Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/01865

 

М.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/01072 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1664 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч М.Э-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Т” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Пүрэвсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорчимэг, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Т” ХХК-тай хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулж, Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын захирлаар ажиллаж байсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж ажлаас халах мэдээлэл өгч, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гүйцэтгэх захирлын Б/300 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн.

Ажлаас халсан тушаалын үндэслэлээ Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэрээр Тны удирдлага зохион байгуулалтын бүтэц шинэчлэгдэн батлагдаж, Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын захирлын албан тушаалын орон тоо хасагдсан гэж тайлбарласан. Гэтэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан газрын нэр шинэ бүтцээр Бүтээгдэхүүн хөгжил, маркетингийн газар болж нэг үгээр л солигдсон бөгөөд хэрэгжүүлэх чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байна.

Иймд Тны гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/300 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

М.Э нь Тны бүтцийг шинэчлэн батлах тухай 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 тоот тогтоолоор батлагдсан бүтцийн дагуу томилогдож, Тэргүүн орлогч захирлын харьяанд Бүтээгдэхүүн хариуцсан захиралд ажлаа тайлагнан, Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын захирлын албан тушаалтайгаар Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгааны хэлтэс, Маркетингийн хэлтэс, Даатгалын алба, Харилцагчийн үйлчилгээ, мэдээллийн албыг нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор шинэчлэн батлагдсан банкны зохион байгуулалтын бүтцэд нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын захирал гэх албан тушаал хасагдсан.

“Т” ХХК нь 100 хувь төрийн өмчит банк бөгөөд хувьцаа эзэмшигчийн төлөөллийг хэрэгжүүлж буй Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 382 дугаартай тушаалаар Тны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг шинээр томилсон. Улмаар Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09 тоот тогтоолоор Тны Гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томилсон. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 тоот тогтоолоор шинэчлэн батлагдсан зохион байгуулалтын бүтцээр үгүй болсон ажил, албан тушаалд ажиллаж байсан захирлуудыг ажлаас чөлөөлөх зөвшөөрлийг гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнд олгосон байдаг. Энэ нь Тны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.3.17 дахь заалт болон дотоод журамд зааснаар газрын захирлыг оролцуулаад түүнээс дээш албан тушаалтныг томилох чөлөөлөх асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл өгдөг процессийн дагуу явагдсан. Дээрх тогтоол болон банкны шинэчлэн батлагдсан зохион байгуулалтын бүтцийн дагуу гүйцэтгэх захирал өөрийн эрх хэмжээний хүрээнд банкны орон тоог 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/12 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан бөгөөд батлагдсан бүтэц, орон тоогоор нэхэмжлэгч М.Э-ын эрхэлж байсан Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын захирал гэх ажил албан тушаалын ажлын байр үгүй болж орон тоо хасагдсан болно.

Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын захирлаар ажиллаж байсан М.Э-т мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу мэдэгдэж 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Мэдэгдэл гардуулж, хүлээн авсан гэсэн хэсэгт гарын үсэг зурсан байдаг бөгөөд энэ талаар тэмдэглэл үйлдсэн. Хуульд заасны дагуу мэдэгдэлд заасан 1 сарын хугацаа дуусгавар болсноор Тны Хүний нөөцийн хорооны 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 11 тоот хурлын шийдвэр болон гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/300 тоот тушаалаар Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын захирлын албан тушаалд ажиллаж байсан М.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн цуцалсан. Хөдөлмөрийн гэрээ цуцлагдсантай холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу М.Э-т 3 сарын үндсэн цалинтай тэнцэх 14 700 000 төгрөгийн тэтгэмжийг мэдэгдлийн хугацаан дахь цалингийн хамт тооцож олгосон.

Иймд М.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/01072 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Э-ыг урьд эрхэлж байсан ажил буюу “Т” ХХК-ийн Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын захирлын ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Э нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч “Т” ХХК-аас 70 200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1664 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/01072 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Дээрх М.Э-ын Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахтай холбоотой бүхий л асуудалд банк Хөдөлмөрийн тухай хуулийг мөрдлөг болгон хэрэгжүүлж ажилласан болно.

Анхан шатны шүүх нь Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын захирлын хэрэгжүүлж байсан чиг үүргийг одоо Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийн газрын захирал хэрэгжүүлж байгаа гэсэн дүгнэлтийг нотлох баримтгүйгээр зөвхөн бүтцийн зургийг харж дүгнэсэн. М.Э-ын эрхэлж байсан албан тушаал буюу Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын захирал нь Тны бүтцийг шинэчлэн батлах тухай 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 118 тоот тогтоолоор Тэргүүн орлогч захирлын харьяанд Бүтээгдэхүүн хариуцсан захиралд ажлаа тайлагнан, Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын захирлын албан тушаалтайгаар “Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгааны хэлтэс”, “Маркетингийн хэлтэс”, “Даатгалын алба”, “Харилцагчийн үйлчилгээ, мэдээллийн алба”-ыг нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байсан бөгөөд харьяа хэлтэс, албад нь тус бүртээ захиралтай байсан. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор шинэчлэн батлагдсан банкны зохион байгуулалтын бүтцээр Бутээгдэхүүн хөгжил, судалгааны газрын захирал гэсэн орон тоо хасагдсан. Харин 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор шинэчлэн батлагдсан банкны зохион байгуулалтын бүтцээр Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийн газрыг шинээр бий болгосон бөгөөд Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийн газар нь Гүйцэтгэх захирлын харьяанд Бизнес хариуцсан дэд захиралд ажлаа тайлагнан, “Сурталчилгаа, идэвхжүүлэлтийн алба”, “Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгааны хэлтэс”, “Даатгалын алба”, “Харилцагчийн үйлчилгээний алба”-ыг нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байсан бөгөөд харьяа хэлтэс, албад нь захиралгүй үйл ажиллагаа хэрэгжүүлж ажиллаж байгаа.

Дээрхээс үзэхэд удирдлагын босоо шатлал, харьяа хэлтэс, албадын хэрэгжүүлж буй үйл ажиллагаа зэрэг нь өөр байхад анхан шатны шүүх “бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.” гэсэн дүгнэлт хийсэнд, мөн давж заалдах шатны шүүх буруу дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийг шийдвэр, магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчийн хоорондох эрх зүйн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч М.Э нь Тны гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/300 тоот тушаалыг хүчингүй болгуулж, Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын захирлаар ажилд нь эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэрээр Тны удирдлага зохион байгуулалтын бүтэц шинэчлэгдэн батлагдаж, Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газрын захирлын албан тушаалын орон тоо хасагдсан гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт өгч, нэхэмжлэлийг хангажээ.

“Т” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 38 дугаар тогтоолоор батлагдсан бүтцээр тус банкны Бүтээгдэхүүн хөгжил, судалгааны газар нь бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгааны хэлтэс, маркетингийн хэлтэс, даатгалын алба, харилцагчийн үйлчилгээний алба гэсэн 4 хэсгээс бүрдэж байсныг Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолоор өөрчилж, шинэчлэн батлагдсан бүтцээр Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетингийн газар нь бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгааны хэлтэс, сурталчилгаа, идэвхижүүлэлтийн алба, даатгалын алба, харилцагчийн үйлчилгээний алба гэсэн 4 хэлтэстэй болсон байна.

Энэхүү бүтцийн өөрчлөлтөөр “Т” ХХК-ийн нэгж газрын нэр өөрчлөгдсөнөөс нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан ажлын байр цөөрч, орон тоо нь хасагдаагүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/01072 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1664 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

 ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН