Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0049

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0044/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адьяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд,

Шүүгдэгч С.А- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан учир өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр С.А-д холбогдох эрүүгийн 2018004050037 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, С.А, 1960 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 61 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 3,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч С.А- нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өөрийн төрсөн охин Ж.Бегзатын хүү 2017 онд төрсөн, 3 настай Б.О-ыг нас барсан тухай “нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ”-г хуурамчаар үйлдэж, тухайн гэрчилгээг хуурамч гэдгийг мэдсээр байж, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гарган өгч, 0000245891 дугаартай нас барсны гэрчилгээг гаргуулан авч, тухайн нас барсны гэрчилгээг Баянзүрх дүүргийн шүүхэд гарган өгч ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч С.А-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 1 сарын 6-ны өдөр миний охин Ж.Бегзат 461 дүгээр хорих ангид хоригдож байсан. Би 2020 оны 6 сарын 16-ны өдөр зөвшөөрлийн бичиг авч охинтойгоо уулзахаар 461 дүгээр ангид очсон. Очоод уулзахад охин маань намайг гаргаж аваач гээд уйлаад байсан. Тэгж байтал уулзалтын цаг дуусаад гараад явсан. Намайг гаргаж аваач гэхдээ ямар нэг зүйл хэлээгүй. Би гэртээ очоод охины үлдээсэн бичиг баримтыг ухаж байтал Солонгосоос ирсэн бичгээс зээ хүү Б.О-ыг нас барсан гэсэн хуурамч бичиг гараад ирсэн. Хүү маань /Оргил/ 2018 оны 11 сард Солонгост дунд чөмөгний хагалгаанд ороод ирсэн. Тэр бичиг баримтын завсраас нас барсан гэсэн оноштой бичиг гараад ирэхээр нь 2017 онд төрсөн 3 настай Б.О-ыг нас барсан тухай оношийг нь гараараа хуулж бичээд нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, уг нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гарган өгч нас барсны №0000245891 дугаартай гэрчилгээг гаргуулан авсан.

...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10/,

-Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргаж өгсөн нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /хавтаст хэргийн 13/,

-2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн Б.О-ын төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 14/,

 

-Б.О-ын төрсний гэрчилгээ 1 ширхэг, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ 1 хуудас, нас барсны бүртгэл хөтөлсөн маягт 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл / хавтаст хэргийн 17/,

 

-0000245891 дугаартай нас барсны гэрчилгээнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 18/,

 

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол / хавтаст хэргийн 19/,

 

-Шүүгдэгч С.А-гийн Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан зээ хүү Б.О-ын нас барсны гэрчилгээг хавтаст хэрэгт хавсаргуулахыг хүссэн хүсэлт, нас барсны гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 24-25/,

 

-Гэрч Ё.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай байгууллагын ахлах улсын бүртгэгч Баярмаа намайг дуудаад “энэ нас барсны гэрчилгээ авсан нотлох баримт хуурамч байж болзошгүй байна, чи яваад гэрийнх нь хаягаар ороод уулзаад тэр хүүхэд нас барсан байна уу? үгүй юу? гэдгийг мэдчихээд ир” гэсний дагуу би тухайн хүнд нас барсны гэрчилгээг нь бичиж өгсөн Идэрмөнхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн төв дээр очиж нийгмийн ажилтантай нь уулзахад тухайн баг дээр зөвхөн Алия нь бүртгэлтэй боловч хаяг дээрээ оршин суудаггүй, Оргил нь Дархан сумын 7 дугаар багийн харьяат бүртгэлтэй байсан. Тэгээд би 7 дугаар багийн нийгмийн ажилтантай уулзахад Б.О-ын асран хамгаалагчаар С.А-г тогтоох тухай Дархан сумын засаг даргын захирамж байгаа гээд надад үзүүлээд “энэ хүүхэд одоо Алиягийн асрамжид байгаа, 7 дугаар баг дээр байхгүй” гэж хэлсэн. Тэгээд нийгмийн ажилтан нь С.А-тай холбогдоход “би Б.О-той цуг хотод явж байна” гэж хэлж байсан. Тэгээд энэ хүүхэд амьд байгаа гэж мэдээд ахлах бүртгэгч Баярмаад ирж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30/,

 

-Гэрч Б.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр би ажил дээрээ байж байтал нэг настай эгч ирээд “манай зээ нас барчихлаа” гээд нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ барьчихсан над дээр ирсэн. Уг гэрчилгээн дээр нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нас барсан гэж бичигдсэн байсан. Зөрчлийн тухай хууль дээр нас барсны гэрчилгээ авахад нас барснаас 3 хоногийн дотор бүртгүүлж, гэрчилгээ авах шаардлагатай байдаг боловч би уг хүнийг өрөвдөөд торгууль бичилгүй явуулсан. Манай бүртгэгч Идэрмөнх нас барсан тухай гэрчилгээг гаргаж өгсөн байсан. Би уг нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээн дээр ямар шалтгааны улмаас нас барсан гэдгийг мэдэхгүй. Манай бүртгэгч хугацаа хэтэрсэн, зөрчилтэй гээд надаар торгуулах гэж явуулахад нь би торголгүйгээр буцаагаад бүртгэгч рүү явуулсан.

...уг гэрчилгээн дээр Сонгинохайрхан дүүргийн Өнөр салбар гэсэн тамга, тэмдэгтэй байсан. Тэр эмнэлэг нь Сонгинохайрхан дүүрэгт байрладаг өрхийн эмнэлэг байсан.“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31/,

 

-Гэрч Ш.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр урьд өдрийн бүртгэгч нарын бүртгэсэн бүртгэлийг нотлох баримттай нь тулган шалгаж, Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, бүртгэлийг баталгаажуулж байх явцад Б.О- нас барсан тухай бүрдүүлж өгсөн нотлох баримт олох “нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ” АМ-7 маягт нь хүчингүй болчихсон 2013 оны маягт байсан. Мөн уг маягт дээр бичигдсэн бичгийн хэлбэр нь эмч хүний бичиг гэж хэлэхэд хэцүү, сэжиг бүхий байсан, бас уг маягт дээр дарагдсан тамга нь “Өнөр салбар” гэсэн бичигтэй гурвалжин тамга байсан. Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээн дээр дөрвөлжин тамга дарагддаг юм.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 32/,

 

-Гэрч Б.И-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би ажил дээрээ байж байхад С.А- гэж хүн ирээд “хүн нас барсны бүртгэлд бүртгүүлье” гэж өргөдөл барьж ирсэн. Би тухайн өргөдөл, бусад баримтуудыг нь харахад хугацаа хэтэрсэн байсан тул хяналтын улсын байцаагчид бүртгүүлж, торгуулиа төлчхөөд ир гэж хэлээд гарсан. Удалгүй тэр хүн хяналтын улсын байцаагч Хишгээ дээр орж хугацаа хэтэрсэн материалаа хянуулаад гарын үсэг зуруулж, тэмдэг даруулсан байсан. Тэгэхээр нь би тухайн хүний өргөдлийг хүлээж аваад Б.О- гэж хүүхдийн нас барсны гэрчилгээг гаргаж өгсөн.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 33/,

 

-Гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өнөр салбар гэдэг эмнэлэг нь манай эмнэлэг мөн. Гэхдээ уг нас барсны гэрчилгээн дээр дарагдсан Өнөр салбар гэсэн тамга, тэмдэг нь манай эмнэлгийн тамга биш байна.

...уг гэрчилгээн дээр с-50 буюу хавдрын шалтгаанаар нас барсан гэсэн онош байна.

... нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээн дээр зөвхөн би тамга дарах ёстой. Өөр эмч, мэргэжилтэн уг гэрчилгээн дээр тамга тэмдэг дарахгүй. Тэгсэн байлаа ч уг гэрчилгээн дээр ийм гурвалжин тамга дарагддаггүй юм. Миний ашигладаг тамга дарагддаг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35/,

 

-Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээний хэвлэмэл хуудас /хавтаст хэргийн 37/,

 

-Гэрч Ж.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Ганчимэгийг танина. Ганчимэг бид 2 найз байсан юм. Ганчимэг намайг хоригдож байхад 1 удаа эргэлтээр ирж байсан.

...Ганчимэг нь Баянзүрх дүүргийн иргэний бүртгэлд ажиллаж байсан. 99115759 гэсэн утастай” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47/,

 

-Гэрч Т.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.А-, Ж.Бегзат гэх хүмүүсийг танихгүй.

...99146408 дугаарыг сүүлийн 15 жил ашиглаж байна. 99115759 гэсэн дугаар байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51/,

 

-Гэрч Г.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээг эмнэлгийн дүн бүртгэлээс өгдөг, өөр хаанаас ч өгдөггүй. Надад үзүүлсэн нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээн дээрх гарын үсэг минийх биш байна.

...гэрчилгээн дээр үхэлд хүргэсэн шалтгааныг С-50 гэдэг онош тавьж. Хөхний хавдар гэсэн онош байгаа юм. Харин HDF, DHA 3 Type гэдэг оношийг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55/,

 

-“...шинжлэгдэж байгаа нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээн дээрх гараар бичсэн бичлэгүүдэд дүгнэлт гаргаж өгөхөд харьцуулах шинжилгээнд ирүүлсэн загвар шинжилгээ хийх, дүгнэлт гаргах боломжгүй байна. Шинжлэгдэж байгаа нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээний зүүн доод хэсэгт дарагдсан гурвалжин хэлбэртэй тамгыг өнгөт хэвлэгч ашиглан хэвлэгдсэн байна. Шинжлэгдэж байгаа нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээг өсгөгч шил, D3400 маркын аппарат, дижитал микроскоп ашиглан харьцуулалт адилтгалын аргаар шинжлэн судалж үзэхэд уг гэрчилгээний будагч хэсэг цэгчилсэн толбо, туяарал илэрч байх тул дээрх нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ нь өнгөт хэвлэгч ашиглан хуулбарлан үйлдсэн байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 63-66/,

 

-Шүүгдэгч С.А-гийн эзэмшлийн 9923-9097 дугаарын 2020 оны 6-7 дугаар саруудын хэрэглээний жагсаалт /хавтаст хэргийн 73-76/,

 

-Шүүгдэгч С.А-гийн эзэмшлийн 9923-9097 дугаарын 2020 оны 6-7 дугаар саруудын хэрэглээний жагсаалтад үзлэг хийхэд 99115759 дугаартай холбогдсон яриа, бичсэн мессеж байхгүй байгааг тодорхойлсон үзлэгийн тэмдэглэл /хавтаст хэргийн 77/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч С.А- нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өөрийн төрсөн охин Ж.Бегзатын хүү 2017 онд төрсөн, 3 настай Б.О-ыг нас барсан тухай “нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ”-г хуурамчаар үйлдэж, тухайн гэрчилгээг хуурамч гэдгийг мэдсээр байж, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гарган өгч, 0000245891 дугаартай нас барсны гэрчилгээг гаргуулан авч, тухайн нас барсны гэрчилгээг Баянзүрх дүүргийн шүүхэд гарган өгч ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Учир нь гэрч Ж.Б-т нь мөрдөн байцаалтын шатанд “...би Ганчимэгийг танина. Ганчимэг бид 2 найз байсан юм. Ганчимэг намайг хоригдож байхад 1 удаа эргэлтээр ирж байсан. Тэгээд надад хэрэгтэй юм байвал хэлээрэй гэж хэлээд явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47/ өгсөн, мөн “...Ганчимэг нь миний ээжийн нэр хүнд, миний хүүг ашиглаж хуурамч бичиг баримт үйлдэж өгсөн байна.” гэх өргөдөл гаргаж байсан /хавтаст хэргийн 49/ боловч 409 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж буй Ж.Бегзат нь 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл нийт 6 удаагийн эргэлт, уулзалт авсан боловч Ганчимэг гэх хүнтэй эргэлт, уулзалт хийгээгүй болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/68 дугаартай албан тоот, хоригдол Ж.Бегзаттай уулзсан иргэдийн бүртгэлээр /хавтаст хэргийн 81-82/ тус тус нотлогдож байна.

 

Мөн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст Ганчимэг гэж ажилтан ажилладаг боловч тэрээр шүүгдэгч С.А- болон Ж.Бегзат нарыг танихгүй, 9911-5759 гэх утасны дугаар ашигладаггүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогджээ.

 

Шүүгдэгч С.А- нь “нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ”-ний хэвлэмэл хуудас манай гэрт, зээ хүү Б.О-ын эрүүл мэндийн дэвтрийн завсар байхаар нь авч, зээ хүү Б.О-ын Солонгос улсад эмчлүүлсэн өвчний түүхээс нь харж байгаад “нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ”-г бөглөж, оношийг нь тавиад нас барсны гэрчилгээ авсан гэж мэдүүлж байгаа боловч тухайн хэвлэмэл маягт, түүн дээр дарагдсан тамгыг өнгөт хэвлэл ашиглан хийсэн болох нь шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр /хавтаст хэргийн 63-66/ тус тус нотлогдож байна.

 

Шүүгдэгч С.А- нь өөрийн төрсөн охин Б.Б шүүхээс оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх зорилгоор нас барсны гэрчилгээ гаргуулж авахын тулд “нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ”-г хуурамчаар үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд тэрээр өөрийн хүсэл, зорилгыг биелүүлж, тухайн нас барсны гэрчилгээг Баянзүрх дүүргийн шүүхэд гаргаж өгсөн болох нь шүүгдэгч С.А-гийн Баянзүрх дүүргийн шүүхэд гаргаж өгсөн хүсэлт, хүсэлтэд хавсаргасан нас барсны гэрчилгээний хуулбараар /хавтаст хэргийн 24-25/ нотлогдож байна гэж үзлээ.

 

Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч С.А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.А- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн болон ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.А- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.

 

Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0000245891 дугаартай нас барсны гэрчилгээ 1 ширхэг, нас барсны бүртгэлийн маягт 1 ширхэг, 4501001727 дугаартай Б.О-ын төрсний гэрчилгээ 1 ширхэг, Б.О-ын төрсний гэрчилгээний хуулбар 1 ширхэг, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ 1 ширхэг зэргийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С.А-г хүний хувийн байдлыг тодруулсан баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч С.А-д үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0000245891 дугаартай нас барсны гэрчилгээ 1 ширхэг, нас барсны бүртгэлийн маягт 1 ширхэг, 4501001727 дугаартай Б.О-ын төрсний гэрчилгээ 1 ширхэг, Б.О-ын төрсний гэрчилгээний хуулбар 1 ширхэг, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ 1 ширхэг зэргийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Я.ТУУЛ