Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2022/0756

 

 

Б.Б-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Ж.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, өмгөөлөгч М.Г, М.М

Нэхэмжлэлийн шаардлага: Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаар захирамжийн хавсралтын Б.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, Б.Б-ны газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 29

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, М.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 158/2022/0020/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Б.Б-аас Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргад холбогдуулан “Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаар захирамжийн хавсралтын Б.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, Б.Б-ны газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгуулах”-аар маргасан байна.

            2. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 47 дугаар зүйлийн 47.1.6, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ны Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаартай захирамжийн хавсралтын Б.Б-д холбогдох хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоох” шаардлагыг хангаж, үлдэх “Б.Б-ны газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг хариуцагчид даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн Булган аймгийн Сэлэнгэ Сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаар “Газрын эрх шилжүүлэх тухай” захирамжийн хавсралтын Б.Б гэсэн хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох гэсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Харин Б.Б-ны газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг Сэлэнгэ сумын Засаг даргад даалгах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж дараах байдлаар гомдол гаргаж байна.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 12-т “...Дээрх захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ нь нэхэмжлэгч Б.Б-ныг тухайн газрыг эзэмших эрхтэйг нотлох баримт ба захиргааны байгууллагаас газар эзэмшигчтэй байгуулах гэрээг хийх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл биш байх тул түүнийг “газар эзэмших эрхгүй этгээд” гэж үзэхгүй.

21-д “Нэхэмжлэгч Б-ны газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дууссан байх ба нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулахаар хариуцагчид 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өргөдөл гаргасан байна. Тус өргөдөлд “газар эзэмших эрхийн хугацаа дууссан тул сунгаж өгөхийг хүссэн хүсэлтийг 2019 оны 04 дүгээр сард гаргасан боловч одоог хүртэл шийдэж өгөөгүй учир шийдвэрлэж өгнө үү” гэснээс харахад нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар хариуцагчид 2019 онд хандсан гэж үзэхээр байна. Дээрх 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өргөдлийг хариуцагч хүлээн аваад 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1/170 дугаартай албан бичгээр “...өргөдөлд дурдагдсан газрууд нь “Х” ХХК-тай хоорондын маргаантай байгаа тул маргаан шийдвэрлэгдэж дуустал сунгах боломжгүй гэх хариуг өгсөн байна” гэж дүгнэсэн атлаа эдгээр дүгнэлтүүдээ үгүйсгэсэн.

22-т Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.1, 37.1.2, 37.1.3, 37.2 дахь заалтуудыг дурдаад ... 23-д. “Нэхэмжлэгч нь хариуцагчид хандан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлтийг гаргахдаа дээрх Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-37.1.3-д заасан баримтыг хавсаргасан талаар нэхэмжлэлд дурдаагүй, холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй учраас шүүх хариуцагчийн эс үйлдэхүй байгаа эсэхэд дүгнэлт хийх боломжгүй ба хариуцагчийг “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх” хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

24-д Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д “Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ” гэж заасны дагуу сумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах асуудлыг бие даан шийдвэрлэхээр хуульд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах асуудлыг бие даан шийдвэрлэхээр хуульд тусгайлан эрх олгосон байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах эсэх асуудлыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй. Хуулиар тусгайлан эрх олгосон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд шүүх хөндлөнгөөс оролцон хуулиар нэхэмжлэгчид тавигдсан шаардлагыг хангасан эсэх тодорхойгүй байхад захиргааны байгууллагад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэрийг даалгах үндэслэлгүй юм.

25-д Иймд “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас “Б.Б-ны газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Сэлэнгэ сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Б.Б-ны 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ сумын Засаг даргад Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг хүссэн өргөдөлдөө “Газар эзэмших эрхийн хугацаа дууссан тул сунгаж өгөхийг хүссэн хүсэлтийг 2019 оны 04 дүгээр сард гаргасан боловч одоог хүртэл шийдэж өгөөгүй учир шийдвэрлэж өгнө үү” гэсэн ба өргөдлийг 2019 оны 04 дүгээр сард өгсөн гэдгийг хариуцагч үгүйсгээгүй.

Дээрх өргөдлийг хүлээж аваад 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1/170 дугаартай албан бичгээр “...Б-ны өргөдөлд дурдагдсан газрууд нь “Х” ХХК-тай хоорондын маргаантай байгаа тул маргаан шийдвэрлэгдэж дуустал сунгах боломжгүй” гэх хариуг өгсөн нь, мөн Б.Б-ны өргөдлийг хүлээж авсан бүртгэл хяналтын картад “2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаар захирамжаар дээрх газрууд “Х” ХХК-ийн мэдэлд шилжсэн тул шийдвэрлэх боломжгүй” гэсэн нь, мөн маргаантай байгаа тул шийдвэрлэх боломжгүй гэсэн нь Сэлэнгэ сумын Засаг даргын Б.Б-ны Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхүй байгаа болох нь харагдаж байна.

Б.Б нь 2019 оны 04 дүгээр сард ТЭДСангаас зээл хүсэх өргөдөл гаргахдаа хугацаа сунгах өргөдөл өгсөн гэдгээ анхнаасаа дурдсаар байсан бөгөөд захиргааны байгууллагын хугацаа сунгахгүй байгаад байсан нь хариуцагчийн өөрийнх нь “нэгдсэн журмаар хугацааг сунгана, газар эзэмших эрх чинь хэвээр байгаа” гэдгийг Б.Б-нд итгүүлж байсан хууль бус үйлдэлтэй холбоотой болох нь харагддаг. Энэ нь захиргааны байгууллагын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Б.Б-ныг газар эзэмших эрхийн 2 гэрчилгээгээ барьцаалан ТЭДСангаас зээл авахыг хүртэл зөвшөөрч барьцаанд тавиулж байсан гэх үйлдлээр нотлогддог.

Барьцаанд тавихыг зөвшөөрсөн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан Б.Б-ны Газар эзэмших эрхийн гэрчилгээ /№0087624, №0087623/-нүүд дэх “ТЭДСан 2019 оны 04 дүгээр сарын 15-2019 оны 11 дүгээр сарын 25 хүртэл барьцаалав Г.М” гэсэн гарын үсэг тамга тэмдэг бүхий бичиглэлээр нотлогддог.

Б.Б-ны тухайд газраа өөр этгээдэд шилжсэнийг 2022 оны 04 дүгээр сард газар эзэмших эрхээ цахим санд бүртгүүлэхээр хандахдаа мэддэг. /Нэхэмжлэлдээ тайлбарласан/ Ийнхүү Захиргааны байгууллага Б.Б-ны газар эзэмших эрхийг 2012 онд “Х” ХХК-д шилжүүлснээ 2012 оноос 2022 он хүртэл нуун дарагдуулсан хууль бус үйлдэл гаргасан, ийнхүү хууль бус үйлдлийнхээ улмаас Б.Б-ны газар эзэмших эрхийг нь сунгахгүй байсан эс үйлдэхүй байсаар байхад анхан шатны шүүх “...хариуцагчийн эс үйлдэхүй байгаа эсэхэд дүгнэлт хийх боломжгүй ба хариуцагчийг ...газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх, хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д захиргааны байгууллага болох Сэлэнгэ сумын Засаг даргын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах асуудлыг бие даан шийдвэрлэхээр хуульд тусгайлан олгосон эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа ажиллагааны улмаас иргэний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөөр байхад үүнийг шийдвэрлэх эрх бүхий шүүхийн байгууллага нь “...Хуулиар тусгайлан эрх олгосон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд шүүх хөндлөнгөөс оролцон хуулиар нэхэмжлэгчид тавигдсан шаардлагыг хангасан эсэх тодорхойгүй байхад захиргааны байгууллагад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэрийг даалгах үндэслэлгүй юм” гэж дүгнээд байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Шүүх эрх мэдлийг хуулийн дагуу байгуулагдсан шүүх хэрэгжүүлнэ”, 5.2-т “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах...” гэсэн хуулийн заалттай зөрчилдөж шүүгч захиргааны байгууллагын хараат байгаа мэт байдал ажиглагдаж байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдаж байна гэж үзэж байна.

Иймд Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн “...үлдэх Б.Б-ны газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг Сэлэнгэ сумын Засаг даргад даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг өөрчилж Б.Б-ны газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг Сэлэнгэ сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

            4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            Газрын тухай хууль /2002 оны/-иар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг хуульчилсан ба уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, 27.3-д “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж тус тус заажээ.

Гэтэл уг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Б.Б нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй байгаа нь газар эзэмших эрх үүсээгүй байна. Хэрэгт авагдсан 2006 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь дангаар газар эзэмших эрх хуульд зааснаар үүсээгүй. Газар эзэмшүүлэх гэрээ байгуулах асуудлаар нэхэмжлэгч Б.Б нь хариуцагчид хандаж байгаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тохиолдолд хариуцагчийг газар эзэмшүүлэх гэрээг байгуулах үүргээ биелүүлээгүй гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д зааснаар нэгж талбар үүсгэх, улмаар нэгж талбарын дугаар бүрт гэрчилгээ олгох тухай заасан. Гэтэл нэгж талбарын дугаар, нэхэмжлэгчийн эзэмшиж буй гэх газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдэд алинд ч нэгж талбарын дугаар байхгүй, авагдаагүй байгаа нь түүнд газар эзэмших эрх үүсээгүйг нотолж байна. Газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаар газрыг эзэмших эрх үүсэхээс гадна газрыг хэрхэн ашиглах, төлбөр төлөх зэрэг бүхий л эрх, үүргийг гэрээ байгуулсан талуудад үүсгэдэг тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, нотлох баримтыг бүрэн бүрдүүлээгүй байна.

Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээний төрлийг хуульчилсан. Ингэхдээ гэр бүлийн хамтын хэрэгцээний, төрийн байгууллагын, аж ахуйн нэгж байгууллагын гэж ангилжээ. Гэтэл нэхэмжлэгч Б.Б-ны эрх нь зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргаад буй газрын гэрчилгээнд дээрх 3 төрлийн гэрчилгээний аль төрлөөр нь газар эзэмшүүлсэн нь ойлгомжгүй тодорхойгүй, хуульд зааснаар шаардлага хангахгүй байна. Иймээс түүнд газар эзэмших эрх хуульд заасны дагуу үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд газар эзэмших тухай хүсэлтийг хуульчилсан ба энэ хэрэгт нэхэмжлэгч газар эзэмших тухай хүсэлт гаргаж байсан нэг ч нотлох баримт авагдаагүй байна.

Цаашилбал Монгол Улсын иргэний газар эзэмших хүсэлтийг хүлээн авсны дараа газар эзэмшүүлэх шийдвэр гаргах тухай Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд маш тодорхой заасан. Гэтэл нэхэмжлэгч Б.Б нь газар эзэмших хүсэлт гаргаагүйгээс гадна, түүнд газар эзэмшүүлсэн шийдвэр байхгүй, эсхүл шүүх хэрэгт аваагүй байна. Тодруулбал хэрэгт нотлох баримтаар авагдсан нэгж талбарын дугааргүй Б.Б-ны гэх гэрчилгээнээс үзвэл 2004 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Засаг даргын 52 дугаартай шийдвэрийг үндэслэн гэж заасан уг шийдвэр нь хэргийн 8 дахь тал, 67 дахь талд авагдсан.

Гэтэл уг Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 52 дугаартай захирамжид Б.Б-ны нэр огт байхгүй ба түүний хавсралт байхгүй тухай Булган аймгийн Архивын тасгийн дарга Д.Б шүүхэд хандаж 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 75 дугаартай албан бичгээр хариу өгчээ. Үүнээс үзвэл нэхэмжлэгч Б.Б-нд газар эзэмшүүлсэн шийдвэр байхгүй, түүнд газар эзэмшүүлсэн шийдвэргүйгээр гэрчилгээ олгосон, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан төрийн албан хаагчдын үйлдэл байхад үүнийг шүүхээс анхааралгүй, газар эзэмшүүлсэн шийдвэр гарсан мэтээр дүгнэж Газрын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино" гэж заасан ба энэ тохиолдолд захиргааны байгууллага, албан тушаалтнаас нэхэмжлэгчийн субьектив эрхийг зөрчсөн байхыг шаардах ба Б.Б-ны эрхийг зөрчсөн эсэхийг тогтоох учиртай. Тодруулбал Б.Б нь газар эзэмших эрх нь хуульд заасны дагуу үүссэн эсэхийг шалгасны үндсэн дээр тухайн иргэний эрхийг шүүхээс сэргээх ёстой гэж үзнэ.

Гэтэл газар эзэмших шийдвэргүй, газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй, газрын төлбөр нэг ч удаа төлж байгаагүй, газар эзэмших гэрчилгээ нь нэгж талбарын дугааргүй, нэгж талбар үүсээгүй байхад шүүхээс ийнхүү нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн мэтээр дүгнэж улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж байгаа нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь газар эзэмших гэрээ байгуулаагүй, гэрчилгээ нь нэгж талбарын дугааргүй болох нь хэрэгт авагдсан, шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ба түүний гэрчилгээнд заасан газар нь “Х” ХХК-ийн эзэмшиж буй газартай давхацсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь газрын кадастрын зураг огт хийлгэж байгаагүй, бодит байдал дээр газар эзэмшиж байгаагүй, эзэмшил газраа хаана байгааг ч мэдэхгүй, шүүхээр үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасаар байхад ийнхүү Сэлэнгэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаартай захирамжийг 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хурлаас баталсан 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж буй Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоосон нь хуульд нийцэхгүй байна.

Хэрэв иргэн Б.Б-нд газар эзэмшүүлсэн шийдвэр байгаа юм бол тухайн нотлох баримтыг хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авсны үндсэн дээр тухайн газар нь хаана байгааг тогтоох, улмаар газар эзэмших эрх Газрын тухай хуульд заасны дагуу үүссэн эсэхийг шалгаж байж Б.Б-ны нэхэмжлэлийг хүлээн авах эсэх, улмаар шүүх хуралдаанаар хэлэлцэх эсэх, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, хангах, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох зэрэг шийдвэр, захирамжийн аль нэгийг гаргах учиртай. Тодруулбал уг хэрэгт бүрдүүлж, цуглуулсан нотлох баримтад үндэслэн дүгнэвэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаартай захирамжаар зөрчөөгүй, хөндөөгүй, халдаагүй нь хангалттай тогтоогдсон байна.

Иймээс Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дугаар сарын 12-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Тус шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 6 дугаарт “Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн явцад “гуравдагч этгээд өмгөөлөгч авсан, энэ талаараа надад мэдэгдсэн тул өмгөөлөгчийг хуралд оролцуулах нь зүйтэй” гэх тайлбар гаргасан боловч гуравдагч этгээд “Х” ХХК-ийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох талаар шүүхэд мэдэгдээгүй, өмгөөлөгч авах тухай хүсэлт болон хууль зүйн зөвлөгөө авах гэрээг шүүхэд ирүүлээгүй тул түүнийг өмгөөлөгч авсан гэж үзэх боломжгүйг дурдах нь зүйтэй” гэсэн байна.

Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалуулахаар өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-д “...хүн, хуулийн этгээд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар өмгөөлөгч авах эрхтэй” гэж заасан байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно” гэж заасан байх бөгөөд хуулийн энэ заалтыг хангалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь гуравдагч этгээдийн эрхийг ноцтой зөрчсөн зөрчил юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д “Нэхэмжлэгч нь Сэлэнгэ сумын Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 52 дугаартай захирамжаар Сэлэнгэ сумын 3 дугаар багийн нутагт байрлах Доод Баянгол нэртэй газарт 20 м.кв, 14 м.кв хэмжээтэй хоёр нэгж талбар бүхий газрын эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай авчээ. Дээрх эрх олгосон захирамж, захирамжийн хавсралтыг хариуцагчаас Булган аймгийн төрийн архивд шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч төрийн архиваас захирамжийн хувийг ирүүлсэн ба хавсралт нь тус архивын тасагт ирээгүй талаар Булган аймгийн Архивын тасгийн даргын 2022 оны 08 дугаар 19-ний өдрийн 75 дугаартай албан бичигт дурдсан байна” гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч талаас дээрх захирамжийн хавсралтыг гаргаж өгөөгүй, хариуцагч талаас уг захирамжийн хавсралт Булган аймгийн төрийн архивд байгаа гэх боловч уг албан бичгээр тус захирамжийн хавсралт нь ирээгүй, түүнчлэн гуравдагч этгээдээс ч дээрх захирамжийн хавсралтыг гаргаж өгөөгүй юм. Гэтэл анхан шатны шүүхээс тус захирамжийн хавсралтыг хэрхэн хэрэгт бүрдүүлж, хэрхэн нотлох баримтаар үнэлсэн нь ойлгомжгүй бөгөөд дээрх дүгнэлт нь нэхэмжлэгчид тухайн захирамжаар газар олгогдсон байна гэх агуулгатай боловч хавсралт нь хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдаагүй байхад хэрхэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

Тус шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 11-д “гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийг газар эзэмших эрхийн гэрчилгээг авах үед газар эзэмших гэрээ байгуулаагүй учир газар эзэмших эрхгүй этгээд гэж маргаж байх боловч Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал...тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаас харахад газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгэх үүргийг газрын даамал буюу захиргааны байгууллагад хуулиар хариуцуулсан гэж ойлгоно” гэжээ. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нь дээрх хуулийн заалтыг хэтэрхий өрөөсгөлөөр тайлбарлан хэрэглэж, ойлгож байна. Учир газар эзэмших шийдвэрийг үндэслэн иргэн нь өөрөө газар эзэмших гэрээг байгуулж гарын үсэг зурсан байх бөгөөд улсын бүргэлд бүртгүүлэх бичиг баримтыг иргэн өөрөө хариуцан бүрдүүлж улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй юм. Иймд энэ үүргээ иргэн Б.Б нь өөрөө биелүүлээгүй учир тухайн маргаан бүхий газрын эзэмших эрхгүй этгээд байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь гуравдагч этгээд “Х” ХХК-ийн эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т “...шүүхээс нэгж талбарын газрын хувийн хэрэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан дээрх гэрчилгээнүүдийн хуулбараар нотлогдож байна гэж дүгнэсэн байна. Гэтэл дээрх шүүхээс үзлэг хийх захирамж гаргасан болон үзлэг хийсэн ажиллагаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулаагүй, үзлэг хийсэн тэмдэглэл болон хавсаргасан баримтуудтай танилцуулаагүй болно. Иймд дээрх баримт материалтай холбогдуулан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тайлбар татгалзал гаргах эрхээ хэрэгжүүлж чадаагүй бөгөөд хэргийн материалтай танилцуулаагүй нь хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн болно.

Дээрх үзлэг хийх болон үзлэгээр илэрсэн нөхцөл байдалтай холбогдуулан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс холбогдох тайлбар татгалзал гаргах, нэмэлт нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийлгэх хүсэлт гаргах зэргээр оролцогчийн эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа болсон.

Түүнчлэн уг 12 дугаар хэсэгт “....газар эзэмших эрхийн гэрчилгээ нь нэхэмжлэгч Б.Б-ыг тухайн газрыг эзэмших эрхтэйг нотлох баримт ба захиргааны байгууллагаас газар эзэмшигчтэй байгуулах гэрээг хийх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл биш байх тул түүнийг газар эзэмших эрхгүй этгээд гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт болжээ.

Учир нь шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-д хариуцагчаас нэхэмжлэгчийг “газар эзэмших эрхгүй” гэж маргаагүй ба нэхэмжлэгчийн эзэмшиж байсан гэх 2 нэгж талбар бүхий газрын “газар эзэмших эрхийн гэрчилгээг маргаан бүхий 2012 оны Б/147 дугаартай “Газар шилжүүлэх тухай” захирамжаар “Х” ХХК-д Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу шилжүүлсэн шийдвэр гаргаснаа хариуцагч зөвшөөрсөн” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Хариуцагчийн зүгээс шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа “...маргаан бүхий газрын талаар бүгдийг мэдэж байна. Б.Б нь өөрийн эзэмшлийн газраа бусдад шилжсэнийг гэнэт мэдсэн гэдгийг зөвшөөрөхгүй. 2012 онд “Х” ХХК-д газраа шилжүүлсэн хүмүүс бүгд мэдэж байгаа. Би хүний газрыг булааж аваад бусдад өгөх тийм ухамсартай хүн биш. Б.Б нь газар эзэмших эрхээ шилжүүлээгүй гэж харагдуулахын тулд эртнээс бэлдсэн гэж үзэж байна. Анх 2004 онд нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон захирамж гарсан байхад 2006 онд газрын гэрчилгээгээ орой болсон хойно бичүүлж аваад явсан хэр нь “Х” ХХК-д гэрчилгээгээ өгөөгүй, “Х” ХХК-ийн хүмүүст надаас гэрчилгээг аваарай” гэж худал хэлсэн. Энэ үед газраа 2 жил ашиглаагүй гэх нөхцөл бүрдсэн байсан. Надтай газар эзэмших гэрээ хийгээгүй, 2019 онд газрын төлбөр төлсөн баримт нь үндэслэлгүй юм. 2007 оноос Б.Б-ны газар дээр “Х” ХХК үйл ажиллагаа явуулж газрын төлбөрийг төлж байсан. Тухайн үед Б.Б-аас асуухад “Х” ХХК-д газраа өгсөн, газрын төлбөрийг тэднээс ав гэж өөрөө хэлж байсан. Тэгэхээр өөрийн эзэмшлийн газраа “Х” ХХК-д шилжсэнийг мэдэж байсан гэж үзнэ...” гэж тайлбар гаргасан нь Б.Б-ыг тухайн газрыг эзэмших эрхгүй гэж тайлбарлаж байгаа юм. Гэтэл шүүх хариуцагч нь нэхэмжлэгчийг газар эзэмших эрхгүй гэж маргаагүй, газрыг “Х” ХХК-д шилжүүлсэн шийдвэр гаргаснаа хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 17-д “...нэхэмжлэгчийн эзэмшилд байсан гэх 2 нэгж талбарын дугаар бүхий газруудын хувийн хэрэгт үзлэг хийхэд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан гэх гуравдагч этгээд нараас “газар эзэмших эрх шилжүүлэх болон шилжүүлэн авах тухай хүсэлт” гэрээ болон холбогдох бусад баримтыг сумын Засаг даргад хүргүүлсэн нь тогтоогдохгүй энэ талаарх баримтууд хувийн хэрэгт авагдаагүй зэргээс харахад хариуцагч хуулиар шаардсан шаардлагатай бичиг баримтыг авалгүй газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн шийдвэр гаргасан гэж дүгнэлээ” гэжээ.

Гэтэл Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмыг хуульчилсан бөгөөд 34.1-д газар эзэмших гэрээ байгуулах талаар зохицуулсан ба 34.2-т “үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн аж ахуйн нэгж байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж эрхийн гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан. Гэтэл газар эзэмших шийдвэр гарсан нэхэмжлэгч Б.Б нь хуулийн дээрх заалтыг биелүүлээгүй буюу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх үүргээ биелүүлээгүй байхад уг эс үйлдэхүйг зөвхөн хариуцагчийн хуулиар олгосон үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй хэмээн дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт бөгөөд нэхэмжлэгч мөн адил үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Дээрх дүгнэлт нь гуравдагч этгээд болон хариуцагчийн тайлбараар давхар нотлогдож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар нь холбогдох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

Шийдвэрийн үндэслэх хэсгийн 21-д “нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дууссан байх ба нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулахаар хариуцагчид 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өргөдөл гаргасан. Тус өргөдөлд газар эзэмших эрхийн хугацаа дууссан тул сунгаж өгөхийг хүссэн хүсэлтийг 2019 оны 04 дүгээр сард гаргасан боловч одоог хүртэл шийдэж өгөөгүй учир шийдвэрлэж өгнө үү” гэснээс харахад нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар хариуцагчид 2019 онд хандсан гэж үзэхээр байна...” дүгнэлт нь нотлох баримтаар тогтоогдохгүй бөгөөд зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн дүгнэсэн нь хууль бус юм. Хавтаст хэргийн материалд маргаан бүхий газрын хувийн хэрэг нь татагдаж, уг хувийн хэрэгт үзлэг хийх ажиллагаа хийж, холбогдох баримтыг шинжлэн судалсан бөгөөд тухайн баримтад Б.Б-аас 2019 оны 04 дүгээр сард газрыг эзэмших эрх сунгуулах талаарх ямар нэгэн хүсэлт байхгүй байхад зөвхөн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн сунгуулахыг хүссэн гэсэн нэхэмжлэгч Б.Б-ны өргөдлийг үндэслэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан үндэслэлгүй дүгнэлт болсон. Мөн түүнчлэн уг нөхцөл байдал буюу нэхэмжлэгчийн 2019 онд газрын эрх сунгуулах хүсэлт өгч байсан гэх үйл баримт нь өөр бусад нотлох баримтын эх сурвалжаар тогтоогдохгүй байхад үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана. Үүнд: газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын төлбөрийг төлсөн баримт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн тодорхойлолт...” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Б.Б нь газрын төлбөрийг огт төлж байгаагүй, газрын төлбөрийг гуравдагч этгээд "Х" ХХК төлж байсан юм. Мөн нэхэмжлэгч нь тухайн газар дээрээ өөрөө зориулалтын дагуу ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, явуулдаггүй учир байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх ямар ч боломжгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбараар давхар тогтоогдож байхад нэхэмжлэгчийг эзэмших эрхтэй гэж үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарласан хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн шүүхийн “нэхэмжлэгч нь хариуцагчид хандан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлтийг гаргахдаа дээрх газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-37.1.3-т заасан баримтыг хавсаргасан талаар нэхэмжлэлд дурдаагүй, холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй учраас шүүх хариуцагчийн эс үйлдэхүй байгаа эсэхэд дүгнэлт хийх боломжгүй...” тухай шийдвэрийн үндэслэх хэсгийн 23 дугаар хэсэгт дүгнэсэн дүгнэлт нь дээрх дүгнэлттэй зөрүүтэй буюу ойлгомжгүй дүгнэлт болсон.

Тус шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 21-д “Нэхэмжлэгч Б.Б-ны газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2019 оны 12 сарын 05-ны өдөр дууссан байх ба нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулахаар хариуцагчид 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өргөдөл гаргасан байна. Тус өргөдөлд “газар эзэмших эрхий хугацаа дууссан тул сунгаж өгөх хүсэлтийг 2019 оны 04 дүгээр сард гаргасан боловч одоог хүртэл шийдэж өгөөгүй учир шийдвэрлэж өгнө үү” гэснээс харахад нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар хариуцагчид 2019 онд хандсан гэж үзэхээр байна гэжээ. Хавтас хэргийн материал маргаан бүхий газрын хувийн хэрэг нь татагдаж, шүүх хуралдааны үед шинжлэн судалсан бөгөөд тухайн баримтад Б.Б-аас 2019 оны 04 дүгээр сард газрыг сунгуулах талаарх ямар нэгэн хүсэлт байдаггүй байхад зөвхөн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн сунгуулахыг хүссэн гэсэн нэхэмжлэгч Б.Б-ны өргөдлийг үндэслэсэн нь хэтэрхий нэг талыг барьж шийдсэн байна.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана. Үүнд: газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын төлбөрийг төлсөн баримт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн тодорхойлолт” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Б.Б нь газрын төлбөрийг огтхон ч төлж байгаагүй бөгөөд газрын төлбөрийг гуравдагч этгээд “Х” ХХК төлж байсан юм. Мөн нэхэмжлэгч нь тухайн газар дээрээ өөрөө ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй учир байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх ямар ч боломжгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон хариуцагчийн тайлбараар тогтоогдсон байхад нэхэмжлэгчийг эзэмших эрхтэй гэж үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй”, 39.1.4-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон хариуцагчийн тайлбараар нотлогдож байхад газар эзэмших эрхтэй байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гаргасан нь шүүх хэтэрхий нэг талын нотлох баримтад тулгуурлаж шийдсэн гэж үзэж байна.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт авагдаагүй учир нотлох баримтыг гаргуулахаар хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээн авахаас татгалзсан юм. Хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан тухай захирамж гаргасан бөгөөд тус захирамж нь гомдол гаргах эрхгүй захирамж гарсан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн...111.3 дахь хэсэгт заасан болон...тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан байхад энэ хуулийн заалтыг зөрчиж захирамж гаргасан нь гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж, гомдол гаргах эрхийг минь хязгаарлаж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй” гэж заасан байх ба 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн үндэслэх хэсгийн 5-д “...хүсэлтэд дурдсан дээрх нотлох баримтууд нь газар эзэмших эрх шилжүүлсэн үйл ажиллагаатай холбоотой үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзлээ” гэжээ. Ингэж дүгнэлт хийсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт байх хуулийн заалтай нийцэж байх тул дээрх хүсэлт шийдвэрлэх захирамж нь гомдол гаргах эрхтэй захирамж гаргах ёстой байсан юм. Ийнхүү гомдол гаргах эрхтэй захирамж гаргах байтал гомдол гаргах эрхгүйгээр захирамж гаргаж гуравдагч этгээдийн гомдол гаргах эрхийг хязгаарласан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын Тамгын газар үзлэг хийж холбогдох материалыг хуулбарлан авсан гэдэг боловч захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шинээр ирсэн нотлох баримт, үзлэгийн тэмдэглэлтэй

танилцах боломж олголгүйгээр шүүх хуралдааныг явуулсан юм. Тус шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т “...шүүхээс нэгж талбарын газрын хувийн хэрэгт хийсэн үзлэг үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан дээрх гэрчилгээнүүдийн хуулбараар нотлогдож байна” гэжээ. Гэтэл гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надад дээрх баримтуудыг танилцуулаагүй, хавтаст хэрэгт ямар баримтууд ирсэн талаар мэдэгдээгүйгээс шүүх хуралдааны үед тэгш мэтгэлцэх боломжийг хязгаарласан юм.

Иймд Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:     

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч Б.Б-аас “Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаар захирамжийн хавсралтын Б.Б-нд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, Б.Б-ны газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргад холбогдуулан гаргажээ.

2.2. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч Б.Б-ны Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/147 дугаартай захирамжийн хавсралтын Б.Б-нд холбогдох хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоох” шаардлагыг хангаж, үлдэх “Б.Б-ны газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг хариуцагчид даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

2.3. Нэхэмжлэгч Б.Б-аас газраа гуравдагч этгээдэд ашиглуулж байсан гэж тайлбарлан маргадаг бол гуравдагч этгээд “Х” ХХК-иас нэхэмжлэгчийн газрыг шилжүүлэн авахдаа газрын үнийг төлсөн, энэ талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөхөөр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг гаргасан байх боловч анхан шатны шүүхээс дээрх үйл баримтуудыг тодруулахгүйгээр “гуравдагч этгээдийн зүгээс дээрх баримтаа гаргах өгөх үүргээ биелүүлээгүй тул шүүхээс нэхэмжлэгчийг өөрийн эзэмшиж байсан газраа худалдан, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлсэн гэж үзэх боломжгүй” гэсэн дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь хариуцагч захиргааны байгууллагыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт, холбогдох баримтуудыг авахгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг гуравдагч этгээд “Х” ХХК-д шилжүүлсэн гэж маргаж буй энэ тохиолдолд гуравдагч этгээдээс дээр дурдсан газрыг шилжүүлэн авахдаа газрыг үнийг төлсөн эсэх нөхцөл байдлыг тодруулах зайлшгүй шаардлагатай байжээ.

2.4. Түүнчлэн нэхэмжлэгч талаас “Өөрийн газрыг эзэмших эрхээ “Х” ХХК-д шилжүүлээгүй, харин газраа ашиглуулж байсан” гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгч нь газраа гуравдагч этгээдэд ашиглуулахдаа Газрын тухай 35 дугаар зүйлийн 35.1.6-д “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно” гэж заасны дагуу Сэлэнгэ сумын Засаг даргаас зөвшөөрөл авч байсан эсэх, мөн газраа төлбөртэй эсхүл үнэ төлбөргүй ашиглуулж байсан эсэх талаарх баримтыг цуглуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

2.5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газрын байршил, нэгж талбарын дугаарыг хөдөлбөргүй тогтоолгүйгээр “...  нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар “1 нэгж талбар газрын хэмжээ нь 16 м.кв, 2 дахь нэгж талбар газрын хэмжээ нь 14 м.кв, нийтдээ нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй байсан газрын хэмжээ нь 30 м.кв” гэж тогтсон бөгөөд дээрх газрын хэмжээний талаар талууд маргаагүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

Тодруулбал, нэгж талбарын дугаарыг тодруулснаар нэхэмжлэгч Б.Б болон гуравдагч этгээд “Х” ХХК нарын эзэмшил газрууд нь хоорондоо давхцалтай эсэх, хэрэв давхцаж байгаа бол аль хэсгээр, ямар хэмжээгээр давхцаж байгаа зэргийг тогтооход ач холбогдолтой байна.

2.6. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Б-аас газар эзэмших гэрээг дээрх хуульд заасны дагуу жил бүр дүгнүүлж байсан эсэх талаарх баримт болон мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д заасан газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг хэрхэн биелүүлж байсан болох, газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлж байсан эсэх зэрэг газар эзэмшигчийн үүргээ хэрхэн биелүүлж байсан талаарх баримтуудыг мөн цуглуулах шаардлагатай.  

2.7. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана:”, 37.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ”, 37.1.2-т “газрын төлбөрийг төлсөн тухай баримт”, 37.1.3-д “байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч хэзээ, хэрхэн газар эзэмших эрхийн хугацааг сунгуулахаар хэнд хүсэлт гаргасан болох, хүсэлтдээ ямар баримтуудыг хавсаргасан болох нь тодорхойгүй байх тул энэ талаарх баримтыг цуглуулах нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийхэд зайлшгүй шаардлагатай.

2.8. Дээрхээс дүгнэвэл, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасны дагуу хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад маргаж буй үндэслэл тус бүрд хамаарах, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхээргүй байна.

2.9. Түүнчлэн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатайг тэмдэглэх нь зүйтэй.

 

2.10. Харин гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...шүүхээс үзлэг хийх захирамж гаргасан болон үзлэг хийсэн ажиллагаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулаагүй, үзлэг хийсэн тэмдэглэл болон хавсаргасан баримтуудтай танилцуулаагүй болно. Дээрх баримт материалтай холбогдуулан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тайлбар татгалзал гаргах эрхээ хэрэгжүүлж чадаагүй бөгөөд хэргийн материалтай танилцуулаагүй нь хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн болно” гэж давж заалдах гомдолдоо дурдсаныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох нь тэдгээрийн эрх төдийгүй мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.1-д зааснаар “... шаардлагатай материалыг өөрийн зардлаар хувилж, хуулбарлан авах” боломжтой төдийгүй шүүхээс хэргийн материалтай танилцуулах боломж олгоогүй, оролцогчийн эрхийг хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Улаанбаатар хотод байсан учраас хэргийн материалтай танилцаж чадаагүй гэж шүүх хуралдааны явцад тайлбарлах боловч энэ нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Нэгэнт давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

ШҮҮГЧ                                                              О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                              Г.БИЛГҮҮН