 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, М.Г, 1976 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн  хамт амьдардаг, урьд 7 удаагийн ял шийтгэлтэй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч М.Г нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах  “Үйлчилгээний төв”-ийн урд замаас 93-93 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суун үйлчлүүлж, тухайн автомашинаас буухдаа иргэн Д.Э-ийн “Самсунг А6” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 340000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч М.Гын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 30-ны орой би 2 найзтайгаа таараад пиво уусан. Тэгээд нэлээн муудчихсан байсан. Гэр рүүгээ харих гээд үйлчилгээний төвийн тэндээс таксинд суусан, буухдаа жолоочийн гар утсыг нь аваад буучихсан.  

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, хохирлоо төлж барагдуулсан. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3/,

 

-Хохирогч Д.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 20:00 цагийн орчим гадуур таксинд явж байхад “Үйлчилгээний төв”-ийн гадна байх зам дээрээс хоёр залуу гар өргөөд миний машинд суугаад “Хүслэн төв рүү явна, нэг нь замдаа бууна” гэсэн. Тэгээд би тэр хоёр залууг суулгаад замд явж байхад миний хажууд сууж явсан залуу намайг “тэнд хоёр хүн байна, та авахгүй юм уу?” гээд миний гараас татаад байхаар би тэр залууг “чи ямар ядаргаатай юм бэ? сууж чадахгүй бол ингээд буу” гэсэн чинь ард сууж явсан залуу нь “одоо чиний буух газар ирж байна” гээд тэр залууг буулгаад ард сууж явсан залуу миний хажууд суугаад явсан. Тэгээд би хуучин Дархан явж байхад “Оргил” худалдааны төвийн зам дээрээс нэг эмэгтэй суусан.

...тэр эмэгтэйг вокзалын зам дагуу буулгаад нөгөө залууг “Хүслэн” төвөөс 18-н буудал явдаг зам дагуу онгорхой хашаа байсан тэнд буулгасан. Тэгээд би явж байгаад өөрийн гар утсаа хартал миний гар утас байхгүй байхаар зогсож байгаад гэрлээ асааж байгаад өөрийн гар утсаа хайгаад үзэхэд миний гар утас байхгүй байсан.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 8-9/,

 

-Гэрч С.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өчигдөр орой цалин буугаад цуг ажилладаг залуучуудтай хамт засвар хийсэн байрандаа пиво уусан. Тэгээд би нэлээн согтоод “Үйлчилгээний төв”-ийн орчмоос таксинд суух гээд байж байтал Ганбаа /амьдрал Ганбаа/ таараад “хаашаа явах гэж байгаа юм, замд чинь дайгдаад цуг явж байгаад бууж болох уу?” гэхээр нь “за тэг” гээд бид хоёр хамтдаа “Эрдэнэс плаза”-ын урдаас таксинд суусан. Тухайны таксины урд нь Ганбаа суугаад би ард нь сууж явсан. Бид хоёроос өөр зорчигч суугаагүй гэж санаж байна. Тэгээд Ганбаа Шинэ хорооллын араар явж байгаад “за энд буулаа” гэж хэлээд буусан. Би цаашаа явж байгаад хуучин Дархан “Хүслэн” төвийн урд буухад хамт ажилладаг Гантөмөр гэдэг залуу таксины мөнгө өгч намайг авсан. Тэгээд Гантөмөрийн гэрт жаахан архи, пиво уусан ба тэгээд би юу болсон талаар мэдэхгүй байсан. Нэг ухаан ороход цагдаа дээр ирчихсэн сууж явсан таксины жолооч эмэгтэй надтай цуг явж байсан. “Миний хажууд урд суудал дээр суусан залууг олж өг, чи ах нь биз дээ, яасан гэж хүний эд зүйл авч буудаг юм.” гээд байхаар нь би Ганбаатай явж байсан талаараа цагдаад хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15/,

 

-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний байдлаар 340000 /гурван зуун дөчин мянга/ төгрөг байна.” гэх 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт / хавтаст хэргийн 18-19/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч М.Г нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Үйлчилгээний төв”-ийн урд замаас 93-93 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суун үйлчлүүлж, тухайн автомашинаас буухдаа иргэн Д.Э-ийн “Самсунг А6” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 340000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч М.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э-т 340000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар / хавтаст хэргийн 18-19/  нотлогдож байх бөгөөд хохирогч Д.Э- нь шүүхийн шатанд “...би хохирол төлбөрийн үлдэгдэл болох 190000 төгрөгийг бэлнээр хүлээж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй.” гэх хүсэлт / хавтаст хэргийн 119-120/ өгсөн тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн болон ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.

 

Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гад 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 340000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-д 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч М.Гад анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ