Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 845

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Б овгийн Ц-ийн Н /РД: 

Хариуцагч: НЗД,

Нэхэмжлэлийн шаардлага: “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах” тухай. 

Нэхэмжлэлийн үндэслэл: Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргаж өгсөн бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын төлбөрийг төлсөн тухай баримт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт зэргийг хавсаргаж өгсөн, 37.2-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. 

Ц.Н******* миний нөхөр талийгаач П.Э******* нь 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн газрын албанаас зохион байгуулсан газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаанд оролцон ялагч болсон тул Нийслэлийн Засаг даргын 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар газар эзэмших эрх олгох тухай захирамжаар Б******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх орон сууцны 19, 20 дугаар байрны хооронд байршуулан дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх гаражийн зориулалтаар 0,12 га газрыг эзэмших эрхийг 15 жилийн хугацаатайгаар олгосон юм.

 Миний нөхөр дээрх ажлын барилгын зураг гарган төлөвлөж холбогдох зөвшөөрлүүдийг авсан байсан бөгөөд 2012 онд өвчний улмаас нас барсан. 2013 онд өвлөх эрхийн дагуу газар эзэмших эрх нь миний нэр дээр шилжиж ирсэн. 

Эзэмших эрхээ тухай бүр сунгуулан, дээрх жилүүдийн газрын төлбөрийг хийж байсан бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр сунгалт нь дуусах байсан тул Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтээ миний бие 2018 оны 03 сард гаргасан бөгөөд албан бичгийн хариуг Нийслэлийн Газрын албанаас эзэмших эрх, эрхийн гэрчилгээг сунгах боломжгүй тухай 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн *******6 тоот албан бичгээр хариу өгснийг 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шуудангаар хүлээн авсан. 

Уг албан бичигт “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу уг газрыг 2 жилээс дээш хугацаанд ашиглаагүйгээс Газрын тухай хуулийн 40.1.6-д заасны дагуу газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн байна” гэжээ. 

Миний бие Газрын тухай хуульд заасан 37.1 дэх хэсэгт заасан хуулийн хугацаандаа газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтээ хуульд заасан холбогдох баримтын хамт хавсаргаж өгсөөр байтал НЗД миний газар эзэмших эрхийн гэрчилгээг байрны хүмүүсээс гомдол ирсэн гэх шалтгаанаар хүчингүй болох заалтыг үндэслэж сунгахаас татгалзаж байгаа нь хууль бус байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасан захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэн, Нийслэлийн Засаг даргын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг НЗДд даалгаж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нөхөр П.Э******* 2007 онд дуудлага худалдаагаар Б******* дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороололд, 19, 20 дугаар байрны дунд байрлах газар доороо гарааштай, дээрээ хүүхдийн тоглоомын талбай барих эрхийг 15 жилийн хугацаатайгаар ялагч болж 45 сая төгрөг төлж аваад жил бүр газрын төлбөр төлж байсан. 2012 онд П.Э******* өвчний улмаас нас барж, 2013 онд нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжсэн. Нэхэмжлэгч 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр газар эзэмших хугацаа дуусахаас сарын өмнө Газрын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтийг, газрын төлбөр төлсөн баримттай хамт өгсөн. Газрын гэрчилгээ сунгах боломжгүй хүчингүй болгох нөхцөл бүрдсэн гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй тухай 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Газрын албанаас албан бичиг ирүүлсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг баримтлан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тус газрыг гэрээнд заасан нөхцөл, зориулалтаар ашиглаагүй байна” гэж дурдсан байсан. Бидэнд эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаан байсан. Тухайн газрыг зориулалтын дагуу ашиглахаар тоног төхөөрөмж худалдаж аван, хөрөнгө оруулалт хийж, тоглоомын талбай, гараашийн эскиз зургийг хийлгэсэн тухай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. 54 автомашины гарааш бариулахаар төлөвлөсөн. 2017 онд хүүхдийн тоглоомын талбай болон авто машины гараашийн жишгийг судлан, хуулийн байгууллагаас зөвлөгөө аван, хамтран ажиллах гэрээний төслийг боловсруулж, нэг компанид санал хүргүүлсэн зэргээр газраа ашиглахаар тодорхой ажил хийж байсан.

Нэхэмжлэгч Газрын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтээ өгсний дараа Газрын албаны дарга н.Н*******тай уулзаж өөрийн эрүүл мэндийн шалтгааныг хэлэхэд “...иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах боломжгүй” гэсэн хариуг өгсөн байдаг. Ямар хүнээс гомдол гаргасныг судлахад 6 дугаар хороо 19, 20 дугаар байранд амьдардаг н.Уртнасан гэж хүнээс удаа дараа гомдол ирсэн байсан. Тухайн иргэний гомдол дээр “...Энэ газар дээр барилга, байгууламж барихыг эсэргүүцэж байна. Тухайн талбайг хүүхдийн тоглоомын талбай хэвээр хадгалмаар байна” гэсэн байдаг. 

Мөн н.Баярхүү даргатай уулзахад “...Та газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах өргөдлөө өгсөн байна. Та архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулж авсан уу? Холбогдох байгууллагатай очиж уулзах нь зүйтэй” гэсэн хариуг өгсний дагуу барилгын эскиз зургаа батлуулахаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт 2018 оны 6 дугаар сард очиж уулзахад “...Таны газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгагдах шатанд явж байна. Хэрэв таны газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгагдах юм бол таны архитектур төлөвлөлтийн даалгаврыг хуралдаанаар хэлэлцэж, батлахад татгалзах зүйлгүй” гэдэг хариу өгсөн байсан.

Өөрөө хөрөнгө зарцуулж хүүхдийн тоглоомын талбай барина. Санхүүгийн боломж байгаа. Нөхрийнх нь худалдаж авсан экскаватор хэвийн ажиллаж байгаа.  Эскиз зургаа хийлгэсэн, зургийн дагуу тоглоомын талбай, авто машины гарааш барина. 

Нэхэмжлэгчийн нөхөр тухайн эксковаторыг 2012 оны 4 сард Бүгд Найрамдах Солонгос Улсаас захиалсан боловч гаалийн хилээр 4 дүгээр сарын 30-ны өдөр орж ирэхдээ мотор нь эвдэрсэн байсан. Тус эксковаторт засвар хийхээр барилгын хашаанд буулгаснаас 10 гаран хоногийн дараа нас барсан байдаг. Энэ жил 2 эксковатор нэмж оруулж ирсэн. Нэхэмжлэгч тус ажлыг эхлүүлэхийн тулд тодорхой хэмжээний хөрөнгө, мөнгө зарсан. Нэгэнт амьдрал нь тус газартай холбогдсон бөгөөд нөхрийнхөө хийж эхэлсэн зүйлийг үргэлжлүүлье, үр шимийг нь хүртье гэсэн зорилготой байгаа.” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Иргэн Ц.Н-ийн гаргасан Нийслэлийн Засаг даргын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 

Иргэн Ц.Н нь Б******* дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18639310194871 дугаартай газрыг анх 2007 оны ******* дугаар захирамжаар эзэмших эрхтэй болсон ба 2016 оны ******* дугаар захирамжаар хүүхдийн тоглоомын талбай бүхий иж бүрэн тохижилттой газар доорх гараж барих зориулалтаар 2 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийн гэрчилгээг авсан байна. 

Иргэн Ц.Н-ийн газар эзэмших эрхийн хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дуусгавар болсон байна. Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзэн иргэн Ц.Н-ийн хугацаа сунгах хүсэлтийг эс зөвшөөрч шийдвэрлэсэн юм. Тус газрын эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй талаар 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн *******6 тоот албан бичгээр иргэн Ц.Н-д мэдэгдлийг хүргүүлсэн. Иймд дээрх үндэслэлээр иргэн Ц.Н-ийн гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 2 жилийн хугацаанд тодорхой шалтгаанаар газрыг зориулалтын дагуу ашиглаж чадаагүй гэсэн баримт байдаг. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгаад, зураг төслийн дагуу барилгын ажил хийгдсэний дараа газартай холбогдуулан өргөдөл өгсөн иргэний эрх ашиг хөндөгдөхгүй байх гэж бодож байна. Бодит байдал дээр нэхэмжлэгч Нийслэлийн Газрын албанд удаа дараа ирж, албаны дарга болон орлогч даргатай нартай уулзсан байдаг. Уулзахдаа дарга нарт “...би өвчний улмаас тус газрыг зориулалтын дагуу ашиглаж чадахгүй байсан. Одоо миний бие дээрдсэн учир Газрын албанаас газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан тохиолдолд зориулалтын дагуу ашиглана” гэж тайлбарладаг. Манай байгууллагаас албан ёсоор хүчингүй болгуулах тухай захирамж гараагүй. Холбогдох материалаа цуглуулан материалаа авч ирэх юм бол сунгах боломжтой гэж хариу өгсөн боловч нэхэмжлэгч шүүхэд хандсан. Одоо тухайн материалууд нотлох баримтын шаардлага хангасан байдлаар ирсэн, мөн нэхэмжлэгч өөрөө газрыг зориулалтын дагуу ашиглана гэж тайлбарласан учир газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахад татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгч зориулалтын дагуу нийтэд ашигтай байдлаар хүүхдийн тоглоомын талбай, гарааш барьж ашиглахыг хүсч байна. Хэрэв дахин 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд Нийслэлийн Засаг даргын зүгээс газар эзэмших эрхийн гэрчилгээг дахин сунгах боломжгүй гэж үзэж байна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н нь “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг НЗДд даалгуулах”-аар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2006 оны 537 дугаар захирамжаар таван байршилд дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий иж бүрэн тохижилттой газар доорх гараашийн зориулалтаар газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдааг зарлаж, 5.260.000 төгрөгийн анхны дуудах үнэ бүхий уг дуудлага худалдаанд иргэн П.Э******* дэнчин болон дуудлага худалдааны үнэ 44.948.000 /дөчин дөрвөн сая есөн зуун дөчин найман мянган/ төгрөг төлж оролцон Б******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 19, 20 дугаар байрны хооронд байршуулан 1200 м.кв газрыг эзэмших эрхийн ялагч болж, Нийслэлийн Газрын албанаас түүнтэй 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуудлага худалдаанд ялагчтай байгуулах гэрээ байгуулан, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар захирамжаар түүнд уг газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэн, 2007 оны 4 дүгээр сарын 21-нд газар эзэмших эрхийн 0066283 дугаартай гэрчилгээг 5 жилийн хугацаагаар олгож, гэрээ байгуулжээ. 

Газар эзэмшигч иргэн П.Э******* 2012 онд өвчний учир нас барснаар түүний хууль ёсны өв залгамжлагч болох эхнэр Ц.Н-д нийслэлийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А/7******* дугаар захирамжаар уг газрыг эзэмших эрхийг 2 жилийн хугацаатайгаар шилжүүлэн эзэмшүүлж, 2013 оны 8 дугаар сарын 31-ний өдөр газар эзэмших эрхийн 000468698 дугаартай гэрчилгээ олгон, гэрээ байгуулж, улмаар нийслэлийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 2 жилээр сунгаж, 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 000623070 дугаартай гэрчилгээ олгон, гэрээ байгуулжээ.  

Газар эзэмшигч Ц.Н*******ээс нийслэлийн Газрын албанд хандан 2018 оны  4 дүгээр сарын 17-ны өдөр Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар газар эзэмших эрх олгосон захирамж, гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, газрын төлбөр төлсөн баримт зэргийг хавсарган газар эзэмших эрхийн хугацаа сунгуулахаар хүсэлтээ гаргасан байх боловч Засаг дарга мөн зүйлийн 37.2-т зааснаар 15 хоногийн дотор газар эзэмших эрхийн хугацаа сунгасан эсэхийг шийдвэрлээгүй, улмаар 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр нийслэлийн Газрын албанаас *******6 тоотоор “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг судалж үзээд ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаанд ашиглаагүйгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн.” ... гээд холбогдох тайлбар, санал гаргах, баримт ирүүлэх товыг буюу сонсох ажиллагааны товыг мэдэгджээ. 

Анх дуудлага худалдаагаар эзэмших эрх олгосон газрын байршил, хэмжээ өөрчлөгдөөгүй ба газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18639310194871 дугаарт бүртгэгдсэн 1200 м.кв газарт ямарваа барилга байгууламж баригдаагүй, тохижилт хийгдээгүй нь шүүхээс тухайн газарт хийгдсэн үзлэгээс тогтоогдож байх бөгөөд инженерийн шугам сүлжээн дээр байршаагүй нь хариуцагчаас ирүүлсэн агаарын зургаас тогтоогдож байна. 

Газрын албанаас ирүүлсэн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар нэхэмжлэгч нь газрын төлбөр төлсөн, төлбөрийн үлдэгдэл тооцоогүй байна. 

Харин нэхэмжлэгч 2007 онд дуудлага худалдаагаар авсан “дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий иж бүрэн тохижилттой газар доорх гарааш”-ийн зориулалтаар тухайн газраа ашиглаагүй байна. 

Гэвч ийнхүү газраа зориулалтын дагуу ашиглаагүй буюу дээрээ тоглоомын талбай бүхий газар доорх гарааш барьж байгуулаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхээр байна. Тухайлбал, нэхэмжлэгчийн нөхөр өвчний учир нас барсан, улмаар тэрээр өвчний учир байнгын эмчийн хяналтад эмчлүүлж байсан нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тодорхойлолт, өвчний түүх, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн архивын лавлагаа, өвчний түүх зэргээр,  эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглахад урьдач нөхцөл бүрдүүлэхээр техник тоног төхөөрөмж худалдан авч байсан нь гаалийн хилээр нэвтрүүлсэн барааны мэдүүлэг, худалдан авалтын санхүүгийн баримтууд, тээврийн хэрэгслийн бүртгэлээр, 2007 онд холбогдох техникийн нөхцөлүүдийг эрх бүхий этгээдээс авсан байршлын зураг, 2015 онд хийлгэсэн барилга байгууламжийн эскиз зураг зэргээр тогтоогдож байна. 

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” үндэслэл болохоор заасан тул ийнхүү хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, улмаар энэ үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзах нөхцөл болохгүй юм. 

Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх баримтуудаа газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтдээ гаргаж өгөөгүйгээс газраа зориулалтын дагуу хуулиар тогтоосон хугацаанд ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байсан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаад хэрэгт авагдсан баримтуудаар ийнхүү ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг хүлээн зөвшөөрсөн болно. 

Түүнчлэн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгагдсан тохиолдолд тухайн газарт баригдах тоглоомын талбай, гараашийн байгууламжийн эскиз зураг,  архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой талаар Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газар 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/4943 тоотоор мэдэгджээ.

Б******* дүүргийн 6 дугаар хорооны 20 дугаар байрны иргэн Н.Уртнасангаас НЗДд хандан 2018 оны 4 дүгээр сарын 18, 6 дугаар сарын 27, 8 дугаар сарын 13, 8 дугаар сарын 23-ны өдрүүдэд нэхэмжлэгчийн газрын эзэмших эрхийн талаар өргөдөл гаргаж, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 03/2629, 8 дугаар сарын 22-ны өдөр 03/3297 тоотоор тус тус хариу өгсөн байх бөгөөд тухайн иргэний өргөдлийн “уг талбайг хүүхдийн тоглоомын  зориулалтаар нийтийн эдэлбэрт үлдээх, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд тоглох эрхийг зөрчихгүй байх, тоглоомын талбайд тохижилт хийх” талаарх агуулгаас үзвэл иргэн Ц.Н-д газар эзэмшүүлсэн зориулалт, тухайн иргэний өргөдлийн агуулгатай зөрчилдөхгүй, хариуцагч тухайн иргэнээс өргөдөл гаргасныг газар эзэмших эрхийн хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйн шууд үндэслэл болгоогүй тул энэ хэрэгт эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх гуравдагч этгээд гэж үзээгүй болно.

Иймд Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг 37.2-т заасан 15 хоногийн хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүйг дээрх үндэслэлээр хууль бус гэж үзэж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д заасан газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашиглаагүй хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх баримтаа хариуцагч захиргааны байгууллагад гаргаж өгөөгүйгээс газар эзэмших эрхийн хугацаа сунгах эсэх асуудлыг шийдвэрлээгүй байсан тул, өөрөөр хэлбэл хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг шууд хууль бус гэж дүгнэхээргүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлээгүй болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Д.ХАЛИУНА